Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 121/ШШ2022/0153

 

2022 оны 12 сарын 13 өдөр                     Дугаар 121/ШШ2022/0153                           Өвөрхангай аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй би, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, хүнсний хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч *******д холбогдуулан гаргасан “Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч *******гийн зөрчилд холбогдогч *******д Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 500000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан ******* дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай”  шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, хүнсний хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч *******гаас шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Батдаваа дэлгүүр нь хугацаа дууссан бүтээгдэхүүн худалдан борлуулсан гэх зөрчилд холбогдогч ********/ 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ******* дугаартай шийтгэлийн хуудсаар Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасны дагуу 500.000 гэж торгох шийтгэл оногдуулж хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээний талаар тусгахаар хуульчилсан байхад 500000 гэсэн нь Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын III дугаар хавсралтаар батлагдсан “шийтгэлийн хуудасны загвар”-ын дагуу үйлдээгүй нь тогтоогдсон байна.

Иймд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх *******ийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 198 дугаартай “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг өөрчлүүлэх тухай” дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* нь Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч *******д холбогдуулан “холбогдогч *******д Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 500000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан ******* дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай” шаардлага бүхий прокурорын дүгнэлтийг бичиж ирүүлжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7-д “Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасан харьяаллын дагуу дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ”, Прокурорын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Прокурор зөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавихдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, ...12.1.6-д Зөрчлийн хэрэг бүртгэлтэд хуулийн хэрэгжилтийг шалгах” гэж тус тус зааснаар прокурор нь хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шийтгэлийн хуудсыг хяналт шалгалтын хүрээнд хянаад хүчингүй болгуулах, өөрчлөлт оруулахаар дүгнэлт бичих эрхтэй байна.         

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхтэй”, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан. Иймд Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч ******* нь Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******ийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 198 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж тус хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул холбогдогч *******д Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 500000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан ******* дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай” шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Энэхүү шүүгчийн захирамж нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу зөрчил шалган шийдвэрлэх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, прокурорт хянуулж, уг зөрчлийг дахин хянаж шалгаж шийдвэрлэхэд саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

           1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******ийн “холбогдогч *******д Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 500000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан ******* дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай” 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 198 дугаартай дүгнэлтийг хариуцагч Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч ******* хүлээн зөвшөөрснийг баталж, тус зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.НЭРГҮЙ