2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1560

 

 

 

 

 

 

 

 

 2025        06        10                                     2025/ШЦТ/1560

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сувд-Эрдэнэ,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

шүүгдэгч Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: 

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Э.Т-д холбогдох эрүүгийн 2409 03264 0430 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн

 

Холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Э.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********* баарны вип өрөөнд хохирогч Д.Гтай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар цохиж тархи доргилт, хамар ясны далд хугарал, таславч мурийлт, баруун нүдний дээд, доод зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед У бид хоёр асуудалтай түүнийгээ ярих гээд 9 дүгээр сард У-тай холбогдож уулзахаар болсон эхлээд баруун 4 замын тайчих бааранд орж ууж суусан. Д.Г ирсэн У дуудсан юм шиг байна лээ. Д.Г өөрөө тэр хүнээс авлагатай байсан юм байна лээ тэрийг нь бол би сайн мэдэхгүй. Бид гурав ууж байгаад цаашаа ********* гэх нэртэй тайчих клуб рүү дахиж орсон нэлээн согтсон байсан. Тулгаа ч ер нь бол согтолттой, нэлээн ууртай байсан. У Д.Г муудалцсан яриаг нь бүрэн санахгүй байгаа, У чиний өрийг өгч чадахгүй бол бид нар зохицуулаад өгнө чи жоохон тайван байж бай гээд ярьж байсан юм чамд мөнгө өгөхгүй гээд мөнгөн дээр жоохон хэрүүл болоод Тулгаа ч ууртай намайг нэлээн дээрэлхсэн болохоор зодоон болсон. Д.Г бид хоёр нэлээн муудалцсан. Хэн нь түрүүлж гар хүрсэн гэдгийг санахгүй байна. Би ямар ч байсан хацар руу нь цохисон. Яг хэдэн удаа цохисон гэдгээ санахгүй байна. Хохирогч Г-ыг бусадтай бүлэглэж зодоогүй. Би өөрөө хөнгөн хохирол санаатай учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Уг нь тэр өрөөнд эхлээд 3 эмэгтэй байсан боловч зодоон болох үед гараад явсан. Зодоон болж байгааг зөөгч нар мэдсэн байх орж гараад яваад байсан. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед үүссэн гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэж бичсэн байсан. Би согтуу байсан учраас яг юугаар хэдэн удаа цохисон гэдгээ санахгүй байна. ” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Д.Г-ын "...2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 16 цагийн ед би У руу залгаад уулзах хүсэлтэй байна гэсэн чинь завгүй ажилтай ялж айна гэж хэлээд уулзахаас татгалзсан. Тэгээд 23 цагийн үед Реасе mall-ын 17 давхарт байдаг стрип бааранд намайг дуудсан. Тэр үед У болон найз "Э-тэй хамт байсан. Тэгээд бид гурав хамт нэг шил архи хувааж уугаад тэндээс гараад ********* бааранд орсон. Тэгээд баарны вип өрөөнд бид гурав дахиад архи нэмж уусан. Тэгээд би Уд зээлсэн мөнгөө иргэн төлүүлэхээр ярьсан чинь ээж бид хоёр зохицуулаад явж байгаа удахгүй мөнгөө өгнө гэж хэлсэн. Тэгээд би "Уг чи одоо яагаад мөнгө өгөхгүй байгаа юм бэ" гэж шаардаж загнасан. У миний баруун гар талд би түүн руу харсан байсан. Харин Т миний зүүн гар талд сууж байсан. Тэгээд, гэнэт миний харсан байдалтай сууж хамар руу гараараа нэг хүн цохиод би ухаан алдсан. Тэгээд ухаан орж ирэхэд би дөрөв хөллөөд газар байсан чинь Т миний нүүр рүү хоёр гараараа ээлжилж долоогоос найман удаа цохиод би өндийж босоод одоо болно шүү дээ гээд зодоон дууссан. Тэгээд Т рүү уурласан чинь "би хамрыг чинь хугалаагүй би чамайг бол зодсон". Хамрыг чинь яаж гэмтсэнийг мэдэхгүй байна. Тэгээд У буйдан дээр юу ч болоогүй юм шиг сууж байсан. Намайг салгах шингүй сууж байсан. Тэгээд цагдаа болон ар гэрээ дуудсан" гэх мэдүүлэг, /хх-н 31-32 дугаар хуудас/,

- Гэрч Б.Угийн "... Би 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 02 цагийн үед найз Т болон Гантулгын хамт ********* гэдэг нэртэй бааранд орсон. Тэгээд баарны вип ороод нэг шил архи уусан. Тэгээд гурван охин орж ирээд хамт сууж байсан чинь Д.Г намайг алагдсан. Тэгээд нөгөө охидууд гарч явсны дараа би тасраад унтсан. Тэгтэл Т намайг өмөөрөөд Г-ыг зодсон байсан. Тэгээд би унтаад салахад Д.Г намайг Т зодсон эхнэр болон найз руу залга гэж хэлсэн. Тэгээд цагдаа ирээд Тг аваад явсан... Д.Гд би өртэй. Тэгээд Д.Г ууртай ирсэн тэгээд майг алагдсан. Намайг өмөөрөөд зодсон..." гэх мэдүүлэг. /хх-н 35-36 дугаар хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №12909 дугаартай шинжээчийн "Д.Г-ын биед тархи доргилт, хамар ясны далд хугарал, таславч мурийлт, баруун нүдний дээд, доод зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, өшиглөгдөх үйлчлэлээр, 2024.09.28-ны өдөр үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт /хх-ийн 43-44 дүгээр хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч гэмт хэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн өдрийн 2024 оны 9 дүгээр сарын 27–28 нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********* бааранд вип өрөөнд хохирогч Д.Гтай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараар цохиж  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирох санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн.  Хохирогч Гантулгын мэдүүлэг гэрч, шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож шүүгдэгч Тгийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай  11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хэрэгт хохирогч нь өөрт учирсан хохирлын талаар баримтыг гаргаж өгөөгүй учраас шүүгдэгч бусдад төлөх төлбөр байхгүй хохирогч иргэний журмаар бусад баримтаа цуглуулж нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах саналтай байна. Хэрэгт хохирогчийн сэтгэл санаанд учирсан хоёрдугаар зэрэглэл тогтоогдсон тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна” гэв.

 

Шүүгдэгч Э.Т гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Э.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********* баарны вип өрөөнд хохирогч Д.Гтай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар цохиж тархи доргилт, хамар ясны далд хугарал, таславч мурийлт, баруун нүдний дээд, доод зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  болох нь:

- Хохирогч Д.Гантулгын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "...2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 16 цагийн ед би У руу залгаад уулзах хүсэлтэй байна гэсэн чинь завгүй ажилтай ялж айна гэж хэлээд уулзахаас татгалзсан. Тэгээд 23 цагийн үед Реасе mall-ын 17 давхарт байдаг стрип бааранд намайг дуудсан. Тэр үед У болон найз "Э-тэй хамт байсан. Тэгээд бид гурав хамт нэг шил архи хувааж уугаад гэндээс гараад ********* бааранд орсон. Тэгээд баарны вип өрөөнд бид гурав дахиад архи нэмж уусан. Тэгээд би Уд зээлсэн мөнгөө иргэн төлүүлэхээр ярьсан чинь ээж бид хоёр зохицуулаад явж байгаа удахгүй мөнгөө өгнө гэж хэлсэн. Тэгээд би "Уг чи одоо яагаад мөнгө өгөхгүй байгаа юм бэ" гэж шаардаж загнасан. У миний баруун гар талд би түүн руу харсан байсан. Харин Т миний зүүн гар талд сууж байсан. Тэгээд, гэнэт миний харсан байдалтай сууж хамар руу гараараа нэг хүн цохиод би ухаан алдсан. Тэгээд ухаан орж ирэхэд би дөрөв хөллөөд газар байсан чинь Т миний нүүр рүү хоёр гараараа ээлжилж долоогоос найман удаа цохиод би өндийж босоод одоо болно шүү дээ гээд зодоон дууссан. Тэгээд Т рүү уурласан чинь "би хамрыг чинь хугалаагүй би чамайг бол зодсон". Хамрыг чинь яаж гэмтсэнийг мэдэхгүй байна. Тэгээд У буйдан дээр юу ч болоогүй юм шиг сууж байсан. Намайг салгах шингүй сууж байсан. Тэгээд цагдаа болон ар гэрээ дуудсан" гэх мэдүүлэг, гэрч Б.Угийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "... Би 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 02 цагийн үед найз Т болон Гантулгын хамт ********* гэдэг нэртэй бааранд орсон. Тэгээд баарны вип ороод нэг шил архи уусан. Тэгээд гурван охин орж ирээд хамт сууж байсан чинь Д.Г намайг алагдсан. Тэгээд нөгөө охидууд гарч явсны дараа би тасраад унтсан. Тэгтэл Т намайг өмөөрөөд Гантулгыг зодсон байсан. Тэгээд би унтаад салахад Д.Г намайг Т зодсон эхнэр болон найз руу залга гэж хэлсэн. Тэгээд цагдаа ирээд Тг аваад явсан... Д.Гд би өртэй. Тэгээд Д.Г ууртай ирсэн тэгээд майг алагдсан. Намайг өмөөрөөд зодсон..." гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №12909 дугаартай шинжээчийн "Д.Г-ын биед тархи доргилт, хамар ясны далд хугарал, таславч мурийлт, баруун нүдний дээд, доод зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, өшиглөгдөх үйлчлэлээр, 2024.09.28-ны өдөр үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруудаа маргахгүй хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Шүүгдэгч Э.Т нь хохирогч Д.Г-ын эрүүл мэндэд халдаж гэмтэл учруулсан байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч Э.Т нь хохирогч Д.Г-ын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Э.Тгийн үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч Э.Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Э.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан саналтай байна. Шүүгдэгч нь тодорхой эрхэлсэн ажилгүй тул торгуулийн ял зохимжгүй нийтэд тустай ажлын ялын саналыг гаргаж байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж байнагэв.

Шүүгдэгч Э.Т эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Ажил хийлгэх цагийг нь багасгаж болох уу? Би арьсны өвчтэй хүндэрсэн тул ажил хийж чадахгүй байгаа” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Э.Т нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүх шүүгдэгч Э.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж нийгэмшүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Бусад асуудал: 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж, тус тус зааснаар шүүгдэгч Э.Т нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч Д.Г нь мөрдөн шалгах ажиллагааны шат болон шүүхийн шатанд хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

 

Хохирогч энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Э.Т нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцохоо шүүхэд бичгээр илэрхийлснийг тэмдэглэж шүүгдэгч Э.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

            1.  Шүүгдэгч Э.Тг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тгийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Хохирогч энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Т нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

            7.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                                                

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.АЮУШЖАВ