| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээний Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 195/2025/0930/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1329 |
| Огноо | 2025-05-15 |
| Зүйл хэсэг | 10.1.2.8., |
| Улсын яллагч | С.Батгэрэл |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1329
2025 05 15 2025/ШЦТ/1329
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол,Хан-Уул,Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж, шүүгч М.Далайхүү, шүүгч Г.Золбоо нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мядаг хөтлөн,
улсын яллагч: С.Батгэрэл /Сонгинохайрхан дүүргийн хяналтын прокурор/,
иргэдийн төлөөлөгч: Н.Балдорж,
хохирогч Б.Д, түүний өмгөөлөгч Э.Мягмарцэрэн /ҮД:0034/, П.Өлзийбаяр /ҮД:0734/,
шүүгдэгч: Г.Б, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, /ҮД:1954/, Х.Ургаа /ҮД:0523/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч ** овгийн Г-ийн Б-д холбогдох 2408003041687 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ний өдөр ** аймгийн ** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, ** боловсролтой, ** инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл **, ** дүүргийн ** дугаар хороо, ** гудамж ** тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
** овгийн Г-ийн Б /РД:******************/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.Б нь “...** оны ** дугаар сарын **-наас **-нд шилжих шөнө ** дүүргийн ** дугаар хороо ** дугаар байрны ** тоотод эхнэр Б.Д-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хоолойг араас нь уяагаар боож биед нь механик амьсгал бүтэлт, хүзүүнд дарагдлын ором, 2 нүдний салст, уруулын дотор салстын цус харвалт, амьсгалын цочмог дутагдлын хүнд хэлбэр, цээж, зүүн шуу, баруун шилбэ, баруун өвдөгний цус хуралт бүхий гэмтэл үүсгэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алах гэмт хэрэг үйлдэхийг завдсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ** дүүргийн Прокурорын Газрын хяналтын прокуророос шүүгдэгч ** овгийн Г-ийн Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан гэмт хэрэгт ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч ** овгийн Г-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Б-д 7 /долоо/ жилийн хорих ял оногдуулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, шүүгдэгчийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Г.Б-д оногдуулсан хорих ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч Г.Б-ээс гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 12.644.500 /арван хоёр сая зургаан зуун дөчин дөрвөн мянга таван зуу/ төгрөг гаргуулж хохирогч Б.Д-д олгосугай.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хурааж авсан цагаан цэцэгтэй хар өнгийн даавуун уяа, 1 ширхэг ягаан өнгийн уяа зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ
ШҮҮГЧ Г.ЗОЛБОО