Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 541

 

 

МАГАДЛАЛ

 

2019.03.25                                                 Дугаар 541                                      Улаанбаатар хот

 

 

 

Л.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/00214 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Л.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Б-т холбогдох,

 

Шударга эзэмшигч болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Л.Б ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2008 оны 3 дугаар сарын 07-ны өдөр гэртээ нас барсан Ш.Б аавынхаа надад худалдсан газрыг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.1.3-т заасныг зөрчиж 528.4 дэх хэсэгт өөр өвлөх эрхээ нээлгээгүй байж 2008 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс хойш тасралтгүй 10 жил шударга эзэмшиж амьдарсан миний газар эзэмших эрхийг зөрчиж байна. Уг газар дээр кадастрын зураг хийлгэж, 2008 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны засаг даргаар тодорхойлолт хийлгэж №0032280 дугаартай газар өмчлөх гэрчилгээг гаргуулсан байхад Ц.Б нь өвлөгчөөр тогтоолгосон гэж миний эрхэнд хууль бусаар халдаж байна. 2007 оны 02 дугаар сарын13-ны өдөр Ш.Б бэлэглэлийн гэрээг хууль бусаар хийж уг газрын өмчлөгчөөр тогтоолгон №000002590 тоот гэрчилгээтэй болсон байдаг юмаа. Ш.Б 2008 оны 3 дугаар сарын 05-нд Г2203001675-рт бүртгэлтэй №000024147 дугаартай гэрчилгээг надад өгч надаас бэлнээр 6 500 000 төгрөг авч өөрийн гараар ҮХЭХБГ-ын мэдүүлэг дээр бэлэглэлээр худалдсанаа бичиж өгсөн. Ингээд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 10 дугаар гудамжны 284 тоот, 493.10 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээнд №Г2203001675-рт бүртгэгдэж №000032280 тоот гэрчилгээтэй болсон. Ш.Б-ныг хамтран өмчлөгч болохоос өмнө надад бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж би өмчлөгч нь болсон байсан. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар саррын 03-ны №1230 тоот шийдвэрээр надыг буруутган Ш.Б өвлөгч болсон. Үүний дараа Сүхбаатар дүүргийн шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №03130 тоот шийдвэрээр өвлөгч болсон Ц.Б нь Ш.Ц-ны Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн    10-284 тоотод хамт амьдарч байсан гэх нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байхад надыг буруутгах үндэслэлгүй ба Ш.Б өвлөгч болох үндэслэлгүй. Өнөөдрийг хүртэл Сүхбаатар дүүрэг дүүрэг 9 дүгээр хороо Алтайн 10-284 тоотод 10 жил 7 сар ил тод шударгаар өмчилж эзэмшиж ирсэн. Миний бие 2008 оноос хойш 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 10 дугаар гудамжны 284 тоотыг ил тод шударгаар эзэмшиж байна. Иймд намайг шударга эзэмшигч болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Миний аав 2008 оны 3 дугаар сарын 07-ны өдөр нас барсан. Гэтэл аавыг минь өнгөрснөөс хойш 4 сарын дараа буюу 2008 оны 7 дугаар сарын 29-нд Л.Б  нь миний аавын төрсөн ах болох Ш.Б-тай үгсэн хуйвалдаж, аавын өмч болох Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 10-284 тоот гэр бүлийн хэрэгцээний газрыг хууль бус бэлэглэлийн гэрээ хийж авсан байдаг. Ингээд 2 сарын дараа буюу 2008 оны 8 дугаар сарын 22-нд Ш.Б-ныг өмчлөгчөөр нэмж оруулах хэлцлээр нэмж улмаар Л.Б , Ш.Б нарын хамтран өмчлөгчийн гэрчилгээ гаргуулсан байдаг. Энэ үйл явдлаас хойш 4 жилийн дараа 2012 оны 3 дугаар сарын 12-нд Багахангай, Налайх дүүргийн шүүхэд Ш.Б нь Л.Б гээ хариуцагчаар татаж 2008 оны 07 дугаар сарын 29-нд Л.Б  болон миний аав Ш.Б нарын хооронд хийгдсэн бэлэглэлийн гэрээг 97 тоот шийдвэрээр хүчингүй болгуулсан байдаг. Дараа нь Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж 2012 оны 7 дугаар сарын 03-нд Л.Б г хамтран өмчлөгчөөс хасуулах 1230 тоот шийдвэр гаргуулсан байдаг. Үүнд Л.Б  гомдол гаргаж, гомдлыг 3 шатны шүүх хэрэгсэхгүй болгон, Сүхбаатар дүүргийн 2012 оны 7 дугаар сарын 03-ны 1230 тоот шийдвэр нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр болсон байдаг. Л.Б  Налайхад амьдарч байгаад саяхан 2018 оны 8 дугаар сарын 21-нд шилжиж ирсэн байдаг юм. Иймээс Л.Б-гийн шударга эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэл огт үндэслэлгүй тул энэхүү хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ц.Б-т холбогдох Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 10 дугаар гудамжны 284 тоот хаягт байрлах 493,1 м.кв талбайтай газрын шударга эзэмшигчээр тогтоолгох тухай Л.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Б  нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ямар нэгэн нотлох баримт байхгүй өөрийнхөө санаж хардаж байгаагаараа тайлбарласныг шүүх хүлээн авч үнэлэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Ц.Б-ын тайлбараар Л.Б  Ш.Б нарын хоорондох бэлэглэлийн гэрээг Налайх дүүргийн №97 шийдвэр, №12 тогтоол, Нийслэл ба Дээд шүүхийн №01020 тогтоолоор бэлэглэлийн гэрээний асуудлыг хэрэгсэхгүй болгосон байхад 2008 оноос хойш тасралтгүй амьдарч байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах дараах үндэслэл тогтоогдов.

Нэхэмжлэгч Л.Б  нь хариуцагч Ц.Б-т холбогдуулан шударга эзэмшигч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 10 дугаар гудамжны 284 тоот газрыг сүүлийн 10 жилийн хугацаанд шударгаар ил тод эзэмшиж байгаа гэх боловч шударга эзэмшигчийг шүүхийн шийдвэрээр тогтоохоос илүүтэйгээр бодит байдал, нотлох үйл баримт шаардлагатай байдаг. Тодруулбал, нэхэмжлэгч нь шударга эзэмшигч байснаар ямар эрх ашгаа, хэрхэн хамгаалуулах талаарх нөхцөл байдлыг шүүх тодруулж, эрх ашиг нь хөндөгдөж болох өөр этгээд байгаа эсэхийг хэргийн оролцочдод эрх үүрэг тайлбарлах журмаар тодруулах шаардлагатай байжээ.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагааг дутуу хийсэн гэж үзнэ.     Шүүх нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой байснаар талууд тухайн маргааны үйл баримтын талаарх нотлох баримтыг гаргаж мэтгэлцэх, улмаар шүүх шаардах эрхийн үндэслэл, түүнийг зохицуулсан хуулийн заалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм.

Давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг нөхөн гүйцэтгэж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д тус тус зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/00214 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

            ШҮҮГЧИД                                   Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                М.НАРАНЦЭЦЭГ