| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2021/03822/И |
| Дугаар | 181/ШШ2022/01184 |
| Огноо | 2022-05-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 181/ШШ2022/01184
| 2022 оны 05 сарын 17 өдөр | Дугаар 181/ШШ2022/01184 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг оршин суух, Очирын Алимаа -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт байрлах, Улсын нэгдүгээр төв эмнэлэг ТБАГУТҮГ -т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Эм тарианы буцаан олголт 500.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч О.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болорчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч О.Алимаа Улсын нэгдүгээр төв эмнэлэг ТБАГУТҮГ-т холбогдуулан эм тарианы буцаан олголт 500.000 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний хүү Б.Чимэдцэм 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр цус алдсан дуудлагаар түргэн тусламжийн 103 нь Чингэлтэй дүүргийн эмнэлэгт хүргэж өгөхөд, Чингэлтэй дүүргийн эмнэлэг нь Улсын төв нэгдүгээр эмнэлэг рүү шилжүүлээд, цус алдалтын шоконд орсон байна гэсэн оноштойгоор хагалгаа хийн, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс сэхээн амьдруулах тасагт хэвтэж эмчлүүлсэн. Хэвтэн эмчлүүлэх хугацаанд 1.703.715 төгрөгийн эм, тариа хэрэгслийг ар гэр биднээс гаргуулсан бөгөөд эмнэлгээс 4.200.000 төгрөг зарцуулсан гэсэн. Нийт эмчилгээний зардалд 10 хоногт, 6.000.000 орчим төгрөг зарцуулсан байна. Эмчилгээнд нэн шаардлагатай эм хэрэгслийг хангаж байх үүрэгтэй Эмийн алба нь энэ үүргээ биелүүлээгүйн улмаас зардлыг биднээс гаргуулж байсан. Эмчийн шаардсан эм, тариаг тухай бүрт бид авчирч өгч байсан. Нийт 1.703.715 төгрөг ар гэрийнхэн бид төлсөн. Энэ мөнгийг буцаан авахаар Эрүүл мэндийн даатгалын газарт хүсэлт гаргасны дагуу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас нэгдүгээр эмнэлэгт тухайн мөнгийг буцаан олгох тухай албан тоот явуулсан. Анх 1.500.000 төгрөг буцаан олгохоор болсон гэсэн хэрнээ 1.005.600 төгрөгийг хүлээж авсан.
Гэвч үлдэгдэл мөнгийг нэгт. бөөний төвөөс авсан тариа, хоёрт. өвчний түүхэнд бичигдээгүй гэсэн шалтгаанаар үлдэгдэл 500.000 төгрөгийг олгохгүй гэсэн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хариуг хүлээн зөвшөөрөхгүй.
Бөөний төвөөс авсан сандостин эмийн 473.550 төгрөгийг хариуцагч олгохгүй гэснийг ойлгохгүй байгаа. Эмчийн бичиж өгсөн зүйлийг авсан. Памперс дэвсгэр даавуу зэргийг тооцохгүй гэсэн байна. Гэтэл цус алдаж байсан тул эмчийн зааврын дагуу авчир гэснээр авсан. Сандостадин 473.550 төгрөг дээр дэвсгэр даавууны үнийг нэмж 500.000 төгрөг гэж нэхэмжлэл гаргахдаа тооцсон. Хариуцагч жагсаалт гаргаж өгөөгүй байна. Эмнэлэгт нэг хоёр өдрийн дотор 1.500.000 гаруй төгрөгийн эм тариа гаднаас авах хэрэгтэй болсон. Бидний мөнгө хүрэлцэхгүй байсан тул Хос төгс билэг ХХК гэсэн баримтаар сандостадинийг авахуулж талийгаачид хэрэглэсэн. Гэтэл уг мөнгийг олгохгүй гэж байгааг ойлгохгүй байна. Хариуцагч өнөөг хүртэл аль баримтыг олгосон, аль баримтыг олгоогүй талаарх жагсаалтаа гаргаж ирүүлэхгүй байна гэв.
2.Хариуцагч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна. Үүнд: Нэхэмжлэгч О.Алимаа тус эмнэлэгт гаднаас худалдан авсан эм тарианы зардал гаргуулахаар өргөдөл ирүүлснийг манай эмийн эмчилгээг зохицуулах хорооны хурлаар хэлэлцсэн. Гаргасан өргөдлийн хавсралт и-баримтыг үзэж авсан эм тариаг харахад 19 нэрийн эм, хэрэгсэл авсан байна. Баримт дээрх барааны нэр гаргагдахгүй 6 баримт мөн байсан. Мөн Элевит триместр, магни В6, цэвэр ус, Новамин, дуслын систем, иод, эсмарк, эрхий мэргэн хуруу лент, дэвсдэг болон өмсдөг памперс авсан баримтыг ирүүлсэн ч талийгаачийн өвчний түүхэнд энэ талаар тэмдэглээгүй байсан. Түүний ирүүлсэн баримтаар манай эмнэлэгт эмчлүүлж байх хугацаанд иргэний гаднаас авч хэрэглэсэн эмийн үнэ 1.479.150 төгрөг болж байсан. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13-р зүйлийн 13.7-д Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно гэж заасны дагуу анхан шатны баримтын шаардлагыг хангахгүй байгаа Сандостатин 15 ампулын үнэ 473.550 төгрөгийг олгох боломжгүй гэж шийдвэрлэсэн. Уг баримт нь хоёр байгууллагын хоорондох бараа шилжүүлсэн баримт байсан тул манайх санхүүгийн анхан шатны баримтын шаардлага хангаагүй баримтын дагуу буцаан олголт хийх боломжгүй болно. Нэхэмжлэгч дахин гомдол гаргаснаар ирүүлсэн баримтыг нягтлаж нэмж 101.675 төгрөгийг олгосон. Нэхэмжилж байгаа памперсний тухайд буцаан олгох эм тарианы жагсаалтад багтдаггүй тул олгох үндэслэлгүй гэв.
3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: өөрийн иргэний үнэмлэхний хуулбар, Эрүүл мэндийн ерөнхий газрын 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 02/1016 тоот албан бичиг, Улсын нэгдүгээр эмнэлгийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1/1019 тоот хариу, Улсын нэгдүгээр эмнэлгийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1/1203 тоот албан бичгийн хуулбар, бараа материалын зарлагын баримт, хариуцагчид гаргасан 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хүсэлт, Б.Чимэдцэмийн нас барсны гэрчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх, түүний төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, эм тариа худалдан авсан баримтууд, зарлагын баримтууд эх хувиар болон хуулбараар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас өгсөн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 02/1784 тоот хариу, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2021 оны 1/899 албан бичиг хуулбараар, 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 01/1585 тоот хариу, түүний хавсралт зэргийг ирүүлжээ. /хх 4-10, 20, 137-138, 145-167/
Хариуцагчаас нотлох баримтаар: төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, тус эмнэлгийн эмийн эмчилгээг зохицуулах хорооны хурлын тэмдэглэл зэргийг ирүүлжээ. /хх 18, 29-32/
Шүүхийн журмаар: нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн 2022 оны 181/ШЗ2022/02833 шүүгчийн захирамжийн дагуу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 02/939 тоот хариу, түүний хавсралтуудаар О.Алимаагаас гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан эм тарианы баримтууд, Улсын нэгдүгээр төв эмнэлгээс ирүүлсэн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас тус байгууллагад ирүүлсэн 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 02/1016 тоот албан бичиг, түүний хавсралтууд, талийгаач Э.Чимэдцэмийн өвчний түүх, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт хүргүүлсэн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1/1203 тоот албан бичиг, нэхэмжлэгчид хүргүүлсэн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1/1019 албан бичгийн хуулбар, тус байгууллагын 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн байдлаарх эм тарианы хангалт буюу материалын товчоо тайлангаас хэрэгт хамаарах холбогдох хэсэг зэргийг ирүүлжээ.
/хх 41-68, 69-130, 176-179/
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
1.Нэхэмжлэгч О.Алимаа нь Улсын нэгдүгээр төв эмнэлэг ТБАГУТҮГ-д холбогдуулж эм тарианы буцаан олголтод 500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх хуралдааны явцад нэхэмжилж буй 500.000 төгрөгт сандостатин худалдан авсан 473.550 төгрөг, үлдэх 26.450 төгрөг памперсны үнэ багтсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулав.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: талийгаач хүү д.Чимэдцэм хэвтэн эмчлүүлэх үед эмнэлэгт эм тариа байгаагүйгээс гаднаас худалдан авсан, нийт 1.703.715 төгрөгийн эм тариаг гаднаас худалдан авсан, хариуцагч анх 1.479.150 төгрөг олгоно гэсэн хэрнээ дутуу олгосон тул олгоогүй хэсгийг гаргуулна гэж тайлбарласан. Мөн Сандостатины хувьд тухайн үед мөнгө шаардлагатай болж хүрэлцэхгүй байсны улмаас уг баримтаар авч хэрэглэсэн, памперс эмнэлгээс авчир гэсний дагуу авч хэрэглэсэн тул буцаан олгох ёстой гэж тайлбарлав.
3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: нэхэмжлэгчийн ирүүлсэн баримтыг нягтлаад 1.005.600 төгрөг, нэмж 101.675 төгрөг олгосон. Сандостатины хувьд ирүүлсэн зарлагын баримт нэг байгууллагаас нөгөө байгууллагын хоорондох баримт байсан тул санхүүгийн анхан шатны баримтын шаардлага хангаагүй гэж үзэж хассан. Витамин Д, Элевит, хуруу лент, цэвэр ус зэргийг хассан. Памперс нь Эрүүл мэндийн даатгалын сангаас буцаан олгох жагсаалтад хамаардаггүй. Энэ нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас нэхэмжлэгчид өгсөн хариугаар тогтоогдоно гэж тайлбарласан.
4.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Боржигон овогт Буянжаргалын Чимэдцэм /РД:ХЛ77011138/ 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс Улсын нэгдүгээр төв эмнэлэг ТБАГУТҮГ-т үндсэн элэгний фиброз ба цирроз, дагалдах ходоод улаан хоолойн урагдалт цусархаг хам шинж оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаад 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан өвчний 7624 тоот түүх, нас барсны 4361 тоот гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх 81-130, 137/
4.2.Нэхэмжлэгч Очирын Алимаа талийгаач Б.Чимэдцэмийн төрсөн эх болох нь хэрэгт авагдсан Г№601 тоот төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдсон, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч шаардах эрхтэй эсэхэд маргаагүй болно. /хх 138/
4.3.Талийгаач хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн байсан, түүнчлэн хэвтэн эмчлүүлэх хугацаанд тус эмнэлэгт эм тариа байгаагүйгээс түүний ар гэрээр шаардлагатай эм тариаг авахуулсан үйл баримтад хариуцагч маргаагүй. /хх 137, 176-179/
4.4.Нэхэмжлэгч гаднаас 1.703.715 төгрөгийн эм тариаг худалдан авсан үндэслэлээр буцаан олголт хүссэнээс хариуцагч хоёр удаагийн олголтоор нийт 1.107.275 төгрөг /1.005.600 +101.675/ олгосон үйл баримтад зохигчид маргаагүй. /хх 6, 64,65, 69, 154/
5.Харин зохигчид сандостадин нэртэй тарилгын уусмал болон памперс худалдан авсан баримтад маргасан.
Хэрэгт баримтаар 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Сандостадин 1 ампул 157.850 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Сандостадин 2 ампул 315.700 төгрөг худалдан авсан тухай баримт авагджээ. /хх 8,9, 152-153/ Уг баримтад хүлээн авагч нь Хос төгс билэг ХХК гэж тэмдэглэгджээ.
Нэхэмжлэгчийн зүгээс мөнгө хүрэлцэхгүй байсны улмаас бусдаар авахуулж талийгаачид хэрэглэсэн хэмээн тайлбарласан. Хариуцагчийн зүгээс тухайн баримт өөрөө худалдан авсан баримт биш, хоёр байгууллагын хоорондох баримт гэж маргасан.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын эрх үүргийг тодорхойлсноос 13.1.8-д даатгуулагчийг хэвтүүлэн эмчлэх үед өвчний түүхэнд бичигдсэн эм, эмнэлгийн хэрэгслийн зардлыг өөрөөр нь гаргуулсан тохиолдолд зах зээлийн жишиг үнээр тооцон даатгуулагчид буцаан олгох-оор заажээ. Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т ... эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын эрүүл мэндийн даатгалын сангаас болон даатгуулагчаас төлөх төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журмыг эрүүл мэндийн даатгалын байгууллага болон санхүү, төсвийн, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг тус тус үндэслэн Үндэсний зөвлөл тогтооно гэж заажээ.
Дээрх хуульд заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 3 дугаар тогтоолын гуравдугаар хавсралтаар баталсан Эрүүл мэндийн байгууллагаас иргэнд үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх журам-ын 1.3-т Эрүүл мэндийн байгууллага нь тусламж, үйлчилгээний удирдамжид зааж өвчний түүх болон холбогдох бүртгэлд бичигдсэн Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эм, эмнэлгийн хэрэгсэл, мэс заслын хэрэгсэл, протез, ортопедийг зайлшгүй шаардлагаар иргэнээр авахуулсан тохиолдолд тухайн эрүүл мэндийн байгууллагаас сонгон шалгаруулалт зохион байгуулж худалдан авсан үнээр, хэрэв тийм биш бол худалдан авсан нь холбогдох баримтаар нотлогдох үнээр тус тус тооцож иргэнд заавал буцаан олгоно. гэж заажээ. Энэ тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан өвчний жагсаалтын 184-с 187-д элэгний цирроз ба фиброз К74 өвчний хэвтэн эмчлүүлэх болон эмийн эмчилгээ багтсан, уг жагсаалтад иргэнээс болон даатгалаас хариуцах хэсгийг тус тус тодорхойлсон байх боловч тогтоолын гуравдугаар хавсралтаар баталсан дээр дурдсан журмын 5.1, 5.2 болон 5.2.7-д зааснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэн-ий хувьд өөрөөс хариуцах хэсэг байхгүй, даатгал бүрэн хариуцахаар зохицуулсан байна.
Шүүх санхүүгийн анхан шатны баримтын бүрдүүлбэр хангаагүй гэж хассан 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Сандостатин 315.700 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Сандостатин 157.850 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Хариуцагчаас баримтаар ирүүлсэн өвчний түүх, эмийн жагсаалтад нэхэмжлэгчийн нэхэмжилж буй памперс болон сандостадин нэрээр аль алин нь бичигдээгүй байна. Харин өвчний түүхэнд улайн хоолойн өргөссөн судсыг боох мэс ажилбар хийгдсэн тухай, мөн удаа дараа цус тогтоох, шингэн сэлбэх, цус сэлбэх, антибиотек эмчилгээ, вазопрессор эмчилгээ хийх талаар тусгагджээ.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн эм тарианы буцаан олголт авахаар бүрдүүлж өгсөн баримтуудаас үзвэл 2021 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Сандостатин 148.000 төгрөг худалдан авсан баримт авагдсан, уг баримтын дагуу хариуцагч мөнгийг олгосон байна. Түүнчлэн тус байгууллагын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1/1019 тоот албан бичигт Манай байгууллагад эмчлүүлж байх хугацаандаа таны гаднаас авч хэрэглэсэн эмийн үнэ 1.479.150 төгрөг болж байна. Харин баримтын шаардлага хангаагүй сандостатин үнэ 473.550 төгрөгийг олгох боломжгүй гэж дурдсан, мөн эмийн эмчилгээг зохицуулах хорооны 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэлд эмчлэгч эмийн зүгээс сандостадин авсан баримт шаардлага хангаж байгааг хараад өгөөрэй гэж тэмдэглэгдсэнээс үзвэл өвчтөнд шаардлагатай тухайн эмийг гаднаас авч хэрэглэсэн үйл баримт тогтоогдсон гэж үзнэ. Мөн хариуцагч тухайн тарилгын уусмалыг өвчтөнд хэрэглээгүй гэж маргаагүйг дурдав.
Харин уг баримтад хүлээн авагч нь Хос төгс билэг ХХК гэж тусгагдсан явдал тухайн тарилгын уусмалыг бодитоор талийгаачид хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болохгүй тул шүүх энэ хэсгээр нэхэмжлэлийг хангах нь зүйтэй.
Харин памперсны үнэ гаргуулах тухайд дээр дурдсан жагсаалтад багтаагүйгээс гадна өвчний түүхэнд бичигдээгүй тул энэ хэсгийг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.8-д заасныг баримтлан Улсын нэгдүгээр төв эмнэлэг ТБАГУТҮГ-аас 473.550 /дөрвөн зуун далан гурван мянга таван зуун тавин/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Алимаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26.450 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 14.856 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