| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээний Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 195/2025/0922/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1372 |
| Огноо | 2025-05-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1372
2025 05 14 2025/ШЦТ/1372
МОНГОЛ
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мядаг хөтлөн,
улсын яллагч: Э.Ууганзаяа /Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор/,
шүүгдэгч: Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч ** ургийн овогт Б**-ы Г**-т холбогдох эрүүгийн 2308006141986 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч,
ХЯНАВАЛ:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Урьд, ***************************************шийтгүүлж байсан,
** ургийн овогт Б**-ны Г** (РД:**************)
Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Г нь О.Т-тэй бүлэглэн “...хулгайн гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож, үйлдэл санаа зорилгоороо нэгдэн 2023 оны ** дүгээр сарын **-ны өдөр ** дүүргийн ** дүгээр хороо **-ын автобусны буудлын орчим автобусанд зорчиж явсан хохирогч Н.О-ийн хувцасны халааснаас нь айфон 11 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан...” гэх гэмт хэрэгт тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Г нь О.Т-тэй бүлэглэн “хулгайн гэмт хэрэг үйлдэхээр” урьдчилан үгсэн тохиролцож, үйлдэл санаа зорилгоороо нэгдэн 2023 оны ** дүгээр сарын **-ны өдөр ** дүүргийн ** дүгээр хороо **-ын автобусны буудлын орчим автобусанд зорчиж явсан хохирогч Н.О-ийн хувцасны халааснаас нь айфон 11 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гийн “...гэм буруутай...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2405030521250 дугаартай хэргээс:
Шуурхай удирдлагын тасаг дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 19 дугаар тал/,
Хохирогч Н.О-ийн “Би ** дүүргийн ** дугаар хороо ** тоотод оршин суудаг. 2023 оны ** дүгээр сарын **-ны өдрийн 07 цаг 30 минутад ** дүүргийн ** дугаар хороо, ** хуучин эцсийн буудлаас Ч-З зүүн салаа, халдварт чиглэлийн автобусанд суусан. Тэгээд би ** дүүргийн ** дугаар хороо дүүргийн автобусны буудал өнгөрч байхдаа өөрийн айфон 11 про маркийн гар утсаа өмсөж байсан өмднийхөө баруун талын халаасанд хийж ** дүүргийн ** дүгээр хороо **-ийн буудал дээр бууж байхдаа халааснаасаа гар утсаа гаргаж ирэх гэтэл миний гар утас байгаагүй. Тэгээд би буцаж автобусанд орж хүний гар утсаар өөрийн ********** дугаар луу залгахад дуудаж байгаад тасалсан. ...автобус маш их хүнтэй явж байсан, тэгсэн нэг монхор хамартай шардуу царайтай залуу над руу албаар шахаад байсан. Тэр залуу удаа дараалан над руу шахаад байсан. Тэр залууг сэжиглэж байсан. ...надад миний сууж үйлчлүүлсэн автобусны хяналтын камерын бичлэг байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-27 дугаар тал/,
Гэрч Б.О-ын “2023 оны ** дүгээр сарын **-ны өдөр ** нэртэй худалдааны төвийн гадна зогсож байтал зүс таних Т гэх дүү ирээд кодтой айфон 11 про загварын гар утас олсон юм, та худалдаад авчих гэж гуйсан юм. Тэгэхээр нь би 150,000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр тал/,
Гэрч Н.О-ын “Би 2023 оны ** дүгээр сарын **-ны өдөр, өглөөний 07:00-08:00 цагийн хугацаанд өөрийн **** улсын дугаартай ** загварын авто машинтайгаа ** дүүрэг ** нэртэй автобусны буудлаас лабораторийн нэртэй автобусны буудал хүртэл хувиараа таксинд 2.000 мянган төгрөгөөр хүн зөөдөг юм. Тэгсэн тухайн өдөр ** дүүрэг ** дүгээр хорооллын автобусны буудлаас суусан үл таних эрэгтэй хүний талаар тодруулах зорилгоор цагдаагийн байгууллагаас дуудсан болохоор ирсэн юм. Тухайн өдөр суусан санагдаж байна. Би тэр өдөр ** нэртэй автобусны буудлаас Лаборатори нэртэй автобусны буудал хүртэл хүн зөөгөөд тэгээд гэртээ харьсан. Миний машинд суусан ** хорооллоос суусан хүний талаар сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг/хх-ийн 31 дүгээр тал/,
Гэрч Г.Ц-ийн “..2023 оны **дүгээр сарын **-ны өдөр ** нэртэй гар утасны худалдааны төвийн гадна зогсож байх хугацаанд миний зүс таних О гэх залуу айпон 11 про загварын гар утсыг манай дүү олсон гэнэ чи утсыг сэлбэгэнд өгчхөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн гар утсыг аваад өөрийн зүс таних хуурай дүүдээ сэлбэгэнд өгчих гэж хэлсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар тал/,
Тэнцвэр Эстимэйт ХХК-нийн “айфон 11 про маркийн гар утас 1,200,000 төгрөг” гэх /хх-ийн 41 дүгээр тал/,
Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 74-78 дугаар тал/,
Бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 79-85 дугаар тал/,
Гэрч Б.О-ын “...Ингээд түүнээс хойш 1 жил гаруй хугацаа өнгөрч байхад мөн хулгайч нарыг өөрийн биеэр араас нь хөөцөлдөн барин явж байхад хэрэг шийдвэрлэгдэхгүй байгаад гомдолтой байна .” гэх мэдүүлэг /хх-ийн 186 дугаар тал/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэх шатанд 2308006141986 дугаар хэргийн шүүгдэгч ** ургийн овогт О-ийн Т оргон зайлсан нөхцөл байдал тогтоогдсон тул ** ургийн овогт О-ийн Т-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж эрүүгийн 2308006141986 дугаар хэргийн шүүгдэгч ** ургийн овогт Б-ы Г-т холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг үргэлжлүүлж шийдвэрлэсэн болохыг тэмдэглэж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Б.Г нь О.Т-тэй бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож, үйлдэл санаа зорилгоороо нэгдэн 2023 оны ** дүгээр сарын **-ны өдөр ** дүүргийн ** дүгээр хороо **-ын автобусны буудлын орчим автобусанд зорчиж явсан хохирогч Н.О-ийн хувцасны халааснаас нь айфон 11 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шуурхай удирдлагын тасаг дуудлагын лавлагааны хуудас/хх-ийн 19 дугаар тал/, хохирогч Н.О-ийн мэдүүлэг /хх-ийн 20-27 дугаар тал/, гэрч Б.О-ын мэдүүлэг/хх-ийн 29 дугаар тал/, гэрч Н.О-ын гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр тал/, гэрч Г.Ц-ийн мэдүүлэг /хх-ийн 33 дугаар тал/, гэрч Б.О-ын мэдүүлэг /хх-ийн 186 дугаар тал/ Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн “айфон 11 про маркийн гар утас 1,200,000 төгрөг” гэх /хх-ийн 41 дүгээр тал/, гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 74-78 дүгээр тал/, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 79-85 дугаар тал/, гэрч Б.О-ын мэдүүлэг /хх-ийн 186 дугаар тал/, Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 204 дүгээр тал/ болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Прокуророос, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинж нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” байхыг шаардах ба шүүгдэгч Б.-Гийн дээрх үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусадтай бүлэглэн буюу шүүхийн шатанд оргон зайлсан шүүгдэгч О.Т-тэй санаа сэдэл, үйлдлээрээ нэгдэн бүлэглэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.Г-ийн О.Т-тэй бүлэглэн “хулгайн гэмт хэрэг үйлдэхээр” урьдчилан үгсэн тохиролцож, үйлдэл санаа зорилгоороо нэгдэн 2023 оны ** дүгээр сарын **-ны өдөр ** дүүргийн ** дүгээр хороо **-ын автобусны буудлын орчим автобусанд зорчиж явсан хохирогч Н.О-ийн хувцасны халааснаас нь айфон 11 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Б.Г-ийг бусадтай бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг тооцсон талаарх шүүхийн дүгнэлт:
Гэмт хэргийн улмаас хохирогч П.О-т 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/-н төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэргийн 41 дүгээр талд авагдсан "Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Г, О.Т нараас хувь тэнцүүлэн хувааж 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгийг тус тус гаргуулж, нийт 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/-н төгрөгийг хохирогч П.О-т олгож шийдвэрлэлээ.
Иймд энэ тогтоолоор шүүгдэгч Б.Г-оос 600.000 төгрөгийг гаргуулж хохирогч П.О-т олгож шийдвэрлэлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул шүүгдэгч нар нь хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч Б.Г-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Иймд, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгч нарын гэмт үйлдэл, сэдэл санаа, хохирогчид учирсан хохирлоо төлж барагдуулаагүй зэрэгт дүгнэлт хийж шүүгдэгч Б.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, ялын хязгаарыг түүний оршин суудаг болон хөдөлмөр эрхэлдэг гэх Улаанбаатар хотын ** дүүргийн бүс нутгаар тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.
Шүүгдэгч Б.Г-т шүүхээс оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгав.
Шүүгдэгч Б.Г-т ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх ялын санал гаргасныг шүүх хүлээн авах үндэслэл тогтоогдоогүй, санал эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй шүүгдэгчийн хувийн байдалд нийцэхгүй гэж шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.
Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг СД-г шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа хэрэгт хавсаргах болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр хэрэглэхээр тогтов.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ** ургийн овогт Б-ны Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-т 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3. Шүүгдэгч Б.Г-т шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарыг Улаанбаатар хотын ** дүүргийн бүс нутгаар тогтоож ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.
5. Гэмт хэргийн улмаас хохирогчид нийт 1.200.000 төгрөгийн хохирол учирсан болохыг дурдаад шүүгдэгч Б.Г-оос 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгийг гаргуулж хохирогч П.О-т олгосугай.
6.Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Т-т холбогдох хэргийг тусгаарласан болохыг шүүгдэгч Б.Г цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг СД-г шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа хэрэгт хавсаргах болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЧИМЭГ