| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2018/00399/И |
| Дугаар | 183/ШШ2018/01514 |
| Огноо | 2018-06-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 183/ШШ2018/01514
| 2018 оны 06 сарын 13 өдөр | Дугаар 183/ШШ2018/01514 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О даргалж, шүүгч Б.М, Д.Х нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг, 0 дүгээр хороолол, 0 дүгээр байр, 00 тоотод оршин суух, Ц.Ч /РД:00000000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, 00 дүгээр байр, 00 тоотод оршин суух, Хурган овогт Э.Э РД:000000/-д холбогдох,
Нэр төр сэргээлгэх, цацсан мэдээллийн хэрэгслээр дамжуулан уйчлалт гуйлгахыг даалгах тухай нэхэмжлэлтэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ч, хэлмэрч О.Б, иргэдийн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Э нь 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Өдрийн сонины №261 /5828/ дугаарт ярилцлага өгөхдөө “МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатарын эсрэг ажилласан. Тэр бүү хэл сонгуулийн хууль зөрчсөн самбар Орхон аймагт хэд хэдийг өөрөө дур мэдэн байршуулсан. Шүүхээс манай намыг торгох, нэр дэвшигчийн нэрийг татуулах хүртэл шийтгэл оногдуулахаар завдсан ба нам энэ хэрэгт огт хамаагүй гэдгээ нотолсон учраас бие төлөөлөгчөөр нь ажиллаж байсан Ч гэдэг залуу торгуулаад өнгөрсөн. Энэхүү шийтгэлийг хүлээсэн О.Б бие төлөөлөгч Ч одоо Ерөнхийлөгч Х.Б зөвлөхөөр ажиллаж байгаа шүү дээ гэж миний талаар огт үндэслэлгүй, илт худал гүжирдлэгийг олон нийтэд цацаж, намайг шүүхээр шийтгүүлж хэрэг зөрчилд холбогдож байсан мэтээр гүтгэж миний нэр төрийг гутаасан байна. Миний бие 2017 онд МАХН-ын дарга Н.Энхбаярын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байгаад 2017 оны 4 дүгээр сараас МАХН-ын хөгжлийн бэрхшээлтэй иргэд хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллах болсон юм. МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Э нь намайг УИХ-ын гишүүн О.Б бие төлөөлөгчөөр ажиллаж байхдаа шүүхээр шийтгүүлсэн гэж гүтгэсэн. Гэтэл миний бие УИХ-ын гишүүн О.Б зөвлөх болоод бие төлөөлөгчөөр огт ажиллаж байгаагүй болно. Түүнчлэн 2017 оны МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН-ын нэр дэвшигч Ганбаатарын сонгуулийн аль нэг штабт огт ажиллаагүй, аливаа хууль зөрчсөн сөрөг үйлдлийг ч гаргаагүй болно. Миний бие Монгол Улсын иргэн хүний хувьд ч МАХН-ын гишүүний хувьд ч хууль бус аливаа үйлдэл гаргаж хуулийн байгууллагад огт шалгагдаж байгаагүй тул МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Э нь өөрийн гаргасан мэдээллийнхээ үнэн зөв, бодит болохоо нотлох үүрэгтэй гэж би үзэж байна. Би анх 2011 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Архидалтын эсрэг үндэсний хөдөлгөөнийг санаачилж 2011 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Архигүй Монголын төлөө цуглааныг зохион байгуулсны үр дүнд 2011 он солигдох мөчид Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Э асан сүү өргөж ард түмэндээ мэндчилсэн. Архигүй Монголын төлөө аяныг улс даяар өрнүүлсэн энэ их ажлыг маань төр засгаас үнэлж 2011 онд Алтан гадас одонгоор шагнасан. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга томилогдсоны дараа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал эрхэлсэн орон тооны бус зөвлөхөөр миний бие томилогдохдоо Орхон аймгаас МАХН-ын дарга Н.Энхбаяртай 99112199 дугаарын гар утсаар нь холбогдож зөвшилцсөний дагуу дээрх албан тушаалд ажиллахаар болсон. Миний бие 100 хувь хараагүй хөгжлийн бэрхшээлтэй учир нийгмийн аливаа ялгаварлан гадуурхалттай тэмцэж өнөөдрийг хүрсэн. Монгол Улсад анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг нийгэм сонсдог болсныг илрэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөгжлийн бэрхшээлтэй 108 000 иргэдийн санаа бодлыг төрийн хууль тогтоомжинд тусгах боломж бүрдэж орон тооны бус зөвлөх ажиллуулах болсон юм. Гэтэл МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Э нь намайг худал үгээр гүтгэж, нэр төрийг маань гутааж байгаа үйлдлийг Монгол улсад байгаа 108 000 иргэдийн нэр төрд халдсан гэж харж байна. Түүний энэхүү үйлдэл нь миний одоо эрхэлж буй ажил, албан тушаалд нөлөөлөх, эрсдэл үүсч хэдий хэмжээгээр би хохирол амсахыг хэлж мэдэхгүй байна. Монгол Улсын Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар “Иргэний нэр, төр , алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол... тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж заасан байна. “Өдрийн сонин” бол Улаанбаатар хот төдийгүй хөдөө, орон нутгийн өнцөг бүрт иргэдэд хүрдэг мэдээллийн хэрэгсэл юм. Интернет хүрэхгүй ч газар хүрдэг сониныг ашиглаж миний талаар огт үндэслэлгүй мэдээлэл тарааж байгаа үйлдлийг миний нэр төрийг маань зориудаар гутааж байна гэж үзэж байгаа тул Э.Э миний шүүхээр арга хэмжээ авагдсан талаархи шүүхийн шийдвэрийг шүүхэд нотлох баримтаар гаргаж нотлох хэрэгтэй. Хэрэв Э.Э шүүхэд нотолж чадахгүй бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар сэтгэл санааны хохирлыг арилгах учиртай. Иймд Э.Эы “Өдрийн сонин”-ны 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн №261 дүгээр ярилцлага өгч мэдээлэл тавиулсан тухайн сониноор нь дамжуулан уучлалт гуйлгаж, мэдээ төрөөгдсөн хүрээ хязгаар, сэтгэл санааы үр дагавар, бусад нөхцөл байдлыг харгалзан нэр төрийг маань сэргээж өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ч хариуцагч Э.Эд холбогдуулан нэр төр сэргээлгэх, цацсан мэдээллийн хэрэгслээр дамжуулан уйчлалт гуйлгахыг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Шүүх бүрэлдэхүүн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв. Учир нь:
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч Э.Э нь 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр ”Өдрийн сонин” №261 дүгээр дугаарт “...“МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатарын эсрэг ажилласан. Тэр бүү хэл сонгуулийн хууль зөрчсөн самбар Орхон аймагт хэд хэдийг өөрөө дур мэдэн байршуулсан. Шүүхээс манай намыг торгох, нэр дэвшигчийн нэрийг татуулах хүртэл шийтгэл оногдуулахаар завдсан ба нам энэ хэрэгт огт хамаагүй гэдгээ нотолсон учраас бие төлөөлөгчөөр нь ажиллаж байсан Ч гэдэг залуу торгуулаад өнгөрсөн. Энэхүү шийтгэлийг хүлээсэн О.Б бие төлөөлөгч Ч одоо Ерөнхийлөгч Х.Бын зөвлөхөөр ажиллаж байгаа шүү дээ...” гэх ярилцлагыг өгсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа тухайн мэдээллийн “... Ц.Ч торгуулсан” гэх агуулга нь нэр төрийг гутаасан гэж тайлбарлаж байх ба нэхэмжлэгч миний хувьд ямар нэгэн торгуулийн шийтгэл авагдаж байгаагүй тул нэр төрөө сэргээлгэх хүсэлтэй гэж тайлбарлаж байна.
Хариуцагч нь нэхэмжлэгч Ц.Чыг торгуулсан гэж олон нийтэд мэдээлэл /ярилцлага/ өгсөн байх бөгөөд Ц.Чад зөрчлийн болон эрүүгийн хэрэгт торгох шийтгэл авагдаагүй талаар Орхон аймаг дахь сум дундын шүүхийн тамгын газрын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 206 тоот албан бичгээр тогтоогдож байна.
Нэр төр гэдэг нь тухайн хүний зан ааш буюу зан суртахуун, ёс зүй, боловсрол, мэргэжил болон хувь хүний талаархи эерэг үнэлгээг ойлгох тул нэхэмжлэгч Ц.Чыг торгуулсан мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан түүний нэр төрийн үнэлэмжинд сөргөөр нөлөөлөх мэдээг олон нийтэд тараахдаа мэдээллийнхээ үнэн зөв, бодитойг лавлан тогтоолгүйгээр олон нийтэд нэхэмжлэгчийн талаар сөрөг мэдээлэл өгсөн хариуцагч Эрдэнэжамъяныг зөвтгөх үндэслэлгүй байна.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д “Монгол улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулан “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй …” мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т Монгол улсын иргэн шударга хүнлэг ёсыг эрхэмлэн хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүргийг ёсчлон биелүүлэхээр заасан.
Монгол улсын Үндсэн хуульд заасан дээрх заалтууд нь Монгол улсын иргэн бүр Үндсэн хуульд заасан үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ хэрэгжүүлэхдээ бусад хүний нэр төр, алдар хүндийг хүндэтгэх үүрэгтэй гэж ойлгоно.
Мөн Èðãýíèé õóóëèéí 21 ä¿ãýýð ç¿éëèéí 21.2 дах хэсэгт “èргэний нэр, нэр төр, алдар õ¿нд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ.” гэж заасан нь мэдээ тараасан этгээд мэдээнийхээ үнэн зөвийг нотлох хэрэв нотолж ÷àäàõã¿й áол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэлээр няцаах үүрэгтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлын үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч мэдээний үнэн зөвийг нотолсон баримтаа шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан татгалзал, няцаалтаа үгүйсгэж нотлоогүй байна.
Шүүх 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 13 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдэж, мэдэгдэх хуудсанд хариуцагч гарын үсэг зурсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иймд, шүүх дээрх үйл баримтыг нэгтгэн дүгнээд ìýäýýллийнхээ үнэн зөвийг хариуцагч нотлоогүй тул Ц.Чын нэр төрийг сэргээж, “Өдрийн сонин” мэдээллийн хэрэгслээр дамжуулан Ц.Чаас уйчлалт гуйхыг хариуцагч Э.Эд даалгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Цэнджав овогтой Чын нэр төрийг сэргээж, “Өдрийн сонин” мэдээллийн хэрэгслээр дамжуулан Ц.Чаас уйчлалт гуйхыг хариуцагч Э.Эд даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Эаас 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Чад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Ц.О
ШҮҮГЧ Б.М
Д.Х