Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2020/ДШМ/70

 

 

                                 О.Отгонзул, Г.Лхагважаргал нарт

                              холбогдох  эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, шүүгч                           Д.Буянжаргал

                                 Шүүгчид                                       Б.Эрдэнэхишиг

                                                                                       Г.Давааренчин

 

                               

                                  Оролцогчид

                                    Прокурор                                     Г.Энхмаа

                                      Шүүгдэгчийн өмгөөлөгч               Р.Атарцэцэг

                                      Шүүгдэгчийн өмгөөлөгч              Г.Амартүвшин

                                        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцон, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/189 дугаартай шийтгэх тогтоолыг эс  зөвшөөрч  бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Отгонбаатарын Отгонзул, Шарнууд овогт Гунгаанамжилын Лхагважаргал нарт холбогдох эрүүгийн 2031001740139 дугаартай,  175/2020/0167/Э индекстэй 1 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр  хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг, 2 дугаар хэсэг, 084 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Отгонбаатарын Отгонзул, /РД:МЮ95111811/

 

Монгол улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 2, эцгийн хамт Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 49 дүгээр точик гэх задгайд оршин суух, урьд ял шийтгэлгүй, Шарнууд овогт Гунгаанамжилын Лхагважаргал, /РД:М082111714/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Отгонзул нь бусадтай бүлэглэн Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр баг, “49 дүгээр точка” гэх газраас иргэн С.Эрдэнэболдын 1 тооны хээр зүсмийн нас бие гүйцсэн адууг 2017 оны 07 дугаар сард хулгайлсан,

Шүүгдэгч Г.Лхагважаргал нь бусадтай бүлэглэн Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр баг “49 дүгээр точка” гэх газраас иргэн С.Эрдэнэболдын 1 тооны хээр зүсмийн нас бие гүйцсэн адууг 2017 оны 07 дугаар сард хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх О.Отгонзул, Г.Лхагважаргал нарт холбогдох хэргийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/189 дугаартай шийтгэх тогтоолоор:

“1. Шүүгдэгч Боржигон овогт Отгонбаатарын Отгонзул, Шарнууд овогт Гунгаанамжилын Лхагважаргал нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Отгонзул, Г.Лхагважаргал нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тэдэнд анхааруулсугай.

4. Шүүгдэгч О.Отгонзул, Г.Лхагважаргал нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.    

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй....Bottom of Form

гэж, дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор дээд шатны прокурорын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 32 дугаартай эсэргүүцэлдээ:            ...Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч О.Отгонзул, Г.Лхагважаргал нарыг “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн Долдугаар бүлэгт тусгагдсан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоогоогүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэж заасныг зөрчсөн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж дүгнэж байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/189 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаалгахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг удирдлага болгон дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гээд давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор эсэргүүцлийг дэмжиж оролцов.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Прокурорын эсэргүүцэл нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно гэж заасан нь заавал гэсэн шинжийг агуулахгүй  тул шүүх хууль буруу хэрэглээгүй гэж үзэж байх тул шүүхийн шийтгэх тогтоолыг  хэвээр үлдээж өгнө үү гэв.

             Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна.  Дээрхи хуулийн зохицуулалт нь заавал үүрэг хүлээлгэж болно гэсэн агуулгатай биш бөгөөд миний үйлчлүүлэгчийн хувьд архи, согтууруулах ундаа хэрэглэдэггүй, мал малладаг хүн энэ хүнд ямар хязгаарлалт тогтоох вэ? Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас О.Отгонзул, Г.Лхагважаргал нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарт ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж  шийдвэрлэсэн байна.

 

Дээд шатны прокурорын эсэргүүцлийн дагуу О.Отгонзул, Г.Лхагважаргал нарт холбогдох эрүүгийн 2031001740139 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь  ХЯНАВАЛ:

Сэлэнгэ аймгийн иргэн С.Эрдэнэболдын 2017 оны 10 сард хээр зүсмийн нэг тооны адуу хулгайд алдагдсан нэсэн  гомдлын дагуу 2020 оны 05 сарын 28-ны өдөр  хэрэг бүртгэлтийн  хэрэг нээж ажиллагаа явуулж 2020 оны 07 сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолоор шүүгдэгч О.Отгонзул,  Г.Лхагважаргал нарынг бусадтай бүлэглэн мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн Монгол улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж улмаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас 2020 оны 08 сарын 12-ны өдрийн 141 дугаартай яллах дүгнэлт үйлдэн  хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

 

2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар  Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн  2 дахь заалтад  мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн зүйл нэмсэн. Гэтэл Прокурор яллах дүгнэлтэдээ шүүгдэгч нарыг гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэсэн атлаа шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар  хүндрүүлэх нөхцөлгүйгээр зүйлчилж байгаа талаар эрх зүйн тодорхой дүгнэлт хийгээгүй ба анхан шатны шүүх энэ талаар зохих эрх зүйн дүгнэлт хийхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл прокурор нь Эрүүгийн хуулийн 1.8, 1.9 дүгээр зүйлд  заасан хууль үйлчлэх цаг хугацаа, хууль буцаан хэрэглэх  талаар тодорхой эрх зүйн дүгнэлт хийгээгүй байна гэж үзлээ.

Мөн хэрэгт авагдсан  шүүгдэгч нарын мэдүүлгээс үзвэл тухайн хэргийг Д.Галт-Од , О.Отгонзул, Г.Лхагважаргал нар нь хамтран үйлдсэн талаар  мэдүүлэг авагдсан байх ба хэрэгт Д.Галт-Од нас барсан тухай баримтыг хэрэгт хавсаргасан  боловч  энэхүү  баримт нь хэрэгт ямар хамааралтай  талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй, прокурорын  яллах дүгнэлтэд огт тусгаагүй байна.

Дээрхи байдлаас дүгнэвэл гэмт хэргийн сэдэлт зорилго, шүүгдэгч нарын гэм буруугийн хэлбэр, шүүгдэгч нарт оногдуулах ялыг хүнрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тодорхойлоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан  нотолбол зохих байдал нотлогдоогүй байхад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн тогтоолд хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэл болж байна 

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/189 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/189 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.

 

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч О.Отгонзул, Г.Лхагважаргал нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай

 

 

 

                   ДАРГАЛАГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                       ШҮҮГЧИД                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                                                                                 Г.ДАВААРЕНЧИН