Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2020/ДШМ/69

 

           Б.Батсайхан, Б.Пүрэвбат нарт

                              холбогдох  эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, шүүгч                           Д.Буянжаргал

                                 Шүүгчид                                       Б.Эрдэнэхишиг

                                                                                       Г.Давааренчин

 

                               

                                  Оролцогчид

                                    Прокурор                                     Т.Дэлгэрсайхан /онлайн/

                                      Шүүгдэгчийн өмгөөлөгч               Д.Даваахүү /онлайн/

                                      Шүүгдэгчийн өмгөөлөгч              П.Буманзаяа /онлайн/

                                      Шүүгдэгчийн өмгөөлөгч              М.Гансүх

                                        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцон, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолыг эс  зөвшөөрч  бичсэн шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан давж заалдсан гомдол болон прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Батсүхийн Батсайхан, Монгол овогт Батбаатарын Пүрэвбат нарт холбогдох эрүүгийн 2033000640026 дугаартай,  150/2020/0035/Э индекстэй 2 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Аргалант суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын, 1-р баг, Туслах аж ахуйд оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овогт Батсүхийн Батсайхан /РД: НЬ94091814/

 

Монгол улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Баянхангай суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Цемент шохой” ХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын, 1-р баг, 1-6 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Монгол овогт Батбаатарын Пүрэвбат /РД:НЫ87090376/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Пүрэвбат нь Б.Батсайхантай бүлэглэн 2020 оны 05 сарын 19-20-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багийн нутаг, Туслах аж ахуй гэх газраас тус сумын иргэн Ц.Ганболдын сартай, хар зүсмийн 1 тооны унагыг шунахайн сэдэлтээр тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, Ц.Ганболдод 550.000 төгрөгийн хохирол уруулсан,

Шүүгдэгч Б.Батсайхан нь 2020 оны 04 сарын 19-20-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай 2 дугаар багийн нутаг, Шийрийн бригад гэх газраас иргэн Х.Шинэбаярын бор хээр зүсмийн 1 тооны унагыг шунахайн сэдэлтээр, тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, Х.Шинэбаярт 400.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Пүрэвбаттай  бүлэглэн 2020 оны 05 сарын 19-20-нд шилжих шөнө иргэн Ц.Ганболдын сартай, хар зүсмийн 1 тооны унагыг шунахайн сэдэлтээр тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, Ц.Ганболдод 550.000 төгрөгийн хохирол уруулсан, гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Анхан шатны шүүх Б.Батсайхан, Б.Пүрэвбат нарт холбогдох хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолоор:

“1. Шүүгдэгч Боржигон овогт Батсүхийн Батсайхан, Монгол овогт Батбаатарын Пүрэвбат нар нь бүлэглэн, машин механизм ашиглан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Батсайханд 01/нэг/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар, шүүгдэгч Б.Пүрэвбатад 01/нэг/жил 10/арав/ хоногийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Батсайханд оногдуулсан 01 жил 10 хоног, Б.Пүрэвбатад оногдуулсан 01 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Б.Батсайхан, Б.Пүрэвбат нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хьюндай Портер маркийн 6324 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Dayun маркийн ногоон өнгийн мотоцикл зэргийг битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгож, тээврийн хэрэгслийн өмчлөгч нарт буцаан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хьюндай Портер маркийн 6324 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон 1500 000 төгрөгийн 50 хувь болох 750000 төгрөгийг шүүгдэгч Б.Пүрэвбатаас, Хьюндай Портер маркийн 6324 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон 1500000 төгрөгийн 50 хувь болох 750000 төгрөг болон Dayun маркийн ногоон өнгийн мотоцикпын үнэлгээгээр тогтоогдсон 400.000 төгрөг, нийт 1150000 төгрөгийг шүүгдэгч Б.Батсайханаас тус тус гаргуулан хурааж улсын орлого болгосугай.

6. Энэ хэргийн улмаас шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай...Bottom of Form” гэж, дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын дээд шатны прокурорын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 04 дугаартай эсэргүүцэлдээ:

 ...Улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэсэн нь үндэслэлгүй, шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн байна гэж дүгнэж байгаа болно.

