Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 221/MA2017/0255

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Батхүүгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнгөнзул нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1071 дүгээр шийдвэрт  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Батхүүгийн нэхэмжлэлтэй, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1071 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Батхүүгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Үүрэг гүйцэтгэгч нарыг томилох тухай” 03 дугаар тушаалын Д.Даваадоржид холбогдох хэсэг хууль бус байсан болохыг тогтоож, Уул, уурхай хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай” Б/76 дугаар тушаалыг хүчингүй болгон Б.Батхүүг урьд эрхэлж байсан Уул, уурхай хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Б.Батхүүд 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4,117,800 төгрөгийг олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Б.Батхүүг ажлаас чөлөөлсөн Б/76 дугаар тушаалыг хүчингүй болгосон нь шүүх нотлох баримтыг бүрэн шинжилж судлаагүй, хуулийг буруу хэрэглэсэн болох нь харагдаж байна. Хариуцагчийн зүгээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Д.Даваадоржийн эрх ашиг хөндөгдөж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлтийг шүүх хуралдааны явцад гаргасан боловч шүүх хуралдааны тэмдэглэлд тусгалгүй, хариуцагчийн зүгээс гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргаагүй мэтээр тэмдэглэлийг бичиж процессын алдаа гаргасан байна. Мөн Б.Батхүү Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.3, 5.1, 5.6-д заасныг ноцтой зөрчсөн. Б.Батхүү нь 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ажлаас чөлөөлөгдөх хүртэл хугацаанд ажилдаа ирээгүй, хурууны хээг таниулаагүй байхад түүнд 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны тэтгэмж олгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.

         Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаар батлах тухай”  03 дугаар тогтоолоор Уул, уурхайн яаманд Аж үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн чиг үүргийг нэгтгэж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болгон өөрчлөн байгуулсан байх бөгөөд тус яаманд Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаал хэвээр хадгалагдан үлдсэн, Аж үйлдвэрийн яамнаас Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалтай дүйцэхүйц албан хаагч шилжиж ирээгүй тул хариуцагч нь нэхэмжлэгч Б.Батхүүг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах...” гэж зааснаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.

          Гэтэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайд хууль зөрчиж 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 03 тоот тушаалаар Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг гүйцэтгэгчээр Д.Даваадоржийг томилсон нь төрийн албан хаагчийн хуулиар олгогдсон баталгааг зөрчсөн зөрчил бөгөөд дээрх тушаалыг хууль бус байсан болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзнэ.

Түүнчлэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/76 дугаар тушаалаар Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Засгийн газрын 2016 оны 03 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Уул уурхайн яамны /хуучнаар/ Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүүг албан тушаалаас нь чөлөөлж 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн  9.6.9-д “хууль тогтоомжид заасны дагуу ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас нь бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, төрийн албанаас түр чөлөөлөх, халах” гэж заасан нь төрийн нарийн бичгийн даргын эрх хэмжээг тодорхойлсон зохицуулалт боловч энэ эрхээ хэрэгжүүлэхдээ холбогдох хуулийн зохицуулалтыг мөрдөж ажиллах үүрэгтэй.

Хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасан үндэслэл бий болоогүй, албан тушаалтны орон тоо хасагдаагүй байхад тухайн хуулийн зохицуулалтаар Б.Батхүүг ажлаас чөлөөлсөн нь буруу байна.

Иймд шүүх дээрх тушаалыг хүчингүй болгон Б.Батхүүг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4.117.800 төгрөг олгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн   4.1-д “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн”, 4.2.5-д  “төрийн алба мэргэшсэн тогтвортой байх”, 27 дугаар зүйлийн 27.2.1-д “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор...олгоно”  гэж заасантай тус тус нийцжээ.

Уул уурхайн яамны /хуучнаар/ төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 104 дүгээр тушаалаар тус яамны нийт албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд өөрчлөн байгуулагдсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайдын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар тушаалаар Д.Даваадоржийг үүрэг гүйцэтгэгчээр томилсон атлаа нэхэмжлэгч Б.Батхүүг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ажилдаа ирээгүй, тус яамны Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлд заасныг зөрчсөн учраас  ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгосон нь үндэслэлгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Мөн маргаан бүхий захиргааны акт гарсанаас хойш томилогдон ажиллаж байгаа этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагагүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөнө гэж үзэхгүй тул “Д.Даваадоржийг гуравдагч этгээдээр татах хүсэлтийг гаргаагүй мэтээр тэмдэглэл бичсэн” гэх гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй бөгөөд, энэ нь шүүхийн шийдвэрийг өөрчилж хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт мэдэгдэж, удаа дараа тэдгээрийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулсан боловч дахин хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.2-т заасныг баримтлан хүлээн авах боломжгүй гэж үзсэнийг дурьдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1071 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.       

                               

                             ШҮҮГЧ                                                  Э.ХАЛИУНБАЯР

                               ШҮҮГЧ                                                    Э.ЗОРИГТБААТАР

                               ШҮҮГЧ                                                    О.НОМУУЛИН