Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 542

 

 

МАГАДЛАЛ

 

2019.03.25                                                 Дугаар 542                                      Улаанбаатар хот

 

 

 

М.Э-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2019/00119 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Э-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т СӨХ-нд холбогдох,

 

5 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: М.Э ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.З ,

Хариуцагчийн төлөөлөгч: Б.Г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хувиарай жижиг бизнес эрхэлж гэр бүлээ тэжээдэг. Миний бие насаараа талх нарийн боовны чиглэлээр ажиллаж амьдрал ахуйгаа залгуулж ирсэн тул зохих журмын дагуу нарийн боовны жижиг цех ажиллуулж 2015 оны 8 сараас Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Түмэннаст хотхонд Б ХХК-ийн өмчлөлийн байранд Т СӨХ-тэй түрээсийн гэрээ байгуулан үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирсэн. Үүнээс хойш СӨХ-ийн дарга нар солигдож байсан боловч манай байгууллагыг хүндэтгэн гэрээ хэлэлцээр асуудалгүй манайх чадах чинээгээрэй түрээсийн төлбөрөө cap бүр өгч ирсэн. Гэтэл 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр түрээсийн төлбөрөө төлсөн бөгөөд 5 дугаар сарын тогны мөнгө болох 95 000 төгрөг хараахан төлж чадаагүй байсан. Бид бизнесийн байгууллага учир хааяа орлого багасах тохиолдол байдаг хэдий ч бид түрээсийн төлбөрөө 2-3 сараар өгөхгүй удааж үзээгүй бөгөөд ямар ч тохиолдолд сардаа багтааж өгөхийг хичээдэг. Бид гэрээнд заасны дагуу cap бүрийн 30-ны дотор түрээсийн төлбөрөө төлөх ёстой байдаг. Би 6 дугаар сарын 30-ны дотор түрээс болон цахилгааны, төлбөрөө төлөхөөр бэлдэж байсан. Гэтэл 6 дугаар сарын 24-ний өдөр СӨХ-ийн менежер та 6 дугаар сарын төлбөрөө төл гэхээр за би 6 дугаар сарын 30-ны дотор хоёр, гурван өдрийн оролгоо нэмээд төлнө гэсэн. Гэтэл манайх өрөөгөө авмаар байна та суллаж өг гэсэн. Миний бие энэ талаар сонсоод яагаад хөөж байгаа талаар СӨХ-ийн дарга Б.Г-аас тодруулахад “хөөгөөгүй түрээсийн төлбөрөө төл” гэсэн. Гэтэл 2018 оны 6 дугаар сарын  26-ны өглөө ажлаа хийх гээд ортол цахилгаан тасалсан байсан. Бидний бараа материал болон бүтээгдэхүүн муудаж устай холилдон хэрэглэх аргагүй болсон байсан. Би СӨХ-д хандан яагаад тог таслаж байгаа юм бэ хүмүүсийн цалин хөлс өр зээл гээд маш их хохирол учирлаа гэхэд тэр надад хамаагүй чиний хүүхдүүд мундаг ажилтай биздээ гэх зэргээр хэл амаар доромжилсон. Ингээд хоёр өдөр тоггүй байж байгаад дахин тогоо залгуулж ажлаа хийж байтал шалтгаангүйгээр 7 дугаар сарын 2 өдөр дахин тог тасалсан. Энэ мэтээр өнөөдрийг хүртэл ажлыг минь алдагдуулдаг бөгөөд хэвийн үйл ажиллагаагаа явуулахад бэрх болсон. Мөн 7 дугаар сарын 2-ны өдөр хаалганы голыг сольж цехрүүгээ ч орж чадахгүй болсон. Түрээсийн гэрээнд заасны дагуу гэрээ цуцлах бол 2 сарын өмнө мэдэгдэх ёстой байтал энэ мэт дураараа аашлах нь хэвийн үзэгдэл болсон. Бид 7 дугаар сарын 11-ний өдөр баярын өдөр байсан тул 5 ширхэг тортны захиалгатай байсан мөн ажилчид маань баярын үеэр ажилгүй цалингүй болсон. Энэ үеэр СӨХ-тэй орж уулзах гэтэл бүгд баяр наадам гээд байхгүй байсан. Манай бүх захиалага цуцлагдаж 7 дугаар cap тэр чигтээ оролгогүй ажилгүй болсон. Үүний дараа бид маш их хохирол учирсан тул 6 болон 7 дугаар сарын төлбөрийг төлөөгүй бөгөөд миний хохирлыг барагдуулах юм бол төлнө гэсэн шаардлагыг тавьсан. Ингээд баярын дараа 8,9 дүгээр сарын түрээсээ төлөөд явж байтал 9 дүгээр сарын 4-ний өглөө мөн тог тасалсан. Энэ мэтээр 9 дүгээр сарын     13-ны өглөө мөн л тог тасалсан. СӨХ-ийн дарга нь үл ойлголцлоос болж байнга тог тасалдаг бөгөөд 10 дугаар сарын 2-ны өдөр тог таслаад өнөөдрийг хүртэл биднийг ажил хийх боломжгүй нөхцөлд байлгаж байна. Иймд гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг Т СӨХ-ноос шаардаж байна. Үүнд, 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ны өдөр, 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл тог тасалсан нийт 7 хоногийн олох ёстой байсан оролго, мөн 10 дугаар сарын 2-ны өдөр тог таслаад өнөөдрийг хүртэл тоггүй байгаа тул нийт 27 хоног болж байна. 1 өдрийн олох ёстой оролго 150 000 төгрөгийг 27 хоногт үржүүлэн бодвол               4 050 000 төгрөг болж байна. Мөн 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 5 ширхэг бялууны захиалга авсан байсан. Нэг ширхэг бялууны үнэ 23 000 төгрөг, бялууны захиалга буцаагдсан тул 5 ширхэг бялууны үнэ 115 000 төгрөг, мөн хөргөгчинд байсан муудсан бараа материалын үнэ 835 000 төгрөг, нийт 5 000 000 төгрөгийг Т СӨХ-ноос гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Т СӨХ-ны ажлыг түр орлон гүйцэтгэгчээр авч ажиллаж эхэлсэн. 2017 оны 07 дугаар сарын 31-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгсөн Ш.Х захиралтай 2017 оны 06 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн нарийн боовны цех ажиллуулахаар 36В байрны подвольд М.Э  нь 1 жилийн хугацаатай ажлын байр түрээслэх гэрээ байгуулсан байсан. Энэ хугацаанд М.Э  нь цаг тухайдаа төлбөр тооцоогоо хийхгүй шалтаг тоочин хагаслаж үйлчлэгч Ч.Б-д өгч явуулдаг байсан. Гэтэл 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр СӨХ-ны менежер Ц.О нь 6 сарын түрээсийн төлбөрөө 4, 5 дугаар сарын цахилгааны төлбөртэйгээ хийгээч гэсэн шаардлага тавихад өдрийн зээлтэй хэцүү байна, ямарч байсан хуваагаад өгдөг гэсэн хариу өгсөн. Иймд М.Э д үнэхээр цаг тухайдаа төлбөр тооцоогоо барагдуулах боломжгүй хэцүү байвал та өрөөгөө чөлөөлж өг гэхэд чи намайг хөөхгүй би энэ өрөөг 2015 онд Б ХХК-иас 25 000 000 төгрөгөөр худалдаж авсан гэсэн. Та Ш.Х-тай түрээсийн гэрээ хийсэн байсан гэхэд үгүй тэр чинь зээл авах гэж хийсэн гэрээ гэж хэлсэн. Үүнээс хойш М.Э тэй цаашид гэрээг үргэлжлүүлэн хийх боломжгүй гэсэн дүгнэлтэнд хүрээд байтал хүү М.Т нь 2018 оны 06 дугаар сарын     26-ны өдөр уулзан яг юу хүсээд байгаа юм бэ? гэхэд, юу хүсэх вэ цаг тухайдаа төлбөр тооцоогоо хийгээчээ бидний ажлыг битгий уяачээ гэж ээжид тань хэлсэн. 2018 оны 2, 3 дугаар сарын түрээсийн төлбөрийг ээжийн тань хүсэлтээр 1 сарын түрээсийг 100 000 төгрөг болгон хөнгөлж байсан гэхэд түргэн зан гаргасан байна. Ээжийг маань уучлаарай төлбөр тооцоогоо хийе цахилгааныг нь залгаад өгөөч гэхэд тэр өдөр нь цахилгааныг залгаж өгсөн. 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр М.Э д 6 дугаар сарын төлбөрөө, 4, 5 дугаар сарын цахилгааны мөнгөтэй хийгээч гэж хэлэх гэтэл цехдээ байхгүй утсаа авахгүй байсан. Тэгээд маргааш нь цахилгаан тасалхад ирж уулзалгүй 2018 оны 07 дугаар сарын 3 өдөр 4, 5 сарын цахилгааны төлбөр болох 145 803 төгрөг хийгээд утсаар тог залгаач би тогны төлбөрөө хийсэн гэж хэлэхэд, яагаад түрээсээ хийхгүй байгаа юм бэ гэхэд, энэ чинь миний байр гэхэд тэгвэл удирдах зөвлөлд наад асуудлаа танилцуулж, цаашид түрээс төлөх эсэхээ шийд гээд удирдах зөвлөлтэй цаг товлож, баяр наадмын дараа гишүүд хотод бүгд ирж, ажил жигдрэхэд 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдөр уулзалт зохион байгуулахаар болсон. Мөн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр доорх подволийн зүүн жигүүрийн коридорын хаалгыг цоожтой болгосон. Учир нь уг жигүүрт 3 айл байдаг ба 1 нь нарийн боовны цех, нөгөө 2-т нь СӨХ-ны ажилчид амьдардаг. Иймээс баяр болж нутагруугаа явах болоход коридорын хаалга онгорхой улмаас гадны хүмүүс орж нийтийн жорлон болон ванны усыг хэрэглэж замбараагүй асуудал үүсэх тул баярын үеэр хаалгыг цоожтой болгосон. Энэ нь нарийн боовны цехийн хаалганы цоожинд ямарч хамааралгүй юм. Удирдах зөвлөлийн гишүүд таны гэрээ дууссан тул Б.Г-тай биш бидэнтэй гэрээ хийх хэрэгтэй мөн урьд сарын түрээсээ төлж барагдуулаад 2018 оны 8 дугаар сарын 01-нээс 180 000 төгрөг болгож хөнгөлье гэсэн шийдэлд хүрсэн. Гэтэл М.Э д 2018 оны 08 дугаар сарын 1-нээс эхлэн амаар та гэрээгээ хий гэхэд иргэний үнэмлэхээ гээчихсэн гэсэн. Тэгээд албан ёсоор 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр №08/11 дугаартай албан тоотоор ТҮЦ машины лавлагааг 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр авчирч гэрээгээ хийнэ үү гэсэн мэдэгдэл өгсөн. Үүнийг хүлээн аваад М.Э  нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 1 065 000 төгрөг нэхэмжилсэн. Дээрх нэхэмжлэлийг УЗ-д танилцуулж, гишүүн тус бүр нь хариуг бичгийн хэлбэрээр өгч, үүнийг 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр №08/12 дугаартай албан бичигт хавсарган М.Э д хүргүүлсэн. М.Э  нь уг хариуг хүлээж аваад та нар намайг доромжилж байна, би ашиггүй ажиллаж байхад ашигтай гэж хүний үгээр ойлгож байна гэсэн хариу өгсөн. Иймд 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр №09/01 тоот албан тоотыг 09/03 дугаартай нэхэмжлэхийн хамт хүргүүлэхэд нэхэмжлэл дээр 400 000 төлөхгүй гэж бичээд хассан дүнгээр төлбөрөө хийсэн. Дээрх албан бичигт 2018 оны 6, 7 дугаар сарын төлбөрөө хийхгүй бол 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр цахилгаан хязгаарлана гэж мэдэгдсэн байтал М.Э  нь гэнэт дураараа авирлаж цахилгаан тасалдаг, намайг бараа материалаар хохироодог гэсэн нь үндэслэлгүй юм. Мөн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр тог тасалсан зүйл байхгүй учир нь удирдах зөвлөлийн дарга С.Э гүйцэтгэх захирал Б.Г-д 2018 оны 09 дүгээр сарын 30-ны хүртэл М.Э д урьд төлбөрөө барагдуулах боломж олгож, цахилгаан хягаарлахгүй байхыг даалгасан. М.Э  нь тус СӨХ-той гэрээ хийх сонирхолгүй гэдэг нь дээрхээс нотлогдож байна. Иймд М.Э-гийн дурьдаж байгаа хохирол учирсан гэдэг нь үнэхээр үндэслэлгүй тул дээрх 5 000 000 төгрөгийн нэхэмжпэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгааг хянан үзэхийг хүсэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т СӨХ холбогдох гэм хорын хохиролд нийт              5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Э-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан гэдэг дээр хэн аль нь маргаагүй. Зөвхөн түрээсийн гэрээний хугацаа сунгагдсан эсэх дээр маргасан. Мөн нэхэмжлэгчийн хохирол учирсан цаг хугацааны хувьд аваад үзэхэд гэрээний хугацаа албан ёсоор дуусгавар болоогүй цаг хугацаа бөгөөд нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрөө төлж байсан. Гэрээ албан ёсоор цуцлагдсан эсэх дээр нэгдсэн дүгнэлтэд хүрээгүй байсан. Удирдах зөвлөл гэрээг сунгах гэсэн шийдвэр гаргасан байсан. Гэвч СӨХ-н дарга гэх Б.Г нь хувийн ашиг сонирхол болон харилцаанаас үүдэлтэй маргаанаас болж тог тасалсан байдаг. Хариуцагч тог таслах болон албан ёсоор гэрээг дуусгавар болгох талаар бичгээр мэдэгдсэн мэдэгдэл хэрэгт байхгүй. Хариуцагч тал ямар үндэслэлээр татгалзаж байгаагаа нотлоогүй. Нэхэмжлэгчээс гэрч асуулгаж тухайн нөхцөлд болсон үйл баримтыг гэрчилсэн мөн опох ёстой байсан орлого болон муудаж хаягдсан бараа материалын талаар үнэн зөв мэдүүлсэн. Хариуцагч талаас оролцсон гэрч гэрээний хугацааг сунгая гэж шийдсэн гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Гэтэл шүүх нотлох баримтыг үнэлэхдээ хэт нэг талыг барьж үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэж байна. Тог тасалснаас үүдэлтэй нэхэмжлэгчид хохирол учирсан гэдэг нь тогтоогдож байна. СӨХ нь тог таслах эрхтэй этгээд мөн эсэх нь эргэлзээтэй. СӨХ түрээслэгчийн үйл ажиллагааг доголдуулж шууд хохирол учруулж байгаад гомдолтой байна. Шүүх тог залгахыг даалгасан боловч хохирол учраагүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч М.Э  нь хариуцагч Т СӨХ-нд холбогдуулан цахилгаан тасалснаас гэм хор учирсан гэх үндэслэлээр 5 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч байгууллагын эзэмшлийн 36В байрын зоорийн давхрын өрөөг 1 жилийн хугацаатай түрээслэх гэрээ байгуулагдсан байна. Нэхэмжлэгчийн үйл ажиллагаа явуулж байсан зоорийн давхрын өрөө нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахаар байх тул хариуцагч байгууллага нь цахилгааны хэрэгслэл хязгаарлах, таслах эрх бүхий этгээд биш юм. Иймд хариуцагчийн цахилгаан тасалсан үйлдэл нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хууль бус үйлдэл мөн болно.

Гэвч нэхэмжлэгч нь хариуцагчийн уг үйлдлийн улмаас эд хөрөнгөд нь учирсан хохирол буюу зардал гаргасан, бараа материал муудсан гэх нөхцөл байдлыг баримтаар нотолж чадаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй байна. Тодруулбал, хэрэгт авагдсан баримтад “нэхэмжлэгчийн өөрт учирсан хохирлыг өөрийн хөтөлсөн дэвтэрт бичсэн тэмдэглэл” авагдсан байх бөгөөд нөгөө талын гарын үсэг байхгүй нэг талын баримтад үндэслэж нэхэмжлэгчийн нийт 4 050 000 төгрөгийн орлого олох боломжтой байсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй. Мөн тухайн цаг хугацаанд эд бараа материалыг бодитой хадгалагдаж байсан, цахилгаан тасалсны улмаас хүнсний материал муудаж хохирол учирсан талаарх байдлыг нотолсон баримтыг гаргаж өгөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн хохирол бодитой учирсан гэж эргэлзээгүй нотолж чадаагүй тул анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

Иймд хуулийн шаардлага хангасан баримт, нэхэмжлэгчид учирсан бодит гэм хорын хохирлыг нотлох баримтын хүрээнд дүгнэх учиртай тул дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2019/00119 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааpг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

            ШҮҮГЧИД                                    Д.ЦОГТСАЙХАН

                                                                 М.НАРАНЦЭЦЭГ