Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2019/00298

 

Х.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/02501 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Х.Бын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Ж” ХХК холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Б нь Ж ХХК-ийн Дархан салбарт 2016.11.25-ны өдрөөс 2018.04.05-ны өдрийг хүртэл салбарын менежерээр сарын 900 000 төгрөгийн цалинтай ажилласан. Ерөнхий захирлын 2018.04.05-ны өдрийн А/172 дугаар тушаалаар, хэрэглэгчдэд НӨАТ-ын баримт өгөөгүй, бараа материалыг зохих журмын дагуу хадгалаагүйгээс компанид хохирол учруулсан гэсэн үндэслэлээр ажлаас халсан. Нэхэмжлэгч нь компанид хохирол учруулаагүй, тушаал үндэслэлгүй. Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Бийг 2018.04.05-ны өдрийн А/172 тоот тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Х.Быг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 40.1.4 болон Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний зохих заалтуудыг зөрчсөн үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан. Х.Б нь орон нутгийн салбарыг бараа материалаар хангах журмын 2.1 дэх хэсгийг болон өөрийн шууд удирдлагын /борлуулалт үйлчилгээ хариуцсан дэд захирал/ Ч.Гэрэлийн амаар өгсөн зааврыг зөрчсөн. Хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн. Гаргасан зөрчлөө өөрөө хүлээн зөвшөөрч компаний дотоод аудитын газарт тайлбар өгсөн. 2018.03.12-ны өдрийн борлуулалтын орлогын мөнгийг 380.000 төгрөгийг хувьдаа ашиглаж хөдөлмөрийн гэрээний 8.1.2, 8.1.18, 8.3.3, 8.3.6, 8.3.17 дахь хэсгийн заалтуудыг зөрчсөн. Боруулалт хийхдээ хэрэглэгчид НӨАТ-ын баримт өгөөгүй, борлуулсан гар утсыг боруулалтын программд шивж оруулаагүйн улмаас компаний данс тооцоо будлиантуулсан. Тооллогоор 125 000 төгрөгийн дутагдал гаргаж хөдөлмөрийн гэрээний 8.1.2, 8.1.3, 8.3.6, 8.3.8 дахь хэсгийг зөрчсөн. Х.Бын гаргасан зөрчлүүд нь хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд зааснаар ноцтой зөрчил гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Х.Быг Ж ХХК-ийн Борлуулалт, үйлчилгээний газрын Гэрээт борлуулалт, хамтын ажиллагааны хэлтсийн Орон нутгийн түр үндсэн салбарын үйлчилгээний албаны Дархан-Уул аймаг дахь салбарын менежерийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч Ж ХХК-иас 7 700 761 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Бт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Бын дээрх олговроос шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч “Ж” ХХК-нд үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Х.Бын гомдол нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч Ж ХХК-иас 138 162 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Х.Б нь компанийн орлогын мөнгө болох 380 000 төгрөгийг тухайн өдөрт нь тушаагаагүй, эхнэртээ өгч хувьдаа ашиглаж, хөдөлмөрийн гэрээний 8.1.2, 8.1.18, 8.3.3, 8.3.6, 8.3.17 дах хэсгийг зөрчсөн, компанийн данс тооцоо будлиантуулсан болохоо хариуцагч бичгээр гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд өгсөн тайлбараар зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн. Гэтэл шүүх анхаарч үзээгүй, байгууллагын дотоод журам болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний заалтуудыг зөрчсөн үйлдлүүдийг ажлаас халах үндэслэл болоогүй гэж үндэслэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэн бодитой хандаж шийдвэрлээгүй.

Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт Х.Быг зөрчил гаргасан гэж үзэж дүгнэсэн атлаа, түүнд ногдуулсан сахилгын шийтгэл нь Хөдөлмөрийн хуулийн 131.1.3-т заасан зөрчилд тооцогдохгүй гэжээ. Хөдөлмөрийн хуулийн 131.1.3-т зааснаар Х.Бт ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь түүнд компанийн зүгээс итгэл хүлээлгэн үргэлжлүүлэн ажиллуулах үндэслэлгүй, удаа дараа давтан зөрчил гэж үзсэн. Х.Б нь компанийн дотоод аудитын гэнэтийн шалгалтаар 2 ба түүнээс дээш зөрчлийг гаргаж, энэ нь тус бүртээ тогтоогдсон байдаг. Түүнийг ажиллуулах эсэх асуудлыг хэлэлцэх үед дахин зөрчил гаргаж борлуулалт хийх нэрийдлээр зарлагын баримт үйлдэлгүйгээр 400 000 төгрөгийн нэгжийг зөвшөөрөлгүйгээр компанийн байрнаас авч гарч дахин түүнд итгэж ажиллуулах итгэл алдагдуулсныг анхан шатны шүүх анхаарч үзээгүй илт үндэслэл муутай шийдвэр гаргасан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч “Ж” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Х.Б нь 2016 оны 11 дугаар сарын 23-ны өдрөөс “Ж” ХХК-ийн Дархан-Уул аймгийн салбарын менежерээр ажиллаж байгаад ерөнхий захирлын 2018 оны 04 дүгээр сарын 5-ны өдрийн А/172 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж ажлаас чөлөөлсөн үйл баримт тогтоогджээ./хх 5-9, 12-17, 195/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дах хэсэгт зааснаар  ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзэх бөгөөд түүний ажлыг Ж ХХК нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр эцсийн байдлаар хүлээн авч, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар ажлаас халагдсан шийдвэр,холбогдох бичиг баримтыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн  үйл баримт тогтоогдсон.

 

Хариуцагч Ж ХХК-ийн ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ  Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн дотоод журмын 12.2.3, 12.7, хөдөлмөрийн гэрээний 6.2.2, 8.1.2, 8.1.3, 8.1.18, 8.3.3, 8.3.17, 8.3.23 дахь заалтуудтай холбон тайлбарлаж, ажилтны гаргасан гэх зөрчлийг “...хэрэглэгчдэд НӨАТ-ын баримт өгөөгүй, бэлэн бараа материалыг зохих журмын дагуу хадгалж хамгаалаагүйн улмаас компанид хохирол учруулсан” гэж тодорхойлжээ.  

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажлаас чөлөөлөх юм.

 

Ажилтан Х.Б нь эд хөрөнгө дутагдуулсан, хувьдаа завшсан, байгууллагад хохирол учруулсан гэх зөрчил үйлдэл, шалтгаант холбоо  тогтоогдоогүй, зөрчил гэж хариуцагчийн тодорхойлсон үйлдлүүд нь ялимгүй шинжтэй, ногдуулсан сахилгын шийтгэлийн хэр хэмжээ ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанарт тохироогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т нийцжээ.

 

Х.Б нь 19 ширхэг гар утас, төхөөрөмж задалсан гэх бөгөөд 2 ширхэг Samsung J3 /2017/, 1 ширхэг Samsung J7 NEO /LTE/ гар утаснуудын сериал бодит бараа материалаас зөрсөн гэх үйлдэл нь ажлын шаардлагаар үйлдэгдсэн, олон нийт хариуцсан менежер Б.Энхжингийн зөвшөөрлөөр гар утаснуудын өнгийг нь сольж Сэлэнгэ салбарын менежер н.Энхноминд зарлагын баримт үйлдэлгүйгээр хүлээлгэн өгсөн, сериал дугаарыг андуурч шивсэн нь нэхэмжлэгчийн тайлбар, албан бичиг зэрэг нотлох баримтуудаар нотлогджээ. Дээрх үйлдлүүд нь ажилтныг ажлаас чөлөөлөх ноцтой зөрчилд хамаарахгүй юм.

 

Х.Бын 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 125 000 төгрөгийн дутагдал гаргасан,тооллогоор хүлээлгэн өгөөгүй, 2018 оны 04 дүгээр сарын сарын 03-ны өдөр 220 ширхэг 400 000 төгрөгийн цэнэглэгч карт хулгайлсан гэх зөрчлүүд нь эргэлзээгүй нотлох баримтаар нотлогдоогүй байна.

 

Х.Б нь албан ёсоор ажлаас халагдаагүй байх хугацаандаа өөрийн ажил байдлын тодорхойлолтод заагдсан үүргийн дагуу гэрээт борлуулагчид түгээлт хийх ажил үүргээ гүйцэтгэсэн байна гэх цагдаагийн байгууллагын тогтоол, албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч баримтаар бүрэн няцааж чадаагүй.

 

Дээрх зөрчил гэх үйлдлүүдийн талаар  анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан зөрчилд тооцогдохгүй, байгууллагад ямар нэгэн хохирол учирсан байдал тогтоогдоогүй гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Х.Быг Дархан-Уул аймаг дахь салбарын менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч Х.Б нь нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв харьцуулан үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах  үндэслэлгүй гэж үзлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/02501 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138 163 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                               ШҮҮГЧИД                                                      А.МӨНХЗУЛ

 

                                                                                                     Ш.ОЮУНХАНД