Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 130/ШШ2019/00183

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын  дугаар баг, 0 тоотод оршин суух, утас: 0000000, РД:000000000 Б Аийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль /захирал Н.О, утас: 00000000/-д холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.З, хариуцагч Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирал Н.О, гэрч Х.О, гэрч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн архив бичиг хэргийн ажилтнаар эгүүлэн тогтоолгох тухай.
Нэхэмжлэгч Б.Аийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ө сумын 2 дугаар сургуульд 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/37 дугаар тушаалаар тус сургуулийн архив, бичиг хэргийн сул орон тоонд томилогдон ажиллаж байсан. 2017 оны 01 дүгээр сарын 22-нд хань М.Б маань гэнэт өөд болж, 02-08 насны 3 хүүхдийн хамт үлдсэн. Улмаар миний бие сэтгэл санааны гүн хямралд орж, бие өвддөг болсон. Хэд хэдэн удаа Б болон Улаанбаатар хотод эмчлүүлсэн боловч бие сайжраагүй. Тиймээс үргэлжлүүлэн эмчлүүлэх сувилуулах шаардлагатай болсон тул Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн архив, бичиг хэргийн ажлаасаа 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс чөлөө авч Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв эмнэлэгт эмчлүүлсэн, эмчилгээ дуусаагүй цаашид эмчлүүлэх шаардлагатай болсон учир 2018 оны 7 дугаар сарын эхээр өөрийн биеэр ирж чөлөөл хүссэн өргөдөл өгсөн. Тухайн үед гэнэт бие муудаж Улаанбаатар хот руу онгоцоор явсан. Эмчилгээ үр дүнгээ өгч бие сайжирч 2018 оны 12 дугаар сард ажилдаа орох хүсэлтээ өгсөн. 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 09 тоот албан бичиг өгсөн. Уг албан тоотод 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/34 дугаартай тушаалаар чөлөөлснөө мэдэгдсэн байсан. Ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа авахыг хүссэн боловч тушаал гараагүй үдээс хойш бичиг хэргээс аваарай гэсэн хариу өгсөн. Уг өдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 16 цагт очиж авахад ажлаас чөлөөлсөн тушаалыг 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн б/34 дугаартай тушаалаар Монгол Улсын бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.1, мөн хуулийн 39.1, Сургуулийн дотоод журмын 3.3, Хөдөлмөрийн гэрээний 8.2-ыг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн байна. Би ажлаас халагдах хүсэлт огт гаргаж байгаагүй, мөн эмчилгээ хийлгэж байх хугацаанд надад ажлаас халах тухай мэдэгдэж байгаагүй, миний 2018 оны 7 дугаар сард чөлөө хүссэн өргөдөлд хариу өгөөгүй. Иймд миний бие ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байгаа тул намайг Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн архив бичиг хэргийн ажилтнаар эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирал Н.О шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.А нь Ө сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байгаад 2018 оны 4 дүгээр сарын сүүлээр ар гэрийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдөн явахаар болж захирал Н.О надад ээжтэйгээ орж ирэн биечлэн учир байдлаа танилцуулан явсан билээ. Түүний амьдралын нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн үед 3, 4 дүгээр сарын цалинг бүрэн ажиллаагүй ч бүтэн гаргаж өгч, 5 дугаар сард ээлжийн амралт олгосон юм. Тухайн нөхцөл байдлаас шалтгаалж тэрээр /маш яаруу явсан/ өргөдөл бичиж өгөөгүй ба өргөдлөө араас нь явуулахаар болсон. 5 дугаар сард тэр Өвөрхангай аймагт очоод миний бие ажилд орсон, миний оронд хүн авч ажиллуулаарай гэж утсаар ярьсан. Мөн сургуулийн зарим эд хөрөнгө зүйлийг өгөлгүй явсан байсан ба дараа очиж хүлээлгэж өгнө гэсэн. Ингээд 6 сарын сүүлээр Өд сургуулийн нөөтбүүк, хүүхдийнхээ сурах бичиг, хурлын тэмдэглэл зэрэг зүйлүүдийг захирал надад хүлээлгэн өгсөн ба тухайн үед эргэж ажилдаа орно гэх мэт нэгэн зүйл огт яриагүй, бас өргөдөл ч өгөөгүй болно. Тиймээс миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн ажлаас чөлөөлсөн болно. Гэтэл 2019 оны 01 дүгээр сард Б.А нь эргэж ажилдаа орох хүсэлт гаргасан. Дээрхи хугацаанд түүний ажиллаж байсан бичиг хэргийн орон тоонд сургуулийн хүмүүжлийн эрхлэгч Ц.Ог томилсон гэдгийг түүнд хэлж мэдэгдсэн. Гэтэл тэрээр зөвхөн миний өргөдлийг үндэслэн намайг ажлаас чөлөөлөх ёстой хэмээн маргаж байна. Тухайн үед захирлын зүгээс түүний амьдралын нөхцөл байдлыг харж үзэн 5 дугаар сард амралтыг эдлүүлсэн, өргөдлөө бичиж өг гэж анхааруулсан, амралт эдлүүлж дуусаад 30 хоног хүлээсэн. Гэвч тэр энэ хугацаанд би ажлаасаа бүр мөсөн гарсан, миний оронд өөр хүн аваарай гэж хэлээд өргөдөл ч өгөөгүй, мөн 5 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл Өвөрхангай аймгийн архивын газарт ажиллаж байгаа юм. Гэтэл ар гэрийн шалтгаанаар тэрээр буцаад Өд амьдрах шаардлагатай болсныг миний бие ойлгож байгаа боловч боломжгүй болсон байгааг тэр мөн ойлгох хэрэгтэй байна. Миний бие 2016 онд анх түүнийг ажилд авч байсан, одоогийн байдлаар сургуульд төсөв мөнгө хүрэлцээгүй, батлагдаагүй орон тоо ихтэй гэх мэт шалтгаануудын улмаас түүнийг ажилд авах боломжгүй байна. Мөн тэрээр нэхэмжлэлдээ 2018 оны 7 дугаар сард өөрийн биеэр ирж чөлөө хүссэн өргөдөл өгсөн гэж бичжээ. Гэтэл тийм зүйл огт болоогүй ба тиймээс л чөлөөлсөн тушаал гаргасан. Хэрэв өргөдөл өгсөн байсан бол хуулийн дагуу орон тоог хадгалах үүрэгтэйгээс гадна, түүний ажлын байрыг хадгалаад байж болох байсан. Учир нь, сургуулийн төсөв хэтэрсэн, тэгээд ч зуны амралт эхэлсэн байсан болохоор түүний орон тоонд хүн авахгүй байж байгаад сургууль болгонд орон тоо нь батлагддаггүй, засгийн газрын орон тооны жишигт байдаггүй, өр үүсгэсээр ирсэн. Зөвхөн манай аймагт /тухайн үед Засаг дарга Хын захирамжаар бий болсон орон тоо/ байдаг, хүмүүжлийн эрхлэгчийг аймгийн Аудитын газраас сургуулиудад болон БСУГ /З/-т чиглэл өгсний дагуу сургуулийн хүмүүжлийн эрхлэгч Ц.Ог 10 дугаар сарын 01-нд Улсын архивын газрын сургалтад төлбөрийг сургуулиас төлж сурган томилсон юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.А шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахад: Миний бие Өвөрхангай аймагт төрж өссөн. Би Б аймагт ирээд 14 жил амьдарсан. Миний нөхөр гэнэт нас барсны улмаас би сэтгэл зүйн хямралд орж эцэг эх дээрээ очоод эмчлүүлье гэж бодсон. Миний хүүхдүүд Б аймагт сурч амьдардаг. Би цалингийн зээлтэй байсан тул Өвөрхангай аймгийн удирдлагад өргөдөл гаргаснаар намайг гэрээт ажилтнаар ажиллуулж байсан. Гэрээт ажилтан нь төрийн албан хаагч биш. Би тус сургуулийн удирдлагад ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт өгч байгаагүй. Би удаан хугацаагаар эмчлүүлэх болсон тул чөлөө олгож өгнө үү гэх өргөдөл өгсөн. Би ямар нэгэн эд зүйл хүлээлгэж өгөөгүй. Би ганц нөөтбүүкийг л өгсөн. Хариуцагчийн гаргаж өгсөн баримтад намайг эд зүйл хүлээлгэж өгсөн гэж байна. Энэ нь худал, би ямар нэгэн эд зүйл хүлээлгэж өгөөгүй. Миний чөлөө хүссэн хүсэлтийн хариу мэдэгдээгүй. Мөн намайг ажлаас халсан тушаал ч өгөөгүй. Би Н.