Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/198

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: Н.Зулаа

Нарийн бичгийн дарга: Э.Оюун-Эрдэнэ

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн  шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******ад холбогдох эрүүгийн 2514000000202 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,******* овогт *******ийн *******,******* регистрийн дугаартай,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багт байрлах ******* зочид буудалд хамтран амьдрагч *******г хардалтын улмаас толгой тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний алимны салстын цус харвалт, баруун дээд, доод зовхины цус хуралт, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

..Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. *******гийн биед хөнгөн хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 40/,

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

.. ******* гэх хүнтэй 2018 оноос хойш хамтран амьдарч байгаа. Манай хамтран амьдрагч сүүлийн 2-3 жилийн хугацаанд Өмнөговь аймгийн таван толгой гэх газар машин барьдаг. Цагаан сарын дараа Өмнөговь аймаг руу ажилдаа явахад нь архи уугаад элдэв зан гаргаад янз бүрээр хэлээд байхаар нь би өөрийнхөө гэрт оччихсон. Тэгээд муудалцсан байсан болохоор уулзаагүй ажилдаа явчихсан. Тэгээд тэрнээс хойш ирэхгүй байж байгаад өчигдөр буюу 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ирээд над руу өөрийнхөө дугаараас залгаад хоёулаа уулзъя, гараад ир, ярьж хөөрмөөр байна гээд намайг нэг машинаар ирээд гэрээс аваад 9 дүгээр багийн ******* гэх буудалд очоод 3 номерын өрөөнд орсон. Бид ярьж хөөрөөд оройн 22 цаг бараг болсон байх. Тэгээд юм ярьж байгаад гэнэтхэн уурлаад хулгайч нар танай дүү нар чинь хулгай хийдэг, банзал, янхан гэх мэт хараалын үгээр хэлээд эхэлсэн. Тэгтэл миний үснээс гараараа зулгаагаад ийш тийш нь гудчуулаад татаад байхаар нь би орилсон. Тэгтэл буудлын үйлчлэгч эмэгтэй ирээд болиоч та хүн амьтан амраагаач гэж хэлээд явсан. Дараа дахиад үснээс зулгаагаад нөгөө хэрүүлээ хийгээд элдвээр хэлж байснаа миний баруун талын нүд рүү 2 удаа цохисон. Тэгээд би уйлаад хаалгаар гарах гэхэд намайг гаргахгүй толгойтой үснээс зулгаагаад байсан. Тэгэхэд нь хаалга руу мөлхөж нэг юм очсон. Гомдолтой байна. ******* надад эмнэлэгт хэвтсэний төлбөр 250.000 төгрөгийн хохирол төлж өгсөн. Наана нь гарсан зардал болох 15 хоног ажлаа хийж чадаагүй 750.000 төгрөг, эмчилгээний зардал, шүд янзлуулах зардал зэрэг 400.000 төгрөг нийт 1.150.000 төгрөгийг би *******аас нэхэмжилснийг бүрэн төлж барагдуулсан. Одоо энэ хүнээс нэхэмжлэх зүйл, санал хүсэлт байхгүй гэх мэдүүлэг (хх-ийн 16-17, 18-19),

Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

  ..2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 20 цагийн орчимд эрэгтэй, эмэгтэй 2 хүн орж ирээд 03 номерын өрөөнд орсон. Тэр 2 өрөөнд ороод нэлээд удсан. Тухайн үед тэр 2 өрөөнөөсөө орж гараад л яваад байсан. Тэгээд би нэг гаднаас ороод ирсэн чинь эмэгтэй нь аллаа гээд орилоод байхаар нь очоод хаалгыг нь цохисон,  хаалгаа тайлаагүй, хэсэг чимээгүй байж байгаад дахиад орилоод байхаар нь дахиад очоод хаалгыг нь нүдсэн. Тухайн үед ёо ёо аллаа гээд орилоод байсан. Хаалгаа эмэгтэй нь тайлсан чинь хамраас нь цус гоожчихсон, баруун талын нүд нь хөхөрчихсөн байсан. Би хаалгаа онгойлгохгүй байхаар нь цагдаад дуудсан байсан. ...гэх  мэдүүлэг (хх-ийн 27-28),

Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 321 дугаартай

1.*******гийн биед баруун нүдний алимны салстын цус харвалт, баруун дээд, доод зовхи, зүүн бугалганы цус хуралт, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 2.4.5 Баруун нүдний алимны салстын цус харвалт, баруун дээд, доод зовхины цус хуралт, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул хохирлын зэрэг тогтоохгүй...гэх дүгнэлт (хх-ийн 30-31),

Иргэний нэхэмжлэгч П.Оюунжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн  ...хохирогч *******гийн Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөхөд хамрагдсан 45.760 төгрөгийг гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна. ...гэх мэдүүлэг (хх-ийн 25),

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 05/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 01-04/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 08/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 46/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 47/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 48/, шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51/, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 54-57/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн оройн 22 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багт байрлах ******* зочид буудалд хамтран амьдрагч *******г хардалтын улмаас толгой тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний алимны салстын цус харвалт, баруун дээд, доод зовхины цус хуралт, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч *******ын...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 40/,

 Хохирогч *******гийн... миний үснээс гараараа зулгаагаад гудчуулаад татсан, ...дахиад үснээс зулгаагаад нөгөө хэрүүлээ хийгээд элдвээр хэлж байснаа миний баруун талын нүд рүү 2 удаа цохисон....гэх мэдүүлэг (хх-ийн 16-17, 18-19),

  Гэрч *******ийн...эмэгтэй нь аллаа гээд орилоод байхаар нь очоод хаалгыг нь цохисон хаалгаа тайлаагүй, хэсэг чимээгүй байж байгаад дахиад орилоод байхаар нь дахиад очоод хаалгыг нь нүдсэн,...хаалгаа эмэгтэй нь тайлсан чинь хамраас нь цус гоожчихсон, баруун талын нүд нь хөхөрчихсөн байсан ...гэх  мэдүүлэг (хх-ийн 27-28),

Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 321 дугаартай...*******гийн биед баруун нүдний алимны салстын цус харвалт, баруун дээд, доод зовхи, зүүн бугалганы цус хуралт, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо...хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо....гэх дүгнэлт (хх-ийн 30-31),

Иргэний нэхэмжлэгч П.Оюунжаргалын.....хохирогч *******гийн Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөхөд хамрагдсан 45.760 төгрөгийг гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна. ...гэх мэдүүлэг (хх-ийн 25), болон  хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн биед баруун нүдний алимны салстын цус харвалт, баруун дээд, доод зовхи, зүүн бугалганы цус хуралт, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо...гэх дүгнэлт /хх-ийн 30-31/ талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн бие эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн нарын  хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдсан, улмаар шүүгдэгч нь хохирогчийн үснээс зулгаах, нүүр хэсэгт гараараа цохисон үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч *******д 1,400,000 төгрөгийг төлж барагдуулсан,  хохирогч нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн  /хх-ийн 18-19/  байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д хэсэгт… гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх..гэж хуульчилжээ.

Хохирогч ******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт 45760 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан бөгөөд шүүгдэгч ******* нь нөхөн төлж барагдуулахаа илэрхийлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн1 -т зааснаар шүүгдэгч *******ад зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэгээс... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ад дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах...дүгнэлтийг тус тус гаргажээ.

Эрүүгийн хариуцлага ******* нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч   нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, хувийн байдалтай байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулна., “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 1-т .... Гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн тусгай ангид заасан торгуулийн нэгж /цаашид "нэгж" гэх/-тэй тэнцүү хэмжээгээр мөнгөн төлбөр оногдуулахыг торгох ял гэнэ....гэж, Мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу /хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан/,   шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн болон ар гэрийн байдал,/ ” ХХК-д тээврийн жолооч ажилтай, сарын 1,200,000-1,800,000 төгрөгийн цалинтай, түүний төрсөн дүүгийн 3 настай хүүхдийн үрчилж аваагүй боловч түүний асрамжид байдаг, хамт амьдардаг/ ажил хөдөлмөр эрхэлдэг байдал, шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг зургаан нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Тус шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЗ/609 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч *******ад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч ******* нь  2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс  2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон долоо хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 105,000 төгрөгөөр  тооцож эдлэх ялаас хасаж тооцож,

Шүүгдэгч *******ад хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ын 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс  2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон долоо хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 105,000 төгрөгөөр  тооцож эдлэх ялаас хассугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч *******ад хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д  зааснаар шүүгдэгч *******аас 45,760 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              Ч.БАЙГАЛМАА