Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2022/02515

 

 

    2022          05         31                                           101/ШШ2022/02515

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хххххх  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хххххх  дүүргийн хххх  хороо, ххххх гудамж ххх  тоотод оршин суух хххх овгийн Л.О /0000000 /-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хххххх  дүүргийн хххххх хороо, ххххх гудамжны 000 тоотод оршин суух Б.О /000000000/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 4,715,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.О , хариуцагч Б.О , нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.О  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хариуцагчтай гэрээ хийж 3 сая төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлүүлсэн. Өмнө нь нэхэмжлэлдээ биччихсэн байгаа. 2022 оны 01 дүгээр сарыг хүртэл хариуцагч хүү өгөөгүй, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байхаа  40,000 төгрөг, бас дансаар 100,000 төгрөг өгсөн. Хариуцагч төлбөр төлөөгүй болсон үеэс эхлэн алданги бодсон гэв.

Хариуцагч Б.О  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1 сарын хугацаатай зээлсэн. Л.О  нь өдрийн зээл гаргадаг гэдгийг манай тэр хавийнхан бүгд мэддэг. Дэлгүүр маань дампуурахад би 4 компанийн падааны өртэй гарсан. Тиймээс нэхэмжлэгч Л.О д хандаад би дампуурсан тул өдрийн зээлээ төлж чадахгүй боллоо гэдгээ хэлсэн. Тэгэхэд Л.О  мөнгийг минь өг гэж хэлсэн. Гэтэл утсыг минь хараад өрөндөө тооцуулж өг гэж хэлсэн. Л.О  2 охиноо дагуулж ирээд дуртай зүйлээ аваад мөнгөнөөс хасаарай гээд гардаг байсан. Би үндсэн мөнгийг л төлнө гэхэд нэхэмжлэгч бага, багаар нь ч гэсэн төлж байвал чамд хэрэгтэй, зээл чинь хурдан дуусна гэж хэлээд дахин гэрээ хийгээгүй юм. 2022 оны 01 дүгээр сард 100,000 төгрөгийн бараа авсан, 2022 оны 3 болон 4 дүгээр саруудад 100,000 төгрөгийн бараа, 5 дугаар сард 100,000 төгрөгийн чихэр авсан, 6 дугаар сард 300,000 төгрөгийг хассан. Би 1 сарын хугацаатай л зээл авсан. Би төлж чадахгүй байгаагаа хэлэхэд үндсэн мөнгөө л өгөөд дуусгачих гэж Л.О  хэлдэг байсан. 2022 оны 1 дүгээр сард нэхэмжлэгч дэлгүүрт ирсэн боловч ирээгүй гэж яриад байна. Цагаан сараар 20 ширхэг, дараа нь мөн ирээд Максфан гэдэг шоколаднаас тус бүр 20 ширхэгийг авсан. Нийт 3,631,000 төгрөгийг авсан. Нэхэмжлэгч чихэр, шоколад аваад гардаг байсан, эдгээрийг болон төлсөн бэлэн мөнгөө хасах хэрэгтэй. Би хурдан мөнгийг нь өгч дуусгая гэж бодоод 40,000 төгрөгөөр ч төлдөг байсан. Хүү гэж тохирсон гэрээ байхгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.О , хариуцагч Б.О өд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,715,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийг бүрэн төлсөн, гэрээг нэг сарын хугацаатай байгуулсан гэх тайлбарыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Зохигчийн хооронд 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч тус гэрээний дагуу хариуцагчид 3,000,000 төгрөгийг нэг жилийн хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр тохиролцжээ. Гэрээний дагуу зээлийг хариуцагч хүлээн авсан талаар маргаагүй. Эндээс үзэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

Шүүх хуралдааны явцад зохигч харилцан өгсөн, төлсөн төлбөрийн талаар тооцоо нийлсэн ба хариуцагч 3,341,000 төгрөг төлсөн гэж нэхэмжлэгч тайлбарласан бол хариуцагчийн зүгээс 3,491,000 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байна. Зөрүү 150,000 төгрөг болж байна. Хариуцагч нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 50,000 төгрөгийн бараа, мөн 12 дугаар сарын 03-ны өдөр 100,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэх тайлбарыг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй, хүлээн аваагүй гэж тайлбарласан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй талаар, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь тус 150,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болохоо өөрөө шүүхийн өмнө нотлох үүрэгтэй ба ийнхүү нотолж чадаагүй байна. Хариуцагчийн шүүхэд гаргасан “нэхэмжлэгчид төлсөн мөнгөний жагсаалт” гэх дэвтрийн хуудас бүхий бичилт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасантай нийцэхгүй тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй. Мөн тус баримтад нэхэмжлэгч нь зээлийн төлбөрт бэлэн мөнгө, барааг хариуцагчаас хүлээн авснаа нотолж гарын үсэг зурж баталгаажуулсан зүйлгүй гэж зохигч тайлбарласан учир хэргийн үйл баримтыг бодитой тогтоох агуулгаар шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх үндэслэлгүй байна.

Зээлийн гэрээний 1.1-д зааснаар зохигчийн хооронд “нэг жил” буюу 12 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулагдсан байна. Хариуцагч “нэг сарын” хугацаатай гэрээ байгуулсан гэх боловч тайлбараа баримтаар нотлоогүй, тус гэрээг баримтаар үгүйсгэж чадаагүй, амаар тохиролцсон гэх нөхцөлөө нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй. Түүнчлэн нэхэмжлэгч “мөнгө зээлдүүлэх ажлыг байнга эрхэлдэг” гэх тайлбараа хариуцагч нотлоогүй учир нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөлгүйгээр зээлийн үйл ажиллагаа явуулсан, хүү шаардах эрхээ алдсан гэж дүгнэх үндэслэлгүй байна. 

Зээлийн гэрээний дагуу 12 сарын зээлийн хүү (300,000х12=3,600,000) 3,600,000 төгрөг болж, зээлийн хамт 6,600,000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч төлөх үүрэгтэй байна. Үүнээс хариуцагчийн төлсөн 3,341,000 төгрөгийг хасахад 3,259,000 төгрөг болж байна. Мөн хариуцагч нь зээлийн илт өндөр буюу хохиролтойгоор тогтоогдсон гэх тайлбар, татгалзлыг шүүх хуралдаанд илэрхийлээгүйг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч алданги 1,350,000 төгрөг нэхэмжилсэн ба зээлийн гэрээний 6-д гүйцэтгээгүй үүрэгт алдангийг нэг хоногийн 0.5 хувиар тооцохоор заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т нийцнэ. Хариуцагч хамгийн сүүлд 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 100,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байна. Тус хугацаанаас, төлөгдөөгүй 3,259,000 төгрөгөөс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр алданги тооцоход хариуцагч (77х16,295=1,254,715) 1,254,715 төгрөгийн алданги төлөхөөр байна. Гэвч зохигчийн хооронд тохиролцсон хүү нь зах зээлд тогтоосон хүүнээс илт их байгааг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар алдангийг 100-6.86=93.1 хувиар бууруулан 86,172 төгрөгийн алданги гаргуулахаар шийдвэрлэв.

Иймд хариуцагч Б.О өөс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, хүүгийн төлбөрт 3,259,000 төгрөг, алданги 86,175 төгрөг, нийт 3,345,172 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.О д олгож, нэхэмжлэлээс 1,369,828 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг баримтлан хариуцагч Б.О /00000000 /-өөс 3,345,172 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.О /0000000000/-д олгож, нэхэмжлэлээс 1,369,828 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,390 төгрөгийг улсын орлогод үлдээж хариуцагч Б.О өөс 68,472 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.О д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Э.ЭНЭБИШ