| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 321/2025/0058/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/66 |
| Огноо | 2025-04-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Амгалан |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/66
2025 04 01 2025/ШЦТ/66
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг
Улсын яллагч Н.Амгалан
Хохирогч Э.А
Шүүгдэгч Ж.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт ***ы ***т холбогдох 2439000000261 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ж.М нь согтуурсан үедээ буюу 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 17 цагийн үед Хэнтий аймгийн *** сумын 5 дугаар баг Т162, Т163 дугаар байрны хойд талд Э.Атой тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, харилцан зодолдож улмаар түүний цээжин тус газар нь заазуур хутгаар хутгалж эрүүл мэндэд нь цээжинд зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч Э.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 07 сард Ж.М бид хоёр уучихсан байсан. Би гар нүүрээ угаагаад муурын байшингийн баруун талд зогсож байтал араас хүн ирэх шиг болсон. Эргээд хартал манай хүн заазуур бариад дайрчихлаа гэж байх шиг байсан. Миний хавирганы энэ хавиас цус гоожоод хутгалсан байсан...” гэв.
Хохирогч Э.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр *** сумын 5 дугаар багт ах ***гийнд архи ууж байгаад Муурын байшинд 14 цагийн үед ганцаараа очсон. Ингээд *** эхнэртэйгээ муудалцаад байхаар нь би очоод эхнэрийг нь өмөөрөөд ***ийг өөрийг нь 2-3 удаа цохисон юм. Тэгээд би хамгийн зүүн талын 2 дахь муурын байшингийн гадаа ногоон амбаарын гадаа нүүр гараа угаагаад зогсож байсан чинь ардаас *** ирээд гэнэт миний зүүн хавирганд хутгалсан. Тэгээд би хэсэг сонин болоод цаашаа яг юу болсон талаар сайн санахгүй байна. Нэг мэдэхэд эмнэлэг дээр ирчихсэн байсан...” гэжээ. (хх-ийн 20-22),
Гэрч Д.****** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өглөө гэртээ байсан. Нөхөр *** үдээс хойш гэрээсээ гарсан яг хэдэн цагт гэдгийг мэдэхгүй байна. *** болон *** нар нь гадаа дуудсан юм шиг байна лээ. Би удалгүй араас нь гартал эд нар “Хараа” нэртэй 0,75 литрийн архи ууцгааж байсан. Тэгэхээр нь би нөхөр лүүгээ уурлаж очоод “Гэрлүүгээ оръё” гэтэл орохгүй гэхээр нь үлдээчихсэн. Тэгээд дахиад би гэртээ жоохон байж байгаад гараад иртэл баруун талаасаа 2 дахь муурын байшингийн гадаа буюу хойд талд нь ***, *** 2 зодолдоод байж байсан. Тэр зодолдох үед *** доор нь орчихсон, хамраас нь цус гарчихсан, ухаан алдсан байсан. Тэгэхээр нь гэр лүүгээ авч ороод нүүрийг нь угаагаад сэрээгээд байж байтал *** дахиж орж ирээд “Ахдаа ганц юм авч өгнө” гээд нэг танихгүй залуутай хамт орж ирсэн. Тэгээд буцаад *** гараад явчихсан. Араас нь *** гартал гэрийн үүдэнд *** таараад “Сургуулийн хашаа оръё. Эр хүн шиг үзье” гээд ***ийг аваад явсан. Би айж сандраад юу ч болоо билээ гээд араас нь явсан. Тэгээд тэр хоёр зодолдоод *** бид хоёр салгах гэтэл дийлээгүй. Эхлээд бол айхтар бие биенийгээ цохихгүйгээр барилдаж байсан. Ингээд *** гэр лүүгээ буцаад харих гэтэл араас нь *** цамцаараа нүүр хэсэг рүү гуядсан. Тэгээд *** уурлаад зодоон дахиад эхэлсэн. Би салгаж чадахгүй салгах хүн хайтал ойр орчимд туслах хүн байхгүй байсан. Тэгээд *** гэр лүүгээ хальт орсон. Би жоохон хүүхэдтэй учир хүүхдээ гадаа хараад байж байсан. Тэр үед зодоон дуусчихлаа гэж бодсон чинь *** гэрийн хаана ч байсан хутгыг авсан юм тэрийг нь сайн мэдэхгүй байна ***г хутгалчихлаа гээд *** хэлж байсан. Очтол ***гийн зүүн хавирга хэсэгт зүсэгдсэн цус гараад байж байсан...” гэжээ. (хх-ийн 31-33),
Шүүгдэгч Ж.М мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. (хх-ийн 56-57),
Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 334 дугаартай “...1. Э.Аын биед цээжинд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хурц зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой.
3. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 37-38),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 5),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 7-9, 10-13),
Яаралтай тусламжийн хуудас (хх-ийн 40-46),
Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хх-ийн 113, 114),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 73),
Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх-ийн 72),
Ж.Мийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 71),
Ж.Мийн төрсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 62, 63, 66) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Ж.Мт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч *** овогт ***ы *** нь 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 17 цагийн орчим согтуурсан үедээ Хэнтий аймгийн *** сумын 5 дугаар баг Т162, Т163 дугаар байрны хойд талд Э.Атой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, харилцан зодолдож улмаар түүний цээжин тус газар нь заазуур хутгаар хутгалж эрүүл мэндэд нь “цээжинд зүсэгдсэн шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Ж.Мийн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Э.Аын “...2024 оны 07 сард Ж.М бид хоёр уучихсан байсан. Би гар нүүрээ угаагаад муурын байшингийн баруун талд зогсож байтал араас хүн ирэх шиг болсон. Эргээд хартал манай хүн заазуур бариад дайрчихлаа гэж байх шиг байсан. Миний хавирганы энэ хавиас цус гоожоод хутгалсан байсан...” гэх, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Э.Аын “...2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр *** сумын 5 дугаар багт ах ***гийнд архи ууж байгаад Муурын байшинд 14 цагийн үед ганцаараа очсон. Ингээд *** эхнэртэйгээ муудалцаад байхаар нь би очоод эхнэрийг нь өмөөрөөд ***ийг өөрийг нь 2-3 удаа цохисон юм. Тэгээд би хамгийн зүүн талын 2 дахь муурын байшингийн гадаа ногоон амбаарын гадаа нүүр гараа угаагаад зогсож байсан чинь ардаас *** ирээд гэнэт миний зүүн хавирганд хутгалсан. Тэгээд би хэсэг сонин болоод цаашаа яг юу болсон талаар сайн санахгүй байна. Нэг мэдэхэд эмнэлэг дээр ирчихсэн байсан...” гэх, гэрч Д.******ын “...2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өглөө гэртээ байсан. Нөхөр *** үдээс хойш гэрээсээ гарсан яг хэдэн цагт гэдгийг мэдэхгүй байна. *** болон *** нар нь гадаа дуудсан юм шиг байна лээ. Би удалгүй араас нь гартал эд нар “Хараа” нэртэй 0,75 литрийн архи ууцгааж байсан. Тэгэхээр нь би нөхөр лүүгээ уурлаж очоод “Гэрлүүгээ оръё” гэтэл орохгүй гэхээр нь үлдээчихсэн. Тэгээд дахиад би гэртээ жоохон байж байгаад гараад иртэл баруун талаасаа 2 дахь муурын байшингийн гадаа буюу хойд талд нь ***, *** 2 зодолдоод байж байсан. Тэр зодолдох үед *** доор нь орчихсон, хамраас нь цус гарчихсан, ухаан алдсан байсан. Тэгэхээр нь гэр лүүгээ авч ороод нүүрийг нь угаагаад сэрээгээд байж байтал *** дахиж орж ирээд “Ахдаа ганц юм авч өгнө” гээд нэг танихгүй залуутай хамт орж ирсэн. Тэгээд буцаад *** гараад явчихсан. Араас нь *** гартал гэрийн үүдэнд *** таараад “Сургуулийн хашаа оръё. Эр хүн шиг үзье” гээд ***ийг аваад явсан. Би айж сандраад юу ч болоо билээ гээд араас нь явсан. Тэгээд тэр хоёр зодолдоод *** бид хоёр салгах гэтэл дийлээгүй. Эхлээд бол айхтар бие биенийгээ цохихгүйгээр барилдаж байсан. Ингээд *** гэр лүүгээ буцаад харих гэтэл араас нь *** цамцаараа нүүр хэсэг рүү гуядсан. Тэгээд *** уурлаад зодоон дахиад эхэлсэн. Би салгаж чадахгүй салгах хүн хайтал ойр орчимд туслах хүн байхгүй байсан. Тэгээд *** гэр лүүгээ хальт орсон. Би жоохон хүүхэдтэй учир хүүхдээ гадаа хараад байж байсан. Тэр үед зодоон дуусчихлаа гэж бодсон чинь *** гэрийн хаана ч байсан хутгыг авсан юм тэрийг нь сайн мэдэхгүй байна ***г хутгалчихлаа гээд *** хэлж байсан. Очтол ***гийн зүүн хавирга хэсэгт зүсэгдсэн цус гараад байж байсан...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, яаралтай тусламжийн хуудас, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 334 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.М нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүгдэгч Ж.М нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ж.Мийн үйлдлийн улмаас хохирогч Э.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 334 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Ж.Мт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ж.Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ж.Мийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Э.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Э.А нь “...надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Ж.Мийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Ж.М нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн иштэй, 23 см урттай заазуур 1 ширхгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ж.М нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *** овогт ***ы ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ы ***т 480 (дөрвөн зуун ная) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мт оногдуулсан 480 (дөрвөн зуун ная) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн иштэй, 23 см урттай заазуур 1 ширхгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ж.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР