| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2022/02154/И |
| Дугаар | 102/ШШ2022/02772 |
| Огноо | 2022-08-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2022/02772
| 2022 оны 08 сарын 04 өдөр | Дугаар 102/ШШ2022/02772 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Э.У.
Хариуцагч: Б.Х
Гэрээний үүргийн биелэлтэд 160,035,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.У, өмгөөлөгч З.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н. нар оролцож, хариуцагч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.У нь хариуцагч Б.Х холбогдуулж зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 160,035,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1. Нэхэмжлэгч Э.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд өмгөөлөгч З.А тайлбарлахдаа: 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Б.Х нь 55,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 3,5 хувийн хүүтэй, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 18,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй тус тус зээлдэж зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээг хугацаа хэтэрвэл алданги төлөх нөхцөлтэй байгуулсан. Хариуцагч гэрээний үүргээ огт биелүүлээгүй бөгөөд 55,000,000 төгрөгний 6 сарын хүү 11,550,000 төгрөг, нэг хоногийн алданги 275,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 17-ноос 2019 оны 06 дугаар сарын 01 хүртэл 100 хоногийн алданги 27,500,000 төгрөг нийт 94,050,000 төгрөг. 18,000,000 төгрөгний гэрээний 6 сарын хүү 4,320,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 03-наас 2019 оны 07 дугаар сарын 18 хүртэл 100 хоногийн алданги 9,000,000 төгрөг энэ зээлийн үүрэг нийт 31,320,000 төгрөг болсон. Хариуцагч Б.Х нь 2018 оны 07 дугаар сарын дундуур 10,000,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 13-нд 1,000,000 төгрөг 2018 оны 10 дугаар сарын 15-нд 2,165,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 23-нд 4,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 29-нд 11,500,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 01-нд 5,000,000 төгрөг бэлнээр зээлсэн. Эдгээр мөнгийг хариуцагчийн данс руу шилжүүлсэн. Прокурорын тоготоолоор 121,665,000 төгрөг зээлсэн болох нь тогтоогдсон. Зээлсэн мөнгөний дүнд хариуцагч маргахгүй байгаа. Төлбөрөөс 12,000,000 төгрөгт тооцож машин авсанаа нэхэмжлэлийн үнээс хасаж тооцсон. Хөөргөө ломбардад 5,000,000 төгрөгний барьцаанд тавьсан, алдах гээд байна. Уг нь 50,000,000 төгрөгний үнэ хүрэх юм, чи аваад байж бай боломжтой болохоороо эргүүлж авъя, ломбардын 5,000,000 төгрөгийг хасаад 45,000,000 төгрөгөөр өгье гэхэд нь тухайн үед юм бодолгүй авсан. Сүүлд нь хөөрөгний үнэ судлахад 15,000,000 төгрөгний үнэ хүрэх хөөргөө надад 45-50,000,000 гэж хэлээд өгсөн байсан. Хөөргийг нь ченжид үзүүлэхэд үсрээд 20,000,000 төгрөг хүрэхээр байсан. Мөнгөө нэхэж гэрт нь очиход ах нь хоёулаа тохиръё гээд машин, хөөрөгний талаар ярьж би зөвшөөрсөн юм. Хөөргийг нь одоо буцааж өгнө. 2018 оны 07 дугаар сарын дундуур зээлсэн 10,000,000 төгрөг зээлийн гэрээгээр зээлсэн 55,000,000 төгрөгний үнийн дүнд орсон тул хасагдсан. 500,000 төгрөгт тооцож хэвийн боов авсан, зээлээс хасагдана. Б.М шилжүүлсэн мөнгө зээлээс хасагдана. Нийт зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Б.Х 160,035,000 төгрөг нэхэмжилж байна гэв.
2. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2018 оны 08 дугаар сарын 17, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрүүдэд зээлийн гэрээ байгуулж мөнгийг зээлж авсан. Дараа нь шилжүүлсэн мөнгийг бас авсан. Нийт зээлсэн үнийн дүнд маргахгүй боловч 2018 оны 07 дугаар сарын дундуур зээлсэн гэх 10,000,000 төгрөг анхны зээлийн гэрээний 55,000,000 төгрөгт орсон. Зээлийн үнийн дүнг зөвшөөрнө. 2019 оны 07 дугаар сарын 30-нд зээлийн 12,000,000 төгрөгт тооцож машины эзэмшил шилжүүлсэн. Мөн өдрөө шүрэн толгойтой их гарын хөөргийг 45,000,000 төгрөгт тооцож бодож авсан. Энэ тухай баримтжуулж зээлээс 58,000,000 төгрөг үлдсэнг баталгаажуулж нэхэмжлэгч гарын үсэг зурсан баримт үйлдсэн. Хариуцагч зээлд 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 1,925,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 3,080,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 500,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 3,200,000 төгрөг төлж эхний гэрээг дуусгавар болгосон. Ах Б.М данснаас 2019 оны 10 дугаар сарын 05-наас 2022 оны 02 дугаар сарын 23-ныг хүртэл 500,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 4,000,000 төгрөг гэсэн дүнгээр шилжүүлсэн. 500,000 төгрөгт тооцож хэвийн боов өгсөн дүн зээлээс хасагдана. Нийт 100,505,000 төгрөг төлсөн гэв.
3. Нэхэмжлэгчээс 2018 оны 08 дугаар сарын 17, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээ, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 152 дугаартай Хан-Уул дүүргийн Прокурорын тогтоол,
4. Хариуцагчаас 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Э.У бичсэн баримт, Б.М Хаан банкны дансны хуулга, хариуцагч Б.Х Хаан банкны дансны хуулга гэх баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Э.У нэхэмжлэлээс 67,412,500 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 92,622,500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул хүү, алдангийн хамт 160,035,000 төгрөг гаргуулна, хариуцагч нь 58,000,000 төгрөгийн авлагатай болохоо нэхэмжлэгч зөвшөөрч тооцоо нийлсэн. Зээлээс 100,505,000 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй хэмээн тус тус шаардах эрх, үгүйсгэсэн үндэслэлээ тодорхойлсон.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигчийн хооронд 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 55,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 3,5 хувийн хүүтэй, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 18,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 4 хувийн хүүтэй, зээлийн хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд төлөгдөөгүй үлдсэн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцож тус тус зээлийн гэрээ байгуулагдсан.
Мөн зохигчийн хооронд 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 13-нд 1,000,000 төгрөг 2018 оны 10 дугаар сарын 15-нд 2,165,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 23-нд 4,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 29-нд 11,500,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 01-нд 5,000,000 төгрөгийг зээлдүүлж зээлийн гэрээ байгуулагдсан болох нь талуудын тайлбар, нэхэмжлэгч Э.У Хаан банкны дансны хуулгаар зээлийн мөнгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.
4. Шүүх хуралдаанд талууд зээлийн гэрээ болон, гэрээний үүрэгт шилжүүлсэн дээрх үнийн дүнд маргаагүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтөй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан.
Зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан хүчин төгөлдөр хэлцэл байна.
5. Хариуцагч 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 66,550,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 22,320,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 03-наас 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл зээлсэн зээлийн гэрээний үүрэгт 28,665,000 төгрөг төлөх үүргийг хүлээсэн.
6. Нэхэмжлэгч, хариуцагчаас шүүхэд баримтаар ирүүлсэн Хаан банкны дансны хуулга нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй боловч, хэн аль нь шилжүүлсэн үнийн дүнд маргаагүй, Б.М Хаан банкны дансаар шилжүүлсэн мөнгө хариуцагчаас төлөх гэрээний үүргийн үнийн дүнд тооцогдохыг зохигч зөвшөөрч тайлбарласан тул эдгээр баримтыг үнэлж, хэргийг шийдвэрлэлээ.
7. Хариуцагч Б.Х нь 2018 оны 08 дугаар сарын 03, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт нийт 88,870,000 төгрөг төлөхөөс 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 1,925,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 3,080,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 500,000 төгрөг нийт 5,505,000 төгрөг төлсөн болох нь Хаан банкны дансны шилжүүлгээр тогтоогдсон тул 88,870,000 төгрөгөөс гэрээний хугацаанд төлөгдсөн 5,505,000 төгрөгийг хасаж /88,870,000-5,505,000=83,365,000/ 83,365,000 төгрөг төлөх үлдэгдэлтэй байна.
Зохигч зээлийн гэрээгээр зээлийн хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд төлөгдөөгүй үлдсэн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар 83,365,000 төгрөгийн 50 хувь буюу 41,682,500 төгрөгийн алдангийг хариуцагч төлөх үүрэгтэй.
Зохигч 2018 оны 08 дугаар сарын 03-наас 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд 28,665,000 төгрөгийг дансаар болон бэлнээр шилжүүлж авсан үнийн дүнд маргаагүй тул үүргийн биелэлтэд 83,365,000 төгрөг, 28,665,000 төгрөг, алданги 41,682,500 төгрөг нийт 153,712,500 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй бөгөөд үүнээс хариуцагч Б.Х, түүний ах Б.М данснаас нийт 28,800,00 төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу зээл төлөлт гэж шилжүүлсэн, 500,000 төгрөгний үнэ бүхий хэвийн боов, 12,000,000 төгрөгт тооцож шилжүүлсэн автомашин, 45,000,000 төгрөгт тооцсон их гарын хөөрөг гэх нийт 86,300,000 төгрөг төлөгдсөн тул хасаж тооцох нь зүйтэй.
8. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч хөөргийг зээлд тооцож аваагүй, ломбарднаас аваад өгөөч гэж гуйснаар авч өгсөн гэж тайлбарласан боловч түүний 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр бичсэн 115,000,000 төгрөгийн авлагад машиныг 12,000,000 төгрөгт, шүрэн толгойтой алтан нуухтай их гарын хөөрөг 45,000,000 төгрөгт бодож авав. Үлдэгдэл 58,000,000 төгрөгний авлагатай болно гэж баталгаажуулсан бичвэрээс үзэхэд талууд хөөргийг 45,000,000 төгрөгт тооцож зээлээс хассан болох нь тогтоогдож байгаа тул 153,712,500 төгрөгнөөс 86,300,000 төгрөгийг хасахад /153,712,500-86,300,000=67,412,500/ хариуцагч Б.Х нь гэрээний үүргийн биелэлтэд 67,412,500 төгрөг төлөх үндэслэлтэй байна.
9. Иймд хариуцагч Б.Х 67,412,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.У олгож, нэхэмжлэлээс үлдэх 92,622,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
10. Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Х хангасан үнийн дүнгийн хэмжээгээр төлбөр гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Б.Х 67,412,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.У олгож, нэхэмжлэлээс үлдэх 92,622,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 958,125 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Х 495,012 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.У олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА