Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 148/ШШ2020/00032

 

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 148/ШШ2020/00032

Сэлэнгэ аймаг

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг *******ын 3 дугаар хэсэг, 028А тоотод оршин суух, эмэгтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй ******* овогт *******гийн *******гийн // нэхэмжлэлтэй

Хариуцагч:Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 08 дугаар хороо арцат 1 гудамж 631 тоотод оршин суух, эрэгтэй, одоо Боловсролын их сургуульд жолооч ажилтай ******* овогт *******ий *******д // холбогдох

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг *******ын 3 дугаар хэсэг 028 тоотод оршин суух, эмэгтэй, одоо өндөр насны тэтгэвэрт ******* овогт *******ын ******* //

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг 22 хороолол 17-12 тоотод оршин суух, өмгөөлөгч ******* овогт гийн /РД-/

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Энх-Амар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд уншин сонсгосон нэхэмжлэгч Б.Лхагвын шүүхэд гаргасан тайлбараас:

Миний бие Б.******* нь 2013 оны 06 дугаар сард Ц.*******тай танилцаж тус оны 10 дугаар сард жирэмсэн болсон. Ц.******* нь өөрийн гэсэн орон гэргүй байсан тул жирэмсэн болсон үеэсээ төрөн хүртэлх хугацаанд ээж, аавынхаа гэрт ганцаараа амьдарч байсан. 2014 оны 07 дугаар сарын 14-нд охин маань мэндэлж 2014 оны 12 дугаар сараас 2015 оны 04 дүгээр сар хүртэл 4 сарын хугацаатай Ц.*******гийн аавынд амьдрахад удаа дараа зодож 5 эгчтэйгээ нийлж дарамталдаг байсан. Энэ байдлыг тэвчилгүй 2015 оны 04 дүгээр сараас ээж, аавдаа охиноо өгөн одоог хүртэл ээж маань охиныг минь асран халамжилж байна. Төрсөн цагаас нь хойш бид хоёрт мөнгө өгөхгүй утсаар залгаж нэхэхээр охиныг чинь ална, чамд нэг төгрөг ч өгөхгүй гэдэг.

 

 

Бид гэрлэлтийн баталгаа хийлгээгүй. Охин минь том болохын хирээр хэрэглээ нь ихсэж байгаа тул охиндоо төрсөн эцэг Ц.*******гаас нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж, өөрийнхөө нэрээр минь овоглуулж өгнө үү гэж чин сэтгэлээсээ гуйж хүсэж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний охин Ц.******* хоёр найзалж байгаад 2014 оны 07 дугаар сарын 15-ны өдөр охин Н. нь төрсөн. Төрөөд яармагт хадам аавындаа нэг хэсэг хамт амьдарч байсан. Миний охин 2015 оны 06 дугаар сард гэртээ ирээд Солонгос Улсад явж ажиллаж амьдарч байгаад 2018 оны 09 дүгээр сард ирэн 2019 оны 06 дугаар сард буцаад явсан. Намайг байхад том, бага эгч хоёр нь ирээд миний охины хувцасыг шидээд зайл гээд хашгирахад нь би тухайн үед үг дуугүй охиноо хүүхдийнх нь хамт аваад л гарсан. Миний охин байр савгүй хүн биш ажил хийж байгаад 2 өрөө байртай одоо ч би тэнд нь охинтой нь хамт амьдарч байна. Яармагт утаанаас хол цэвэр агаартай гэдгээр нь тэнд амьдарч байсан болохоос орон байргүйдээ амьдраагүй юм.

