Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 31

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:      Л.Атарцэцэг

                     Х.Батсүрэн

                        Б.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох.

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 319 дүгээр шийдвэрийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, тус компанийн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан NE-025648 өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2017/0698 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 221/МА2017/0825 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А нар,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2017/0698 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5, 19.6-д заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 319 дүгээр шийдвэрийн Т ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, тус компанийн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан NE-025648 өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” шаардлага бүхий Т ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 221/МА2017/0825 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2017/0698 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд “...Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж...” гэснээс үзвэл Засаг даргын “дэмжсэн” саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргах тухай хуульд заасан ба харин дэмжээгүй саналыг үндэслэн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гаргасныг хууль зөрчсөн гэж хариуцагчийг буруутгах боломжгүй”, “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс Баянхонгор аймгийн Засаг дарга “Дэмжихгүй” санал ирүүлсэн тохиолдолд тухайн санал хуульд нийцсэн, үндэслэлтэй эсэхийг шалгах үүрэг хуулиар хүлээгээгүй байх тул аймгийн Засаг даргын саналыг үндэслэн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсаныг хууль бус гэж үзэхгүй” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

4. Ашигт малтмалын газраас 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 6/2466 дугаар албан бичгээр Баянхонгор аймгийн Засаг даргаас санал авахаар хандсаны дагуу Баянхонгор аймгийн Засаг дарга нь 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 1а/419 дүгээр албан бичгээр хариу буюу дэмжихгүй гэх саналыг хүргүүлснийг Ашигт малтмалын газар 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсан байдаг. Гэтэл Баянхонгор аймгийн Засаг даргаас ирүүлсэн “дэмжихгүй” гэх саналын хуудас болон албан бичиг нь тодорхой үндэслэлгүй, хавсаргасан баримт нотолгоогүй байсан учраас Кадастрын хэлтэс танай компани хүсэлт гаргавал дахин санал авахаар аймгийн Засаг дарга руу албан бичиг явуулж болно гэсэн тул Т ХХК нь 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 15/10 тоот албан бичгээр аймгийн Засаг даргаас санал авч өгнө үү гэх агуулгатай хүсэлт гаргаж байсан. Кадастрын хэлтэс нь аймгийн Засаг даргын санал илт үндэслэлгүй болохыг хүлээн зөвшөөрсөн учраас 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 6/5237 дугаар албан бичгээр дахин санал авахаар Баянхонгор аймгийн Засаг дарга руу хандсан. Үүний дагуу Баянхонгор аймгийн Засаг дарга 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 45 дугаар албан бичгээр “дэмжихгүй” гэх хариу өгсөн. Энэхүү үйл баримт нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон хариуцагчийн 2017 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн бичгээр шүүхэд өгсөн хариу тайлбараар тус тус нотлогдоно.

5. Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Энэ хуулийн 7.1, 17.2-т заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно”, 19 дүгээр зүйлийн 19.1.3-т “бүртгэсэн даруйд нь өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийх”, 19.1.4-т “энэ хуулийн 19.1.3-т заасан анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоох”, 19.2.2-т “хүсэлтэд дурдсан талбай нь энэ хуулийн 19.1.4-т заасан талбайтай давхцаагүй бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх”, 19.3-т “Энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана” гэж тус тус заасан байдаг. Дээрх хуульд заасанчлан Ашигт малтмал, газрын тосны газраас Баянхонгор аймгийн Засаг даргын саналыг авахаар холбогдох баримт бичгийг явуулж, хариу санал авч байсан нь анхны шүүлтээр тусгай зөшөөрөл олгоход татгалзах зүйлгүй гэх үндэслэл байсныг нотолно.

6. Аймгийн Засаг даргын дэмжээгүй гэх хариу нь маш олон үндэслэлээр үндэслэлгүй болох нь илт байдаг. Ийм учраас 2 жил орчим хугацаанд манай асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан гэж харж байгаа. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн 19.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга ... тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ... саналыг авч ...” гэж заажээ. Эндээс дүгнэхэд аймгийн Засаг даргын дэмжсэн, эсхүл дэмжээгүй гэх саналын үндэслэл нь тухайн талбай орших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санал, шийдвэр байхаар байна. Гэтэл Баянхонгор аймгийн Засаг дарга нь Баацагаан сумын Засаг даргын албан хариуг /сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг биш/ үндэслэсэн байдаг. Тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь 2 сумын нутаг дамнан оршиж байгаа ба хавтаст хэрэгт цугларсан Баянцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 27 тоот албан бичгээс харахад тусгай зөвшөөрөл олгох боломжтой, дэмжинэ гэх саналыг өгсөн байдаг.

7. Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн а/07 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-ын 4.3-т “аймаг, нийслэлийн Засаг даргаас хууль зүйн үндэслэлтэй “дэмжээгүй” санал ирүүлсэн тохиолдолд ажлын 5 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийн төсөл боловсруулах”, 4.5-д “хууль зүйп үндэслэлгүй “дэмжээгүй” санал ирүүлсэн тохиолдолд ажлын 3 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийн төслийг боловсруулах” гэж тус тус журамласан байдаг ба энэ нь хэдийгээр нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ биш боловч, төрийн захиргааны байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрхэн нэг журам, горимоор хэрэгжүүлэхийг тогтоосон хэм хэмжээ юм. Ашигт малтмалын газраас Баянхонгор аймгийн Засаг даргын саналыг 2 удаа авсан байдаг. Энэ үйл баримтаас харвал эхний хариуг үндэслэлгүй гэж үзсэн учраас 2 дахь удаагаа санал авахаар шийдвэрлэсэн байх ба Ашигт малтмал, газрын тосны газар аймгийн Засаг даргаас ирүүлсэн саналын үндэслэлийг хянахыг дээрх журмаар зохицуулсан болох нь харагдаж байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийг дэмжээгүй саналыг үндэслэн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гаргасныг хууль зөрчсөн гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй бөгөөд дэмжээгүй саналын хууль зүйн үндэслэлийг хянах үүрэг хуулиар хүлээгээгүй гэж дүгнэж байгаад гомдолтой байна.

8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрсөн талаар. Ашигт малтмалтын тухай хуулийн 19.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга ... 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэж заасан байдаг. Гэтэл дээрх 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Засаг даргаас санал авах тухай албан бичигт Баянхонгор аймгийн Засаг дарга нь 30 хоногийн дотор хариу өгөөгүй бөгөөд 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөр огноолсон бичгээр дэмжихгүй гэх хариуг өгсөн ба энэ нь хуульд заасан хугацааг хэтрүүлж ирүүлсэн санал байсан. Ийнхүү Ашигт малтмалын тухай хуулиар 30 хоногийн дотор аймгийн Засаг дарга хариу өгөөгүй бол түүнийг хүлээн зөвшөөрсөнд тооцож, шийдвэр гаргах бүрэн эрх нь байсаар байтал шийдвэр гаргаагүйд гомдолтой байдаг ба анхан шатны шүүхээс уг асуудалд үнэлэлт дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна. Мөн хариуцагч тодорхой шалтгаангүйгээр манай компанийн өргөдлийг шийдвэрлээгүй хуулийн хугацааг хэтрүүлсэн хэрнээ хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэх саналаа илэрхийлсэн Баянцагаан сумын нутагт хамаарах талбайн асуудлыг нухацтай авч үзэлгүй шийдвэр гаргасан байдаг энэ талаар давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргасан.

