Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/207

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Э.Оюун-Эрдэнэ

 Улсын яллагч: Н.Зулаа

Шүүгдэгч:******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2514000000203 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******,******* регистрийн дугаартай,

 Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 14 цаг 55 минутын орчимд Баянхонгор аймгийн ******* сумын Эмээл толгой 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт ******* улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг 2.53 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:      

   Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би тогтоолтой уншиж танилцлаа. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би урьд гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг/хх-ийн 34-35/,

 Гэрч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ...би тухайн өдөр гэртээ байж байтал ******* гэх залуу манайд Хараа нэртэй 0,5 граммын савлагаатай архитай ирээд бид 2 задлаад нэг нэг уугаад байж байтал ******* гэх залуу хөдөө явлаа гээд орж ирсэн. Тэгээд тухайн архинаас *******, *******д хийж өгөөд тухайн архийг бид 3 хувааж уугаад дуусгасан. Тэгээд би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихээр нь *******ийг цагдаа нар ширүүн байгаа машинаа оруулж тавь гэж хэлсэн чинь ******* гараад машинаа оруулах гээд гараад хөдөлгөсөн чинь цагдаа нар ирээд *******ийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх үндэслэлээр машиныг нь нэг цагдаа унаад явсан. Харин *******ийг манай сумын цагдаа Гантулга аваад явсан...гэх мэдүүлэг (хх-ийн 24),

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...би 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдөр ******* сумд нэмэлтээр ажиллахаар өөрийн сум болох Гурванбулаг сумаас ирсэн. 2025 оны 5 дугаар сарын 09-ний өглөө тус сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч хамт эргүүл хяналт шалгалт хийсэн.... бид хоёр эргүүл хийж байгаад улсын дугаартай цагаан өнгийн тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад тухайн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд тухайн иргэний тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх *******ийн тээврийн хэрэгслийг жолоодон явж ...цагдаагийн байран дээр ирээд согтуурал шалгах багаж үлээлгэхэд 2,53 хувь тоон үзүүлэлт гарсан...гэх мэдүүлэг (хх-ийн 18 ),

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би тухайн өдөр Гурванбулаг сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч эргүүл хяналт шалгалтыг ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хийсэн. ...******* улсын дугаартай цагаан өнгийн тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл зогсоон шалгахад тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...гэх мэдүүлэг (хх-ийн 20),

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...Би 2025 оны 5 дугаар сарын 09-ний өглөө гэх айлд 1 шил Хараа нэртэй архитай ороод задлаад ах бид 2 нэг нэг ууж байтал араас ******* ороод ирсэн. Тэгээд бид 3 нөгөө архи хувааж ууж дуусчхаад ах ******* рүү хандаад гадаа цагдаа нар ширүүн байна, машинаа оруулчих гэж хэлсэн чинь ******* машинаа оруулъя гээд бид 3 хамт гарсан. Тэгээд ******* машиндаа суугаад машинаа ахын үүднээс хөдлөөд эргээд хүрээд ирэх үед цагдаа нар хүрээд ирсэн. Тэгээд шалгаад *******ийн машиныг нэг цагдаа унаад явсан...гэх мэдүүлэг (хх-ийн 22 дугаар хуудас),

 Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №1626 дугаартай шийтгэврийн хуулбар (хх-ийн 45-48),

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 08/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 01-04 /, эрх бүхийн албан тушаалтны тэмдэглэл / хх-ийн 10/,  жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 11-13/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 15/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 36-41/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 54/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 55/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56-57/, депозит дансны хуулгууд /хх-ийн 59-61/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 14 цаг 55 минутын орчимд Баянхонгор аймгийн ******* сумын Эмээл толгой 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт ******* улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг 2.53 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч *******ийн...Би тогтоолтой уншиж танилцлаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг/хх-ийн 34-35/,

Гэрч *******ы... архийг бид 3 хувааж уугаад дуусгасан,..******* гараад машинаа оруулах гээд гараад хөдөлгөсөн чинь цагдаа нар ирээд *******ийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх үндэслэлээр машиныг нь нэг цагдаа унаад явсан...гэх мэдүүлэг (хх-ийн 24),

 Гэрч .... эргүүл хийж байгаад ******* улсын дугаартай цагаан өнгийн тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг  зогсоон шалгахад  жолооч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан,  согтуурал шалгах багаж үлээлгэхэд 2,53 хувь тоон үзүүлэлт гарсан...гэх мэдүүлэг (хх-ийн 18),

Гэрч . ...******* улсын дугаартай цагаан өнгийн тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл зогсоон шалгахад тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...гэх мэдүүлэг (хх-ийн 20),

Гэрч ...******* машиндаа суугаад машинаа ахын үүднээс хөдлөөд эргээд хүрээд ирэх үед цагдаа нар хүрээд ирсэн,  шалгаад *******ийн машиныг нэг цагдаа унаад явсан...гэх мэдүүлэг (хх-ийн 22),

  Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1626 дугаартай шийтгэврийн хуулбар (хх-ийн 45-48), болон  хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т…гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,... мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т… гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор….тус тус зохицуулжээ.

Шүүгдэгч *******ийн цусан дахь спиртийн агууламж 2.53 промиль гарсан болох нь 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн эрх бүхий албан тушаалтан тэмдэглэл, илтгэх хуудсаар тогтоогдож байх ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж зааснаар *******ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүгдэгч ******* нь нэг жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2024/ЗШ/1626 дугаар шийтгэвэр болон холбогдох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг хугацаа дуусаагүй байх үедээ буюу 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 14 цаг 55 минутын орчимд Баянхонгор аймгийн ******* сумын Эмээл толгой 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг 2.53 хувийн согтолттойгоор жолоодон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а. ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн болох нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.              

Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэмж хуульчилсан бөгөөд хууль тогтоогчид энэхүү зүйлд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгохоор тайлбар хийжээ.   

Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа дахин согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол уг үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болон согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Уг гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, гэмт хэргийн улмаас материаллаг хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй ба шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад материаллаг хохирол учраагүй байх тул шүүгдэгчээс  гаргуулах төлбөргүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *******ийн 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...дүгнэлтийг гаргажээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах..” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

 Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“  гэж тус  тус  заасныг үндэслэв.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,  шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа байдал, шүүгдэгчийн хувийн байдал /малчин/ боловч өөрийн нэр дээр мал тооллогдоогүй,  хувьд ноогдох хөрөнгөгүй, өрх тусгаарлаж тусдаа гаргаагүй, аав, ээж, дүү нарын хамт Баянхонгор аймгийн ******* сумын 1 дүгээр багийн гэх газарт оршин суух хаягтай боловч тус газарт гар утасны сүлжээ байхгүй зэргээр түүнд шүүхээс торгох , зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах боломжгүй,  мөн тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2024/ЗШ/1626 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасаж, 8 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан, дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн,  өөртөө үнэлэлт, дүгнэлт хийгээгүй болон прокурорын гаргасан дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, гурван зуун тавин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан гурван зуун тавин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн  хугацаагаар хасах нэмэгдэл ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулсан  үеэс хугацааг тоолж,

Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон   

 ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болон согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, гурван зуун тавин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан гурван зуун тавин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн  хугацаагаар хасах нэмэгдэл ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулсан  үеэс хугацааг тоолсугай.

5.Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           Ч.БАЙГАЛМАА