Хүүхэдтэйгээ уулзуулдаггүй гэж худлаа. Хааяа ирж хүүхэдтэй уулзаад л явдаг. Харин гэр лүүгээ авч явъя гэхэд нь хүүхэд нь өөрөө явдаггүй болохооос миний хувьд цааргалсан зүйл байдаггүй. Хамгийн сүүлд 2019 оны 12 дугаар сард Сэлэнгэд ирээд охинтойгоо уулзаад 2 хоноод явсан. Хамгийн сүүлд нэг куртик авчирч өгсөн нь багадсан учир буцаагаад аваад явсан. Ер нь хүүхдээ харж ханддаггүй, яаж хүүхдээ авна гэж яриад байгаа юм. Иймд Ц.*******гаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Минйи хувьд овог нэр солих талаар сайн хэлж мэдэхгүй байна гэх.

 

Шүүх хуралдаанд уншин сонсгосон хариуцагч Ц.******* шүүхэд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гаргасан тайлбартаа:

Ц.******* миний бие нь охин Н.ийг Б.*******гаар овоглуулах мөн хүүхдийн тэтгэмж төлөх хүсэлгүй байна. Учир нь:

Б.******* нь 2016 онд Солонгос Улс руу яваад одоо хүртэл ирээгүй. Иймд би охиноо өөрийн биеэр өсгөх хүсэлтэй байна. Охин Н.т би мөнгө төгрөг байнга өгдөг улиралын хувцас авч өгдөг болно. Иргэн Б.*******аг өөрийн биеэр байлцуулж хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.

 

2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

Б.******* бид хоёр 2013 онд танилцаж 2014 онд охин Н. төрсөн. Бид Улаанбаатар хотын Яармагт миний аавын хашаа байшинд 2016 он хүртэл амьдарсан. Б.******* нь намайг гэрээс хөөж, хүүхдээ хаяад 2016 онд Солонгос Улс руу яваад 2018 оны сүүлээр ирсэн. Тэр Солонгос хүнтэй суусан байна лээ. Би хүүхдээ түүнд өгөхийг хүсэхгүй байна. Миний эцэг байх эрх хуулиар хасагдаагүй тул өөр хүний нэрээр охин Н.ийг овоглохыг хүлээн зөвшөөрөхгүй. Хүүхдийг минь надтай уулзуулахгүй, бага насны хүүхдийн эрхийг зөрчиж 2 жил болж байгаа болно. Би хүүхэддээ хувцас, хэрэгцээт зүйлийг авч өгдөгийг тэр худал хэлж үгүйсгэсэн байна лээ гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.*******гийн хувьд Б.******* нь хүүхдээ ээж дээрээ орхиод Солонгос Улс руу явсан учраас хүүхдээ өөр дээрээ авч өсгөж хүмүүжүүлэх хүсэлтэй байгаа юм байна лээ. Тийм учраас охиноо Б.Лхавагийн асрамжинд үлдээх хүсэлгүй талаараа ярьсан.Гэхдээ хүүхдийн асрамжийн талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй.

Хүүхэддээ хувцас ойр зуурын зүйлүүдийг авч өгдөг, хүүхэдтэйгээ уулзах гэхээр хэл ам хэрүүл болоод байдаг, хүүхдийг минь эцгээс нь өөр хүнээр овоглуулмааргүй байна гэсэн гэх.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Б.*******гийн нэхэмжлэлтэй Ц.*******д холбогдогдуулан Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигчид нь 2013 онд танилцан 2 жил гаруй хамтран амьдарч 2014 оны 07 дугаар сарын 15-ны өдөр охин Н. төрснийг 2014 оны 08 дугаар сарын 14-ны өдөр №4301000347 бүртгэсэн хуулбарууд, зохигчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2015 оны 06 дугаар сараас тус тусдаа амьдарч байгаа талаар хэрэгт авагдсан үйл баримтуудаар тогтоогдсон болно.

Зохигчид таарч тохирохгүй, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон нь нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.******* нь 2013 оны 06 дугаар сард Ц.*******тай танилцаж...2014 оны 07 дугаар сарын 14-нд охин маань мэндэлж 2014 оны 12 дугаар сараас 2015 оны 04 дүгээр сар хүртэл 4 сарын хугацаатай Ц.*******гийн аавынд амьдрахад удаа дараа зодож 5 эгчтэйгээ нийлж дарамталдаг байсан. Энэ байдлыг тэвчилгүй 2015 оны 04 дүгээр сараас ээж, аавдаа охиноо өгөн одоог хүртэл ээж маань охиныг минь асран халамжилж байна...Охин минь том болохын хирээр хэрэглээ нь ихсэж байгаа тул охиндоо төрсөн эцэг Ц.*******гаас нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж, өөрийнхөө нэрээр минь овоглуулж өгнө үү гэж чин сэтгэлээсээ гуйж хүсэж байна... гэх, хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: ...Ц.******* миний бие нь охин Н.ийг Б.*******гаар овоглуулах мөн хүүхдийн тэтгэмж төлөх хүсэлгүй байна...Яармагт миний аавын хашаа байшинд 2016 он хүртэл амьдарсан. Б.******* нь намайг гэрээс хөөж, хүүхдээ хаяад 2016 онд Солонгос Улс руу яваад 2018 оны сүүлээр ирсэн. Тэр Солонгос хүнтэй суусан байна лээ. Би хүүхдээ түүнд өгөхийг хүсэхгүй байна. Миний эцэг байх эрх хуулиар хасагдаагүй тул өөр хүний нэрээр охин Н.ийг овоглохыг хүлээн зөвшөөрөхгүй...би охиноо өөрийн биеэр өсгөх хүсэлтэй байна...гэх тайлбар, мэдүүлгээс үзэхэд зохигчид нь хэдийгээр гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч хоёр тусдаа амьдарч байгаа болох нь нотлогдож байна.

Зохигчид нь цаашид хамтран амьдрах боломжгүй, тэдгээрийн таарч тохирохгүй, таарамжгүй харьцаа нь хамтран амьдрагчдын хамтын амьдралыг цаашид үргэлжлүүлэх, эвлэрэх боломжгүй тул охин Н.ийг 18 нас хүртэл нь эцэг Ц.*******гаар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Хариуцагч нь хүүхдээ өөрийн асрамжинд авах талаар шүүхэд тайлбар гаргасан хэдий ч асрамж тогтоолгох талаар шүүхэд хүсэлт гаргаагүй, мөн овог нэр солиулах талаар шүүх шийдвэрлэх боломжгүй тул улсын бүртгэлд хандаж болохыг дурдах нь зүйтэй.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2014 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Н.ийг эх Б.*******гийн асрамжинд үлдээж, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2014 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Н.ийг 11 нас хүртэл нь тухайн орон нутагт тогтоосон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 40.1.2-т зааснаар 18 нас хүртэл амьжиргааны түвшингийн хэмжээгээр эцэг Ц.*******гаар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд мөн зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эхэд... тэдгээрийн үүрэг хариуцлага хэвээр үлдэж болохыг зохигчдод анхааруулж, мөн хүүхдийн асрамжийг хариуцаж буй тал нь нөгөө талдаа хүүхэдтэй уулзах, өсөн бойжиход хувь нэмэр оруулах боломжийг олгох ёстой болохыг дурдах нь зүйтэй.

Энэ нэхэмжлэлийн үнийн дүн нь Ц.*******гаас охин Н.т төлөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тодорхойлогдох тул (187.100:2х12=1.122.600төгрөг) улсын тэмдэгтийн хураамжинд 31.492 төгрөгийг төсвийн орлогод оруулах, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Ц.*******гаас 70.200 төгрөг гаргуулан Б.*******д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаа зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасны удирдлага болгох ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2014 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Н.ийг эх Б.*******гийн асрамжид хэвээр үлдээсүгэй.

2.Гэр гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2014 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн Н.ийг 11 нас хүртэл нь тухайн орон нутагт тогтоосон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 40.1.2- 11-16 ( 18 )-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол Ц.*******гаар тэжээн тэтгүүлсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Ц.*******гаас 70.200 төгрөг гаргуулан Б.*******д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Ц.*******гаас 31.492 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал...14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА