| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 104/2020/00413/И |
| Дугаар | 104/ШШ2021/00013 |
| Огноо | 2021-01-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 104/ШШ2021/00013
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1 дүгээр баг, өөрийн байранд байрлах, Шивээ Овоо ХК /РД:2004879/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 33-2 тоотод байрлах, Цагийн Аяс ХХК /РД:2025728/-д холбогдох
худалдах, худалдан авах гэрээний үүрэг 58 831 080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мандахнаран /цахимаар/,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ихэрбаяр,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Шивээ Овоо ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шивээ овоо ХК нь хариуцагч Цагийн аяс ХХК-тай 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ШО-16-14 тоот нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулан 4 648 тонн нүүрс тээврийн зардлын хамт 160 377 005 төгрөгийн үнэ бүхий нүүрс худалдан авсан. 2015 оны төлбөрийн үлдэгдэл 20 454 075 төгрөг байсан. Цагийн аяс ХХК нь нүүрсний төлбөр 180 831 080 төгрөгөөс 2016 оны 7, 8 дугаар сард нийт 122 000 000 төгрөгийг төлж, үлдэх 58 831 080 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Шивээ овоо ХК нь 2015, 2016 онуудын гэрээ, тооцоо нийлсэн акт, нүүрс нийлүүлж байсан гэх баримтын жагсаалтуудыг нотлох баримтаар өгсөн. Шивээ овоо ХК-ийн зүгээс 2017, 2018, 2019, 2020 онуудад ажлын хэсэг байгуулж, Цагийн аяс ХХК-тай тооцоо нийлэхээр ирсэн. 2018 онд 58 831 080 төгрөгийн үнээр тооцоо нийлсэн. Харин 2019, 2020 онуудад ирээд тооцоо нийлж чадаагүй. Бид бол чанарын шаардлага хангасан нүүрс нийлүүлсэн. 2017 оноос хойш Цагийн Аяс ХХК-тай ямар нэгэн байдлаар хамтарч ажиллаагүй.
Тодруулж хэлбэл, 2015 оны гэрээний дагуу нийлүүлсэн 65 454 075 төгрөгийн нийлүүлтээс 20 454 075 төгрөг, 2016 оны гэрээний дагуу нийлүүлсэн 160 377 005 төгрөгийн нийлүүлтээс 38 377 005 төгрөг, нийт 58 831 080 төгрөгийг хариуцагч төлөөгүй тул гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Цагийн Аяс ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2010 оноос эхлэн Шивээ овоо ХК-тай хамтран ажилласан. Энэ хугацаанд Шивээ овоо ХК нь манай компанитай байгуулсан аман болон бичгэн гэрээнд заасан нүүрсийг нийлүүлсэн гэдэг дээр маргахгүй. Харин бодит байдал дээрээ ачилт бүр дээр тодорхой хэмжээний нүүрс бэлтгэн нийлүүлдэг байсан ч тэр нь заасан хэмжээнд хүрдэггүй байсан. Мөн нийлүүлж буй нүүрс нь чанарын шаардлага хангаагүй байсан. Энэ талаар Шивээ овоо ХК-д мэдэгдэж байсан. Гэхдээ бичгээр мэдэгдэж байгаагүй. Утсаар хариуцсан инженер болон ажилчидтай нь байнга холбогдож гомдол, саналаа хэлдэг байсан. Шивээ овоо ХК нь гэрээнд заасан хэмжээний нүүрсийг нийлүүлсэн гэдэг. Шивээ овоо ХК нь нүүрсийг вагон пүүгээр пүүлээд, хэмжээг нь баримт дээр тэмдэглээд явах ёстой байсан. Гэтэл Шивээ овоо ХК-д вагон пүү гэж байдаггүй. Яаж хэмжиж нүүрс өгдөг байсныг нь мэдэхгүй байна. Цагийн аяс ХХК нь Шивээ овоо ХК-аас нүүрсээ татаад цэргийн ангиудад нийлүүлдэг байсан. Нийлүүлдэг газрууд маань нийлүүлсэн нүүрсийг маань чанарын шаардлага хангахгүй, тоо хэмжээндээ хүрэхгүй байна гэж байнга гомдоллох болсон. Энэ талаараа ч Шивээ овоо ХК-д хэлдэг байсан. Сүүлд 2015 оны гэрээг хавсаргасан байна лээ. Гэрээний хавсралтад бэлтгэн нийлүүлэх график гэж байхгүй. Зөвхөн гэрээ л байгаа. Тэдэн сарын тэдний өдөр тийм нүүрс нийлүүлсэн гээд компьютер дээр бичээд гаргаад ирсэн баримтыг би нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна. Учир нь компьютероор энийг өөрчилж, засварлаад санхүүгийн тамга дараад ирүүлэх боломжтой. 2015 оны гэрээгээр 20 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Сүүлд ирүүлсэн баримт дээр 2015 онд Шивээ овоо ХК нь Цагийн аяс ХХК-д хэдэн төгрөгийн үнэтэй, хэдэн тонн нүүрсийг нийлүүлээд, хэдэн төгрөгийг нь аваад, хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн бэ гэдэг нь бичгийн баримтаар нотлогдохгүй байгаа.
Тооцоо нийлсэн баримт дээр 2015, 2016 онуудын гэрээтэй холбоотой ямар ч тооцоо нийлсэн зүйл байдаггүй. 2018 билүү 2019 оны тодорхой хугацаанд өгч, авалцсан зүйл дээр тооцоо нийлээд, тулгаж үзэхэд 58 000 000 төгрөгийн үлдэгдэл гарч байсан гэдэг. Ийм баримт дээр Цэнгэл захирал гарын үсэг зурсан байсан. Цэнгэл захирал тухайн үед эрүүл мэндийн асуудалтай байхад Соёлмаа гэх хүн ирээд энэ дээр гарын үсэг зурчих гэсээр байгаад зуруулчихсан байсан. Иймд манай зүгээс тооцоо нийлсэн актыг хүчин төгөлдөр акт гэж үзэхгүй байна. Учир нь 2 талын нягтлан бодогч, нярав нар бүгд бүх бичиг баримттайгаа ирээд, бүгдийг нь тулгаад, хавсаргаж байж тооцоо нийлэх ёстой байсан. 2017 оноос хойш Шивээ Овоо ХК-тай ямар нэгэн байдлаар хамтарч ажиллаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Шивээ Овоо ХК нь хариуцагч Цагийн Аяс ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэг 58 831 080 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Цагийн аяс ХХК-ийн зүгээс чанарын шаардлага болон гэрээнд заасан тоо хэмжээнд хүрсэн бүтээгдэхүүн нийлүүлээгүй гэсэн үндэслэлээр зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Шивээ Овоо ХК болон Цагийн Аяс ХХК нь 2015 болон 2016 онуудад нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид нүүрс нийлүүлж байсан, талууд 2017 оноос хойш дахин нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулан хамтарч ажиллаагүй, 2015 оноос өмнөх хугацаанд ямар нэгэн төлбөрийн маргаан байхгүй гэх үйл баримт талуудын маргаагүй байдлаар тогтоогдсон.
Хэрэгт авагдсан 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан ШО-15-111, 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөх байгуулсан ШО-16-14 тоот гэрээ, зохигчийн тайлбараар Шивээ Овоо ХК болон Цагийн Аяс ХХК-ийн хоорондын нүүрс худалдах, худалдан авах харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт хамаарч байна.
Хариуцагч нь 2015-2016 онд гэрээнд заасан нийлүүлэлт хийгдсэн, гэхдээ тухайн нийлүүлсэн нүүрс нь тээвэрлэгдэж ирэхдээ гэрээнд заасан чанарын шаардлага хангаагүй, мөн тохирсон тоо хэмжээнд бодит байдал дээрээ хүрдэггүй гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхөөс татгалзсан.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй байдаг. Нийлүүлэлт хийгдсэн 2015-2016 онд хүлээн авсан нүүрсний чанар, тоо хэмжээний талаар хариуцагч нь гомдлын шаардлага гаргаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч байгууллагад албан бичгээр хандсан асуудал байхгүй гэдгээ шүүх хуралдааны явцад тайлбарласан болно.
Дээрхээс үзэхэд гэрээний дагуу нүүрс хүлээн авсан хариуцагч нь тухайн цаг хугацаанд буюу 2015-2016 онд нүүрсний чанар, тоо хэмжээтэй холбоотой шаардлагыг нэхэмжлэгчид хандан гаргаагүй тул одоо шүүхийн өмнө эд хөрөнгийн доголдлын талаарх гомдол гаргах, үүнд үндэслэн нэхэмжлэлээс татгалзах эрхээ алдсан байна.
