| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 303/2025/0178/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/201 |
| Огноо | 2025-07-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Зулаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/201
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Э.*******
Улсын яллагч: Н.Зулаа
Шүүгдэгч: У.******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч У.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2514002530198 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн *******,******* регистрийн дугаартай,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч У.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч *******тай маргалдаж улмаар толгой тус газарт нь цохиж зулайд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд
Шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Тухайн үед би нилээн согтсон байсан учраас зарим зүйлийг санахгүй байгаа. Нэг мэдсэн газар хэвтэж байсан. Тэгээд цагдаа дээр ирснээ мэдсэн.Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 105-106/,
Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...Би 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 15 цагийн орчим манай дүү ******* над руу чат бичээд манайд 2 эрэгтэй хүн ирээд архи уучхаад явж өгөхгүй байна, та ирээд явуулж өгчхөөд ус аваад өг гэхээр нь би Баянхонгор сум 9 дүгээр баг ******* тоотод яваад очсон чинь хашааны гадна үл таних 2 залуу зогсож байхаар нь хальт харчхаад гэр лүү нь яваад орсон. Тэгэхэд хашааны гадна байгаа хоёр хүн байгаа та явуулаад өгөөч гэхээр нь гараад нөгөө хоёр залуу дээр очсон чинь намайг нэг залуу нь чи гэр лүү ороод пиво аваад ир гээд хэлэхээр нь би чимээгүй зогсож байгаад дүү болох гэр лүү ороод аваад ир гээд явуулаад байх байсан чинь нөгөө хоёр залуу надад хандан ийшээ яваад уулзаадах уу гээд хашаа руу намайг дагуулаад орсон. Тэгээд над руу нэг залуу нь чи энэ хүүхний юу юм гээд над руу томроод байхаар нь би хамаатны ах нь байгаа юм гээд хэлсэн чи нөгөө хажууд нь зогсож байсан ах нь нөгөө ахад хандаж чи энэ хоёрын нэгэнтэй нь үзчихээч гээд хэлсэн чинь нөгөө ах нь намайг шууд цохиод авахаар нь би зөрүүлээд шууд нөгөө ахыг цохиод авсан. Тэгсэн чинь газраас чулуу аваад миний толгой руу шууд цохиод авсан... Шанаа хэсэг рүү нэг удаа цээж рүү нэг удаа, толгойн хэсэг рүү нэг удаа тус тус цохисон...гэх мэдүүлэг (хх-ийн 8-9),
Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...15 цагийн орчим найз болох тай дүүгийнд очсон чинь 2 согтуу хүн хашааных нь гадна байж байсан. Тэр хоёр залууг та хоёр эндээс одоо явчих гээд хэлсэн чинь бид хоёрыг нэг эзэнгүй хашаа руу дагуулж ороод ыг шууд цохиод авсан чинь шууд нөгөө хүнийг цохисон авсан....гэх мэдүүлэг (хх-ийн 19-20),
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...Тус өдөр манайд ******* гэх залуу нэг танихгүй залуутай архи уугаад явахгүй байхаар нь би ах руу манайд хоёр хүн архи уугаад явахгүй байна, ирээд явуулаад өгөөч гэсэн чат бичсэн . Манай ах удалгүй гэрт ороод ирсэн. ах орж ирээд сууж байгаад хашааны гадна байгаа хоёр хүн юм уу гэж асуухаар нь тийм гэж хэлсэн чинь манай ах би энэ хоёр хүнийг явуулчхаад орж ирнэ гээд гэрээс гарч явсан. Би хэсэг хугацааны дараа араас нь гарсан чинь манай ах миний толгойг тэр жижигхэн залуу цохисон гээд гараараа заахаар нь би тус залуу руу харсан чинь ******* байсан...гэх мэдүүлэг (хх-ийн 23-24),Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 229 дугаартай:
1.2 *******ын биед зулайд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой
3.Дээрх гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4.Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..гэх дүгнэлт (хх-ийн 37-38 ),
Шинжээч эмч Б.Маралын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
..*******ын биед хэсэг газрын үзлэг хийхэд толгойн зулайд 1 см урттай мэс заслын анхдагч цэгцэлгээ хийгдсэн шархтай байсан. Тус шарх нь мохоо хүчин зүйлийн 1-2 удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой...гэх мэдүүлэг (хх-ийн 43-44),
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 3/,Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 55-56/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-07/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 32-33/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 46/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 48/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 49/, депозит дансны хуулгууд /хх-ийн 56-59/, шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч У.******* нь согтуурсан үедээ буюу 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 15 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч *******тай маргалдаж улмаар толгой тус газарт нь цохиж зулайд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч ... би нилээн согтсон байсан учраас зарим зүйлийг санахгүй байгаа, нэг мэдсэн газар хэвтэж байсан, надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 105-106/,
Хохирогч *******ын... намайг шууд цохиод авахаар нь би зөрүүлээд шууд нөгөө ахыг цохиод авсан,... газраас чулуу аваад миний толгой руу шууд цохиод авсан, шанаа хэсэг рүү нэг удаа цээж рүү нэг удаа, толгойн хэсэг рүү нэг удаа тус тус цохисон...гэх мэдүүлэг (хх-ийн 8-9),
Гэрч *******гийн...та хоёр эндээс одоо явчих гээд хэлсэн чинь бид хоёрыг нэг эзэнгүй хашаа руу дагуулж ороод ыг шууд цохиод авсан . ...гэх мэдүүлэг (хх-ийн 19-20),
Гэрч ... миний толгойг тэр жижигхэн залуу цохисон гээд гараараа заахаар нь би тус залуу руу харсан чинь ******* байсан...гэх мэдүүлэг (хх-ийн 23-24),
Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 229 дугаартай...*******ын биед зулайд шарх гэмтэл тогтоогдлоо....хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...гэх дүгнэлт (хх-ийн 37-38 ),
Шинжээч эмч Б.Маралын....*******ын биед хэсэг газрын үзлэг хийхэд толгойн зулайд 1 см урттай мэс заслын анхдагч цэгцэлгээ хийгдсэн шархтай байсан....гэх мэдүүлэг (хх-ийн 43-44), болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч У.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т…гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,... мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т… гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор….тус тус зохицуулжээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан бол Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжийг хангана.
Шүүгдэгч У.******* нь хохирогч *******ын эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Хэргийн хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч У.*******, хохирогч ******* нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч У.******* нь хохирогч *******ын зулайд шарх гэмтэл бүхий гэмтэл учруулсан болох нь хэргийн /хх-ийн 37-38/, талуудад авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч У.******* нь хохирогч *******ын толгой хэсэгт чулуугаар цохисон үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.
Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч нар нь бие биеэ үл хүндэтгэсэн, өөрийн эрх ашгийг тэрүүн ээлжинд тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл нөлөөлсөн байгаа нь оролцогчид цаашид анхаарах нь зүйтэй байна.
Шүүгдэгч У.******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч У.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч ******* нь үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д хэсэгт… гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх..гэж хуульчилжээ.
Хохирогч ******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт 141,372 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан байх тул шүүгдэгч У.*******эс 141,372 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “... шүүгдэгч У.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...дүгнэлтийг шүүхэд гаргажээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч У.******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хувийн байдалтай байна.
Шүүгдэгч У.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан түүнд тухайн зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулна...” гэж заасныг үндэслэл болгов.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 1-т .... Гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн тусгай ангид заасан торгуулийн нэгж /цаашид "нэгж" гэх/-тэй тэнцүү хэмжээгээр мөнгөн төлбөр оногдуулахыг торгох ял гэнэ....гэж, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч У.******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу /хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан/, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал /ам бүл 8, эцэг эх, дүү нарын хамт амьдардаг, Багахангай дүүрэгт хурдан морь уядаг, улсын алдарт уяач ийн туслах уяачаар ажилладаг, сарын 2,500,000 төгрөгийн цалинтай,/ хувиараа хөдөлмөр эрхэлдэг, шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор, шүүгдэгчийн дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн буюу 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч У.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Шүүгдэгч У.*******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
Шүүгдэгч У.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч У.******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч У.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгийн торгох ялыг хэсэгчлэн буюу 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч У.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч У.*******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч У.*******эс 141,372 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
7. Шүүгдэгч У.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч У.*******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА