2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1361

 




     

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

 

 

   2025           05             20                                         2025/ШЦТ/1361

 

НЭРИЙН ӨМНӨӨС

                                  

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мядаг хөтлөн,

Улсын яллагч: Д.Батзаяа /Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, томилолтоор/,

Хохирогч: Л.О,

Шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч ** овгийн Б-ын Ц-д холбогдох 2408031951822 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр ** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, яс үндэс Халх, ** боловсролтой, мэргэжилгүй, ** ажилладаг ажилтай, ам бүл **, эхнэр ** хүүхдийн хамт ** дүүргийн ** дүгээр хороо, ** тоотод бүртгэлтэй /хх-45 дугаар хуудас/ боловч одоогоор ** дүүргийн ** дүгээр хороо, ** тоотод оршин суух хаягтай, урьд:

** овгийн Б-ын Ц /РД:************* /

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Ц нь “...архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ** оны ** дугаар сарын **-ны өдөр ** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг **ын зочид буудалд Тухайн үед үүссэн маргаанд хажуугаас Б-ийг өмөөрч над руу дайрлаа” гэх шалтгаанаар хохирогч Л.О-ийн нүүрэн тус газар нь гараараа алгадах, цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн хоншоорын ясны урд болон ар хана, зүүн нүдний ухархайн доод хана, хамар ясны хугарал, таславчийн мурийлт /Le Forte II/, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамар, зовхи, хацар, зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан...” гэх гэмт хэрэгт  холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар    ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Ц нь “...архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ** оны ** дугаар сарын **-ны өдөр ** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ц-ын зочид буудалд Тухайн үед үүссэн маргаанд хажуугаас Б-ийг өмөөрч над руу дайрлаа” гэх шалтгаанаар хохирогч Л.О-ийн нүүрэн тус газар нь гараараа алгадах, цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн хоншоорын ясны урд болон ар хана, зүүн нүдний ухархайн доод хана, хамар ясны хугарал, таславчийн мурийлт /Le Forte II/, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамар, зовхи, хацар, зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц-ийн өгсөн“...маргахгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч  Л.О-ийн өгсөн“...хохирол барагдуулна...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2408031951822  дугаартай хэргээс:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Б.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар оролцсон болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

Шүүгдэгч Б.Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ** оны ** дугаар сарын **-ны өдөр ** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ** зочид буудалд Тухайн үед үүссэн маргаанд хажуугаас Б-ийг өмөөрч над руу дайрлаа” гэх шалтгаанаар хохирогч Л.О-ийн нүүрэн тус газар нь гараараа алгадах, цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн хоншоорын ясны урд болон ар хана, зүүн нүдний ухархайн доод хана, хамар ясны хугарал, таславчийн мурийлт /Le Forte II/, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамар, зовхи, хацар, зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-5 дугаар хуудас/, хохирогч Л.О-ийн мэдүүлэг/ хх-ийн 12-13 дугаар хуудас/, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохоос татгалзсан тухай баримт /хх-ийн 14 дүгээр хуудас/, Шүүх эмнэлгийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 10537 дугаартай дүгнэлт /хх-ийн 15-21 дүгээр хуудас/, яллагдагч Б.Ц-ийн мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Ц нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн шинжээчийн 10537 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан тушаалаар баталсан А/225/А/153/А/85 дугаартай “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.2.1-т “...гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээч эмчийн 10537 дугаар дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

Иймд шүүгдэгч Б.Ц-ийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ** оны ** дугаар сарын **-ны өдөр ** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ** зочид буудалд Тухайн үед үүссэн маргаанд хажуугаас Б-ийг өмөөрч над руу дайрлаа” гэх шалтгаанаар хохирогч Л.О-ийн нүүрэн тус газар нь гараараа алгадах, цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн хоншоорын ясны урд болон ар хана, зүүн нүдний ухархайн доод хана, хамар ясны хугарал, таславчийн мурийлт /Le Forte II/, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамар, зовхи, хацар, зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн тухайд

Хохирогч Л.О нь гэмт хэргийн улмаас түүний сэтгэцэд учирсан  хор уршгийн зэрэглэл тогтоолгохоос татгалзсан /хх-ийн 14 дүгээр тал/ харин 150.000 төгрөгийн эмчилгээний зардлын баримтыг хэрэгт хавсаргуулсан байх тул уг төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж түүнд олгох нь зүйтэй.

Хохирогч Л.О нь шүүхийн хэлэлцүүлэгт хамрын хагалгаанд орох шаардлага үүссэн, холбогдох хохирлыг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн ч энэ талаар баримт хэрэгт хавсаргаагүй байх тул түүнийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Ц нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч Б.Ц-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Иймд, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл, хохирол төлбөр төлөөгүй  зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

Шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу ялтан нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн ялын  ажлын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын  санал дүгнэлтийг гаргасан болно.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ** овгийн Б-ын Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3. Шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу ялтан нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарласугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасны дагуу шүүгдэгч Б.Ц-аас 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөг гэмт хэргийн хохиролд  гаргуулж хохирогч Л.О-т олгосугай.

6. Хохирогч Л.О нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал болон хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7.Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох ба шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл гаргавал тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.ЭРДЭНЭЧИМЭГ