| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 301/2025/0153/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/173 |
| Огноо | 2025-06-24 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Ж.У |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж,
Улсын яллагч: Ж.У
Шүүгдэгч: Д.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Хажидсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар А аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Д.Б холбогдох эрүүгийн ********* тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 01 сарын 04-ний өдөр А аймгийн Булган суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт А аймгийн Б сумын Т багийн Хоолт гэх газарт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Ш овогт Д.Б
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
*Эрүүгийн ********* тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Иргэний нэхэмжлэгч Н.Б-ийн өгсөн:
“...Байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулчихвал өөр ямар нэгэн санал хүсэлт байхгүй ...” гэх мэдүүлэг/хх-ийн 83-84 дүгээр тал/
*Гэрч Г.Гийн өгсөн:
“...Би 2025 оны 03 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Б сумын З багийн нутгаар эргүүл хяналт шалгалт хийж явах үед ***** улсын дугаартай Мазда маркийн тээврийн хэрэгсэл мод тээвэрлэн явж байхаар нь зогсоож шалгахад тус сумын Т багийн Х гэх газраас иргэн Д.Б нь мод бэлтгэж, тээвэрлэсэн байсан. ... эрхийн бичиг шалгуулсан. ... Д.Б нь Т багийн Х гэх газраас худалдан борлуулах зорилгоор бэлтгэсэн гэж хэлсэн. Хэн нэгэн хүнтэй хамт бэлтгэсэн талаар хэлээгүй. ... ганцаараа явж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 10-11 дүгээр тал/
*Гэрч А.М-гын өгсөн:
“...иргэн ойд мод бэлтгэхдээ ойн цэвэрлэгээний зориулалтаар босоо мод унагаахгүй гишүү, хожуул унанги модноос ... авна. Байгаль орчны сайдын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/10 дугаартай мод бэлтгэх журмын 3.4-т иргэн өөрийн нэрээр эрхийн бичиг авч тухайн эрхийн бичгээр худалдан борлуулах зорилгоор тээвэрлэлт хийж болохгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 68-69 тал/
*Гэрч С.Ц-гийн өгсөн
“... иргэн Д.Б нь Т багийн Х гэх газраас 2025 оны 03 дугаар сард түлээний модны 4м3 мод бэлтгэх эрхийн бичиг авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73 дугаар тал/,
*Яллагдагч Д.Бын өгсөн:
“...Миний үйлдэлтэй тохирч байна. Маргах зүйл байхгүй..” гэх мэдүүлэг/хх-ийн 110-111 дүгээр тал/
*А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Б-гийн 2025 оны 03 сарын 20-ны өдрийн АРХ0325/118 дугаартай: “...Монгол орны мод сөөг гарын авлагатай харьцуулахад Pineceae Lindl-Нарсны овгийн Larix sibirica-Сибирь шинэс байна. Шинжлэгдэж буй моднуудыг хуурай, нойтон аль нь болохыг тогтооход 9.8% чийгтэй байгаа нь хуурай мод гэж үзэх үндэслэл болно. 2. Шинжилгээнд ирүүлсэн модны дээжийг шинж байдлаар нь хэзээ бэлтгэсэн эсэхийг тогтоох боломжгүй. 3. Мөрдөгчийн модны үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан 12, 15, 24, 25, 33 гэж дугаарласан босоо модноос бэлтгэсэн гэх 5 ширхэг мод нь 0.194 м3 байх ба экологи эдийн засгийн үнэлгээ 21,293 төгрөг байна...” гэх дүгнэлт /хх-н 33-36 дугаар тал/
*Хөрөнгийн үнэлгээний Мэргэнгүн аудит ХХК-ийн үнэлгээчин А.Б-ын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 22 дугаартай:
“...1995 онд үйлдвэрлэгдсэн, 2019 онд Монгол улсад орж ирсэн Мазда маркийн зах зээлийн дундаж үнэлгээг 2025 оны 03 дугаар сарын байдлаар 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр, Хятад улсад үйлдвэрлэгдсэн цахилгааны хөрөөний зах зээлийн үнэлгээг 2025 оны 03 дугаар сарын байдлаар 60,000 /жаран мянга/, 2,3836 метр хэмжээтэй шинэс төрлийн хуурай модны зах зээлийн үнэлгээг 2025 оны 03 дугаар сарын байдлаар 204,200 /хоёр зуун дөрвөн мянга хоёр зуу/ төгрөгөөр тус тус үнэлсэн...” дүгнэлт /хх-ийн 62-63 дугаар тал/
*Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...А аймгийн Б сумын Т багийн Х гэх газраас Б сумын иргэн Д.Б нь хууль бусаар галын түлээний мод бэлтгэж, тээвэрлэсэн...” гэх тэмдэглэл /хх-н 2 дугаар тал/,
*Тээврийн хэрэгсэл, модонд үзлэг хийсэн “...Д.Б-ын эзэмшлийн *****улсын дугаартай Мазда маркийн тээврийн хэрэгслийн тэвшинд хөндлөн ачсан байх модонд үзлэг хийхээр тогтов. Үзлэгээр хууль бусаар мод тээвэрлэхэд ашигласан гэх мазда маркийн *****улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд уг тээврийн хэрэгсэл нь 1995 онд үйлдвэрлэгдсэн, 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсад орж ирсэн. Цагаан өнгийн Мазда маркийн тээврийн хэрэгсэл байх ба уг тээврийн хэрэгсэл нь 1780 хөдөлгүүрийн багтаамжтай, баруун талдаа жолооны хүрд бүхий SE88M600256 арлын дугаартай ердийн тэвштэй, бага оврын ачааны тэвшний урт 2.40 метр, өргөн нь 1.50 метр харагдах байдал нь хуучивтар тээврийн хэрэгсэл байв. Уг тээврийн хэрэгслийн баруун талын урд дохио доод хэсгээрээ хагарч унасан, зүүн талын хойд гэрэл бүгдээрээ байхгүй болсон байв. ... Тэвшинд ачаатай байх модыг хар өнгийн маркераар 1-37 хүртэл дугаарлан нарийн талын үзүүрийн тойргийн диаметр болон бүдүүн талын үзүүрийн тойргийн диаметрыг хэмжив...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 12-22 дугаар тал/,
* Хэргийн газрын үзлэг хийсэн “...Үзлэгийг А аймгийн Б сумын Т багийн Хөвсгөл гэх газарт хэргийн газрын үзлэгийг тогтов. Уг газарт очиход Б сумын төвөөс ертөнцийн зүгээр урд зүгт 15 км зайд байв. ... хуш, шинэс төрлийн мод холилдож ургасан ой байх ба... холбогдогч Д.Баас мод тайрч бэлтгэсэн гэх хожуул болон унанги модыг заалгахад мод ихээр бэлтгэж байсан гэмээр модны хуучин хожуул, унанги мод, модны хөг, мөчир ихтэй урьд өмнө нь ой хээрийн түймэрт өртөж байсан гэмээр харласан модны хожуул ихтэй газар...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 23-28 дугаар тал/,
* А аймгийн Б сумын Т багийн Хөвсгөл гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй талаарх албан бичиг /хх-н 44 дүгээр тал/,
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Д.Б нь 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр А аймгийн Б сумын Т багийн Хөвсгөл гэх газраас зохих зөвшөөрлийн дагуу 1.40 метрийн урттай 32 ширхэг шинэс төрлийн хуурай унанги 2.1896 м3 хэмжээтэй модыг бэлтгэсэн боловч энэ үедээ зөвшөөрөлгүйгээр 1 ширхэг 1.40 метрийн урттай, /5 хэсэг/, 0.194 м3 хэмжээтэй шинэс төрлийн хуурай босоо модыг унагаж бэлтгэн, өөрийн эзэмшлийн *****улсын дугаартай, Мазда бонго трак маркийн тээврийн хэрэгслээр А аймгийн Б сумын Т багийн Жаргалант гэх газраас тус аймгийн Б сумын төв хүртэл тээвэрлэн ойн санд 21,293 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Д.Б үйлдсэн гэм буруутай болох нь иргэний нэхэмжлэгч Н.Б-ийн өгсөн: “...Байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулчихвал өөр ямар нэгэн санал хүсэлт байхгүй ...” гэх мэдүүлэг, гэрч Г.Гийн өгсөн: “...Би 2025 оны 03 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Б сумын З багийн нутгаар эргүүл хяналт шалгалт хийж явах үед *****улсын дугаартай Мазда маркийн тээврийн хэрэгсэл мод тээвэрлэн явж байхаар нь зогсоож шалгахад тус сумын Т багийн Хөвсгөл гэх газраас иргэн Д.Б нь мод бэлтгэж, тээвэрлэсэн байсан. ... эрхийн бичиг шалгуулсан. ... Д.Б нь Т багийн Хөвсгөл гэх газраас худалдан борлуулах зорилгоор бэлтгэсэн гэж хэлсэн. Хэн нэгэн хүнтэй хамт бэлтгэсэн талаар хэлээгүй. ... ганцаараа явж байсан...” гэх мэдүүлэг, гэрч А.Мөнхтулгын өгсөн: “...иргэн ойд мод бэлтгэхдээ ойн цэвэрлэгээний зориулалтаар босоо мод унагаахгүй гишүү, хожуул унанги модноос ... авна. Байгаль орчны сайдын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/10 дугаартай мод бэлтгэх журмын 3.4-т иргэн өөрийн нэрээр эрхийн бичиг авч тухайн эрхийн бичгээр худалдан борлуулах зорилгоор тээвэрлэлт хийж болохгүй...” гэх мэдүүлэг, гэрч С.Ц-гийн өгсөн: “... иргэн Д.Б нь Т багийн Хөвсгөл гэх газраас 2025 оны 03 дугаар сард түлээний модны 4м3 мод бэлтгэх эрхийн бичиг авсан...” гэх мэдүүлэг,
гэмт хэргийн улмаас байгаль орчинд 21,293 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Б-гийн 2025 оны 03 сарын 20-ны өдрийн АРХ0325/118 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Д.Быг зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ойгоос мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
А аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Б-гийн зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Д.Быг зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 21,293 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан, /21,293*3=63,879/жаран гурван мянга найман зуун далан ёс/ төгрөг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан тул шүүгдэгчээс /21,293*3=63,879 /жаран гурван мянга найман зуун далан ес/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, шүүгдэгч Д.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн болон хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Д.Быг зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...” ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байна. Шүүгдэгч Д.Бын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий *****улсын дугаартай Мазда маркийн автомашиныг хураан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 63,879 /жаран гурван мянга найман зуун далан ес/ төгрөгийг төлүүлэн, үлдэх 1,136,821 /нэг сая нэг зуун гучин зургаан мянга найман зуун хорин нэг/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 1 ширхэг 1.40 метрийн урттай, /5 хэсэг/, 0.194 м3 хэмжээтэй шинэс төрлийн хуурай босоо мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 60,000 /жаран мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 49.2.1, 49.4.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т тус тус зааснаар шүүгдэгч Д.Баас байгаль экологид учруулсан хохирол 63,879 /жаран гурван мянга найман зуун далан ес/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2025 оны 05 сарын 07-ны өдрийн 25 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Бын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1,200,000/нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий *****улсын дугаартай Мазда маркийн автомашиныг хураан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 63,879 /жаран гурван мянга найман зуун далан ес/ төгрөгийг төлүүлэн, үлдэх 1,136,821 төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 1 ширхэг 1.40 метрийн урттай, /5 хэсэг/, 0.194 м3 хэмжээтэй шинэс төрлийн хуурай босоо мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 60,000 /жаран мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө зэргийг тус тус улсын орлого болгосугай.
7. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН