2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1321

 

2025          05           14                                        2025/ШЦТ/1321

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мядаг хөтлөн,

Улсын яллагч Э.Ууганзаяа / Сонгинохайрхан дүүргийн хяналтын прокурор/

шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ** овогт Б-ийн Д-д холбогдох эрүүгийн 2508002550390 дугаартай хэргийг 2025 оны 04 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ** мэргэжилтэй, одоо ** ХХК-нд жолооч ажилтай, ам бүл **, эмээгийн хамт ** дүүргийн ** дугаар хороо, ** хотхон ** тоотод оршин суух хаягтай, урьд:

*********************************шийтгүүлж байсан,

** овогт Б-ийн Д (РД:***************)

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Д нь “…2024 оны ** дүгээр сарын **-ны өдрөөс **-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд ** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дугаар байрны гадна хохирогч Б.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хохирогчийг гараараа болон хөлөөрөө нүүр хэсэгт цохиж эрүүл мэндэд нь зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхины гадна ирмэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Д нь”…2024 оны ** дүгээр сарын **-нөөс **-нд шилжих шөнийн 2 цагийн орчимд ** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дугаар байрны гадна хохирогч Б.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хохирогчийг гараараа болон хөлөөрөө нүүр хэсэгт цохиж эрүүл мэндэд нь зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхины гадна ирмэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д-гийн өгсөн “...маргахгүй....” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2508002550390 дугаартай хэргээс:

Шуурхай удирдлагын тасаг “Дуудлагын лавлагааны хуудас” /хх-ийн 08 дугаар хуудас/,

Хохирогч Б.Б-гийн ******************** гэх мэдүүлэг/хх-ийн 09-13 дугаар хуудас/,

Гэрч Т.Э-ийн ************************* гэх мэдүүлэг /хх-ийн 14-17 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Б.Б-гийн биед зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхины гадна ирмэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх 185 дугаартай дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-96-98 дугаар хуудас/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Д нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар оролцсон болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

Шүүгдэгч Б.Д нь 2024 оны ** дүгээр сарын **-ны өдрөөс  **-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд ** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дугаар байрны гадна хохирогч Б.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хохирогчийг гараараа болон хөлөөрөө нүүр хэсэгт цохиж эрүүл мэндэд нь зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхины гадна ирмэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай болох нь хохирогч Б.Б-гийн мэдүүлэг /хх-ийн 09-13 дугаар хуудас/, гэрч Т.Э-ийн мэдүүлэг /хх-ийн 14-17 дугаар хуудас/, шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 185 дугаартай дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 96-98 дугаар хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 95 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтаар нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Д-гийн 2024 оны ** дүгээр сарын **-ны өдрөөс **-нд шилжих шөнийн 2 цагийн орчимд ** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дугаар байрны гадна хохирогч Б.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хохирогчийг гараараа болон хөлөөрөө нүүр хэсэгт цохиж эрүүл мэндэд нь зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхины гадна ирмэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ.

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээчийн 2024 оны 12 дүгээр сарын 02-ны өдрийн 185 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан тушаалаар баталсан А/225/А/153/А/85 дугаартай “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-т гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээчийн 956 дугаартай дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдэлд маргаагүй болно.

 

Хохирол төлбөрийн тухайд

Хохирогч Б.Б нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлэхгүй, сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгохгүй талаар хүсэлт гаргасан /хх-ийн 92 дугаар хуудас/ байх тул шүүгдэгч Б.Д-г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

Шүүхээс шүүгдэгч Б.Д-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт дүгнэлт хийж шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400/дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

   Шүүгдэгч нь түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх  ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

Шүүгдэгчид ял оногдуулахад  Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн 6.5-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж үлдээхийг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ** овогт Б-ийн Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3. Шүүгдэгч Б.Д-д оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр  зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу ялтан нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарласугай.

5. Хохирогч Б.Б нь гэмт хэргийн улмаас түүнд учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэхгүйг дурдаад хохирогч нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг сиди-г хэрэгт хавсарган үлдээх болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ц.ЭРДЭНЭЧИМЭГ