Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/203

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

 Нарийн бичгийн дарга: Э.Оюун-Эрдэнэ

Улсын яллагч: Н.Мягмарсүрэн

Шүүгдэгч: Б.*******, түүний өмгөөлөгч Д.Мэндээ нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2514000000178 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

        Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн *******,******* регистрийн дугаартай,

 

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Б.******* нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ЗШ/1237 дугаартай шүүхийн шийтгэврээр 2025 оны оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 3,88 хувийн промильтой үедээ 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 19 цаг 14 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн нутаг дэвсгэр ******* тоотын орчимд 57-49 УНӨ улсын дугаартай Тоёота Приус-41 загварын тээврийн хэрэгслийг жолоодсон гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:      

Шүүгдэгч Б.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би өмнөх өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй байна, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад нэмж ярих зүйл гэвэл Би зам тээврийн осолд орсны улмаас хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдаж группэд орсон байдаг. Би амбулаториор эмчлүүлэгсдийн 2 карттай бөгөөд нэг картыг нь олохгүй байгаа улмаас группээ сунгуулж чадахгүй байгаа юм, миний биеийн эрүүл мэндийг харгалзан үзэж хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү...гэх мэдүүлэг/хх-ийн 38-39/,

Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 19 цагийн орчимд Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн нутаг дэвсгэрт замын хяналт шалгалтаар үүрэг гүйцэтгэж байх хугацаанд жижүүрийн шуурхай албанаас согтуу жолооч яваад байна гэх дуудлага, мэдээлэл ирүүлсний дагуу тухайн иргэнтэй утсаар холбогдож байгаад Баянхонгор сумын Цахир 7-******* тоотод яваад очиход ******* улсын дугаартай хар өнгийн Тоёота приус-41 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийг асуухад ******* гэх хүн байсан ба тухайн жолоочийг үйл ажиллагаандаа ашиглаж байгаа багажаар шалгаж үзэхэд тухайн жолооч *******гийн ******* /РД:*******/ нь 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шүүгчийн шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан. Уг тээврийн хэрэгслийг нь жолоодоод тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд хүргэн жолоочийг Стандарт, хэмжилзүйн газраас 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр баталгаажуулсан Alcotest рго загварын хүний амьсгал дахь спиртийн агууламж тогтоох хэмжүүр драйгер багажаар тухайн жолоочийг үлээлгэж, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахад 3.88 бүхэл согтолтой гарсан тул Цагдаагийн газрын гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн бүртгэлд оруулсан. Тухайн жолооч нь найзынхаа төрсөн өдөрт очоод 0,75 граммын шилтэй архийг уусан, тухайн газраас машинаа жолоодоод гэртээ ганцаараа ирсэн гэдгийг тухайн үед хэлж байсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 24-25 дугаар тал/,

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Баянхонгор сумын Хөх толгойд байрлалтай 4 замын уулзвар дээр хойноос урагшаа уруудаж явтал туслах замаас буюу 6 дугаар цэцэрлэг талаас хар өнгийн Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл миний урдуур гэнэт шахаад ороод ирсэн. Тэгээд тухайн тээврийн хэрэгсэл миний урдуур уруудаад явсан, гэтэл нөгөө хар тээврийн хэрэгслийн жолооч эсрэг урсгал руу ороод, өөдөөс машингүй байсан. Гэтэл урд нь явсан тээврийн хэрэгслийг сигналдаад яваад байсан. Би тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг согтуу явж байгаа юм байна гэж бодоод Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн юм. Тэгээд тухайн тээврийн хэрэгсэл хөх толгойн Монос дэлгүүрийн үүдэн дээр зогсохоор нь би дагаж очоод тухайн тээврийн хэрэгслийн жолоочтой уулзахад ганцаараа явсан бөгөөд согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Тэгээд цагдаагаас над руу залгахаар нь би ярьж байгаад хашааг нь зааж өгсөн. Монос дэлгүүрийн урдуур гудамж руу ороод нэг хашаа руу орчихсон юм. Би цагдаа нарт зааж өгсөн. Тэрнээс би тухайн жолоочийг бол огт танихгүй...гэх мэдүүлэг/хх-ийн 27-28/,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ЗШ/1237 дугаартай шүүхийн шийтгэвэр/хх-ийн 54-56/,

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 11/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 01-05/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 13/, мэдүүлгийг газар нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 18-22/, шүүгдэгч Б.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 42/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 43/, депозит дансны хуулгууд /хх-ийн 45-51/, эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 62-67/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч Б.******* нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ЗШ/1237 дугаартай шүүхийн шийтгэврээр 2025 оны оны 11 дүгээр сарын 11- ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 3,88 хувийн промильтой үедээ 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 19 цаг 14 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн нутаг дэвсгэр ******* тоотын орчимд 57-49 УНӨ улсын дугаартай Тоёота Приус-41 загварын тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч Б.*******гийн .... ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна, хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү...гэх мэдүүлэг/хх-ийн 38-39/,

Гэрч *******ийн...Драйгер багажаар тухайн жолоочийг үлээлгэж, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахад 3.88 бүхэл согтолтой гарсан тул Цагдаагийн газрын гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн бүртгэлд оруулсан, найзынхаа төрсөн өдөрт очоод 0,75 граммын шилтэй архийг уусан, тухайн газраас машинаа жолоодоод гэртээ ганцаараа ирсэн гэдгийг тухайн үед хэлж байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 24-25/,

Гэрч гийн...тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг согтуу явж байгаа юм байна гэж бодоод Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн,....тухайн тээврийн хэрэгсэл хөх толгойн монос дэлгүүрийн үүдэн дээр зогсохоор нь би дагаж очоод тухайн тээврийн хэрэгслийн жолоочтой уулзахад ганцаараа явсан бөгөөд согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн байдалтай байсан....гэх мэдүүлэг/хх-ийн 27-28/,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ЗШ/1237 дугаартай шүүхийн шийтгэвэр/хх-ийн 54-56/, болон  хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т…гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,... мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т… гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор….тус тус зохицуулжээ.

Шүүгдэгч Б.*******гийн цусан дахь спиртийн агууламж 3.88 промиль гарсан болох нь 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээр тогтоогдож байх ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж зааснаар Б.*******г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан  болох нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ЗШ/1237 дугаартай шийтгэвэр болон холбогдох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг хугацаа дуусаагүй байх үедээ буюу 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 19 цаг 14 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 57-49 УНӨ улсын дугаартай Тоёота Приус-41 загварын тээврийн хэрэгслийг 3,88 хувийн согтолттой жолоодон замын хөдөлгөөнд оролцож  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/. ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн болох нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.              

Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэмж хуульчилсан бөгөөд хууль тогтоогчид энэхүү зүйлд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгохоор тайлбар хийжээ.   

Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа дахин согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол уг үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Б.*******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болон согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Д.Мэндээ нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа  гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар ял оногдуулах...дүгнэлтийг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мэндээгийн... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж...гэх дүгнэлтийг тус тус  гаргажээ..

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай байна.

Уг гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, гэмт хэргийн улмаас материаллаг хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй ба шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад материаллаг хохирол учраагүй байх тул шүүгдэгчээс  гаргуулах төлбөргүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч Б.*******гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулна“..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

 Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“  гэж тус  тус  заасныг үндэслэв.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, шүүх шүүгдэгч Б.*******гийн үйлдсэн хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар /гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/ , хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн болон эрүүл мэндийн байдал, мөн шүүгдэгч  Б.******* нь ам бүл ганцаараа амьдардаг,  зүүн гар мэдээгүй саажилттай, 4 хуруугаа тайруулсан буюу 60 хувиар хөдөлмөрийн чадвар алдаж группэд орж байсан боловч эрүүл мэндийн холбоотой холбогдох баримтаа үрэгдүүлж алга болсноор группээ сунгуулж чадахгүй болсон буюу одоо группэд байдаг талаар холбогдох баримт хэрэгт авагдаагүй, ажил хөдөлмөр эрхлэхэд хүндрэлтэй, зүүн гар байнга таталттай байдаг ба байнгын эмчилгээ үйлчилгээ авч чадахгүй байгаа,  -д жолооч ажилтай гэх боловч холбогдох баримт хэрэгт авагдаагүй, орлого тодорхойгүй, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын төвд оршин суудаг , өмнө уг зөрчлийг гаргаж шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасаж, шийтгэл оногдуулсан байхад  дахин уг зөрчил  гаргасан, өөрийн үйлдэлдээ үнэлэлт дүгнэлт өгдөггүй  прокурор, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүхээс шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх  нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Б.*******гийн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн 28-01 тоот хашаанаас эмнэлэг, эмийн сан, хүнсний дэлгүүр, ажил хөдөлмөр эрхэлдэг газар гэсэн чиглэлээр зорчихоор даалгаж, уг ялыг эдлүүлэхийг Баянхонгор аймаг дахь гүйцэтгэх газарт даалгаж  шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Тус шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн № 608 дугаар  шүүгчийн захирамжаар шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд   2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс  2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 8 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, эдлэх ялаас хасаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.*******г нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүгдэгч Б.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн  хугацаагаар хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж эхэлсэн үеэс хугацааг тоолж,

Шүүгдэгч Б.*******д хэрэглэсэн  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  авч шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг,  36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус  удирдлага болгон                                                            ТОГТООХ нь

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болон согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******гийн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн 28-01 тоот хашаанаас эмнэлэг, эмийн сан, хүнсний дэлгүүр, ажил хөдөлмөр эрхэлдэг газар гэсэн чиглэлээр зорчихоор даалгаж, уг ялыг эдлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 5.6 дугаар зүйлийн 9-т зааснаар шүүгдэгч Б.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн  хугацаагаар хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж эхэлсэн үеэс хугацааг тоолсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.*******гийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс  2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 8 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, эдлэх ялаас хассугай.

7. Шүүгдэгч Б.*******д хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8.Шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.*******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                        

 

                        ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ        Ч.БАЙГАЛМАА