Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2017/ШЦТ/44

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн,

улсын яллагч Э.Нэргүй,

хохирогч Ц.Банзрагч,

шүүгдэгч Б.Мөнхцэцэг, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Түмт овогт Банзрагчийн Мөнхцэцэгт холбогдох эрүүгийн 201708000066 дугаартай хэргийг 2017 оны 07 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Дундговь  аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, ам бүл 5 аав, нөхөр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 24-570-А тоотод оршин суух, Монгол микор кашмер ХХК-нд самнах машин баригч ажилтай, урьд ял шийтгэлгүй, Түмт овогт Банзрагчийн Мөнхцэцэг /РД: ЗЮ82113009/

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

Шүүгдэгч Б.Мөнхцэцэг нь 2017 оны 05 дугаар сарын 08-ны  шөнө Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Лүнгийн овооны орчим Улаанбаатар-Замын-үүд чиглэлийн хатуу хучилттай автозамын 207/466 дахь шонгийн ойролцоо 04-51 УБУ улсын дугаартай Тоёота Приус 11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.3.б-д заасан “ Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-д заасан “ Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” 9.3-д заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурингийн гаднах замд цагт 80 км, тууш замд 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явбал зохино” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч А.Хүслэнгийн амь насыг  хохирооосон амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтууд. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Мөнхцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Замын-Үүд сумруу хувийн ажлаар хүнд бичиг хүргэж өгөх мөн бага охиндоо унадаг дугуй авах, мөн ганц нэг хувцас хунар авахаар Улаанбаатар хотоос өглөө 06 цаг 30 минутын үед том охин Хүслэнг аавын гэрээс аваад гарсан. Тэгээд Замын-Үүд чиглэлд явж байгаад Баянтал сум өнгөрөөд гүвээн дээгүүр даваад гарсан чинь зам дээр том цагаан хагархай харагдахаар нь тэр хагархайн зүүн талаар тойроод буцаад явж байсан эгнээрүүгээ орсон чинь машин өнхөрөөд замынхаа баруун талруу гарсан. Миний санаж байгаагаар машин 3 удаа өнхөрсөн байх. Тэгээд машин дугуй нь дээшээ хараад тогтохоор нь хамгаалах бүсээ тайлаад машинаас хагарсан цонхоор мөлхөөд гарч ирээд охиноо хайсан чинь машины баруун урд талд дээшээ харсан, толгойн хэсэг нь зүүн хойшоо харсан байдалтай хамар ам чихнээс нь цус гарч байсан. Тэгээд би замын машинаас тусламж гуйхаар гүйсэн. Замаар явж байсан жийп машинтай 2 ах зогсоод эмнэлэг цагдааруу залгаж өгсөн. Тэгээд эмнэлэг ирж үзээд талийгаачийн амьсгаа сул байна , аягүй их цус алдсан байна гэсэн. Тэгээд цус тогтоох тариа хийгээд тусламж үзүүлсэн. Эмч найдваргүй боллоо гэхээр нь би толгойд нь хүрч үзсэн чинь зөөлөн ус шиг бамбалзсан юм мэдрэгдэж байсан. Улаанбаатар хотоос гарахдаа бид 2 хоёулаа хамгаалах бүсээ хэрэглэсэн байсан. Баянтал сум өнгөрөөд зогсоод бие засаад хөдөлсөн юм. Би хөдлөхдөө хамгаалах бүсээ зүүгээд охиндоо миний охин бүсээ зүүгээрэй гэж хэлж байсан. Тухайн үед охин цүнхээ аваад өвөр дээрээ тавьж байгаа харагдсан. Цүнхээ ухаж байхдаа хамгаалах бүсээ зүүгээгүй юм шиг байна лээ. Би анзаарч хараагүй, хамгаалах бүсээ зүүсэн гэж бодсон. Би 2017 оны 01 сард Даший Дэлэг жолооны курст сураад 2017 оны 03 дугаар сард жолооч болсон. В ангиллын жолооны үнэмлэхтэй. Төгсөөд түр үнэмлэх авсан байна. 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл түр үнэмлэх хүчинтэй байсан гэсэн мэдүүлэг.

                                

2. Хохирогч Ц.Банзрагч мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 05 дугаар сарын 08-ны өглөө манааны ажлаасаа буугаад гэртээ ирэхэд хүүхдүүд байхгүй байсан. Би хүүхдүүдээсээ асуухад нэгийг нь ажилдаа явсан, нөгөөг нь сургуульдаа явсан гэж хэлсэн. Би байгаа л байх гэж бодоод санаанд ч оролгүй гэртээ амарч байсан. Явсныг нь ч мэдээгүй байсан. Гэтэл үдээс хойш манай том охин утсаар ярьж Мөнхцэцэг осолд орсон байна гэж хэлсэн. Би хот дотор л осолд орсон юм байх гэж бодож байсан. Хөдөө замд яваад осолд орсон та гэртээ байж бай бид авах гээд явж байна гэж хэлсэн. Үдээс хойш дахин утсаар ярьж намайг унаа олоод ир, бидэнд унаа хэрэгтэй болох нь гэж хэлсэн. Тэгээд би унаа олоод оройхон Чойрт ирсэн. Ирээд байдлыг мэдээд буцах болоход цагдаа надаас байцаалт авсан. Би байцаалтанд 2 хүүхэд минь явж байгаад ийм зүйл болсон байна, энэ бол гэнэтийн осол, би нэг хүүхдээ алдаад нөгөөг нь шоронд явуулмааргүй байна, охин минь 2 нялх хүүхэдтэй, энэ байдлыг үзэж шалгаад хуулийн дагуу явахад гэрт нь үлдээж болох нь уу л гэж хүсэлт тавьж байцаалтыг үнэн зөвөөр өгсөн. Дараа нь шинжилгээ хийлгээд хүүхдүүдээ аваад Улаанбаатар хотод гэртээ очсон. Сүүлд ирэн очин цагдаатай уулзаж мэдүүлэг өгч байсан. Надад одоо гомдол, санал байхгүй. Охины минь хүүхдүүд үлдэж байгаа. Энэ байдлыг харгалзан үзэж энэрэнгүйгээр хандаж охиныг минь гэрт нь үлдээж болох болов уу гэсэн мэдүүлэг.

 

3. Гэрч Б.Сансарцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Б.Мөнхцэцэг бол миний төрсөн дүү байгаа юм. Мөнхцэцэг бид хоёр  эхээс хоёулаа өөр ах эгч дүү байхгүй. Мөнхцэцэг амьдралын төлөө , 3 хүүхдийнхээ төлөө шургуу ажилладаг. Хүмүүстэй нийтэч зан харьцаа сайтай. Гэр бүлийнхэндээ тустай. Амьдралаа боломжийн хэмжээнд аваад явдаг  гэсэн мэдүүлэг. /хх-ийн 23-24 дүгээр хуудас/

 

4. Гэрч С.Зууннаст мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Приус-11 маркийн 04-51 УБУ улсын дугаартай автомашин миний нэр дээр байдаг боловч Мөнхцэцэг бид 2 дундаа хэрэглэдэг юм. Мөнхцэцэг миний эхнэр учраас надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би цалингийн зээлээр 7.300.000 төгрөгөөр авч байсан. Тухайн өдөр Замын-үүд сумруу ажлаар явж байсан. Том охин А.Хүслэнг дагуулаад явж байгаад осолд орсон байсан. А.Хүслэн Мөнхцэцэгийн дагавар охин байгаа юм. Хадам аав манайх 2 нэг хашаанд амьдардаг юм. Хүслэн манай хадмынд буюу өвөөгийндөө амьдардаг байсан. Хүслэнд төрсөн ах эгч гэж байхгүй 4-11 насны 2 дүүтэй. Мөнхцэцэгийн хувьд амьдралын төлөө зүтгэсэн ажилч зантэй. Ааш зангийн хувьд хүнтэй нийтэч харьцаатай. Архи дарс хэрэглэдэггүй. Жолооч болоод сар гаран болж байна гэсэн мэдүүлэг. /хх-ийн 25-26 дугаар хуудас/

 

5. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 05 дугаар 19-ний  өдрийн 11 дугаартай дүгнэлтэнд:

1. Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр дух, суурь ясны хонхорын үйрч бяцарсан хугарал, арагш дээш суман заадас дагуу зулай яс, дагз ясруу үргэлжилсэн диастазан хугарал, зулай яснаас баруун, зүүн тийш чамархайн доод хэсэг хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, баруун, зүүн нүдний алимны суулт, хуйханд цус хуралт, хатуу хальсны  урагдал, тархины эдийн эвдрэл, баруун зүүн чамархай, дух, зулай, дагзны дэлбэнгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, хажуугийн ховдол дахь цусан хураа, хажуугийн ховдлын ойролцоох тархины эдийн няцралт баруун талд 1-р хавирга өвчүүтэй бэхлэгдэх хэсгээр хөндлөн, баруун талд 2,3,4,5,6-р хавирганууд нугалмын хажуугийн шугамаар шууд хугарал, өвчүү ясны 3-р хавирганы түвшин дэх хөндлөн хугарал, орчны эд дэх цус хуралт цуллаг эрхтнүүдийн бэхлэгдэх хэсгийн цус хуралт уушигны бүх дэлбэнг хамарсан няцралын голомт, зүрхний угт цус хуралт, элэгний зүүн дэлбэн дэх няцралтын голомт, дэлүүний үүдэвч хэсгийн язрал, цус хуралт, баруун мөрний үений мултрал, зүүн атгаал ясны доод хэсгийн далд хугарал, дух, нүүрний зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд шарх, цус хуралт, баруун суганд цус хуралт, зулгаралт, баруун бугалга, тавхай, хэвлий, зүүн ташаа, бугалга, шилбэ, гуя, өвдөг, шуунд зулгаралт, цээж, зүүн шуунд  цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Талийгаач нь дээрхи гавал тархи, цээж, хэвлийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдал орж нас баржээ.

3. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаачид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ч амь аврагдах боломжгүй байжээ. Дүгнэлт гаргасан шинжээч эмч Г.Ханхүү гэжээ.

6. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 05 дугаар 10-ний  өдрийн 178 дугаартай дүгнэлтэнд: Б.Мөнхцэцэгийг биед баруун талд 1,2 хавирганы хугарал, цээжний  зөөлөн эдийн няцрал, баруун мөр, цээжний баруун хэсэг, баруун даланд цус хуралт, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуу, өвдөг, баруун, зүүн тавхайд зулгаралт, духанд цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл учирчээ.

            Дээрх гэмтэл нь нэг бус удаагийн үйлчиллээр үүсэх боломжтой.

            Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            Цаашид ерөнхий хөдөлмөр алдалтын чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан шинжээч эмч Г.Ханхүү гэжээ.

 

7. Монгол Улс Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэн шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 4993 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээд ирүүлсэн “Б.Мөнхцэцэг “ гэсэн хаягтай цусанд спиртийн агууламж илрэхгүй байна. Химийн ахлах шинжээч Цагдаагийн  хошууч Д.Золзаяа

 

8. Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Батхуягийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Тоёота Приус маркийн 04-51 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Мөнхцэцэг нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.3б/ “Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэснийг мөн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Дүгнэлт гаргасан: Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч Д.Батхуяг гэжээ. /хх-ийн 80 дугаар хуудас/

 

9. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 8-14, 16-17 дугаар хуудас/

 

10. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /х.х-ийн 41-51 дүгээр хуудас/

 

11. Монгол микрон кашмер ХХК-ийн захирлын тодорхойлолт /хх-ийн 73 дугаар хуудас/

12. М.Ануужин, А.Марал нарын төрсний гэрчилгээний хуулбар, сурагчийн хувийн хэргийн хуулбар,

13. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 74-75 дугаар хуудас/

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Б.Мөнхцэцэгт эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Мөнхцэцэгийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зорчигч А.Хүслэнгийн амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Мөнхцэцэгийг ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх, хувийн байдал зэргийг нь харгалзан тохирох ял шийтгэлийг оногдуулав.

 

            Хохирогч Ц.Банзрагч, иргэний нэхэмжлэгч С.Зууннаст нар гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Б.Мөнхцэцэгийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Мөнхцэцэгийн 1152895 тоот дугаартай түр үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн тасагт шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Мөнхцэцэгийг хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо төлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 37.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Шүүгдэгч Түмт овогт Банзрагчийн Мөнхцэцэгт холбогдуулан /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Түмт овогт Банзрагчийн Мөнхцэцэгийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхцэцэгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасах ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхцэцэгт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилээр тогтоон, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхцэцэгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

6. Шүүгдэгч Б.Мөнхцэцэгийн 1152895 дугаартай жолооны түр зөвшөөрлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Говьсүмбэр аймгийн Замын цагдаагийн тасагт шилжүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мөнхцэцэгт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ШҮҮГЧ                                      Т.ЭНХМАНДАХ