2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1602

 

 

 

 

 

 

2025         06          16                                    2025/ШЦТ/1602

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

улсын яллагч П.Даваасүрэн,

хохирогч Б.Х,

шүүгдэгч М.Е нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Е-д холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч М.Е нь 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ******** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* гэх караокед Б.Х-ын нүүр лүү нь гараараа цохиж биед нь зүүн ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн хөмсөгт язарсан шарх, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алиманд цус харвалт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Е шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр болсон асуудлыг нэг бүрчлэн сайн санахгүй байгаа. Хүмүүстэй муудалцаж байснаа болон олон удаа гарч ороод байсан гэдгээ санаж байна. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан ба гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Буяндэлгэр гэх хүн их согтолттой байгаагүй гэхдээ коридорт бие зассан байсан. Хохирогчийг анх хэн заамдсан гэдгийг санахгүй байна. Хэрэг гарсны маргааш би хохирогчтой очиж уулзаад 600,000 төгрөг шилжүүлсэн. Хохирогч хэрвээ эмчилгээний зардал нэхэмжлэвэл би төлнө. ” гэв.

Хохирогч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр ажлынхаа Б-тээ караокед орсон. 1 цаг орчмын дараа гарч ирэхэд М.Е-тэй цуг явж байсан залуу коридорт шээж байсан. “Боль” гэсэн шаардлага тавихад манай найз руу дайрч, зодолдох гэхээр нь болиулсан. Доошоо шатаар буух үед 2 давхарт намайг хүлээж байгаад нэг нь заамдаж хананд шахаад доошоо  дарахад М.Е гараараа биш хөлөөрөө өшиглөсөн. Цээж рүү 2 удаа өшиглөсөн. Цээжний зураг авхуулсан гэхдээ нүд хөмсөгний хохирлын асуудлаа шийдвэрлүүлэхээр өргөдөл гаргасан. Хэрэгт “гараараа цохисон” гэж мэдүүлсэн. “өшиглөсөн” гэх үйлдлийг нотлох зүйл нь зочид буудлын ресейпшн хажууд байсан учраас нотолно. Буудлын камерын бичлэгт коридор хэсгийн бичлэг сайн харагдахгүй байсан. Орж, гарч байгаа нь харагдаж байсан. М.Е намайг гараараа цохиогүй, хөлөөрөө өшиглөсөн. Хамт явж байсан хүн нь намайг заамдаад доошоо дарсан байхад М.Е намайг хөлөөрөө өшиглөөд, цус гарахад хаяад явцгаасан. Хөмсөг, нүдний ухархай хэсэгт гэмтэл учирсан. Эмнэлэгт үзүүлэхэд 6 сарын хугацаанд харах ёстой гэсэн. Өмнө нь нүдэнд эмчилгээ хийх боломжгүй. Хараа алдалт 40 хувьтай гэсэн. Одоо баримтаар нэхэмжлэх зүйл байхгүй. Нүдний ухархайн цөмөрсөн хугарлын тухайд эмч 6 сарын хугацаанд нүдний хараанд өөрчлөлт ороод муудвал хагалгаа хийлгэх шаардлагатай, 6 сарын хугацаанд нүдний хараа хэвийн байвал хагалгаа хийлгэх шаардлагагүй гэж хэлсэн. Улсын эмнэлэг, хувийн эмнэлэгт үзүүлэхэд 40 хувийн хараа алдалттай гэсэн. 6 сарын дараа эмчилгээ хийлгэх эсэхийг шийднэ гэсэн. Намайг шат руу унаад босож ирэхэд өндөр цагаан цамцтай залуу намайг заамдсан. Буудлын хяналтын камерын бичлэгт сайн харагдахгүй байсан. Орж гарч байгаа нь бүдэгхэн харагдаж байсан. Зодоон болсон хэсгийн камер ажиллахгүй байсан. Хэрэг гарсны маргааш Б байцаагч  надаас тодруулахад “шатан дээр 2 хүн байсан” талаар хэлсэн. Байцаагч “нэг нь цохисон гэдгээ хэлсэн, нөгөө нь цохисон гэж хэлээгүй” гэж хэлсэн” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Б.Х-ын "Би ********* дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт ****** гэх караокегоор ажлын хүн болох Б-ийн хамт үйлчлүүлсэн. Тэгээд 03 цагийн үед тэр караокеноос гарах гээд доош буух гээд шатан дээр найз болох Буяндэлгэрийн хамт явж байтал үл таних 3 хүн манай найз Б-тэй маргаад эхэлсэн. Тэгэхээр нь би Б-ийг өмөөрөөд наад хүн чинь гар нь хугарчихсан байгаа та нар одоо боль гэх мэтээр хэлсэн чинь тэгээд шууд намайг нэг нь шатны уруу түлхэж унагаад би юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Тэгтэл нэг нь ирээд л миний нүүр лүү нүд хэсэгт өшиглөөд л миний ухаан балартаад явчихсан. Тэгээд цагдаад хандсан. Миний зүүн нүд таг, юм харахгүй байна, уруул хавдсан, зүүн талын шанаа нүүр хэсэг хавдсан байна" гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,

- Гэрч П.Т-ын "Би найз болох Е, Б нарын хамт ****** дүүргийн *** дугаар хороо, МУИС-н номын сангийн урд, ***** гэх караокед үйлчлүүлсэн. Тэгээд үйлчлүүлж дуусаад гарсан. /банкны төхөөрөмж дээр бол цаг нь 3 цаг 55 минутад гүйлгээ гарсан байсан. / Манай 2 найз түрүүлээд гарсан, би араас нь төлбөр төлөх гээд текэн дээр үлдсэн байсан болохоор маргаан яаж болсон юу болсон талаар санахгүй байна. Намайг караокеноос гарах үед хоёр бил үү, гурван давхарт нэг хүн 4 хөллөсөн байдалтай дээш босож байсан... Маргааш нь над руу цагдаа ярихаар нь би тухайн цагдаагаас хохирогчтой холбогдож хохирол мөнгийг нь төлж өгөх талаар лавлаж хохирогчийн дугаарыг авч холбогдсон. Тэгээд ярихад тэр хүн цагаан цамцтай хүн намайг цохисон гээд би тэр хүнийг нь цагдаад Есөнмөнх цохисон гэж хэлсэн" гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

- Гэрч Ч.Б-ийн "Би найз болох Е, Т нарын хамт ********* дүүргийн *** дугаар хороо, МУИС-н номын сангийн урд, ****** гэх караокед үйлчлүүлсэн. Бид нарын хувьд тухайн караокед орохоос өмнө 505, Це гэх газруудаар орж архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд ****** караокед 3 цагийн үед орсон байх хүний 1 шил пиво худалдан авч уусан. Тэгээд тухайн караокед цаг нь дуусаад 3 цаг 55 минутын үед л байх гарах гээд 3 давхарт караокеноос гарангуут байдаг коридор хэсэгт би шээсээ барьж дийлэхгүй тэр газартаа шууд хөнгөнөөр бие засчихсан. Ардаас 2 хүн байснаас нэг нь намайг татаад энэ чиний шээх газар юм уу? Чи гэртээ ингэж шээдэг үү энэ тэр гээд шаардлага тавьсан. Тэгэхээр нь би үнэхээр хүн байхгүй болохоор нь бүр үнэхээр тэсэхгүй болоод ингэчлээ гэсэн чинь над руу нилээн дайраад бацаан энэ тэр гээд байсан. Би өөрийн буруугаа мэдэж байсан ч хүмүүс хэтэрхий дайраад байхаар нь би бас за одоо ингээд явчихъя гээд явах гэж байсан. Тухайн үед миний хажууд Е байсан. Тэгээд нөгөө хоёр шаардлага тавьдаг хүн рүү гар нь гипстэй байсан залуу нь за явъя гээд уул нь явах гэж байсан чинь нөгөө хохирсон гээд байгаа хүн байж бай энэ мууг ингэж давраахгүй гэх мэтээр маргааныг улам дэвэргээд байсан. Тэгсэн чинь Е нөгөө хүн рүү ойртоод гар далайж нүүр хэсэгт нь нэг удаа нударгаар цохисон. Хэрвээ алгадсан бол чад энэ тэр гээд дуугарах байсан. Тэгээд Би Е-ийг түлхээд тэндээс гараад машиныхаа тэнд зогсож байсан чинь Түвшинбат араас гарч ирсэн... Надаас болон нөгөө талын хүний омголон зан биеийн хэлэмжээс болсон. Маргааш нь тэр хүнтэй уулзахад нүд нь нилээн эвгүй болчихсон байсан. Би тухайн маргаан болох үед Е тухайн хүнийг цохихыг хараад шууд Есөнмөнхийг түлхээд цааш нь аваад явсан. Тэр хүний нүүр царайг нь бол хараагүй. Гэхдээ арай ч тийм болсон байна гэж бодоогүй" гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ЕГ0725/5009 дугаартай шинжээчийн "Б.Х-ын биед зүүн ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн хөмсөгт язарсан шарх, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алиманд цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих механизмаар үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна" гэсэн дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 28 дугаар хуудас/

- Бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 29-33 дугаар хуудас/,

- Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх-ийн 45 дугаар хуудас/,

            - Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Г-ийн нэхэмжлэл гаргах тухай хүсэлт, иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 16-19 дүгээр хуудас/ зэрэг болно. 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Шүүгдэгч М.Ень 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ********** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* гэх караокед Б.Хын нүүр лүү нь цохиж биед нь зүүн ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн хөмсөгт язарсан шарх, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алиманд цус харвалт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Харин хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг бусадтай бүлэглэж зодсон гэж мэдүүлсэн боловч гэрч нарын мэдүүлгээр бүлэглэн зодсон гэх үйлдэл тогтоогдоогүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогчоос хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй тул бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, баримтаар нэхэмжилсэн 49,000 төгрөгийн эмчилгээний зардлыг шүүгдэгч төлсөн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй” гэв.

Хохирогч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Одоо баримтаар нэхэмжлэх зүйл байхгүй. Нүдний хараа муудаад, хагалгаанд орохоор бол эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэв.

Шүүгдэгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч М.Ень 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр *********** дүүргийн ***** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********* гэх караокед Б.Хын нүүрэн тус газар цохиж биед нь зүүн ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн хөмсөгт язарсан шарх, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алиманд цус харвалт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь

- Хохирогч Б.Хын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "Би *********** дүүргийн ***** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********* гэх караокегоор ажлын хүн болох Б-ийн хамт үйлчлүүлсэн. Тэгээд 03 цагийн үед тэр караокеноос гарах гээд доош буух гээд шатан дээр найз болох Б-ийн хамт явж байтал үл таних 3 хүн манай найз Б-тэй маргаад эхэлсэн. Тэгэхээр нь би Буяндэлгэрийг өмөөрөөд наад хүн чинь гар нь хугарчихсан байгаа та нар одоо боль гэх мэтээр хэлсэн чинь тэгээд шууд намайг нэг нь шатны уруу түлхэж унагаад би юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Тэгтэл нэг нь ирээд л миний нүүр лүү нүд хэсэгт өшиглөөд л миний ухаан балартаад явчихсан. Тэгээд цагдаад хандсан. Миний зүүн нүд таг, юм харахгүй байна, уруул хавдсан, зүүн талын шанаа нүүр хэсэг хавдсан байна" гэсэн мэдүүлэг, гэрч П.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "Би найз болох Е, Б нарын хамт *********** дүүргийн ***** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********* гэх караокед үйлчлүүлсэн. Тэгээд үйлчлүүлж дуусаад гарсан. /банкны төхөөрөмж дээр бол цаг нь 3 цаг 55 минутад гүйлгээ гарсан байсан. / Манай 2 найз түрүүлээд гарсан, би араас нь төлбөр төлөх гээд текэн дээр үлдсэн байсан болохоор маргаан яаж болсон юу болсон талаар санахгүй байна. Намайг караокегоос гарах үед хоёр бил үү, гурван давхарт нэг хүн 4 хөллөсөн байдалтай дээш босож байсан... Маргааш нь над руу цагдаа ярихаар нь би тухайн цагдаагаас хохирогчтой холбогдож хохирол мөнгийг нь төлж өгөх талаар лавлаж хохирогчийн дугаарыг авч холбогдсон. Тэгээд ярихад тэр хүн цагаан цамцтай хүн намайг цохисон гээд би тэр хүнийг нь цагдаад Е цохисон гэж хэлсэн" гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "Би найз болох Е, Т нарын хамт *********** дүүргийн *** дугаар хороо, МУИС-н номын сангийн урд, ***** гэх караокед үйлчлүүлсэн. Бид нарын хувьд тухайн караокед орохоос өмнө *****, Це гэх газруудаар орж архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд ******** караокед 3 цагийн үед орсон байх хүний 1 шил пиво худалдан авч уусан. Тэгээд тухайн караокед цаг нь дуусаад 3 цаг 55 минутын үед л байх гарах гээд 3 давхарт караокеноос гарангуут байдаг коридор хэсэгт би шээсээ барьж дийлэхгүй тэр газартаа шууд хөнгөнөөр бие засчихсан. Ардаас 2 хүн байснаас нэг нь намайг татаад энэ чиний шээх газар юм уу? Чи гэртээ ингэж шээдэг үү энэ тэр гээд шаардлага тавьсан. Тэгэхээр нь би үнэхээр хүн байхгүй болохоор нь бүр үнэхээр тэсэхгүй болоод ингэчлээ гэсэн чинь над руу нилээн дайраад бацаан энэ тэр гээд