2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1505

 

 

 

 

 

 

 

 2025        06        03                                     2025/ШЦТ/1505

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ган-Эрдэнэ,

улсын яллагч Г.Гармаа,

шүүгдэгч Ч.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: 

 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Э-д холбогдох эрүүгийн *********** дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн Ч.Э

 

Холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Ч.Э нь 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ******* дүүргийн ***** дугаар хороо, ******* тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Эийн биед тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас халдаж, эрүүл мэндэд нь биед хамрын ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, хамар, зүүн дээд нүдний зовхи, хоёр бугалга, баруун гуянд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ч.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр хохирогч гэх хүн манай гэрт ирсэн ба өөрийгөө бөө удган гэж байсан. Тэгээд манай 2 хүүхдийг удахгүй үхнэ гээд нүд нь улаанаар нь эргэлдээд дайраад байсан. Тэгэхээр нь би хараалыг нь арилгаад хамраас нь цус гаргасан. Бөө удган гэж сонссон болохоор айгаад хамраас нь цус гаргахаар хараал арилдаг гээд цохисон. Дүүтэйгээ юм яриад сууж байхад хараагаад байхаар нь цохисон. Тухайн үед би 3-4 пиво уусан байсан. Манай дүү дуудаад “Сиюү”-гийн гаднаас аваад гэр рүү ирсэн. Хохирогчид учирсан төлбөрөөс төлсөн. Цаашид төлнө. Хохирогч орон нутагт амьдардаг юм байна лээ. Хотод ирж эмчлүүлэх гээд ирсэн зардал байсан учраас би онгоцны тийз авч өгсөн. Тэр нь хэрэгт хавсаргагдсан байгаа. Тухайн үед томографикийн зургийг үзэхэд харахад жаахан хөхөрсөн харагдсан. Яг үнэнийг хэлэхэд харахад аймар болоогүй байсан. Цагдаа битгий оч гээд байсан. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Энэ хэргээс хурдан салмаар байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Б.Э нь "... 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 20 цагийн үед найз болох У дээр очоод, түүний ажлын газрын эгч болох З нартай хамт хорооллын эцэст байрлах караоке ороод 0.75 граммын хар экс гэх архи ууж, дуулж байгаад 21 цагийн орчимд гарсан. У З нартай хамт Хайлааст руу, би гэр лүүгээ явсан удаагүй У руу залгаад хаана байна, юу хийж байна гэсэн чинь бид 4 ууж байна гэсэн. Тэгээд удалгүй У над руу залгаад, уйлаад ярихаар нь би очих уу гэхэд У хэрэггүй гэж хэлсэн. Би санаа зовоод явж очиход З, У болон Э нар 84-ийн тэнд байх СиЮ сүлжээ дэлгүүр дээрээс намайг ирж аваад, СиЮ сүлжээ дэлгүүрээс 3 ширхэг Сэнгүр, баавгай гэх нэртэй пиво аваад гэр лүү нь явсан. Гэр лүү нь орох гэтэл У орохгүй гэсэн. Э нь намайг хамт оръё, манай эхнэртэй танилц гэж хэлэхээр нь дагаад орсон. Унтаж байсан эхнэрээ сэрээгээд надтай танилцуулж, бид нар уусан. З болон Э хоёр маргалдаад З-ийн толгой руу цохиод авахаар нь би болиоч ээ, битгий маргалдаад бай гэхэд шууд босож ирээд миний хамар луу цохиж, хамраас цус гаргасан." гэсэн мэдүүлэг, (хавтаст хэргийн 13 дугаар хуудас),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан ******** дугаартай "Б.Эийн биед хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, хамар, зүүн нүдний дээд зовхи, хоёр бугалга, баруун гуянд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1- д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо" гэх шинжээчийн дүгнэлт, (хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас) зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ч.Э нь 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ******* дүүргийн ***** дугаар хороо, ******* тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Эийн биед тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас халдаж, эрүүл мэндэд нь хамарны ясны цөмөрсөн хугарал, таславчийн муруйлт, хамар, зүүн дээд нүдний зовхи, хоёр бугалга, баруун гуянд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогчийн нийт 262,000 төгрөгөөс 170,000 төгрөгийг төлж барагдуулсан. Хамрын хагалгаатай холбоотой баримт байхгүй. Иймд баримтаа цуглуулаад Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналтай байна” гэв.

 

Шүүгдэгч Ч.Э гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Ч.Э нь 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ******* дүүргийн ***** дугаар хороо, ******* тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Эийн биед тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас халдаж, хамарны ясны цөмөрсөн хугарал, таславчийн муруйлт, хамар, зүүн дээд нүдний зовхи, хоёр бугалга, баруун гуянд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "... 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 20 цагийн үед найз болох У дээр очоод, түүний ажлын газрын эгч болох З нартай хамт хорооллын эцэст байрлах караоке ороод 0.75 граммын хар экс гэх архи ууж, дуулж байгаад 21 цагийн орчимд гарсан. У З нартай хамт Хайлааст руу, би гэр лүүгээ явсан удаагүй У руу залгаад хаана байна, юу хийж байна гэсэн чинь бид 4 ууж байна гэсэн. Тэгээд удалгүй У над руу залгаад, уйлаад ярихаар нь би очих уу гэхэд Уянгаа хэрэггүй гэж хэлсэн. Би санаа зовоод явж очиход З, У болон Э нар 84-ийн тэнд байх СиЮ сүлжээ дэлгүүр дээрээс намайг ирж аваад, СиЮ сүлжээ дэлгүүрээс 3 ширхэг Сэнгүр, баавгай гэх нэртэй пиво аваад гэр лүү нь явсан. Гэр лүү нь орох гэтэл У орохгүй гэсэн. Э нь намайг хамт оръё, манай эхнэртэй танилц гэж хэлэхээр нь дагаад орсон. Унтаж байсан эхнэрээ сэрээгээд надтай танилцуулж, бид нар уусан. Заяа болон Э хоёр маргалдаад З-ийн толгой руу цохиод авахаар нь би болиоч ээ, битгий маргалдаад бай гэхэд шууд босож ирээд миний хамар луу цохиж, хамраас цус гаргасан." гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан *********** дугаартай "Б.Эийн биед хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, хамар, зүүн нүдний дээд зовхи, хоёр бугалга, баруун гуянд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1- д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо" гэх шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Шүүгдэгч Ч.Э нь хохирогч Б.Эийн эрүүл мэндэд халдаж гэмтэл учруулсан байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч Ч.Э нь хохирогч Б.Эийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Ч.Эын үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч Ч.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх саналтай байна. Ялын дээрх саналыг гаргахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, яллагдагчийн хувийн байдал, хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан үзэж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардал байхгүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй бөгөөд түүнд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн дагуу хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд үргэлжлүүлэх саналтай байнагэв.

Шүүгдэгч Ч.Э эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Хэлэх зүйлгүй” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ч.Э нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүх шүүгдэгч Ч.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв. Улсын яллагчаас гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх саналтай гэсэн дүгнэлт гаргасан боловч хуульд заасан үндэслэл журмаар хууль сануулан авсан хохирогчийн мэдүүлэгт...тухайн үед шүүгдэгчийг дүүтэйгээ маргахаар нь боль гэж хэлэхэд нь шүүгдэгч нүүрэн тус газар нь цохисон үйл баримт байх ба энэ мэдүүлгийг үгүйсгэсэн эсхүл эргэлзээтэй гэж дүгнэх, няцаах нөхцөл байдал, баримт байхгүй, шүүгдэгчийн мэдүүлээд байгаа хохирогч зүгээр сууж байхад хүүхдүүд чинь үхнэ гэх мэтээр хараагаад байсан гэх нөхцөл байдал нотлогдохгүй байх тул гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэх үндэслэлгүй, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй гэж шүүх дүгнэсэн болно.

 

Бусад асуудал: 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж, тус тус зааснаар шүүгдэгч Ч.Э нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч Б.Э нь гэм хорын хохиролд 262,000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Ч.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 170,000 төгрөгийг төлсөн байна. Мөн хохирогчийн баримтаар нэхэмжилсэн эмчилгээний зардал нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хохирогчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Ч.Э нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцохоо шүүхэд бичгээр илэрхийлснийг тэмдэглэж шүүгдэгч Ч.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

            1.  Шүүгдэгч Ч.Э-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эыг 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ч.Эт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Хохирогч энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

            7.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                                                

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.АЮУШЖАВ