Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2017/ШЦТ/112

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

улсын яллагч В.Дэлгэрмаа,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

шүүгдэгч *******, шүүгдэгч *******, тэдгээрийн өмгөөлөгч Д.Мэндээ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар *******, ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1.Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, хувьд ногдох, хөрөнгөгүй ******* овогт ******* ******* /*******/

2.Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, хувьд ногдох, хөрөнгөгүй, ******* овогт ******* , / /

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь ялтай байхдаа шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор *******тай урьдчилан үгсэж тохиролцож, бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 16 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 2 дугаар гудамжны 24 тоот хашааны үүдэнд байсан иргэн ийн эзэмшлийн улсын дугааргүй, улаан өнгийн мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлан бусдад бага бус хэмжээний буюу 1000000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор *******тай урьдчилан үгсэж тохиролцож, бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 16 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 2 дугаар гудамжны 24 тоот хашааны үүдэнд байсан иргэн ийн эзэмшлийн улсын дугааргүй, улаан өнгийн мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлан бусдад бага бус хэмжээний буюу 1000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн:

...2017 оны 04 дүгээр сарн 05-ны өдөр би ын гэрт нь очсон чинь тэр гэртээ байж байсан. Тэгээд бид хоёр байж байгаад хоёулаа гадуур юм ярьж явъя гээд цуг гудамжаар явж байгаад нэг гудамжаар ороод явсан чинь нэг хашааны гадаа нь нэг мотоцикль зогсож байхаар нь хажууд нь очоод би шээсэн. Тэгээд бид хоёр хоёулаа цаашаа яваад нэг хашааны гадаа нэг хүн байж байхаар нь түүн дээр очиж тамхилсан, тэгээд тэр хүн хашааруугаа орчихсон, тэгээд бид хоёр цаашаа явж байгаад тэр гудамжных нь үзүүр дээр очоод бид хоёр салаад эргэж тэр мотоцикль руу явсан. Тэгээд би цаашаа явж байсан чинь араас тэр мотоцклийг жолоодоод хүрээд ирсэн....

...Би зүгээр л гутлаа сольж өмссөн юм. Тэр түлхүүрийг би хэд хоногийн өмнө зам дээрээс олсон. Тэгээд би авчихсан явж байсан юм. Тэр мотоциклийг асааж авчирсан. Асаахдаа надад байсан тэр мотоциклийн түлхүүрээр түлхүүр тааруулж асаагаад ирсэн. Тэр үедээ бид хоёр мотоцикль хулгайлахаар ярилцаагүй байсан. Би тэр мотоциклийн түлхүүрийг ын гэрээс гараад явж байхдаа д өгсөн юм. Би цагаан өнгийн пүүзийг нь өмсөж ,харин нөгөө хөх өнгөтэй пүүзийг нь өмсөж явсан...гэх мэдүүдэг / хх-ийн 94-99 /

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн:

