Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 582

 

 

МАГАДЛАЛ

 

2019.03.29                                                 Дугаар 582                                     Улаанбаатар хот

 

 

 

Р Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Б.Нармандах, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,  

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2018/03263 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Р Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч МОХННУБТЗ-д холбогдох,

МОХННУБТЗ нийгэмлэгтэй 2016 оны 5 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан Баянгол дүүргийн нутагт байрлах Ногоон зоорийг түрээслэх гэрээг гэрээний хугацаа дуустал буюу 2021 оны 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэхийг даалгах, мөн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 33 дугаар байрны 1 дүгээр давхарт байрлах дэлгүүрийг РШ ХХК-д түрээслүүлэхээр гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Д.М,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: РШ ХХК нь МОХННУБТЗ-ын Улаанбаатар дахь Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний төвтэй гэрээ байгуулан Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 24 дүгээр байрны 1 давхарын байрлах 19 дүгээр дэлгүүрийг түрээслэн ажиллуулж байхдаа тус дэлгүүрийг шинэчлэн засварлаж, шалыг цементээр цутган тэгшилж, паркетан шал хийж, сантехникийн болон цахилгааны шугамыг шинэчилж засварласан. Мөн тус нийгэмлэгийн Тээш, худалдааны төвийн Ногоон зоорийн хашааг түрээслэхдээ уг газрын хог хаягдлыг цэвэрлэж, ухсан нүхнүүдийг шороогоор дүүргэж газрыг тэгшлэн, ашиглах зориулалттай болгох, ашиглалтын хугацаа дууссан ногоон зоорийг буулгах, хашааны хаалгыг гүйдэг хаалгаар солих зэргээр тохижуулан 126 000 000 төгрөгийн ажлыг хувь хүмүүсээр хийлгэн, мөнгийг нь бэлнээр өгч байсан. Гэтэл УБТЗН нь 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр түрээсийн гэрээг цуцалж, эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх, гүйцэтгээгүй үүрэг болох      25 999 541 төгрөгийг РШ ХХК-иас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн. Давж заалдах, хяналтын шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн болно. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ түрээсийн гэрээг цуцлаагүй атлаа түрээсийн зүйлүүдийг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8-д "Иргэний эрх зүйн харилцааг дараахь аргаар хамгаална.", "иргэний эрх зүйн харилцааг дуусгавар болгох" гэж хуульчилсан бөгөөд шүүх гэрээг цуцлаагүй ба РШ ХХК, УБТЗН  ийн хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр байна. 2016 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс анх гэрээ байгуулсан бөгөөд ногоон зоорийг бүхэлд нь сард 5 000 000 төгрөгөөр түрээсэлж байсан. Мөн эрх бүхий байгууллагын даргын хүсэлтээр обьектийн харуул хамгаалалтын зардлыг манай талаас гаргахаар тохиролцон тусад нь гэрээ хийх шаардлагагүйгээр гэрээ байгуулсан байсан. УБТЗ-ын худалдааны төвийн тавьсан харуул хамгаалалт нь шаардлага хангахгүй байна гэж би удаа дараа хүсэлт гаргасны дагуу гэрээг дахин шинэчилж харуул хамгаалалтыг РШ ХХК хариуцахаар болж түрээсийн төлбөрөөс харуул хамгаалалтын зардлын 2 000 000 төгрөгийг хасч тохиролцсон. Тухайн үед гэрээг хуулийн дагуу эрх бүхий этгээдтэй 2016 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 1-нийг хүртэл 5 жилийн хугацаагаар байгуулж байсан. Тухайн үед ногоон зоорь нь ашиглах боломжгүй гэж акталсан, эвдрэлтэй, хур хогтой байсан бөгөөд би эрсдэл хүлээж хувийн хөрөнгөөр засварлаж, хогийг цэвэрлэж байсан. Гэрээг 5 жилийн хугацаагаар байгуулахдаа гэрээнд өөрчлөлт оруулахгүй, гэрээний хугацаанд хөрөнгө оруулалтын зардал төлөхгүй байхаар гэрээний нөхцөлийг тохиролцсон. Гэтэл 2016 оны 9 дүгээр сард УБТЗ-д бүтцийн өөрчлөлт орж Ж гэх дарга томилогдсон ба түүнээс шалтгаалан намайг удаа дараа дуудаж уулзаж байсан бөгөөд би очиж уулзахад ашиг сонирхлын зөрчил ярьж, надаас хээл хахууль нэхсэн. Би хуулийн дагуу гэрээг байгуулсан гэж тайлбарлаж, хахууль өгөхөөс татгалзахад намайг дарамталж эхэлсэн. Түүнээс шалтгаалан 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр УБТЗ-аас манай компанийг шүүхэд өгч, асуудал гурван шатны шүүхээр хянагдаж, шийдвэрлэгдсэн. Гэхдээ тухайн маргааныг шүүхээс шийдвэрлэхдээ гэрээг дуусгавар болгоогүй байж ногоон зоорийг чөлөөлөх шийдвэр гарсан. Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байдаг ногоон зоорийг хүч хэрэглэн чөлөөлсөн бөгөөд УБТЗ-аас 200-300 хүн, 20 гаран техник хэрэгсэлтэй ирж хүч түрэмгийлж 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдөр чөлөөлсөн. Би шүүхийн шийдвэрийг эсэргүүцээгүй бөгөөд обьектийг чөлөөлж өгсөн. Тухайн объектод бизнес эрхлэхэд маш их эрсдэлтэй байдаг. Би өөрийн хөрөнгөөр эрсдэл "эргэн зээл авч бизнес эхлүүлсэн. Эдгээр ногоон зоориуд нь бүгд актлагдсан буюу ашиглалтын хугацаа дууссан бөгөөд зориулалтын дагуу ашиглаагүй гэж шүүхэд хандсан. Би н.Б гэж даргад албан бичгээр саналаа илэрхийлж байсан бөгөөд зооринд ногоотой машин орж хоноод өглөөд гарч байх хүсэлт гаргасан. Хамгийн сүүлд өөрчлөгдөн томилогдсон зоорийн дарга н.Г  гэж хүн албан бичигтээ тухайн зоориудыг акталсан тухай дурдсан байдаг. Манай байгууллагыг Ногоон зоорийн зориулалтын бусаар ашигласан гэж буруутгасан. Ногоо ачсан машин зооринд орж хоноод өглөө гардаг бөгөөд зориулалтын дагуу ашиглаж байсан, түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.17-д зааснаар талбайд худалдаа, үйлчилгээ эрхэлж болохоор зохицуулсан байсан өгөөд би контейнер тавиулж худалдаа эрхэлж байсан. Гэтэл тухайн үеийн түрээсийн төлбөр болох 7 000 000 төгрөг нь маш их өндөр хэмжээний төлбөр байсан бөгөөд өр тавиад ч болсон хугацаанд нь төлж, гэрээгээ зөрчихгүйг хичээж ажиллаж байсан. 2016 оны 5 дугаар сарын 1-нээс гэрээг 5 жилийн хугацаатай байгуулж, миний гэрээ найдвартай, удаан хугацаатай гэдэг нь тодорхой болж хамтран ажиллагчид маань контейнер тавьж эхэлсэн бөгөөд уг гэрээний сүүлийн нэг жилийн хугацаанд л ашиг авахаар төлөвлөн тооцоолж ажиллаж байсан. Тийм учраас уг ногоон зоорины түрээсийн гэрээ 2021 оныг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Төмөр замаас уг зоорийг өөр хүнд гэрээ байгуулж түрээслүүлэхээр хөөцөлдөж байгаа. Би уг зоорийг түрээсэлж үйл ажиллагаа эрхлэхэд 115 000 000 орчим төгрөг зарцуулсан байдаг. Иймд уг гэрээг үргэлжлүүлэхийг даалгаж өгнө үү.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага: Нэхэмжлэгч РШ  ХХК нь МОХНН УБТЗ-ын Улаанбаатар дахь Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний төвтэй гэрээ байгуулан ногоон зоорь, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 33 дугаар байрны 1 дүгээр давхарт байрлах 380 м.кв талбай бүхий дэлгүүрийг түрээслэн ажиллуулж байсан бөгөөд УБТЗН нь 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр түрээсийн гэрээг цуцалж, эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх, гүйцэтгээгүй үүрэг болох 25 999 541 төгрөгийг РШ ХХК-иас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 00011 дүгээр шийдвэрээр “үүрэг зөрчсөн үндэслэлээр Р Ш ХХК-ийн эзэмшлээс ногоон зоорийг чөлөөлөхөөр шийдвэрлэж, 33 дугаар байрны 1 дүгээр давхарын дэлгүүртэй холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. Шүүх РШ ХХК-ийг гэрээний хугацаанд үүргээ зөрчөөгүй гэж үзсэн. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.7 дахь хэсэгт шинэ гэрээг тэргүүн ээлжинд байгуулах эрхтэй талаар хуульчилсан байдаг. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д иргэний эрх зүйн “харилцааг дараахь аргаар хамгаална, эрхийг хүлээн зөвшөөрөх гэжээ. Иймд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 33 дугаар байрны 1 дүгээр давхарын дэлгүүрийг РШ ХХК-д түрээслүүлэхээр гэрээ байгуулахыг хариуцагч МОХН УБТЗН  т даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: УБТЗН   нь өөрийн ажилтнуудын аюулгүй байдал Р Ш ХХК-ийн гэрээг зөрчсөн үйлдлийг үндэслэн түрээсийн гэрээнүүдээс татгалзаж, түрээслүүлсэн эд зүйлээ чөлөөлүүлж авсан. Манай байгууллага нь РШ ХХК болон захирал Д.М , түүний гэр бүлийн гишүүдтэй ямар ч нөхцөл болзолтойгоор иргэний эрх зүйн харилцаа үүсгэхээс татгалзаж байгаа болно. Энэ асуудлыг шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2018/00011 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 588 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 001/ШТ2018/01010 дугаар хуулийн хүчин төгөлдөр тогтоол байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д "нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа;" гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заажээ. УБТЗН   нь ногоон зоорийг 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авах ажиллагаа явуулах гэж байгааг РШ  ХХК нь мэдсэн даруйдаа ногоон зоорийн нутаг дэвсгэрт хүнсний зах ажиллуулах зар тарааж улмаар сүүлийн 4 жил ямар ч засвар үйлчилгээ хийлгүй авто гарааш болгон ашигласны улмаас хөгц, мөөгөнцөрт идэгдсэн зооринд хүнсний ногоо хадгалж, бусад хүнсний захад тараах ажиллагаа явуулж эхэлсэн болно. РШ  ХХК-ийн захирал Д.М  нь нэгэнт хүнсний зах ажиллаж эхэлсэн үед хүнсний ногооны худалдаа эрхлэгчдийг УБТЗН  ийн эсрэг турхирч, 3 шатны шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах гэмт санаа зорилгын үүднээс тухайн үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлснийг таслан зогсоох, ногоон зоорийг өөрийн мэдэлд эзэмдэн авах үйл ажиллагааг тус нийгэмлэг 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр явуулж дууссан болно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5, 289 дүгээр зүйлийн 289.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Р Ш ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас МОХННУБТЗ нийгэмлэгтэй 2016 оны 5 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан Тээш, худалдааны төвийн Ногоон зоорийг түрээслэх гэрээг гэрээний хугацаа дуустал буюу 2021 оны 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэхийг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 33 дугаар байрны 1 дүгээр давхарт байрлах 380 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг РШ ХХК-д түрээслүүлэхээр гэрээ байгуулахыг хариуцагч МОХН УБТЗН  т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: МОХН УБТЗ нийгэмлэгийн нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ түрээсийн гэрээг цуцлаагүй мөртлөө түрээсийн зүйлүүдийг чөлөөлүүлсэн. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8-д иргэний эрх зүйн харилцааг дараах аргаар хамгаална, иргэний эрх зүйн харилцааг дуусгавар болгох гэж хуульчилсан бөгөөд шүүх гэрээг цуцлаагүй мөртлөө түрээсийн зүйлийг чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Иймд талуудын хооронд хийгдсэн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгэх эрхтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх хэсгийн “...нэхэмжлэлийн шаардлагаас УБТЗН  тэй 2016 оны 5 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан Тээш худалдааны төвийн Ногоон зоорийг түрээслэх гэрээг гэрээний хугацаа дуустал буюу 2021 оны 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож...” гэснийг хүчингүй болгож Ногоон зоорины түрээсийн гэрээг үргэлжлүүлэхийг хариуцагч МОХН УБТЗ нийгэмлэгт даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэлийн нэг шаардлага болох 33 дугаар дэлгүүрийн түрээсийн гэрээг РШ ХХК-тай үргэлжлүүлэн байгуулах гэснийг шүүх хангаж шийдвэрлэсэн байна. Хэдийгээр өмнөх түрээсийн гэрээний талаар 3 шатны шүүхийн шийдвэр гарсан боловч нэхэмжлэлийн шаардлага нь гэрээг цуцлах, түрээсийн зүйлийг албадан чөлөөлүүлэх гэсэн байжээ. 2015 онд байгуулсан түрээсийн гэрээ нь 2018 оны 3 сард хугацаа нь дуусч дуусгавар болсон байх бөгөөд энэ гэрээний 4.2.13-т “түрээсийн байрыг дамжуулан түрээслэх...” эрхгүй ба эдгээр зөрчлийг гаргасан тохиолдолд гэрээг цуцална” гэсэн заалтыг РШ ХХК зөрчиж лангуу эрхлэгчдэд давхар түрээсэлж байсан тул УБТЗ, РШ ХХК-тай дахин гэрээ байгуулж лангуу түрээслэгчдээс давхар төлбөр төлүүлэх нь хуульд нийцэхгүй гэж үзэн лангуу түрээслэгчидтэй шууд гэрээ байгуулан ажиллаж байгаа билээ. Шүүх энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй, хэрэгт нотлох баримтаар авагдсан түрээсийн гэрээг үнэлээгүй, эсхүл буруу үнэлсэн байх бөгөөд өмнө гарсан шүүхийн шийдвэрийг хэрэг хянан шийдвэрлэхдээ үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т заасныг зөрчсөн байна. Мөн өөр хэрэг маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар гаргаж өгч байгаа нь шүүхэд нөлөөлөх нөлөөллийн хэлбэр гэж үзнэ. Анхан шатны шүүх тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугласан нотлох баримтыг үнэлж хууль есны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах ёстой гэж үзэж байна.

Анхан шатны шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б-д шүүх хуралдааны “зарыг ямар ч хэлбэрээр мэдэгдээгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б-ийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нөгөө итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байгаа талаараа шүүхэд утсаар мэдэгдсэн боловч шүүх хурлыг мөн оролцуулахгүй хийсэн. Шүүх мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримт бүрдүүлэх Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 102/Ш32018/10831 тоот захирамж биелэгдээгүй, шүүх хурлын бэлтгэл хангагдаагүй байхад шүүх хурлыг хийж шийдвэрээ гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг нотлох баримт буруу үнэлсэн, хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгоно уу гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч РШ ХХК нь хариуцагч МОХННУБТЗ-д холбогдуулан 2016 оны 5 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан Баянгол дүүргийн нутагт байрлах ногооны зоорийг түрээслэх гэрээг 2021 оны 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэхийг даалгах, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 33 дугаар байрны 1 дүгээр давхарт байрлах дэлгүүрийг РШ ХХК-д түрээслүүлэхээр гэрээ байгуулахыг хариуцагчид даалгахаар нэхэмжилсэн.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ногооны зоорийн түрээслэх гэрээ цуцлагдсан, дэлгүүрийг түрээслэх гэрээний хугацаа дуусгавар болсон гэж тайлбарлан маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл талуудын хооронд 2016 оны 5 дугаар сарын 1-ний өдөр ногооны зоорийг 2021 оны 5 дугаар сарын 1-нийг хүртэл 5 жилийн хугацаагаар түрээслэх гэрээ байгуулагдсан ба гэрээ 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр цуцлагдсан нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон, 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 33 дугаар байрны 1 дүгээр давхарт байрлах 380 м.кв талбай бүхий дэлгүүрийг түрээслэх гэрээний хугацаа 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон боловч нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний зүйлийг үргэлжлүүлэн ашиглаж, гэрээгээр тохиролцсон төлбөрийг төлж байсан, хариуцагч нь дээрх дэлгүүрийг 2018 оны 7 дугаар сард нэхэмжлэгчээс буцаан авсан зэрэг үйл баримт тогтоогдсон талаар талууд маргаагүй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээс хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байна.

Тодруулбал: нэхэмжлэгч нь дээрх дэлгүүрийг түрээслүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.7 дахь заалтыг үндэслэсэн байх ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар зохигчдын хооронд мэтгэлцээн явагдаагүй байна.

Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулагдсан дэлгүүр түрээслэх гэрээ тодорхойгүй хугацаагаар, тухайн нөхцлөөр сунгагдсан эсэх, хэрэв гэрээний хугацаа сунгагдсан гэж үзвэл түрээсийн гэрээг цуцлах талаар зохицуулсан хуулийн холбогдох заалтыг хэрэглэх шаардлагатай байсан гэж үзнэ.

Түүнчлэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШЗ 2018/10831 тоот захирамжаар хариуцагчаас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн ба хэргийн 226 дугаар талд авагдсан, хариуцагчаас шүүхэд ирүүлсэн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байв.

Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбар, маргааныг үйл баримтын талаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2018/03263 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, хариуцагчаас төлсөн       70 200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Д.ЦОГТСАЙХАН

              ШҮҮГЧИД                                           Б.НАРМАНДАХ

                                                                            М.НАРАНЦЭЦЭГ