Нэхэмжлэгч нь 2015 оны гэрээний дагуу нийлүүлсэн 65 454 075 төгрөгийн нийлүүлтээс төлөгдөөгүй үлдсэн төлбөр 20 454 075 төгрөг, 2016 оны гэрээний дагуу нийлүүлсэн 160 377 005 төгрөгийн нийлүүлтээс төлөгдөөгүй үлдсэн төлбөр 38 377 005 төгрөг, нийт 58 831 080 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэхдээ 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны 58 831 079.89 төгрөгийн тооцооны үлдэгдлийн баталгааг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хариуцагч нь уг баримтыг 2018 онд ямар санхүүгийн баримтад үндэслэж хэзээ үүссэн өр төлбөрийг баталгаажуулсан нь тодорхойгүй, гүйцэтгэх захирал Ж.Цэнгэлийг эрүүл мэндийн асуудалтай байхад нь шууд гарын үсэг зуруулсан тул зөвшөөрөхгүй гэх байр суурийг илэрхийлсэн.
Уг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны 58 831 079.89 төгрөгийн тооцооны үлдэгдлийн баталгаанд хариуцагчийг төлөөлж гүйцэтгэх захирал Ж.Цэнгэл гарын үсэг зурсан, гарын үсгийн зөв эсэх дээр маргаан гараагүй. Хуулийн этгээдийн лавлагаагаар /ХХ-н 23-р тал/ Цагийн Аяс ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Д.Алтандөш байх боловч Шивээ Овоо ХХК-тай байгуулсан гэрээний харилцаанд Цагийн Аяс ХХК-ийг ерөнхий захирал Д.Алтандөш, гүйцэтгэх захирал Ж.Цэнгэл нар төлөөлж байсан болох нь байгуулагдсан гэрээ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогджээ.
2017 оноос хойш талуудын хооронд дахин гэрээний харилцаа үүсээгүй ба нүүрс нийлүүлэлт хийгдээгүй гэх үйл баримт тогтоогдсон, хариуцагч талын эрх бүхий этгээд тооцооны үлдэгдлийг баталгаажуулж гарын үсэг зурсан, тус шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1507 дугаар захирамжийн дагуу Шивээ Овоо ХК-ийн санхүүгийн баримтад хийсэн үзлэгээр 2015 оны 6, 7, 8, 9, 10 дугаар сар, 2016 оны 8, 9, 10 дугаар саруудад Цагийн Аяс ХХК руу нүүрс ачилт хийсэн Улаанбаатар төмөр замын орлох падааны баримтууд авагдсан байх тул Шивээ Овоо ХК, Цагийн Аяс ХХК нарын хооронд 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 58 831 079.89 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй болохыг баталгаажуулсан баримтад дурдсан үйл баримт нь үндэслэлтэй гэж үзэв.
Мөн хариуцагчийн зүгээс хэрэгт авагдсан Шивээ Овоо ХК, Цагийн Аяс ХХК нарын хооронд 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хийсэн тооцооны үлдэгдлийн баталгааг болон нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйлд заасан үүргийнхээ дагуу шүүхэд гаргаж өгөөгүй болно.
Иймд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч нь нүүрс нийлүүлэх үүргээ 2015-2016 онд зохих ёсоор гүйцэтгэсэн, хариуцагч нь хүлээн авсан эд хөрөнгийн доголдлын талаар маргаж байгаагүй, нэхэмжлэлийн шаардлага нь тооцооны үлдэгдлийн баталгаа, шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдсон, энд дурдсан баримтыг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй учир хариуцагчаас гэрээний үүрэг 58 831 080 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар нотлох баримтыг үнэлэхдээ хэрэгт хамааралгүй Багануур ХК болон Цагийн Аяс ХХК хоорондын Улаанбаатар төмөр замын падаан, Цагийн Аяс ХХК-ийн Зэвсэгт хүчний 310 дугаар ангитай байгуулсан гэрээ, Зэвсэгт хүчний 119 дүгээр ангитай хийсэн нотломж зэргийг үнэлээгүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн захирамжид хэргийн оролцогчид гомдол гаргахгүй гэснийг, шүүхэд гаргасан шүүхийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтээсээ нэхэмжлэгч татгалзсан болохыг тус тус дурдвал зохино.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 452 106 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 452 106 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Цагийн Аяс ХХК-иас 58 831 080 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Шивээ Овоо ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 452 106 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 452 106 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