| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2018/01006/И |
| Дугаар | 101/ШШ2018/03649 |
| Огноо | 2018-12-03 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 101/ШШ2018/03649
| 2018 оны 12 сарын 03 өдөр | Дугаар 101/ШШ2018/03649 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, шүүгчид З.Баярмаа, Д.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ххххххххххххххххххххххх тоотод оршин суух, Дуламсүрэнгийн Эгийн /РД: ххххххххххххххх/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: хххххххххххххх дүгээр байр, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдох
409.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямбажаргал,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Давхарбаяр,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэрмаа,
Иргэдийн төлөөлөгч Б.Мөнхтуяа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Буяндэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямбажаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.Э нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдуулан гэрээний улмаас учирсан хохирол 324.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан, нэмэгдүүлсэн.
Д.Э нь Төрийн өмчийн хорооноос 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр зарласан дуудлага худалдаанд шалгарч Төрийн өмчийн хороотой байгуулсан 17/4-2014 тоот Худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу 14 хоногийн дотор буюу 2015 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн дотор 1.009.200.000 төгрөгийг Төрийн санд төлөх үүргээ биелүүлэхдээ 309.200.000 төгрөгийг өөрөө төлж, 700.000.000 төгрөгийг бусдаас зээлсэн.
Тодруулбал: 1. Н.Нацагдоржоос 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 500.000.000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлсэн.
2. Д.Ариунзаяагаас 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 100.000.000 төгрөгийг сарын 2.7 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлсэн.
3. Г.Батбаатараас 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 50.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлсэн.
4. Д.Энхээгээс 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 50.000.000 төгрөгийг 1.3 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлсэн.
Эдгээр хүмүүсээс мөнгө зээлэхдээ шууд ажиллуулах боломжтой сувилал худалдан авч байгаа учир үйл ажиллагаа явуулан орлого олох боломжтой, мөн Н.Нацагдорж, Д.Энхээ нартай эмнэлэгт нь хэвтэн эмчлүүлэгч нарт сувиллын үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах зэргээр зээлийн төлөлт саадгүй байх тооцоо судалгаа гарган дуудлага худалдаанд орох талаар материалыг тэдэнд танилцуулж, 700.000.000 төгрөгийг зээлж Төрийн өмчийн хорооны дансанд 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлсөн.
Өөрөөр хэлбэл 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 201.600.000 төгрөг, дуудлага худалдаанд шалгарсны дараагаар 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 807.600.000 төгрөг, нийт 1.009.200.000 төгрөгийг бүрэн төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн.
Гэтэл Төрийн өмчийн хороо төлбөр төлмөгц 14 хоногийн дотор буюу 2015 оны 1 дүгээр сарын 15-ны дотор обьектыг Д.Эд хүлээлгэн өгөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн.
Түүгээр ч барахгүй иргэнээс мөнгийг нь аваад 2 сар болсны дараа 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн Засгийн газрын тухайн обьектыг хувьчлахгүй болсон гэх шийдвэрийг танилцуулж, авсан мөнгөө ч өгөхгүй, хувьчилсан хэрнээ хөрөнгөө ч өгөхгүй гэж тохиролцооноосоо буцсан.
Ийм байдалтай 1 жил, 6 сар болсны дараа 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр шүүхийн шийдвэрээр Д.Эгийн мөнгийг буцаан олгосон.
Урьд өмнө нь шүүхэд хандаж 3 шатаар явсаны дараа энэ төлбөр төлөгдсөн, үүнээс өмнө бол буцааж авах талаар шаардлага тавихад ямар нэгэн хариу өгч байгаагүй юм.
Чухамдаа төлбөрийг аваад 1 жил, 6 сарын хугацаа болгох эрх Төрийн өмчийн хороонд байхгүй. Үүнээс болж Д.Э төрөөс хөрөнгө аваагүй хэрнээ бусдад 1 жилийн болон хугацаа хэтэрсний хүү, алданги төлж хохирсон.
Худалдах, худалдан авах гэрээний гол агуулга бол эд хөрөнгийг худалдах, харин худалдаагүй бол бусдын мөнгө, төлбөрийг өөртөө авах, байлгах эрх зүйн зохицуулалт хуульд огт тусгагдаагүй. Энэ гэрээнээс болж иргэн Д.Э хохирсон.
Хэрэв төлбөрийг Засгийн газрын тогтоол гарсны дараа буцаан олгосон бол 2015 оны 2 дугаар сараас хойш 10 сарын зээлийн хүү төлөхгүй байсан, мөн хугацаа хэтэрсний хүү, алданги ч төлөхгүй байсан. Иймээс энэ их хэмжээний төлбөр төлөх үүрэг үүссэн нь гагцхүү Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хариуцлагагүй, санаатай гэм буруутай үйлдлээс болсон.
Д.Э нь дээрхи Төрийн өмчийн хорооны гэрээний үүргээ зөрчсөн буруутай үйл ажиллагааны улмаас Засгийн газрын тогтоол гарсан 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс хойш мөнгийг буцааж өгсөн 2016 оны 5 дугаар сарын 25 хүртэл 15 сарын хугацаанд бусдаас Н.Нацагдорж, Д.Ариунзаяа, Д.Энхээ, Г.Батбаатар нараас зээлсэн зээлийн гэрээний хүү 208.500.000 төгрөг, хугацаа хэтэрсэн хүүнд 104.250.000 төгрөг, алдангид 225.000.000 төгрөг, нийт 534.500.000 төгрөгийн хүү, алдангийн төлбөрт унаж, бусдаас зээлсэн мөнгөний хүү, алдангид Д.Эгийн өөрийн 309.200.000 төгрөг элсэнд шингэх ус мэт алга болсон.
Энд Засгийн газрын тогтоол гарах хүртэл зээлийн гэрээний хүү төлөх үүрэг нь Д.Эд хамаатай гэж үзэн хүмүүст төлсөн 53.470.000 төгрөгийг нэхэмжлээгүй.
Харин Засгийн газрын тогтоолоор хөрөнгөө өгөхгүй гэж шийдвэрлэсэн тэр даруйд мөнгийг буцаан төлсөн бол хүмүүсээс зээлсэн мөнгөө 2015 оны 2 дугаар сардаа буцаан өгч 2016 оны 5 дугаар сарыг дуустал энэ олон сарын хүү, алданги төлөхгүй байх байсан.
Иймээс өмнө нь нэхэмжлэл гаргахдаа иргэн Н.Нацагдоржид төлсөн 273.000.000 төгрөг, Д.Ариунзаяад хугацаа хэтэрсний хүүнд төлсөн 13.500.000 төгрөг, мөн Г.Батбаатарт төлсөн 37.500.000 төгрөг, нийтдээ 324.000.000 төгрөгийг гаргуулахаар шаардсанаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн болно.
1. Н.Нацагдоржоос зээлсэн зээлийн гэрээний дагуу төлсөн төлбөрийн тухайд:
Н.Нацагдоржоос 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 500.000.000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлсэн. Түүнд 1 жилийн хугацаанд зээлийн хүү төлөх үүрэг хүлээсэн ч Төрийн өмчийн хорооны буруутай үйл ажиллагааны улмаас төлж чадахгүй хугацаа хэтрүүлж, улмаар нэмэлт гэрээг байгуулан, төлбөр төлөх хүртэл хугацааны зээлийн хүүг, хугацаа хэтрүүлсэн алдангийн хамт төлөхөөр болсон.
2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны хүү 187.500.000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр буюу мөнгөө буцаан авсан өдөр хүртэлх хугацааны хүү 73.000.000 төгрөг, нийт хүү 260.500.000 төгрөг болж байгаа.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр мөнгөө буцаан авсан даруй Н.Нацагдоржоос авсан үндсэн зээл 500.000.000 төгрөгийг төлсөн. 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүү 155.000.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүү 100.000.000 төгрөг, хүүнд нийт 255.000.000 төгрөг төлсөн. Н.Нацагдорж гуайд зээлийн хүүнд 260.500.000 төгрөгийг төлөх ёстой ч тэрээр Д.Эгийн хувийн байдлыг харгалзаад хүүний 5.500.000 төгрөгийг төлсөнд тооцсон.
2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны алданги 390.000.000 төгрөг болж байгаа хэдий ч талууд ярилцсаны үндсэн дээр алдангийн хэмжээг 200.000.000 төгрөг болгосон ба алданги 200.000.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төлсөн.
Одоо Н.Нацагдорж гуайн зээлийн хүүнд 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 100.000.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны алдангид төлсөн 200.000.000 төгрөг, нийт 300.000.000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байгаа.
2. Д.Ариунзаяагаас зээлсэн зээлийн гэрээний дагуу төлсөн төлбөрийн тухайд:
Д.Ариунзаяагаас 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 100.000.000 төгрөгийг сарын 2.7 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлсэн. 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацааны хүү 32.400.000 төгрөг болсон ба уг мөнгийг сар бүр төлсөн.
2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны хүү 13.500.000 төгрөг болсон. 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр үндсэн зээл 100.000.000 төгрөг, хүү 13.500.000 төгрөгийг тус тус төлсөн.
Д.Ариунзаяагийн 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацааны хүүнд төлсөн 40.500.000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байгаа.
Д.Ариунзаяа, Д.Э нар нь найз, нөхдийн харилцаатай учраас түүнээс алданги авахгүй гэсэн ба эдгээр хүмүүсээс мөнгө зээлж байгаа нь бидний хувийн асуудал хэдий ч өмчөө авч зах зээлд эргэлдүүлэн түүнээсээ ашиг олоод явж байсан бол энэ хэмжээний алдагдалд орохгүй байх байсан.
3. Г.Батбаатартай байгуулсан зээлийн гэрээний дагуу төлсөн төлбөрийн тухайд:
Г.Батбаатараас 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 50.000.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлсэн. 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 1 жилийн хүү 30.000.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацааны хүү 12.500.000 төгрөг болсон.
Үндсэн зээл 50.000.000 төгрөг, нийт хүү 42.500.000 төгрөг, бүгд 92.500.000 төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр төлсөн.
2015 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны алданги 38.000.000 төгрөг болсон хэдий ч талууд ярилцаад алдангийг 25.000.000 төгрөг болгосон ба уг мөнгийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төлсөн.
Г.Батбаатарт 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны хүүнд төлсөн 37.500.000 төгрөг, алданги 25.000.000 төгрөг, нийт 62.500.000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилнэ.
4. Д.Энхээгээс зээлсэн 50.000.000 төгрөгийн тухайд:
Д.Э нь өөрийн эгч Д.Энхээгээс 50.000.000 төгрөгийг сарын 1.3 хувийн хүүтэй зээлсэн. 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр үндсэн зээл 50.000.000 төгрөг, хүү 6.500.000 төгрөг, нийт 56.500.000 төгрөгийг төлсөн. Д.Энхээ нь түүний эгч тул Д.Эгийн хүндрэлтэй байдлыг ойлгон хугацаа хэтэрсний хүү авахгүйгээр төлбөр тооцоог дуусгасан. Иймд дээрхи гэрээний улмаас учирсан хохирол болох нийт 409.500.000 төгрөгийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэрмаа шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.Эгийн гэрээний улмаас учирсан хохирол шаардсан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагчийн тухайд болсон үйл баримттай маргахгүй байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Төр хурах дахь амралтын газрыг Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 232 дугаар тогтоолоор нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн.
Үүний дагуу Төрийн өмчийн хороо дуудлагын худалдааг зохих журмын дагуу зохион байгуулж ялагч Д.Этай 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг байгуулсан юм. Д.Э нь 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээний үнийн дүнг бүрэн төлсөн.
Гэрээний дагуу үнийн дүнг бүрэн төлж дууссанаас хойш 14 хоногийн дотор эд хөрөнгийг худалдан авагч талд хүлээлгэн өгөх ёстой байсан боловч тухайн үед Засгийн газрын бүтэн, бүрэлдэхүүн өөрчлөгдөж мөн түүнчлэн Төрийн өмчийн хорооны дарга солигдсон.
Шинээр бүрэлдсэн Засгийн газраас Төрийн өмчийн хороонд хөрөнгө хүлээлцэх ажлыг түр хойшлуулах чиглэл өгч байсны дагуу хөрөнгийг хугацаанд нь хүлээлцээгүй.
Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 37 дугаар тогтоолоор 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 232 дугаар тогтоолын хавсралтад заасан нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах хөрөнгийн жагсаалтаас Төр хурахын амралтын газрын дуудлага худалдаатай холбоотой заалтыг хүчингүй болгосон юм.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Засгийн газраас баталсан жагсаалтын дагуу эд хөрөнгийг хувьчлах ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлийг тайлагнах гэж заасны дагуу Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 232 дугаар тогтоолоор хөрөнгийг дуудлагын худалдаагаар худалдсан.
Гэсэн хэдий боловч дуудлагын худалдаа явагдсаны дараа баталсан жагсаалтаас тухайн хөрөнгийг хассанаар /Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 37 дугаар тогтоолын 2 дахь заалтаар/ хувьчлал хүчингүй болоход хүрсэн.
Нэхэмжлэгч Д.Э нь 2015 оны 4 дүгээр сард Засгийн газрын 2015 оны 32 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар мөнгийг буцаан өгөх эсэх асуудал ойлгомжгүй болж шүүхийн шийдвэрийг хүлээх шаардлагатай болсон.
Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоолоор Д.Эгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангалгүй орхиж, мөнгийг нь буцаан өгөх үүргийг Төрийн өмчийн хороо хүлээсэн боловч уг байгуулллага тухайн үед татан буугдаж чиг үүрэг нь Сангийн яаманд шилжсэн байсан.
Сангийн яам 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр худалдах, худалдан авах гэрээний үнийн дүнд төлсөн 1.009.200.000 төгрөгийг Д.Эд буцаан өгсөн.
Д.Э нь 2017 онд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрээний улмаас учирсан хохирол 635.000.000 төгрөг нэхэмжилснийг тус шүүхээс 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 629 дүгээр шийдвэрээр 207.255.324 төгрөгөөр хангаж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 872 дугаар магадлалаар 153.000.000 төгрөг болгон бууруулж шийдвэрлэснийг Хууль зүйн сайдын 2017 оны төсвийн багцаас төлж барагдуулсан.
Д.Эгийн гэрээний улмаас учирсан хохирол барагдуулах нэхэмжлэлийг өмнө нь шүүх дүгнэсэн бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдуулан 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний улмаас учирсан хохиролд 409.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1. Н.Нацагдорж, Д.Э нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан гэрээний дагуу хүүнд төлсөн 100.000.000 төгрөг, алдангид төлсөн 200.000.000 төгрөг, нийт 300.000.000 төгрөг,
2. Д.Ариунзаяа, Д.Э нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан гэрээний дагуу хүүнд төлсөн 40.500.000 төгрөг,
3. Батбаатар, Д.Э нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан гэрээний дагуу хүүнд төлсөн 37.500.000 төгрөг, алдангид төлсөн 25.000.000 төгрөг, нийт 62.500.000 төгрөг,
4. Д.Энхээгээс 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр зээлсэн 50.000.000 төгрөгийн хүү 6.500.000 төгрөг, дээрхи 4 гэрээний үүрэгт төлсөн 409.500.000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон болно.
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 232 дугаар тогтоолын дагуу Төрийн өмчийн хороо Төр хурах дахь амралтын газрыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэж, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр дуудлага худалдааг зохион байгуулснаар Д.Э болон Төрийн өмчийн хорооны хооронд 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдан уг гэрээний үүрэгт нэхэмжлэгч Д.Эгаас 1.009.200.000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдож байна.
/ХХ-ийн 6-25 дугаар тал/
Д.Э нь Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн хороонд холбогдуулан Засгийн Газрын 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 37 тоот тогтоолыг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүрэгт байрлах Төр Хурах дахь амралтын газрын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргахад Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 5559 тоот шийдвэрээр түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч тал шийдвэрт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд шийдвэр хүчин төгөлдөр болжээ.
Дээрхи шийдвэрүүдээр Д.Эгийн Төрийн өмчийн хороотой 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэн, хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй гэжээ.
/ХХ-ийн 6-24 дүгээр тал/
Хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь нэхэмжлэгч Д.Эд 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн гэрээний үүрэгт төлсөн 1.009.200.000 төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээлгэн өгсөн болох нь талуудын тайлбар болон мөнгө шилжүүлсэн баримтаар тогтоогдсон болно.
/ХХ-ийн 25 дугаар тал/
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 37 дугаар тогтоол гарч дуудлага худалдааг хүчингүй болгосноор нэхэмжлэгч Д.Эгийн гэрээний үүрэгт төлсөн 1.009.200.000 төгрөгийг буцаан төлөх үүрэг үүссэн байхад мөнгийг хугацаа алдан буцаан олгосноос хохирол учирсан хэмээн нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэг биелэгдээгүйгээс учирсан хохиролд бусдаас авсан зээлийн хүү, алдангид 577.700.000 төгрөг, олох байсан орлогод 57.820.400 төгрөг, нийт 635.520.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 629 тоот шийдвэрээр нэхэмжлэгчийн Н.Нацагдоржид 500.000.000 төгрөгийн зээлийн алдангид төлсөн 153.000.000 төгрөг, олох байсан орлого 54.255.324 төгрөг, нийт 207.255.324 төгрөгийг хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас гаргуулан нэхэмжлэгч Д.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нь 426.948.842 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 872 тоот магадлалаар 207.255.324 төгрөг гэснийг 153.000.000 төгрөг гэж өөрчилсөн ба шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, биелэгдсэн талаар талууд хэн аль нь маргаагүй.
/ХХ-ийн 77-86 дугаар тал/
Нэхэмжлэгч Д.Э нь дээр дурьдсан хүчин төгөлдөр шийдвэрт заасан үндэслэлээр буюу Монгол Улсын Засгийн Газрын 37 тоот тогтоол гарснаас хойш төлбөрийг олгоогүй нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болсон хэмээн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдуулан гэрээний улмаас учирсан хохиролд нийт 409.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг мөн тус шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч Д.Э нь Төрийн өмчийн хороотой байгуулсан гэрээний үүргийг биелүүлэхтэй холбоотой нэр бүхий иргэдтэй зээлийн гэрээ байгуулж Н.Нацагдоржид 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 100.000.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны алдангид 200.000.000 төгрөг, Д.Ариунзаяад 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацааны хүүнд 40.500.000 төгрөг, Г.Батбаатарт 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны хүүнд 37.500.000 төгрөг, алданги 25.000.000 төгрөг, Д.Энхээд 50.000.000 төгрөгийн хүү 6.500.000 төгрөгийг тус тус төлсөн нь доорхи баримтуудаар тогтоогдлоо.
Үүнд: 2016 оны 7 дугаар сарын 8, 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрүүдийн кассын орлогын ордерууд, хуваарийн дагуу мөнгө төлсөн баримт, 2017 оны 5 дугаар сарын 13, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Д.Энхээд зээл, зээлийн хүүнд нийт 56.500.000 төгрөг төлсөн кассын орлогын баримт, Д.Энхээ, Д.Ариунзаяа нарын тус шүүхэд 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэг, Г.Батбаатарын тус шүүхэд 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн гэрчийн мэдүүлэг, Н.Нацагдоржийн тус шүүхэд 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон болохыг дурьдлаа.
ХХ-ийн 26-39, 53, 124-130, 151, 155-156 дугаар тал/
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 629 тоот шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 872 тоот магадлалаар шийдвэрлэсэн үйл баримтыг шүүх дахин шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан бичгийн баримтаар нэхэмжлэгчээс нэр бүхий 4 иргэнтэй байгуулсан зээлийн гэрээний үүрэгт төлөх төлбөрийг хохирол гэж тодорхойлж 635.520.400 төгрөг гаргуулах шаардлага гаргаж байсан үйл баримтад шүүх эрх зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.
Дээр дурьдсан баримтуудаас дүгнэж үзэхэд нэхэмжлэгч Д.Эгийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, үйл баримтын талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр дүгнэсэн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдох гэрээний улмаас учирсан хохирол 409.500.000 төгрөг гаргуулах тухай Д.Эгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч Д.Э нь Засгийн газрын хууль бус тогтоолын улмаас өөрт хохирол учирсан гэж үзвэл энэ талаараа нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдлаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдох гэрээний улмаас учирсан хохирол 409.500.000 төгрөг гаргуулах тухай Д.Эгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Эгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 2.363.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН
ШҮҮГЧИД З.БАЯРМАА
Д.ЦЭРЭНДОЛГОР