байсан. Би өөрийн буруугаа мэдэж байсан ч хүмүүс хэтэрхий дайраад байхаар нь би бас за одоо ингээд явчихъя гээд явах гэж байсан. Тухайн үед миний хажууд Е байсан. Тэгээд нөгөө хоёр шаардлага тавьдаг хүн рүү гар нь гипстэй байсан залуу нь за явъя гээд уул нь явах гэж байсан чинь нөгөө хохирсон гээд байгаа хүн байж бай энэ мууг ингэж давраахгүй гэх мэтээр маргааныг улам дэвэргээд байсан. Тэгсэн чинь Е нөгөө хүн рүү ойртоод гар далайж нүүр хэсэгт нь нэг удаа нударгаар цохисон. Хэрвээ алгадсан бол чад энэ тэр гээд дуугарах байсан. Тэгээд Би Е-ийг түлхээд тэндээс гараад машиныхаа тэнд зогсож байсан чинь Т араас гарч ирсэн... Надаас болон нөгөө талын хүний омголон зан биеийн хэлэмжээс болсон. Маргааш нь тэр хүнтэй уулзахад нүд нь нилээн эвгүй болчихсон байсан. Би тухайн маргаан болох үед Е тухайн хүнийг цохихыг хараад шууд Е-ийг түлхээд цааш нь аваад явсан. Тэр хүний нүүр царайг нь бол хараагүй. Гэхдээ арай ч тийм болсон байна гэж бодоогүй" гэсэн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ЕГ0725/5009 дугаартай шинжээчийн "Б.Хын биед зүүн ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн хөмсөгт язарсан шарх, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алиманд цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих механизмаар үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна" гэсэн дүгнэлт, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, Бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Г-ийн нэхэмжлэл гаргах тухай хүсэлт, иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч М.Ень хохирогч Б.Хын эрүүл мэндэд халдаж гэмтэл учруулсан байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч М.Ень хохирогч Б.Хын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч М.Е-ийн үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. Шүүгдэгч гэм буруугийн асуудалд маргаагүй болно. Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт нэг нь намайг заамдаж нөгөөх нь өшиглөсөн гэж мэдүүлсэн боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад бүлэглэн халдсан талаар мэдүүлээгүй, тухайн үед байсан гэх гэрчүүд мөн Е-өөс өөр бусад хүн хохирогчид халдсан талаар мэдүүлээгүй, гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо зөрүүгүй, хуульд заасан үндэслэл журмаар цуглуулагдаж бэхжигдсэн байх тул хохирогчид учирсан гэмтлийг Е учруулсан, харин бүлэглэн халдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэсэн болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүгдэгч М.Е нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй байх тул хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 900 нэгж буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СиДиг хэргийн хугацаа дуустал хадгалуулах саналтай байна” гэв.

Хохирогч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “Хэлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “Хэлэх зүйлгүй” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч М.Е нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүх шүүгдэгч М.Е-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ согтуугаар гэмт хэрэг үйлдэж байгаа арга хэлбэр, тухайн үед хандаж байгаа сэдэлт,  санаа зорилго, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрөөс нөхөн төлсөн байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Бусад асуудал: 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж заасан

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар шүүгдэгч М.Е нь гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч Б.Х нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

Мөн уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.Х нь эрүүл мэндийн даатгалын сангаас 49,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байх ба шүүгдэгч нь уг хохирлыг шүүхийн шатанд төлсөн байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч М.Е нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч М.Е нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцохоо шүүхэд бичгээр илэрхийлснийг тэмдэглэж түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч М.Е-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

   2. Шүүгдэгч М.Е-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар М.Е-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Е-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Хохирогч энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДиг хэрэгт хавсарган хадгалсугай.

            7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.  

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.АЮУШЖАВ