Учир нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэж заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялаас чөлөөлөх, хөнгөрүүлэх зохицуулалтыг аль ч шатны шүүх хэрэглэх эрхтэй боловч шүүгдэгч гэм буруугаа бодитой хүлээн зөвшөөрсөн эсэхийг дүгнэх учиртай.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ хандаж буй субьектив байдлын цогц илрэл бөгөөд өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг ойлгож чин санаанаасаа гэмших байдлаар дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх хүсэл зоригийг бий болгодог нийгэмд ашигтай сэтгэл зүйн хандлага гэж үзэж дэмжих зорилгоор хууль тогтоогч хуулиар ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэлд тооцсон байна.

Шүүгдэгч гэм буруугаа хүлээж буй нь мөрдөн байцаалтаар тогтоосон хэргийн үйл баримтыг хууль зүйн дүгнэлтийн хамт бүрэн эхээр хүлээн зөвшөөрөх, учруулсан хохирлоо нөхөн төлөх, хор уршгийг арилгах дахин гэмт хэрэг үйлдэхгүй байхыг амлах хэлбэрээр илэрнэ.

 

Гэтэл эрүүгийн 2033000640026 дугаартай хэргийн шүүгдэгч Б.Пүрэвбат нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэн Ц.Ганболдын 1 тооны унагыг Б.Батсайхантай бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд гэм буруугийн талаар дүгнэлт хэлэх шатанд ч хэргийн зүйлчлэл, онолын талаар мэтгэлцсээр байсан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Пүрэвбат болон түүний өмгөөлөгч нараас гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцэх байр суурьтай оролцсон байхад анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.2-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

Мөн шийтгэх тогтоолын ТОГТООХ нь хэсэгт шүүх Б.Батсайхан, Б.Пүрэвбат нарыг бүлэглэн, машин механизм ашиглан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон атал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй, шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхээргүй байхаар бичигдсэн байна гэх хууль ёсны зарчмыг хангаагүй байна.

 

Иймд Б.Пүрэвбат, Б.Батсайхан нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар дээд прокурорын эсэргүүцэл бичив гээд давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор эсэргүүцлийг дэмжиж оролцов.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шүүхээс Б.Пүрэвбатыг Б.Батсайхантай бүлэглэн бусдын 1 тооны унагыг машин механизм ашиглан хулгайлсан гэм буруутай гэж дүгнэснийг дор дурьдсан үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: Б.Пүрэвбатын Б.Батсайхантай бүлэглэн хохирогч Ц.Ганболдын нэг тооны унагыг хулгайлан авсан үйлдэл нь хангалттай нотлох баримтаар нотлон тогтоогдоогүй байхад дан ганц Батсайхан, түүнтэй нэг ашиг сонирхолтой төрсөн ах болох Түвшинбаатар нарын мэдүүлгээр түүнийг гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дах заалтыг зөрчсөн.

Пүрэвбат нь гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө уг унагыг Б.Батсайхан түрүүлж яваад хулгайлж авсных нь дараа очсон талаараа тогтвортой мэдүүлдэг бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт ч мөн мэдүүлдэг. Гэтэл Б.Батсайханы /44,97-р талд/ мэдүүлэг тогтвортой бус адууг хамт ачилцсан, ачихад нь оролцоогүй гэж өөр, өөрөөр мэдүүлдэг, гэрч Түвшинбаатар нь/193-р талд/ адууг ачихад Батсайхан нь хамт байсан гэж худал мэдүүлэг өгсөөр байхад шүүх энэ мэдүүлгүүдийг үнэлэхдээ алдаа гаргасан гэж үзэж байна. Шүүгдэгч В.Батсайханы хувьд адууг хамт ачилцаад хамт Ноён булаг руу явсан гэж мэдүүлж байснаа гэрч Ганцоожийг мэдүүлэг өгснөөс хойш адууг ачилцаагүй гэж мэдүүлгээ өөрчлөх болсон байдалд ч дүгнэлт хийх шаардлагатай байсан.

...Шүүхээс Б.Пүрэвбатыг Б.Батсайхантай бүлэглэн машин механизм ашиглан хохирогч Ц.Ганболдын нэг тооны унагыг хулгайлан авсан гэх үйлдэл, адууг ачаад хамт явсан үйл баримт шүүгдэгч Б.Батсайхан, Б.Түвшинбаатар нарын мэдүүлгээр нотлон тогтоогдсон гэж дүгнэж түүнийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2, 2.4 хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оноосон түүний гэм бурууд тохироогүй гэж үзэж гомдолтой байна.

Харин Б.Пүрэвбат нь Б.Батсайханы хулгайлж авсан унагыг адуугаа ачаад түүний хойноос нь машинтай очиж, хулгайн гэдгийг мэдсээр байж авсан, улмаар өөрийн хүрэн гүүндээ авахуулсан үйлдэл нь өөрийнх удаа дараа өгсөн мэдүүлэг, гэрч Б.Ганцоожийн хоёр адууг ачиж байхад Б.Батсайхан нь байгаагүй гэсэн мэдүүлгээр баталгаажин нотлогдож байна. Иймд Б.Пүрэвбатад холбогдох хэргийн зүйлчлэлийг 18.6 дугаар зүйлийн 1 дэх :эсэгт зааснаар өөрчилж, түүнд оногдох ялыг тэнсэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-р зүйлд нотолбол зохих байдлуудыг нэрлэн заасан байдаг бөгөөд гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон эрүүгийн хуульд заасан бусад байдалыг нарийвчлан шалгаж нотлох шаардлагатай байдаг. Хэргийн учрал байдал нь Б.Пүрэвбат мэдүүлэхдээ “... 2 гүүг ачих үед Б.Батсайхан байгаагүй... утсаар яриад би таны хүрэн гүүнд унага олчихлоо агаа та хүрээд ир гэсэн. Намайг очиход Б.Батсайхан унага барьчихсан зогсож байсан. Би унагыг авахад Б.Батсайхантай хамт байгаагүй...” гэдэг мэдүүлэг мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд тогтвортой мэдүүлдэг гэрч Ганцоожийн мэдүүлэгээр нотлогддог. Харин шүүгдэгч  Б.Батсайханы хувьд мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд нийт 5-6 удаа мэдүүлэг өгөхдөө өөр өөрөөр мэдүүлэг өгсөн байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч дүгнэлт өгөөгүй байна. Шүүгдэгч Б.Батсайханы мэдүүлгүүдийг нотлох баримтад тооцож Б.Пүрэвбатыг бүлэглэн хулгайлсан гэж үзэж байгаа бол энэ талаар үйл баримттай холбож тухайлбал нотлох баримтыг дурдах биш шүүхийн хэлэлцүүлэгт үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал хууль ёсны байдлыг харьцуулан судлаагүй Б.Пүрэвбат, Б.Батсайхан, гэрч Б.Түвшинбаатар, Б.Ганцоож нарын мэдүүлэгт эрх зүйн дүгнэлтийг хийж үйл баримтыг тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Б.Пүрэвбатын зүйлчлэлийг өөрчлөх боломжгүй гэж дүгнэхдээ Б.Ганцоож, Б.Түвшинбаатар нарын мэдүүлгийг үндэслэл болгосон байдаг. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Б.Пүрэвбат нь Б.Батсайханы бүлэглэн, хулгай хийсэн гэдэг нь бүрэн тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл дээрх нөхцөл байдлыг үнэн зөв нотлохгүйгээр түүнийг буруутгаж шийдвэрлэсэн нь яллах болон цагаатгах нотлох баримтыг дутуу цуглуулж зөвхөн Б.Батсайханы 6 удаагийн өөр өөр мэдүүлсэн мэдүүлгээр ялласан нь учир дутагдалтай байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Б.Пүрэвбатын хувьд огт гэмт хэрэг үйлдээгүй гэж мэтгэлцээгүй. Хулгайн зүйлийг ачиж явсан нь миний буруу гэж гэм буруугаа ойлгож байгаа болохыг шүүх бүрэлдэхүүнд анхаарч үзнэ үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хэргийн материалтай танилцсан. Миний үйлчлүүлэгч давж заалдах гомдол гаргаагүй ч эрх зүйн байдал нь дордож болзошгүй байх тул хэд, хэдэн зүйлд саналаа хэлье. Нэг дэх асуудал. Прокурортой нэг зүйл дээр санал нэг байна. Анхан шатны шүүх хэрэвзээ гэм буруутайд тооцсон л юм бол гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэхэд дүгнэлт хийх ёстой. Үүнийг хуульд нийцээгүй гэж үзэж байна.

Нэг зүйлд санал нийлэхгүй байгаа нь хавтаст хэрэгт авагдсан баримт хангалттай биш байна. Хэрэглэх ёстой хуулийг буруу тайлбарласан эсхүл зүйл ангийг орхигдуулсан бол энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байх нөхцөл байдал тогтоогдож байна. П.Буманзаяа өмгөөлөгчийн гаргаж буй тайлбарын хувьд Б.Пүрэвбатыг “...гэм буруугаа хүлээсэн юм” гэж тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. Хэрвээ “...Б.Пүрэвбат нь хулгайн гэмт хэрэг үйлдсэн талаар баттай мэдэж байсан тул энэ нь Эрүүгийн хуулийн 18 дугаар зүйлийн “Мөнгө угаах” гэмт хэргийн зүйлчлэлтэй тохирох юм” гэж маргалдсан бол арай өөр дүгнэлт гарах байх гэж харж байна.

Нөгөөтэйгөөр миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээсэн. Гэхдээ мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэд хэдэн ноцтой зөрчил гаргасан нөхцөл байдал байгаа харагдсан. Юу вэ? гэвэл нэгдүгээрт хар халзан унагыг таньж олуулах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд нийцсэн эсэхэд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийнэ үү. Яагаад гэвэл содон шинж тэмдгээр нь ялгасан гэх боловч адил төстэй унагатай харьцуулаагүй. Ганц л унага харуулаад энэ мөн үү? гэсэн байдаг. Хоёрдугаарт хянан шийдвэрлэх тухай хуульд харилцан эсрэг сонирхолтой шүүгдэгч нар нэг нь өмгөөлөгчтэй бол нөгөө нь заавал өмгөөлөгч авах ёстой. Миний үйлчлүүлэгчийг зөрүүтэй мэдүүлэг өгсөн гэж тайлбарлаж байна. Өнөөдөр эрх зүйн мэдлэг дутмагаас болж тухайн болсон явдлын талаар ямар байдлаар мэдүүлэг өгсөн гэдэгт дүгнэлт хийж өгнө үү. Яагаад гэвэл гэрчээр өгсөн мэдүүлэг байна. Үүнийг анхаарч үзнэ үү. Мөн өмгөөлөгч нарын зарим саналтай санал нийлж байна. Нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авахдаа яллах талыг цуглуулж, цагаатгах талыг орхисон. Субьектив санаа, зорилгыг нарийн тогтоогоогүй. Жишээ нь Б.Батсайхан гэдэг хүн өөрөө гэм буруугаа хүлээж байгаа боловч 2 дахь үйлдэл буюу зээрд унагыг авахдаа мотоциклтэй явсан. Гэхдээ өөр үйл ажиллагаа үйлдэхээр явж байсан. Энэ мотоциклээр энэ унагыг авна гэсэн санаатай байсныг тогтоогоогүй. Мотоциклын хувьд өдөр тутмын хэрэглээ болохоос унага хулгайлах тээврийн хэрэгсэл биш юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйл зөрчигдсөн гэж харж байна. Учир нь 2 тустаа яллагдагчаар татсан тогтоол үйлдсэн хэдий ч 1 агуулгаар яллах дүгнэлт бичсэн байна. Гэхдээ аль тогтоолыг алинд нь нэгтгэж байгаа үйл баримт хуульд нийцсэн эрх зүйн акт байгаа эсэхэд дүгнэлт хийж өгнө үү. Дээрх үндэслэл бүхий үйл баримтуудад дүгнэлт хийж, хэрэв Б.Пүрэвбатыг миний үйлчлүүлэгчтэй хамтран гэм хэрэг үйлдээгүй байна, эсхүл бүлэглээгүй байна, машин ашиглаагүй байна гэж үзэх юм бол хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү гэсэн саналтай байна.

Энэ бүгдэд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж, хуульд нийцсэн шийдвэр гаргана байх гэсэн саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Б.Пүрэвбат, Б.Батсайхан нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг бүлэглэн, машин механизм ашиглан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарыг тус бүр  01 жил 10 хоногийн хорих ялаар шийтгэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хүчингүй болгож, цагдан хорьж шийдвэрлэсэн байна.

 

Дээд шатны прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн давж заалдах гомдлын дагуу Б.Пүрэвбат, Б.Батсайхан нарт холбогдох эрүүгийн 2033000640026 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь  ХЯНАВАЛ:

Прокуророос шүүгдэгч Б.Пүрэвбатыг Б.Батсайхантай бүлэглэн, машин механизм ашиглан хохирогч Ц.Ганболдын нэг тооны унагыг хулгайлан авсан, шүүгдэгч Б.Батсайханыг  машин механизм ашиглан иргэн Х.Шинэбаярын нэг тооны унагыг хулгайлан авсан, мөн шүүгдэгч  Б.Пүрэвбаттай бүлэглэн, машин механизм ашиглан хохирогч Ц.Ганболдын нэг тооны унагыг тус тус хулгайлж авсан гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд  заасан нотолбол зохих байдлыг  мөрдөн байцаалтын шатанд тогтоож чадаагүй байна гэж үзлээ.

Тухайлбал гэрч Б.Ганцоожийн “...2020 оны 05 дугаар сарын эхээр байсан санагдаж байна. Батсүх гуайн өвөлжөөн дээр Пүрэвбат, Түвшинбаатар 2 цэнхэр өнгийн портер маркийн машины тэвш дээр хар алаг зүсмийн гүү ачсан бас нэг гүү ачих гээд зогсож байсан. Тэгээд би хүрэн гүүг нь хамт ачилцаж өгөөд цааш харих гээд явсан. Адуу ачихад Пүрэвбат, Түвшинбаатар бид 3 л байсан өөр хүн байгаагүй...” гэж мэдүүлсэн бол шүүгдэгч Б.Батсайхан “... Пүрэвбат ах ирээд адуугаа ачилцаад өгөөч гэхээр нь хамт ачилцаад  Орхонтуул сум руу хамт яваад ирэхээр нь хамт машинтай явж байхад полны захад нэг унага  ганцаараа явж байхаар аваад машинд ачсан...” гэж, шүүгдэгч Б.Пүрэвбат “ ... Батсайхан над руу залгаад би хүрэн гүүнд чинь унага олчихсон шүү. Хоёр гүүгээ ачаад торон хаалган дээр хүрээд ирээрэй гэсэн. Тэгээд Батсүх ахын гаднаас машиндаа 2 гүүгээ ачаад  ... торон хаалган дээр ирэхэд хар халзан унага барьчихсан зогсож байсан.  Тэгээд тэр унагыг ачиж аваад Орхонтуул сум руу явсан...” гэж өөр өөрөөр мэдүүлсэн байдаг.

Гэтэл прокуророос эдгээр өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлгүүдээр шүүгдэгч нарыг мал хулгайлах  гэмт хэргийг машин механизм ашиглан бүлэглэж үйлдсэн нь тогтоогдсон гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх ба  шүүх тухайн мэдүүлгүүдэд хууль зүйн дүгнэлт огт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байна.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан шүүгдэгч нарыг гэм буруутай эсэх гэмт хэргийн сэдэлт зорилго,  шүүгдэгч нарын гэмт хэрэгт хэрхэн хамтран оролцсон,  гэмт хэрэг үйлдэхэд  гүйцэтгэсэн үүрэг оролцоо болон тэдгээрийн гэм буруугийн хэлбэр зэрэг шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн эсэх талаар нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй  хэргийг нарийвчлан шалгаагүй  буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дах заалтыг зөрчсөн  байна.

 

Б.Пүрэвбат, Б.Батсайхан нар бүлэглэн Ц.Ганболдын 1 тооны унагыг шунахайн сэдэлтээр, тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан, шүүгдэгч Б.Батсайхан иргэн Х.Шинэбаярын 1 тооны унагыг шунахайн сэдэлтээр, тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан гэх үйлдлүүдэд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас 2020 оны 06 дугаар сарын 04-ны өдөр 2033000640026, 2033000660027 дугаартай прокурорын тогтоолуудаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ.

Прокурор 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр мөрдөгчийн эрүүгийн хэргийг нэгтгэх саналыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан 04 дугаартай тогтоолоор яллагдагч Б.Батсайханд холбогдох 2033000660027 дугаартай хэргийг Б.Батсайхан, Б.Пүрэвбат нарт холбогдох 2033000640026 дугаартай хэрэгт нэгтгэсэн боловч энэ талаар яллах дүгнэлтэд дурьдаагүй нь мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2-д заасан заалтыг  зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.  

Мөн шүүгдэгч Б.Пүрэвбат нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар маргаантай байхад түүнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж Эрүүгийн хуульд заасан ялыг хөнгөрүүлэх тухай зохих заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, түүнчлэн шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар буюу бүлэглэн үйлдсэн үйлдэлд нь эрүүгийн хариуцлага оногдуулсан атлаа шүүгдэгч нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан  хулгайлах гэмт хэрийг машин механизм ашиглан  үйлдсэн гэсэн зүйлчлэлийн талаар ямар нэгэн дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.

 

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/189 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг Сайхан дахь сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.

 

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Батсайхан, Б.Пүрэвбат нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ                                    Д.БУЯНЖАРГАЛ                                                                                

                       ШҮҮГЧИД                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                                                                                 Г.ДАВААРЕНЧИН