Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2020/ДШМ/68

 

 

                                  Б.Бат-Ирээдүйд холбогдох 

                                        эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, шүүгч                           Д.Буянжаргал

                                  Шүүгчид                                       Г.Давааренчин                                  

                                                                                       Б.Эрдэнэхишиг

                              

                                  Оролцогчид

                                    Прокурор                                     Г.Энхмаа

                                      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 208/ШЦТ/188 дугаартай шийтгэх тогтоолыг эс  зөвшөөрч  бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Батдэлгэрийн Бат-Ирээдүйд холбогдох эрүүгийн 2031001960152 дугаартай, 175/2020/0168/Э индекстэй, 1 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Таван толгой” уурхайд хүнд машин механизмын оператор ажилтай, ам бүл 1 Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум, Салхит 3 дугаар баг 1 дүгээр хэсэг 046 тоотод оршин суух, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, Боржигон овогт Батдэлгэрийн Бат-Ирээдүй /РД:МЮ96060139 /

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Бат-Ирээдүй нь 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 16 дугаар сарын 06-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг 1 дүгээр хэсэг 017 тоотод оршин суух иргэн Б.Наваансүрэнгийн гэрт Т.Батзаяа, Б.Наваансүрэн нарын хамт архидан согтуурч байгаад гарч явахдаа Т.Батзаяагийн өмчлөлийн “Самсунг А50” загварын гар утсыг хуч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 450,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Б.Бат-Ирээдүйд холбогдох хэргийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 208/ШЦТ/188 дугаартай шийтгэх тогтоолоор:

1.Шүүгдэгч Боржигон овогт Батдэлгэрийн Бат-Ирээдүйд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Батдэлгэрийн Бат-Ирээдүйд хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бат-Ирээдүй нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

4.Шүүгдэгч Б.Бат-Ирээдүй нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй...” гэж, дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор буюу дээд шатны прокурорын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30 дугаартай эсэргүүцэлд: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Бат-Ирээдүйг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 02 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Үндэслэл нь Б.Бат-Ирээдүй нь урьд нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 153 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Мөн шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн ...бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэж заасныг зөрчсөн нь шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/188 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаалгахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг удирдлага болгон дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокуророос: “...Дээд шатны прокурорын  эсэргүүцлийг дэмжиж оролцоно...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Б.Бат-Ирээдүйд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгчид ял оногдуулахгүйгээр 01 жил 02 сарын хугацаагаар тэнсэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж  шийдвэрлэсэн байна.

 

Дээд шатны прокурорын эсэргүүцлийн дагуу Б.Бат-Ирээдүйд холбогдох эрүүгийн 2031001960152 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь  ХЯНАВАЛ:

Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2-д “...Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, эсхүл хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй...” гэж заажээ.

Дээрх зүйл заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангид заагдсан хоёр түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн байх нөхцөлийг зааж байх ба шүүгдэгч Б.Бат-Ирээдүйн хувьд дээрх зүйл, заалт хамаарахгүй байна.

Өөрөөр хэлбэл Б.Бат-Ирээдүй нь 2017 онд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлдээ 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж ял шийтгэлээ бүрэн эдэлсэн, 2018 онд мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж ял шийтгэлээ бүрэн эдэлсэн байна.

Энэ нь шүүгдэгч Б.Бат-Ирээдүйг зөвхөн урьд үйлдсэн гэмт хэрэгтээ шүүхээс ял шийтгүүлсэн байдлыг харуулахаас бус түүний урьд ял эдэлсэн байдлыг энэ удаагийн үйлдэлд хамруулж хүндрүүлэн үзэх үндэслэл болохгүй.

2015 онд батлагдаж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж буй шинэчлэн найруулсан эрүүгийн хуулиар хууль тогтоогчоос өмнөх Эрүүгийн хуулинд байсан “ялтай байдал”, “давтан гэмт хэрэг үйлдэх” зэрэг ойлголтуудыг хассан бөгөөд энэхүү хуулийн үзэл баримтлал нь яллагдагч, шүүгдэгч нь нэг хэрэгт нэг удаа ял шийтгэл хүлээх зарчим юм.

Иймд дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3-д “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэж заасан байхад шүүгдэгч Б.Бат-Ирээдүйд хорих ял шийтгэл оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн атлаа үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах арга хэмжээ аваагүй байх тул анхан шатны шүүхийн дээрх алдааг засч шийтгэх тогтоолд доорх өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.

Үүнд: Шийтгэх тогтоолын 2 дахь заалтад “..Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Батдэлгэрийн Бат-Ирээдүйд хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар тэнсэж, уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай” гэж,

3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Бат-Ирээдүйг оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож” гэж оруулан бусад зүйл заалтыг хэвээр үлдээв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/188 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2, 3 дугаар заалтуудыг дараах байдлаар өөрчлөн найруулсугай. Үүнд:                      

2 дугаар заалтыг:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Батдэлгэрийн Бат-Ирээдүйд хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар тэнсэж, уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай”.” гэж,

 

 3 дугаар заалтыг:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Бат-Ирээдүйг оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах,  мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бат-Ирээдүй нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус анхааруулсугайгэж  өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Шүүгдэгч Б.Бат-Ирээдүйд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ                                    Д.БУЯНЖАРГАЛ

                            ШҮҮГЧИД                                     Г.ДАВААРЕНЧИН

                                                                                      Б.ЭРДЭНЭХИШИГ