Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2020/ДШМ/71

 

 

                                       Х.Отгонбатад холбогдох  

                                        эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                     Даргалагч, шүүгч                                     Г.Давааренчин

                       Шүүгчид                                                  Б.Эрдэнэхишиг

                                                                                       Д.Буянжаргал

                               

                     Оролцогчид

                      Прокурор                                                 В.Батдэлгэр

                       Шүүгдэгчийн өмгөөлөгч                          Г.Амартүвшин

                       Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч      Ц.Отгонтуяа

                        Хохирогчийн өмгөөлөгч                          Р.Атарцэцэг                                                         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар

оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЗ/364 дугаартай шүүгчийн захирамжийг эс  зөвшөөрч  бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хошууд овогт Хорлоогийн Отгонбатад холбогдох эрүүгийн 2031001940151 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хушаат суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Хушаат сум, Даагат 1 дүгээр баг задгайд оршин суух хаягтай, Хошууд овогт Хорлоогийн Отгонбат РД:/МС90090314/,

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Х.Отгонбат нь 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Даагат” 1-р багийн нутаг “Хушаат" нэртэй газарт бага насны /13 нас 4 сар 20 хоног/ охин *******г хүчиндэхийг завдсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх Х.Отгонбатад холбогдох хэргийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЗ/364 дугаартай шүүгчийн захирамжаар:  

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т
 

зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хошууд овогт Хорлоогийн Отгонбатад холбогдох 2031001940151 тоот эрүүгийн хэргийг аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Яллагдагч Х.Отгонбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг Прокурорын газарт очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн яллагдагч Х.Отгонбат болон насанд хүрээгүй хохирогч *******гийн хувцсыг хэргийн хамт хүргүүлсүгэй...гээд, эрх бүхий этгээд хувийг гардан авсан өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 27 дугаартай эсэргүүцэлдээ: ...Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр яллагдагч, түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж, хэргийг хянан хэлэлцээд 364 дугаартай шүүгчийн захирамжаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх шаардлагатай гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

...Прокурорын зүгээс Х.Отгонбатад холбогдох хэрэгт нотолбол зохих байдал нотлогдсон байхад шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзэлгүй хэргийг прокурорт  буцаасан нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчийн хамт өгсөн мэдүүлгүүд нь гэрч Мөнхцэцэг утсаар ярихаар гарч яллагдагч Отгонбаттай гэрт үлдсэн болохоо" илэрхийлсэн, мөн “Отгоо ах өөрийнхөө бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийх үед их өвдсөн” гэх, мөн “Отгонбат ах өөрийнхөө боожгойг миний боожгой руу түлхээд байсан” мэдүүлгүүд нь яллагдагч Отгонбат нь бага насны охин *******гийн бэлгийн халдашгүй байдал нь зөрчигдөж, түүний биед бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийхийг завдсан гэх агуулгатай байх тул мэдүүлгүүдийг зөрүүтэй гэж шууд үзэх боломжгүй.

2. “Отгоо ах хоёр удаа боовоо тулгаад байсан” гэх мэдүүлгийн хувьд тухайн гэмт хэргийн завдсан гэх үйлдэл нь хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар нэг цаг хугацаанд болсон тул үргэлжилсэн үйлдэл байх боломжгүй. Үргэлжилсэн үйлдэл нь хэд хэдэн цаг хугацаанд тухайн үйлдэл үргэлжилсэн байхыг ойлгоно. Гэтэл энэ гэмт хэрэг нь нэг цаг хугацаанд нэг санаа зорилгоор үйлдэж байгаа үйлдлийн хувьд үргэлжилсэн үйлдэл гэж үзэх боломжгүй.

3. “Миний салтаа хэсэгт хатгаж өвдөөд байсан. Өөр хоёр хоног халуураад, чичрээд хоолой өвдсөн... гэж мэдүүлсэн ба энэ халууралт нь хоолой өвдснөөс болсон уу, эсвэл гэмт хэргийн улмаас цочролд орсноос болсон уу” гэдгийг тогтоох нь тухайн хэргийн зүйлчлэл болон эрүүгийн хариуцлага оногдуулахад ямар нэг байдлаар нөлөөлөхгүй.

Энэхүү гэмт хэргийн хохирогч ******* нь бага насны буюу насанд хүрээгүй учир сэтгэхүйн хувьд бүрэн хөгжиж төлөвшөөгүйн улмаас эр, эмийн харилцаа, хурьцал үйлдэхийн мөн чанар, үр дагаварыг ухамсарлан ойлгох чадваргүйн дээр бие махбодийн хувьд бүрэн хөгжөөгүй, бэлгийн бойжилт олоогүй байдаг учраас биеэ хамгаалах чадваргүй этгээд юм.

Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийг хөнгөн зэргийн сэтгэцийн хомсдолтой боловч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай гэх дүгнэлт хэрэгт авагдсан, мөн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх газар орон зайн талаар гэрч нарын мэдүүлэгт тодорхой тусгагдан хэрэг болсон цаг хугацаа бүрэн тогтоогдсон байхад мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэж байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “Шүүх хавтаст хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу бага насны хүүхэд болох хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгийг анхан шатны шүүх хуралдаанаар тодруулан мэдүүлэг авч хэргийг шийдвэрлэх боломжтой байхад хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр шүүгчийн захирамжинд заасан заалтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой болох, тэдгээрийг хийж гүйцэтгэснээр ямар үйл баримт, ямар нотлох баримтыг үгүйсгэж байгаа талаар дүгнэлт хийгээгүй атлаа хэргийг буцааж байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 364 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив гээд давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор эсэргүүцлийг дэмжиж оролцов.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... насанд хүрээгүй гэдэг утгаар нь дан ганц хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, хэргийг шийдвэрлэж болохгүй гэж үзэж байна. ... Шинжээчийн дүгнэлтээр охиныг оюун ухааны тодорхой хэмжээний өөрчлөлттэй мартаж, санадаг гэж дүгнэлт гарсан. Тэгвэл үүнийг нарийвчлан тодруулах шаардлагатай.  Өөрөөр хэлбэл хийсвэрлэж бодсон зүйлээ ярьдаг байх боломжтой юу? энэ бүгдийг нарийвчлан тодорхойлох ёстой. Тийм учраас Х.Отгонбатыг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Энэ бол хүнд гэмт хэрэг юм. Тиймээс мөрдөн байцаалтад буцааж зарим ажиллагааг хийж, нэг бүрчлэн шалгах шаардлагатай байна гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ гэмт хэрэгт бага насны хүүхэд хохирсон. Бага насны хүүхдийн сэтгэл санаа маш их хохирсон учир буцаад мөрдөн шалгах шатанд очвол дахин хүүхэдтэй уулзах тул хүүхдийн сэтгэл зүйг бодолцох хэрэгтэй. Мөн энэ хэрэгт удаа дараа асуудал гарч байгаа нь хүүхдэд ямар үр дүн учруулах вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Тиймээс прокурортой адил саналтай буюу бүх зүйл нь болсон тул буцаах шаардлагагүй гэж үзэж байна гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцэл болон шүүгчийн захирамж, хэрэгтэй танилцсан байгаа. Хэрэгтэй танилцах үеэр мэдүүлгийн зөрүүтэй гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэж байна. Шүүгчийн захирамжид шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж хэргийг буцаасан байсан бол уг үндэслэл нь үгүйсгэгдэж байна. ... Шүүгчийн захирамжид мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулж гэж заасан бол уг ажиллагаа шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь хэргийн газрын үзлэг хийгдэж, хэрэгт ач холбогдолтой нотлох баримт байхгүй гэж үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсан байгаа. Хохирогч охины хувьд хөл муутай байсныг үгүйсгэхгүй ч охин хүчирхийлэлд өртсөн өдрөөс хойш 2 хоног халуурсан байдаг. Үүнийг гэрчүүд ч гэрчилсэн байгаа. Тиймээс энэ бүгдийг үндэслэж анхан шатны  шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Х.Отгонбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг Прокурорын газарт буцааж, шүүгдэгч урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт очтол хэвээр үргэлжлүүлж  шийдвэрлэсэн байна.

Прокурорын эсэргүүцлийн дагуу Х.Отгонбатад холбогдох эрүүгийн 2031001940151 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.”, 2-д “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно...” гэж заасны дагуу анхан шатны шүүх  прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээ, хязгаарын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЗ/364 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.1,39.6 дугаар зүйлийн 1,1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЗ/364 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол Х.Отгонбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай

 

                        ДАРГАЛАГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН

                            ШҮҮГЧИД                                      Б.ЭРДЭНЭХИШИГ

                                                                                       Д.БУЯНЖАРГАЛ