О захиралд 12 дугаар сард ажилдаа эгүүлэн орох, үр хүүхэдтэй хамт Б аймагт амьдармаар байна гэх хүсэлт тавихад надад таныг ажлаас халсан гэж хэлсэн. Би ямар нэгэн тушаал гардаж аваагүй. Би 2019 оны 1 дүгээр сард намайг ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг гардаж авсан. Би залуу, дөнгөж 30 насандаа нөхрөөсөө 3 хүүхэдтэйгээ хагацсан. Би сэтгэл зүйн хувьд маш хүнд байсан. Тэр үед байгууллагын даргын хувьд хүний ар гэрийг цалин мөнгөөр хэмжээд байх алба байхгүй. Би Өвөрхангай аймагт байх хугацаанд Н.О яаж байна, орон байр юу болж байна гэж нэг ч удаа залгаж асууж байгаагүй. Би чөлөө хүссэн өргөдөл өгсөн. Би 6 дугаар сарын сүүлээр ирэхдээ эмчилгээ хийлгэхээр явж байгаа тул чөлөө олгох тухай өргөдөл өгсөн. Би өргөдлөө Ж.Б, О нарт өгсөн. Хэрэв би өөрөө өргөдөл өгсөн бол өгөөгүй гэж зүтгэх байсан байна гэв. Би Улаанбаатар хот руу нисэхээс урьд орой нь О руу залгахад ажил дээрээ байхгүй байна гэж хэлсэн. Би өглөө эрт нислэгтэй байсан тул Ж.Б, О нарт миний өргөдлийг Н.О захиралд дамжуулаад өгөөч гэж хэлээд өгсөн. Ж.Б, О нар миний өргөдлийг захиралд дамжуулж өгсөн байсан. Б.А намайг өргөдөл өгөөгүй, өгсөн бол уг асуудал үүсэхгүй байсан гэж байгаа нь учир дутагдалтай тайлбар байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирал Н.О шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Б.А тус сургуулийн бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан. Б.Аийн амьдрал, ар гэрийн байдлын талаар мэднэ. Учир нь, бид хамт ажиллаж байсан. Б.А ер нь бие өвдөөд байна гэж хэлдэг байсан. Б.А нь 2018 оны 03 дугаар сард Б аймагт эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үед цалинг нь бүтнээр нь бодож өгч байсан. Бид Б.Аийн байдлыг харгалзан үзэж, дэмжиж байсан. 2018 оны 04 дүгээр сард Б.А нь Улаанбаатар хот яваад хагас ажилласан ч дэмжээд цалинг бүтнээр нь бодож өгсөн. Б.А нь 2018 оны 4 дүгээр сарын сүүлээр Улаанбаатар хот яваад ирээд 7 хоногийн дараа ээжтэйгээ хамт надтай уулзахаар ирсэн. Б.А нь хадмуудтайгаа таарамж муутай байдаг талаараа хэлж байсан. Б.Аийн ээж нь надад Б.А танай сургуульд 2 жил ажиллалаа, Б.А цалингийн зээлтэй тул 5 дугаар сард ээлжийн амралтыг нь эдлүүлээд өгөөч, бид охиноо нүүлгээд аваад явж байна гэж хэлсэн. Б.А тухайн үед учир байдлаа надад хэлсэн. Би Б.Аийн өргөдлийг нь бичүүлж аваад, нярав байлцуулан ажлыг нь хүлээлгэж аваагүйдээ буруудаж байна. Энэ нь Б.А хадмуудтайгаа таарамжгүй байдалтай байсан ба явах гээд цаг давчуу байсантай холбоотой. Б.А сайн цагт гарах гээд байна гээд давчуу надтай ирж уулзсан. Би Б.А учир байдлаа хэлсэн тул түүнийг хүлээлгээд өргөдөл бичиж өг, нярав, нягтлан бодогч нарыг байлцуулан ажил хүлээж авна гэж хэлж чадаагүй. Б.А явах-аар боллоо гэж хэлээд явсан. Гэхдээ Б.А ямар нэгэн өргөдөл өгөөгүй. Би тухайн үед ажлаа мэдэж байсан. Би Б.А таньдаг, хамт ажиллаж байсны хүний хувьд холбогдож байсан. Би Б.А холбогдож хүүхдүүд нь дасаж байна уу, яаж байна гэж ярьсан. Б.А ажил хүлээлцээгүй тул сургуулийн нөөтбүүкийг аваад явсан байна. Б.