9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ба хэргийн хоёр, түүнээс дээш оролцогч гомдол гаргасан, эсхүл нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гомдол гаргасан тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй.” гэж заасаг байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний гаргасан гомдлыг хянаж үзээгүй байдаг. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх магадлалынхаа Хянавал хэсэгт гомдолд дурьдсан дээрх үндэслэлийн талаар нэг ч үг, өгүүлбэрээр үнэлэлт, дүгнэлт өгөөгүй байдаг тул давж заалдах шатны шүүх хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасныг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

10. Хэдийгээр зарим тохиолдолд хуульд 2 өөр чиг үүрэг бүхий төрийн байгууллага тодорхой нэг асуудал дээр хамтарч шийдвэр гаргах, эсхүл тодорхой нэг шийдвэр гаргахын тулд аль нэг байгууллагын шийдвэр нь урьдчилсан нөхцөл болохоор хуульд заасан байдаг боловч эцэстээ нэг цогц шийдвэр гаргахад зорилго нь чиглэгдэж байдаг. Иймд, Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрөл олгох, олгохоос татгалзах эрх нь аймгийн Засаг даргад биш зөвхөн Кадастрын хэлтэст байна. Хуулиар олгогдсон бүрэн эрхээ хуульд заасны дагуу хэрэгжүүлэхдээ аймгийн Засаг даргын саналыг нягтлах, дахин санал авах, тодруулах, эхсүл илт үндэслэлгүй шийдвэрийг даган биелүүлэхээс татгалзах зэрэг нь аймгийн Засаг даргын шийдвэрийг хянаж байгаа үйлдэл биш гэж үзэж байна. Аймгийн Засаг даргаас санал авч байгаа гол зорилго нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд орон нутгийнхаа газар нутгийн зарим хэсгийг тусгай хэрэгцээнд авах бүрэн эрхээ хэрэгжүүлсэн байна уу гэдгийг нягтлан шалгаж байгаа арга хэмжээ гэж ойлгож байна.

11. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар буюу Кадастрын хэлтсийн зураг зүйн шүүлтээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбай болохыг мэдсээр байж, аймгийн Засаг даргын үндэслэлгүй саналыг үндэслэж шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан Захиргааны үйл ажиллагааны “хуульд үндэслэх”, “шийдвэр нь үндэслэлтэй” байх зарчмыг даган биелүүлээгүй, үндэслэлгүй үйл ажиллагаа байна. Нэхэмжлэгчийн хувьд Ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл болзолыг хангаж байгаа, мөн өргөдөлд дурдсан талбай нь хуулиар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан талбайн алинд ч хамаарахгүй, бусдын эзэмшил талбайтай давхцаагүй байхад хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэл гаргасан болно.

12. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Т ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, мөн хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэх үндэслэлтэй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

13. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйл нь бүхэлдээ хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргах ажиллагааны журмыг зохицуулсан байх бөгөөд энэ нь хэд хэдэн цуврал шийдвэрээс бүрдэж байна. Тэдгээрийн зарим нь эрх зүйн үр дагаваргүй дотоод акт бол харин зарим нь бие даасан эрх зүйн үр дагавартай захиргааны акт байна. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж...” гэснээс үзвэл Засаг даргын дэмжсэн санал нь төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийн шууд эрх зүйн үр дагавар нь болж байна. Эндээс, хэрэв Засаг дарга татгалзсан бол төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл олгож болохгүй гэсэн логик дүгнэлт /тайлбар/ хийж болохоор байна. Ийнхүү төрийн захиргааны байгууллагаас гаргах шийдвэр нь Засаг даргын дэмжсэн, эсхүл татгалзсан саналаас шууд хамааралтай байгаагаараа Засаг даргын санал нь бие даасан эрх зүйн үр дагавар (зохицуулалт) бүхий захиргааны акт болно. Харин төрийн захиргааны байгууллага Засаг даргын саналын эсрэг шийдвэр гаргавал тэр нь бие даасан эрх зүйн үр дагавартай акт болохоор байна.

Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд заасан “хэдийгээр зарим тохиолдолд хуульд 2 өөр чиг үүрэг бүхий төрийн байгууллага тодорхой нэг асуудал дээр хамтарч шийдвэр гаргах, эсхүл тодорхой нэг шийдвэр гаргахын тулд аль нэг байгууллагын шийдвэр нь урьдчилсан нөхцөл болохоор заасан байдаг боловч эцэстээ нэг цогц шийдвэр гаргахад зорилго нь чиглэгдэж байдаг, иймд Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрөл олгох, олгохоос татгалзах эрх нь аймгийн Засаг даргад биш зөвхөн Кадастрын хэлтэст байна” гэсэн үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

14. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т зааснаар төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэнэ гэсний дагуу хариуцагч 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 6/2466 дугаар албан бичгээр Баянхонгор аймгийн Засаг даргаас санал авахаар хандсан, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д аймаг, нийслэлийн Засаг дарга мэдэгдлийг хүлээн авмагц 30 хоногийн дотор хариу өгөх гэсний дагуу Баянхонгор аймгийн Засаг дарга нь 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 1а/419 дүгээр албан бичгээр “дэмжихгүй” гэсэн саналыг хүргүүлсэн, хариуцагч уг саналыг үндэслэн маргаан бүхий акт болох 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 319 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хуульд заасан журмыг зөрчөөгүй, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Иймээс “хариуцагч Т ХХК-ийн хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргын санал илт үндэслэлгүй болохыг хүлээн зөвшөөрсөн учраас 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 6/5237 дугаар албан бичгээр дахин санал авахаар Баянхонгор аймгийн Засаг дарга руу хандсан, үүний дагуу Засаг дарга 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 45 дугаар “дэмжихгүй” гэсэн санал өгсөн...” зэрэг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үйл баримт нь хуульд заасан журмын дагуу гарсан маргаан бүхий актыг хууль бусад тооцож, хүчингүй болгох үндэслэл болохгүй.

15. Хариуцагчаас нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Засаг даргаас дахин санал авсан, уг санал нь хуульд заасан хугацаанаас хэтэрсэн нь Ашигт малтмалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга ... 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэснийг хэрэглэх үндэслэл болохгүй. Учир нь, хуульд Засаг даргын саналыг дахин авах тухай зохицуулалт байхгүйгээс гадна хариуцагч ийнхүү дахин санал авахаасаа өмнө буюу 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хуульд заасны дагуу татгалзсан шийдвэрээ /319 тоот/ гаргасан байсан.

Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээрийн зүйлийн 19.4-т зааснаар 30 хоногийн дотор аймгийн Засаг дарга хариу өгөөгүй бол түүнийг хүлээн зөвшөөрсөнд тооцож, шийдвэр гаргах бүрэн эрх нь хариуцагчид байсаар байтал шийдвэр гаргаагүй, энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй” гэсэн утгатай гомдлыг хангах үндэслэлгүй.

16. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан хайгуулын тусгай зөвшөөрөл авах тухай өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагаа нь дараалсан байдлаар хийгдэх тус бүртээ бие даасан цуврал ажиллагаа тул 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, 19.3 дахь үе шатад заагдсан ажиллагаа хийгдсэн л бол 19.6-д заасан тусгай зөвшөөрөл шууд олгогдоно гэж үзэхгүй.

17. Нэхэмжлэгч Засаг даргын саналын талаар тухайлан маргаагүй, Баянхонгор аймгийн Засаг дарга нь энэхүү хэргийн хариуцагч биш байх тул түүний санал хууль зөрчсөн талаарх гомдлын үндэслэлд хяналтын шатны шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй, гомдлын энэ хэсэгт хариу өгөхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

18. Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн а/07 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар” нь нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт биш, өөрөөр хэлбэл, эрх зүйн эх сурвалж болохгүй тул уг журмын холбогдох заалтууд нь /түүнийг зөрчсөн гэх үндэслэл нь/ хуулийн дагуу гарсан маргаан бүхий актыг хууль бусад тооцох эрх зүйн үндэслэл болохгүй. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй.

19. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2017/0698 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 221/МА2017/0825 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                      Г.БАНЗРАГЧ