...2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр би хичээлээсээ гэртээ ирчихээд гэртээ байж байсан чинь ******* манайд ирсэн. Тэгээд бид хоёр юм ярьж сууж байгаад ******* би урьд шөнө хулгай хийж байна гэж зүүдэлсэн. Надад мустанг мотоциклийн нэг түлхүүр байна мотоцикль хулгайлъя гэхээр нь би зөвшөөрсөн. ******* манай гэрт байсан миний нэг пүүзийг өмсөөд өөрийнхөө гутлыг манайд тайлаад үлдээсэн. Би цагаан өнгийн пүүз, шар өнгийн куртик, хар өнгийн малгай өмссөн байсан. Тэгээд бид хоёр манайхаас гараад Баянхонгор сумын 4 дүгээр багийн гудамжаар явахад ямар нэгэн мотоцикль тааралдаагүй. Тэгээд Баянхонгор сумын 3 дугаар багийн гудамжаар явж байсан чинь нэг гудамжинд нэг хашааны урд талд улаан өнгийн мустанг-5 маркийн мотоцикль байж байхаар нь ******* бид хоёр цуг тэр мотоцикль дээр очоод *******аас мустанг мотоциклийнх нь түлхүүрийг нь аваад би түлхүүр хийдэг нүхрүү нь хийж үзсэн чинь таарч байсан тэгээд түлхүүрийг нь буцааж аваад бид хоёр мотоциклийг нь орхиод цаашаа явсан. *******хан байж байгаад ******* мотоциклийг унаж авчирахаар явсан. Би цаашаа явган явж байхад ******* араас тэр мотоцикийг унаж ирээд би араар нь сундалж суугаад бид хоёр тэр чигээрээ яваад Баянхонгор сумын 4-5-11 тоотод манайд ирээд байж байгаад бид хоёр тэр мотоциклиор Өлзийт сум руу манай хөдөө байдаг гэр лүү явахаар болоод бид хоёр тэр өдөртөө хөдөө явсан. Тэгээд Өлзийт сумын 2 дугаар багийн "Мушгиа" гэдэг газар байдаг манай гэрт ирээд хоносон. Маргааш нь тэр хулгайлсан мотоциклио манайд үлдээчихээд хөдөө манай гэрт байсан миний мотоциклийг унаад аймагт ирсэн. Тэгээд өчигдөр тэр мотоциклийг аймагт авчираад цагдаад хураалгасан байгаа. Тэр мотоциклийг хулгайлах үед ******* бид хоёр архи уугаагүй байсан. Тэр үед бид хоёроос өөр хүн байгаагүй. ******* бид хоёр тэр мотоциклийг хулгайлж унаад 4-5-11 тоот хашаанд байдаг манай гэрт ирэхэд оройны 17:00 цаг болж байсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 102-109 /

Хохирогч ийн мөрдөн байцаалтанд өгсөн:

...2017 оны 04 дугээр сарын 05-ны өдрийн 16 цагийн өөрийн найз болох Мөнхбаярын хамт аймгийн төв орж ирээд Баянхонгор сумын 3-2-24 тоот хашаанд байдаг манай хүргэн ахынх болох Банзрагч гэдэг айлд очоод мотоциклио хашааных нь гадаа данхраадаж улдээгээд гэрт нь орсон. Тэгээд гэрт нь жаахан байж байгаад манай найз Мөнхбаяр бие засчихаад орж ирээд чи яваагүй байсан юм уу гадаа мотоцикль асаад явчихаар нь чамайг мотоциклиороо явчихлаа гэж бодлоо гэхээр нь би гүйж гараад харсан чинь миний мотоцикль алга болчихсон байсан. Тэгээд Банзрагч ах цагдаад дуудлага өгсөн юм. Тэр айлын хашаа нь урагшаа харсан хашаа бөгөөд хашааных нь гадаа баруун зугт рулийг нь харуулаад данхраадаад орхисон байсан. Миний мотоциклийг түлхүүрийг нь кундакторт нь хийж түлхээд астачираараа асдаг юм. Тэр үед түлхүүр надад байсан юм. Би хулгайд алдсан мотоциклио үзэж хүлээж авлаа. Энэ миний алдсан мотоцикль мөн байна. Ямар нэгэн эвдэрч хэмхэрсэн зүйл байхгүй байна. Хулгайлсан гээд 2 залуугаас нь би мотоцикль хайж явсан юм уу гэж асуусан чинь тэр хоёр залуу нь үнэндээ тиймээ гэж хэлж байсан. Би өөрийн алдсан мотоциклио хайж, зардалд 200.000 мянган төгрөг зарцуулсан... гэх мэдүүлэг / хх-ийн 49-50, 53-54/

Гэрч ын мөрдөн байцаалтанд өгсөн:

...2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн цагийн үед Нямдорж бид хоёр түүний мотоциклиор аймгийн төв цуг орж ирээд гадуур жаахан явж байгаад Баянхонгор сумын 3-2-24 тоот хашаанд байх Нямдорж ахынд нь очоод мотоциклио хашааных нь гадаа данхраадаж үлдээгээд гэрт нь орж жаахан байж байгаад би жорлонд ороод бие засаж байсан чинь хашааны гадаа байсан мотоциклийг асаад яваад өгөхөөр нь би Нямдоржийг л мотоциклио унаад яваад өгөхөөр нь хаачих гэж байгаа юм болоо гэж бодчихоод бие засч дуусчихаад эргээд тэр айлд орсон чинь Нямдорж гэрт нь байж байсан. Тэгэхээр нь би чи чинь яваагүй юм уу мотоциклийг чинь хүн унаад явчихлаа гэсэн чинь хэн унаж явдаг юм гээд бид нар бүгдээрээ гараад ирсэн чинь Нямдоржийн мотоцикль алга болчихсон байсан. Тэгээд тэр айлын хүн нь цагдаад мэдэгдсэн юм. Би мотоциклийг нь тэр үед ямар хүн асааж явсаныг нь хараагүй. ..гэх мэдүүлэг / хх-ийн 58/

Гэрч ийн мөрдөн байцаалтанд өгсөн:

... Нямдорж, Мөнхбаяр хоёр манай гэрт ирэхдээ Нямдорж нь мотоциклио манай хашааны гадаа данхраадаж орхиод гэрт орж ирсэн байсан. Тэгээд Мөнхбаяр бие засчихаад орж ирэхдээ мотоцикль асаад явчихлаа чи яваагүй байсан юм уу гэж Нямдоржид хандаж хэлэхээр нь Нямдорж бид хоёр цуг гарж харсан чинь мотоцикль нь алга болчихсон байсан. Тэгээд би цагдаад мэдэгдсэн юм. Би мотоциклийг хүн хулгайлж явахыг нь хараагүй. Бид нар манай гэрт байж байсан юм. Би гэртээ байхдаа мотоцикль асч хөдөлж явахыг сонсоод юун мотоцикль асч байгаа юм Мөнхбаярыг мотоциклиор явж байгаа юм байх гэж бодоод Мөнхбаяр хаачих гэж байгаа юм гэж хэлж дуусаагүй байсан чинь л гаднаас Мөнхбаяр ороод ирээд мотоцикль асаад явчихлаа гэхээр нь бид нар гарч харахад мотоцикль нь алга болчихсон байсан юм. Тэгээд гараад харахад хашааны гадаа мотоциклийг жаахан түрээд хөдлөөд явсан мөр байсан. Тэр мөр нь манай хашааны гаднаас хөдлөөд баруун тийш явж байгаад мөр нь сүүлдээ мэдэгдэхээ больчихсон... гэх мэдүүлэг / хх-ийн 60-61/

Баянхонгор аймгийн ЗДТГ-ийн дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “хулгайд алдсан гэх мустанг-5 маркийн мотоцикль нь 1.000.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон” дүгнэлт /хх-ийн 71-72/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 046 дугаартай

1.Хэргийн газраас олдсон гэх мөрүүд шинжилгээнд тэнцэнэ.

2.Сэжигтэн *******аас хураан авч хүргүүлсэн 2 хос гутлын улны хээгээр үүсгэгдсэн мөр байна.

3.Энэ нь хээний ерөнхий хэмжээ болон хувийн онцлог шинж тэмдгүүд болох элэгдлүүд зэргээр тохирч байна.

3.Хэрэг учрал болсон гэх газраас шинжээчийн илрүүлж, бэхжүүлэн авсан гутлын улны 2 ширхэг мөр нь Шүүхийн шинжилгээний албаны санд байгаа өөр хэргийн гутлын улны мөрүүдтэй тохирохгүй байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 79-80/

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 1-2/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмлэглэл, гэрэл зураг /хх-ийн 5-10/, хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 22-23/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 24-27/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 28/, хураан авах тогтоол,тэмдэглэл /хх-ийн 29-32/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 33-38/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 39/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 40-47/, Шүүгдэгч *******% ******* нарын хувийн байдлын талаарх Өлзийт сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 110, 149/, Баянхонгор аймаг дахь Худалдааны үндэсний дээд сургуулийн ******* нь Нягтлан бодох бүртгэлийн ангид сурдаг гэх тодорхойлолт /хх-ийн 111/, *******ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 112/, Өлзийт сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 113/, *******ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 114/, Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 128-129/, Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 17-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 131-137/ зэргийг шинжлэн судалсан болно.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

Хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн ЗДТГ-ийн дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц , хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцдог.