А урьд нь өвдөөд хагас ажиллаж байх үед нэг хурлын тэмдэглэл дутуу бичигдсэн байсан ба асуухад бичээд 7 хоногийн дотор явуулъя гэж хэлсэн. Б.Аийн 2 хүүхэд нь тус сургуульд сурдаг. Б.А нь хүүхдүүдийнхээ сурах бичгийг аваад явсан байсан. Б.Аийн хүүхдүүдийнх нь анги удирдсан багш нар надад Б.А хүүхдүүдийнхээ сурах бичгийг хүлээлгэж өгөхгүйгээр аваад явсан байна, номын сантай тооцоо хийх тул авхуулахгүй бол болохгүй гэж хэлсэн. Би Б.Атай холбогдож сургуулийн нөөтбүүк авч явсан, мөн хурлын тэмдэглэл, сурах бичгүүдээ хурдан өгмөөр байна, ажил төрөл нь юу болж байна, ажил амьдрал нь болж байна уу гэж хэлсэн. Энэ үед Б.А надад би болж бүтэж байна, би энд ирээд ажилд орсон, намайг ажлаас гаргаж, миний оронд өөр хүнд авч болно, би хүүхдүүдийнхээ сурах бичиг зэргийг явуулна гэж хэлсэн. Гэхдээ тухайн үед явуулаагүй. Сургуулийн нягтлан бодогч Б.А сургуулийн нөөтбүүк авч явсан асуудалтай холбоотой нярав бид хоёрыг зангаж, дахин ийм асуудал гаргахгүй ажиллах талаар хэлсэн. Б.А надад би өөрийн биеэр очиж ажлаа хүлээлгэж өгнө гэж хэлсэн. Б.А хэлсэн ёсоороо 6 дугаар сарын сүүл 7 дугаар сарын эхээр ирсэн. Тухайн үед нярав хүүхдээ эмчлүүлэхээр чөлөө аваад явсан байсан. Нярав тухайн үед эзгүй чөлөөтэй байсан тул Б.А надад нөөтбүүк, сурах бичиг, хүүхдүүдийнхээ сурах бичиг зэргийг өгсөн. Б.А тухайн үед надад чөлөө авна гэх зүйлийг ярьж байгаагүй. Б.А хэрэв би чөлөө авна гэсэн бол би тушаал гаргах боломж байсан. Надад Б.Ад чөлөө өгөх болон түүний ажлын байрыг хадгалах үүрэг байгаа. Нярав 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ажилдаа орсон. Би 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ээлжийн амралтад явах гэж байсан тул Аийн хүлээлгэж өгсөн эд зүйл, өрөөнд нь байсан эд хөрөнгийг тоолж тэмдэглэл үйлдсэн. Энэ талаарх хурлын тэмдэглэл хэрэгт авагдсан. Би Б.А шилжээд явлаа гэсэн тул түүнд итгэсэн. Би Б.Ад ээлжийн амралт олгосон. Амралтын хугацаа дууссанаас хойш 30 хоног дууссан гэх үндэслэлээр тушаал гаргасан. Харамсалтай нь,би Б.Аийн ар гэрийн шалтгааныг ойлгож байна. Б.Аийн хүүхдүүд нь Өвөрхангай аймагт дасахгүй буцаад Б аймагт ирсэн байх. Б.Аийн хүүхдүүд нь Ө аймагт суралцаж байгаад өвөл Б аймагт ирсэн байна. Б.А 2018 оны 12 дугаар сарын сүүлээр над руу би ажилдаа эргэж ормоор байна гэж чат бичсэн. Би Б.А руу чи чөлөө аваагүй, юу ярьж байна вэ, би хамт ажиллаж байсан Ог чиний оронд томилсон, учир нь хуулийн хугацаа өнгөрсөн, үүнээс хойш удаан хугацаа өнгөрлөө гэж хариу бичсэн. Б.Ад надад би өргөдөл өгөөгүй, өргөдлийг үндэслэх ёстой байсан гэж хэлсэн. Би Б.Ад учир байдлын талаар хэлсэн. Би улс төрийн шалтгаанаар ажлаасаа халагдаад 1 жилийн дараа ажилдаа эгүүлэн томилогдоход тус сургууль 20 хүнийг илүү орон тоонд авсан байсан. 2 жилийн хугацаанд өрний асуудал дуусаагүй байна. Одоо 8 орон тоо илүү, төсвийн хүндрэлтэй байдалтай байна. Надад Б.А ажилд эгүүлэн авах ямар ч боломж байхгүй. Зарчим, ёс зүйн хувьд Б.А надад чөлөө авна гэж хэлсэн бол би чөлөө олгох байсан. Гэтэл гэнэт Б аймаг руу шилжиж ирэх шаардлага гарсан үед уг асуудлыг хөндөж байгаа нь буруу гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь,
Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 37 дугаартай Хавсран гүйцэтгэж буй ажлыг цуцлах тухай тушаалаар ... Тус сургуулийн архив-бичиг хэргийн сул орон тоонд Б.А томилон ажиллуулах болсон тул... гэсэн байна.
Мөн ажил олгогч Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирал нь 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгч Б.Атай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-ний 1.11-д хөдөлмөрийн гэрээний хугацааг тусгаагүй, 1.6-д байнгын ажлын байр гэж тусгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар нэхэмжлэгч Б.А тус сургуулийн бичиг хэргийн ажилтны байнгын орон тоонд томилогдон хөдөлмөрийн гэрээ нь хугацаагүй байгуулагдсан гэж дүгнэх нь зүйтэй байна.
Хариуцагч Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/34 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1, сургуулийн дотоод журмын 3.3, Хөдөлмөрийн гэрээний 8.2 дахь заалтыг тус тус үндэслэн бичээч Б.Аийн өөрийн хүсэлтийг нь үндэслэн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлөхөд дараах байдлаар хууль зөрчсөн байна. Үүнд:
1). Нэхэмжлэгч Б.А өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн гэх боловч энэ нь бодит байдалтай нийцэхгүй ба Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлахыг ажилтан буюу нэхэмжлэгч Б.А санаачилсан гэснийг хариуцагч нотлох баримтаар нотолж чадаагүй,
2). Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар ажилтан буюу нэхэмжлэгч Б.А нь хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн, амаар мэдэгдсэн гэдэг нь хөндлөнгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна.
3). Хөдөлмөрийн гэрээний 8.2-т Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан үндэслэлээр ажилтан ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох, цуцлах тухай заасан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т заасан үндэслэл бий болсон эсэх нь нотлох баримтаар нотлогдохгүй байна.
4). Улмаар нэхэмжлэгч Б.Аийн нөхөр гэнэт нас барсан ар гэрт нь гачигдал гарсан гэдэгт талууд маргаагүй ба Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн дотоод журам-ын 12.1-д заасны дагуу нэхэмжлэгч Б.А чөлөө олгохыг хүссэн хүсэлтээ (өргөдөл) бичгээр гаргаж Х.О, Ж.Б нараар дамжуулан хариуцагч Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирал Н.Од гардуулан өгсөн болох нь гэрч Х.О, Ж.Б нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр болон хариуцагчийн шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн тайлбараар тус тус нотлогдож байна.
Гэтэл хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйл болон Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн дотоод журам-ын 12.4-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Аийн чөлөө хүссэн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, хариуцагчийн зүгээс шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа нэхэмжлэгч Б.А чөлөө олгох тухай хүсэлт гаргаж байгаагүй гэж тусгасан нь тухайн хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан болохыг нотолж байна.
5). Хавтаст хэрэгт авагдсан Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирал Н.Огийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/22 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалаар нэхэмжлэгч Б.А нь хэдэн хоногийн ээлжийн амралт эдлэх талаар тусгаагүй, мөн нэхэмжлэгч хэзээ ажилд эргэж орох ёстойг тооцох боломжгүй байна.
6). Хариуцагч Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирал Н.О нь 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 09 дугаар Өргөдлийн хариу гэсэн албан бичигт: ... Б.А 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/34 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлсөн... гэсэн мөртлөө нэхэмжлэгч Б.А 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/34 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар ажлаас нь чөлөөлсөн байна. Иймд хариуцагчаас нэхэмжлэгч Б.А ажлаас чөлөөлсөн тушаалыг хэзээ гаргасан нь эргэлзээтэй, огнооны хувьд зөрүүтэй байна.
7). Хариуцагч Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирал Н.О нь 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гаргасан Б/34 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалд ажил хүлээлцэх хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар тусгаагүй мөртлөө 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Хурлын протокол-д тусгаснаар бичиг хэрэг Б.Аийн хариуцаж байсан эд хөрөнгийг тоолж хүлээн авсан гэсэн нь Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн дотоод журам-ын 9.6-д заасныг зөрчсөн байна.
8). Хариуцагч Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирал Н.О нь 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гаргасан Б/34 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг нэхэмжлэгч Б.Ад 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гардуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д зааснаар ажлаас халагдсан өдөр ажлаас чөлөөлсөн тухай шийдвэрээ өгөх үүргээ биелүүлээгүй, зөрчсөн байна.
Хавтаст хэрэгт авагдсан хариуцагч талаас гаргаж өгсөн Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/57 дугаартай Ц.Ог ажилд томилох тухай тушаал, мөн нэхэмжлэгч Б.А Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн гэрээт архивчаар томилсон гэх Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын даргын тушаал болон Хөдөлмөрийн хугацаатай гэрээ-нүүд тус тус энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.
Иймд дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч Б.А Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн архив бичиг хэргийн ажилтнаар эгүүлэн тогтоож, энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх маргаан тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.А Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн архив бичиг хэргийн ажилтнаар эгүүлэн тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн санхүүгээс 70200 /далан мянган хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
 
 
 
 
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК