Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 445

 

Д.Б, С.Л нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанчимэг,  нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 119 дүгээр шийтгэх тогтоол, Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 28 дугаар магадлалтай, Д.Б, С.Л нарт холбогдох 1712000730024 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 5 сар баривчлах ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Д-ын Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт С-ын Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдүүлэх” гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Б-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, С.Л-г худал мэдүүлэг өгөх гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-ийг 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Л-г 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж шийдвэрлэсэн байна.

Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанчимэгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанчимэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Шүүх Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. 2017 оны 06 дугаар сарын 30-нд Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн “Хүнүйн гол” хэмээх газар С.Т-ийн гэрт байхдаа хохирогч Л нь шүүгдэгч Д.Б-ийг элдэв үгээр өдөж, улмаар хэрүүл маргаан үүсгэн босож ирж түүнийг гараагаа нэг удаа цохиж, гэрч С.Т салгахад дахин босож ирж шанаа руу нь өшиглөсөн байдаг. Улмаар гэрээс гаръя гэж гэрт боож унаган заамдан авч, гэрийн гадаа хохирогч С.Л Д.Б-ийн нүүрэн тус газарт 1 удаа гараараа цохиход хариу үйлдэл болгон түүний толгойн тус газарт шүүгдэгч Д.Б гараараа цохиж түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан. Хавтаст хэрэгт дээрх үйл баримтыг шүүгдэгч, гэрч, хохирогч мэдүүлсээр байтал шүүх гэрээс гарсны дараа С.Л нь Д.Б-ийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус тулгарсан довтолгоо бодитой хийсэн, эсхүл хийгдэх нь тодорхой болсон эсэх нь нотлох баримтаар тогтоогдоогүй гэрч С.Т-ийн гэрт С.Л-ийн Д.Б-ийн эсрэг хийсэн хууль бус довтолгоо нь төгссөн гэж гэрийн гадаа болсон үйл баримтыг үгүйсгэн буруу үнэлэлт өгч хэргийг шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ гэжээ.

 Гэтэл хохирогчийн хууль бус довтолгоо гэрт байхад эхэлж, гэрийн гадаа үргэлжилж байна. Аргагүй хамгаалалт хэрэглэх эрх нь аливаа аюултай хууль бус довтолгоо бодитойгоор хийгдсэн, хийгдэх нь тодорхой байгаа тохиолдолд хэрэгжих боломжтой бөгөөд халдлагын шинж чанар, учирсан буюу учирч болох байсан гэм хорын хэр хэмжээ нь хамгаалалтын шинж чанарт тохирсон байх талаар ямар нэг шаардлага эрүүгийн хуульд тусгагдаагүй байна. Хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу аргагүй хамгаалалтын нөхцөл байдалд өөрийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөг нийгэмд аюултай хууль бус халдлагаас хамгаалах явцдаа довтолж байгаа этгээдийн бие махбодид хүнд хохирол учруулсан Д.Б-ийн үйлдэл нь эрүүгийн хуульд заасан гэм хорыг учруулсан боловч бодит утгаараа хууль бус халдлагын эсрэг хийгдэж байгаа аргагүй хамгаалалт юм. Иймд түүнд холбогдох хэргийг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч Д.Б, С.Л нар нь 2015 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө гэмт хэрэг үйлдсэн байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлахгүйгээр ял оногдуулсан байна. Шүүгдэгч Д.Б-ийн хувийн байдлын хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэний дараа эхнэрээ зодож байсан, өмнө нь гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгэл авч байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн  Д.Б, С.Л нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Д.Б нь согтуугаар 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн “Хүннүйн гол” гэх газарт иргэн С.Л-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, толгой руу нь цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч С.Л нь Д.Б-д холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед худал мэдүүлбэл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээх учрыг сануулсаар байтал 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрүүдэд хохирогчоор дахин мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Б, С.Л нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Д.Б-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, С.Л-г худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч нарт хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

Харин анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Б, С.Л нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэсэн үндэслэлээр 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн атлаа ял оногдуулахдаа мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлаагүй нь хуулийн шаардлагад нийцээгүй байх тул зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б, С.Л нарын гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж шийдвэрлэхдээ шүүгдэгч С.Л-ийн торгох ялыг биелүүлэх хугацааг 2 сараар тогтоож хуулийг буруу тайлбарласан байна.

Учир нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нар торгох ялыг даруй биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэхүү хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар тогтоосон 3 сарын дотор гэж ойлгоно. Торгох ялыг биелүүлэх хугацааг шүүхээс тогтоох тухай Эрүүгийн хуулийн шинэ зохицуулалт нь торгох ялыг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, санхүүгийн байдлыг харгалзан уртасгах буюу хуульд зааснаас илүү боломж олгох эрхийг шүүгчид олгосон зохицуулалт тул хуулиар тогтоосон хугацааг багасгаж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах байдлаар тайлбарлагдах учиргүй. Иймээс шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын шүүгдэгч С.Л-д холбогдох хэсгийг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Б-ийн үйлдэл аргагүй хамгаалалт байсан талаар шүүгдэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо дурдсан боловч С.Л-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж түүнд гавлын ясны шугаман хугарал, тархины цусан хураа бүхий хүнд гэмтлийг түүний эсрэг амь биед ноцтой хохирол учруулахаар халдлага, довтолгоо тулгараагүй байхад учруулсан нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанчимэгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд дээрх өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 119 дүгээр шийтгэх тогтоол, Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 28 дугаар магадлалд:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан...” гэж нэмж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын шүүгдэгч С.Л-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанчимэгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН