2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1601

 

 

 

 

 

 

 

  

   2025       06         16                                       2025/ШЦТ/1601

 

                            

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

улсын яллагч Б.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Л.Т, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Т-д холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Л.Т-д

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

Шүүгдэгч Л.Т нь 2023 оны 08 дугаар сарын 19-ны өдөр ********* дүүргийн *** дүгээр хороо, ******* зуслангийн *** дугаар гудамжны *** тоотод оршин суух Ш.Бгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 501,834 төгрөгийн үнэ бүхий дуран, душ, мишок, дээл, цүнх зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлахыг завдсан гэмт хэрэг хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Л.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би авто угаалгын газар ажилладаг. Өмнө нь таньдаг байсан нэг залуутай таарахад “бид ойрхон явж, салхинд суух гэж байна, цуг явъя” гэсэн. Тэнд очоод 1,2 шил архи, пиво уусан. Нэг айлд орж архи ууж байгаад, хоорондоо маргалдаад, намайг зодох  гэхээр нь гараад зугтаасан. Буцаж ирээд нөгөө айлаа хайж байгаад, өөр айл руу орсон байсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогчийн гэрээс авсан эд зүйлээ бүгдийг нь буцаан өгсөн. Одоогоор бага насны хоёр хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Хувиараа шаврын ажил хийдэг байсан. Надад энэ үйлдлээс өөр хулгай хийсэн үйлдэл байхгүй. Хийсэн хэрэгтээ харамсаж байна” гэв.

           

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, (хх-ийн 7- 13 дугаар хуудас)

- Хохирогч Ш.Бгийн өгсөн "...2023 оны 08 сарын 19-ний өдөр...манай зуслангийн хашаа байшинг харж манаж байдаг хажуу айлын О гэгч нь манай эхнэр Б руу утсаар залгаад таны байшинд хулгай орсон байна, нэг сэжигтэй юм аваад явж байсан хүнийг барьчихлаа, цагдаад дуудлага өгсөн. Тэгээд... ирэхэд байшингийн маань 1 давхрын баруун талын арын цонх нээлттэй байсан цагдаагаас үзлэг хийж байсан юм. Би гэртээ ороод эд зүйлсээ бүртгэхэд манай байшингийн 1 давхарт буйдангийн харалдаа байсан... Celestron маркийн "Powerseeker 76 AZ" холын дуран алдагдсан, 2 давхраас миний 2 ширхэг хар өнгийн цүнхтэй аялалд явахдаа хэрэглэдэг хувцас эд зүйлс алдагдсан байсан юм. Тухайн зүйлсийг авсан хулгайч этгээд нь баригдсан байсан бөгөөд би эд зүйлсээ эргүүлэн авсан.. Уг цүнхэнд ногоон өнгийн хөвөн дотортой дээл 1 ширхэг, 20 литр багтаамжтай аяны душ 1 ширхэг, цэнхэр өнгийн 1 хүний мишок, эсгий оймс 1 хос зэргийн эд зүйлс байсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 18-20 дугаар хуудас)

- Гэрч Т.О-ийн өгсөн 2023 оны 08 дугаар сарын 19-ны өдөр... Т нойл орохоор гарчхаад удаагүй миний утас руу залгаад Б-ын хашаанд байшингийн цонх нээчихсэн 1 эрэгтэй хүн байна гэж хэлсэн бөгөөд би гарч харчхаад очиход тэр эрэгтэй нь зугтаад өөр айлын хашаа руу орчихсон юм. Би тэр үед буцаж гэрт ороод хүүгээ найзтай нь дуудаад очиж зуслангийн цахилгаан станцын орчимд бариулсан. Тэр хүн 2 ширхэг хар цүнхтэй эд зүйл, 1 ширхэг 3 хөлтэй дуран авчихсан байсныг төв зам руу явах хэсэгт үлдээсэн байсан... Б эгчийнхээс юм хулгай хийж байсан хүн нь 25-30 орчим насны бага зэрэг сахалтай, цээжин дээрээ бууны шивээстэй, туранхай биетэй хүн байсан..." гэх мэдүүлэг (хх- ийн 21-22 дугаар хуудас)

- Гэрч Г.Т-ийн өгсөн "...2023 оны 08 дугаар сарын 19-ны өдөр...Б гэгчийн байшингийн баруун ар талын цонх нээгдсэн төмөр шат хажууд нь байсан бөгөөд байшингийн сүүдэрт саарал цамц, цайвар жинсэн өмдтэй 25-30 орчим насны туранхайвтар эрэгтэй хүн 2 ширхэг хар өнгийн цүнх, том хар өнгийн дуран авчихсан байсан бөгөөд би тэр хүн намайг харчхаад шууд хашаанаас гарж зугтахыг оролдсон юм... хашаанаас гарах үед араас нь яваад Зуслангийн цахилгаан станцын арын хэсэгт бурьж авахад надаас зугтаад яваад өгсөн юм. Тэгчхээд тэр хүн өөр айлын хашаа руу орчхоод охин бид хоёр хүүхдүүд дуудаж бариулаад цагдаад мэдэгдсэн юм..." гэх мэдүүлэг (хх-ийн 23-25 дугаар хуудас)

- Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ЧД2-23-744 дугаартай тайлан (хх-ийн 36-41 дүүгээр хуудас) зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт: 

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Шүүгдэгч Л.Т нь 2023 оны 08 дугаар сарын 19-ны өдөр ********* дүүргийн *** дүгээр хороо, ******* зуслангийн *** дугаар гудамжны *** тоотод оршин суух Ш.Б-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 501,834 төгрөгийн үнэ бүхий дуран, душ, мишок, дээл, цүнх зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлахыг завдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчоос нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдаж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Өсөхбаяр гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Миний үйлчлүүлэгч Л.Т хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

Шүүгдэгч Л.Т гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Л.Т нь 2023 оны 08 дугаар сарын 19-ны өдөр ********* дүүргийн *** дүгээр хороо, ******* зуслангийн *** дугаар гудамжны *** тоотод оршин суух Ш.Б-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 501,834 төгрөгийн үнэ бүхий дуран, душ, мишок, дээл, цүнх зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч гарч байгаад баригдсан болох нь:

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Ш.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "...2023 оны 08 сарын 19-ний өдөр...манай зуслангийн хашаа байшинг харж манаж байдаг хажуу айлын О гэгч нь манай эхнэр Б руу утсаар залгаад таны байшинд хулгай орсон байна, нэг сэжигтэй юм аваад явж байсан хүнийг барьчихлаа, цагдаад дуудлага өгсөн. Тэгээд... ирэхэд байшингийн маань 1 давхрын баруун талын арын цонх нээлттэй байсан цагдаагаас үзлэг хийж байсан юм. Би гэртээ ороод эд зүйлсээ бүртгэхэд манай байшингийн 1 давхарт буйдангийн харалдаа байсан... Celestron маркийн "Powerseeker 76 AZ" холын дуран алдагдсан, 2 давхраас миний 2 ширхэг хар өнгийн цүнхтэй аялалд явахдаа хэрэглэдэг хувцас эд зүйлс алдагдсан байсан юм. Тухайн зүйлсийг авсан хулгайч этгээд нь баригдсан байсан бөгөөд би эд зүйлсээ эргүүлэн авсан.. Уг цүнхэнд ногоон өнгийн хөвөн дотортой дээл 1 ширхэг, 20 литр багтаамжтай аяны душ 1 ширхэг, цэнхэр өнгийн 1 хүний мишок, эсгий оймс 1 хос зэргийн эд зүйлс байсан..." гэх мэдүүлэг, гэрч Т.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн 2023 оны 08 дугаар сарын 19-ны өдөр... Т нойл орохоор гарчихаад удаагүй миний утас руу залгаад Бадамын хашаанд байшингийн цонх нээчихсэн 1 эрэгтэй хүн байна гэж хэлсэн бөгөөд би гарч харчихаад очиход тэр эрэгтэй нь зугтаад өөр айлын хашаа руу орчихсон юм. Би тэр үед буцаж гэрт ороод хүүгээ найзтай нь дуудаад очиж зуслангийн цахилгаан станцын орчимд бариулсан. Тэр хүн 2 ширхэг хар цүнхтэй эд зүйл, 1 ширхэг 3 хөлтэй дуран авчихсан байсныг төв зам руу явах хэсэгт үлдээсэн байсан... Б эгчийнхээс юм хулгай хийж байсан хүн нь 25-30 орчим насны бага зэрэг сахалтай, цээжин дээрээ бууны шивээстэй, туранхай биетэй хүн байсан..." гэх мэдүүлэг, гэрч Г.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "...2023 оны 08 дугаар сарын 19-ны өдөр...Б гэгчийн байшингийн баруун ар талын цонх нээгдсэн төмөр шат хажууд нь байсан бөгөөд байшингийн сүүдэрт саарал цамц, цайвар жинсэн өмдтэй 25-30 орчим насны туранхайвтар эрэгтэй хүн 2 ширхэг хар өнгийн цүнх, том хар өнгийн дуран авчихсан байсан бөгөөд би тэр хүн намайг харчихаад шууд хашаанаас гарж зугтахыг оролдсон юм... хашаанаас гарах үед араас нь яваад Зуслангийн цахилгаан станцын арын хэсэгт барьж авахад надаас зугтаад яваад өгсөн юм. Тэгчихээд тэр хүн өөр айлын хашаа руу орчихоод охин бид хоёр хүүхдүүд дуудаж бариулаад цагдаад мэдэгдсэн юм..." гэх мэдүүлэг, Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ЧД2-23-744 дугаартай тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинж, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” гэж хүндрүүлэх шинжийг тус тус заажээ.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3-д “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.

“Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.

 

Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг.

 

Харин дээрх гэмт хэргийг үйлдэхдээ “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн тохиолдолд хохирлыг хэмжээ шаардахгүй ба тусгай хамгаалсан байр гэх ойлголт нь эзэмшигч, өмчлөгчөөс өөр этгээд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсхүл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх бөгөөд халдагч этгээд хориг саадтай болохыг мэдсээр байж зөрчсөн үйлдлийг ойлгоно.

Шүүгдэгч Л.Т нь хохирогч Ш.Бгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 501,834 төгрөгийн үнэ бүхий дуран, душ, мишок, дээл, цүнх зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан ба түүний энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.Т нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, Л.Тгийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Харин гэмт хэрэг гарах үед хохирогчийн хажуу айлын хүн болох Төмөр нойл орохоор гэрээсээ гарч яваад хохирогч Ш.Бгийн гэрийн цонх онгорхой байхыг харж сэжигтэй байсан хүний араас хөөж явснаар гэрчийн хүсэл зоригоос шалтгаалж шүүгдэгч Л.Тгийн гэмт үйлдэл таслан зогсоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж хуульчилсан. Шүүгдэгч Л.Тгийн үйлдэл нь хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгчийг “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлахыг завдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүгдэгч Л.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт нийт 26 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд нь оруулан тооцуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Өсөхбаяр эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ “Миний үйлчлүүлэгч өөрийн үйлдсэн гэм буруу дээрээ маргаагүй, бусдад төлөх төлбөргүй нь хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгаа. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээ болох 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Л.Т эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ “Хэлэх зүйлгүй” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Л.Т нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнийг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилжээ.

 

Шүүх шүүгдэгч Л.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, шүүгдэгч нь энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгэгдсэн ч засрал хүмүүжлийг олохгүй ахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн,   зэрэг нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудал: 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилжээ.

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх/адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар шүүгдэгч Л.Т нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч Ш.Бд 501,834 төгрөгийн үнэ бүхий дуран, душ, мишок, дээл, цүнх зэргийг биет байдлаар хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Тгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

Шүүгдэгч Л.Т нь 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 26 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.Тд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л.Т-г “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлахыг завдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.Тг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Тд оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

4. . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.Тд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Тгийн цагдан хоригдсон 26 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Л.Тгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.АЮУШЖАВ