Шүүгдэгч *******, ******* нар 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 16 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-2-24 тоот хашааны үүдэнд байсан иргэн ийн эзэмшлийн улсын дугааргүй, улаан өнгийн мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******, ******* нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг / шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг хх-ийн 94-99, , шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг хх-ийн 102-109/, хохирогч ийн... мэдүүлэг /хх-ийн 49-50, 53/, гэрч ын... мэдүүлэг /хх-ийн 158 /, гэрч ... /хх-ийн 60 /, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн тухай тайлан / хх-ийн 71-72/, Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт / хх-ийн 79-80/ зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, ******* нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч *******, ******* нар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Шинэ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д ... оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ... гэж заасныг баримтлан, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар... нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно... гэж зааснаар шүүгдэгч *******, ******* нарт аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял сонсгож, зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж , Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч *******ыг Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 17-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож, түүнд хоёр жил хоёр сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг нэг жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байх тул шинэ Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно...” гэж зааснаар шүүгдэгч *******ад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нь нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоов.

Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн гэмт хэрэг үйлдэгдсэн зэргийг шинэ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч *******, ******* нар гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг шинэ Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх тул шинэ Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.

Уг хэргийн улмаас шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, шүүгдэгч ******* хэргийг учир 28 хоног цагдан хоригдсон хоногийг ял эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мотоциклтийн түлхүүр нэг ширхэгийг устгуулахаар зохих байгууллага болох Шүүхийн тамгын газарт шилжүүлж, гэмт хэрэг үйлдэхдээ өмсөж явсан хоёр хос пүүзийг хэрэгцээний дагуу эзэмшигч *******д буцаан шийдвэрлэв.

Шүүгдэгч *******ын өмчлөлийн 12 инчийн 12 вольтын цахилгаанаар ажилладаг зурагтыг битүүмжилсэн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай, шүүгдэгч *******ын эзэмшлийн кингдом 175 маркийн мотоциклийг битүүмжилсэн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, эд зүйлсийг хэрэгцээний дагуу эзэмшигч *******д буцаан олгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулж шүүгдэгч *******д урд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж болгож, мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, харин шүүгдэгч *******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шинэ Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ыг зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Шинэ Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

4. Шинэ Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ын Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 46 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хоёр жил хоёр сарын хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн нэг жил арван сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг хоёр жил дөрвөн сарын хугацаагаар тогтоосугай.

5. Шинэ Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан хоёр жил дөрвөн сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй..

6.Шинэ Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******ыг тэссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

7. Шинэ Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ын Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 46 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хоёр жил хоёр сарын хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн нэг жил арван сарын хугацаагаар хорих ял дээр шинэ Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан зургаан сарын хугацаагаар хорих ялын нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг хоёр жил дөрвөн сарын хугацаагаар тогтоосугай.

8. Шинэ Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ын 28 хоногийн цагдан хоригдсон хугацааг эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мотоциклийн түлхүүр нэг ширхэгийг устгуулахаар зохих байгууллага болох Шүүхийн тамгын газарт шилжүүлж, гэмт хэрэг үйлдэхдээ өмсөж явсан хоёр хос пүүзийг хэрэгцээний дагуу эзэмшигч *******д буцаан олгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар шүүгдэгч *******, ******* нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч *******ын өмчлөлийн 12 инчийн 12 вольтын цахилгаанаар ажилладаг зурагтыг битүүмжилсэн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай, шүүгдэгч *******ын эзэмшлийн кингдом 175 маркийн мотоциклийг битүүмжилсэн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, эд зүйлсийг эзэмшигч *******, ******* нарт тус тус буцаан олгосугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д урд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4-д зааснаар шүүгдэгч *******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тооцсугай.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

16. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч *******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА