| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2019/00380/И |
| Дугаар | 130/ШШ2019/00671 |
| Огноо | 2019-11-12 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 130/ШШ2019/00671
Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, шүүгч А.Жархынгүл, Х.Мейрамбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын дугаар багт оршин суух, Х. Д /рд:000000000, утас:00000000/-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын дарга /Б.Н/,
Хариуцагч: Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар /дарга Б.С, утас:00000000/,
Хамтран хариуцагч: Б аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /дарга Д.Б/ нарт тус тус холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч У овогт Д.Ж, нэхэмжлэгч Х.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, хамтран хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Ө сумын 5 дугаар багт байрлах улсын бүртгэлийн Ү-00000 дугаар гэрчилгээтэй, контор, үйлчилгээний зориулалттай 21,09 м.кв талбайтай, нэг өрөө бүхий өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээдийн /Х.Д миний/ зөвшөөрөлгүйгээр Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын саналыг үндэслэж, нэг талаас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нөгөө талаас Б ХХК-тай харилцан тохиролцож байгуулсан 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний байгууллагын барилгын буулгалтын /Б, Ө/ Дугаар №ХНХЯ-00000 ажлын гэрээг, мөн уг барилгын 2 давхарт байршилтай 1 өрөө бүхий 21,09 м.кв талбайтай өмчлөлийн конторыг Х.Д миний зөвшөөрөлгүйгээр нураасан Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын барилгын буулгалтын ажлын гүйцэтгэсэн үйлдлийг тус тус хууль бус болохыг тогтоож, хохирол 23,199,000 төгрөг гаргуулах тухай
Нэхэмжлэгч Х.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Х.Д би тус шүүхэд анх Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын саналыг үндэслэж, нэг талаас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нөгөө талаас Б ХХК-ийн харилцан тохиролцож байгуулсан 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний байгууллагын барилгын буулгалтын /Б, Ө/ Дугаар №ХНХЯ-00000 ажлын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах талаар зохицуулсан ба тус зүйлийн 69.1.5-д ...тодорхой үйл ажиллагаа гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгах... гэснийг үндэслэж шүүхийн эцсийн шийдвэр гартал барилгыг нураах үйлдэл хийхгүй байхыг хариуцагч нарт даалгах тухай хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан боловч тухайн үед хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байсан тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байснаар барилгыг бүхэлдээ нурааж дууссан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б ХХК-ийн хаяг тодорхойгүй болсон тул анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 130/Ш32019/01172 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож, захирамжийн 3 дахь заалтаар хариуцагчийн оршин суугаа хаягийг тодруулан шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсан юм. Гэхдээ нэхэмжлэгч Х.Д би Б ХХК-ийг энэ хэрэгт заавал хариуцагчаар оролцуулах шаардлага байхгүй гэж үзэж Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрыг хариуцагчаар тодорхойлж ийнхүү нэхэмжлэл гаргаж байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас Б ХХК-тай харилцан тохиролцож 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр №ХНХЯ-00000 дугаартай Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын барилгыг буулгах ажлын гэрээ байгуулжээ. Миний бие Х.Д Б аймгийн Ө сумын 5 дугаар багт байрлалтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын барилга дотор албаны үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээний зориулалттай нэг өрөөний хууль ёсны өмчлөгч бөгөөд Ү-00000 улсын бүртгэлийн өмчлөлийн гэрчилгээтэй. Тодруулбал, дээрх ажлын гэрээгээр буулгахаар болсон 2 давхар барилгын 2 дахь давхарт миний 21,09 м2 талбай бүхий оффисын зориулалттай 1 өрөөтэй ба уг барилга дундаа ашиглах дундын эзэмшлийн 2 давхарт гарах ганцхан шаттай, дундын эзэмшлийн нэг коридор, дундын гадны нэг орцтой барилга болно. Гэтэл дээрх 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Дугаар №ХНХЯ-00000 ажлын гэрээгээр аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний байгууллагын барилгыг бүхэлдээ буулгахаар гэрээ байгуулснаар миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн, тухайлбал тухайн барилга доторх хувийн өмчлөлийн өрөөндөө үйл ажиллагаа явуулах боломжгүй байдалд хүргэж, миний өмчлөх эрхэд саад учруулж, барилгыг бүхэлдээ буулгаж миний эрхэд халдлаа.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д ...хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүЧин төгөлдөр бус байна... гэж заасан.
Тэрээр, тухайн барилгад аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон иргэн Х.Д миний бие үйл ажиллагаа явуулдаг байтал миний байр суурийг асуугаагүй, надаас ямар нэгэн зөвшөөрөл авахгүйгээр дундын өмчийн барилгыг буулгах шийдвэр гаргаж, улмаар нураачихсан байгаа нь миний эрхийг зөрчсөн. Уг гэрээг гагцхүү гуравдагч этгээдийн зөвшөөрөлтэйгөөр хийх ёстой ба зөвшөөрөл аваагүй нь мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т ...Хэлцэл хүчин төгөлдөр байх зайлшгүй нөхцөл болсон зөвшөөрөл олгох эрх, үүрэг бүхий гуравдагч этгээд уг зөвшөөрлийг олгосон буюу олгохоос татгалзсан тухайгаа хэлцлийн талуудад нэгэн адил мэдээлнэ... гэж заасныг зөрчсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д ...Хуульд зааснаар хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно..., 108.3-т "...Дундаа хэсгээр өмчлөгч тус бүр ногдох хэсгээ захиран зарцуулахдаа бусад өмчлөгчдөд мэдэгдэх үүрэгтэй... гэж тус тус заасан боловч аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас болон ХХҮЕГ-аас тухайн барилга дотор 21,09 м2 талбайн өмчлөгч Х.Д миний зөвшөөрлийг аваагүй, мэдэгдээгүй тул барилгыг бүхэлдээ нураах, буулгах ажлыг явуулах эрх зүйн үндэс байгаагүй. Одоо нэгэнт барилгыг бүхэлдээ нурааж буулгаснаар цаашид гарах үр дагаврыг хуулиар зохицуулсан, энэ нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т ...Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө... гэж заасан хуулийн зүйл заалт юм.
Хэрэв шинээр барилга барьсан тохиолдолд Х.Д надад оногдох хэсэгт ногдох үр шимийг өмчлөх эрхээр хангуулах буюу 21,09 м2 талбайтай 1 өрөө бүхий оффисыг ашиглах, өмчлөх боломжоор хангах талаар эсхүл хохирлыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх талаар хоорондын зөвшилцөл хийгдэх боломжтой байсан хэдий ч намайг үл тоомсорлож, өмчлөх эрхэд маань халдсанд гомдолтой байна.
Нэмж хэлэхэд, уг барилга байгууламжийг нуураахаас өмнө Х.Д миний өмчлөлийн гэх 1 өрөө байранд үнэлгээ тогтоолгосон ба үнэлгээний тооцооллын дүнгээр зах зээлийн үнийг 23,199,000 төгрөг болохыг тогтоосон болно.
Иймд, Ө сумын 5 дугаар багт байрлах улсын бүртгэлийн Ү-00000 дугаар гэрчилгээтэй, контор, үйлчилгээний зориулалттай 21,09 м.кв талбайтай, нэг өрөө бүхий өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээдийн /Х.Д миний/ зөвшөөрөлгүйгээр Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын саналыг үндэслэж, нэг талаас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нөгөө талаас Б ХХК-тай харилцан тохиролцож байгуулсан 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний байгууллагын барилгын буулгалтын /Б, Ө/ Дугаар №ХНХЯ-00000 ажлын гэрээг, мөн уг барилгын 2 давхарт байршилтай 1 өрөө бүхий 21,09 м.кв талбайтай өмчлөлийн конторыг Х.Д миний зөвшөөрөлгүйгээр нураасан Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын барилгын буулгалтын ажлын гүйцэтгэсэн үйлдлийг тус тус хууль бус болохыг тогтоож, хохирол 23,199,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаярын шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болсон нэхэмжлэгчийн өмчлөлийн гэх үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагдаагүй, танилцах боломжгүй байна. Хүчин төгөлдөр бусад тооцуулах гэж буй гэрээ хэрэгт авагдаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй. Иймд хариу тайлбар, татгалзлаа илэрхийлэх боломжгүй байна. Гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан атлаа гэрээний нэг тал болох Б ХХК-ийг хариуцагчаар татаагүй, нэхэмжлэлийг танилцуулаагүй байна. Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн өмчлөлийн Ү-00000 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг ирүүлсэн тохиолдолд хариу тайлбар өгөх боломжтой байна.
Иймд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байхгүй тохиолдолд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 32 дугаар сарын 21 -ны өдрийн Хөрөнгийг буулгаж данснаас хасах тухай 31 дугаартай тогтоолоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйл, 77 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-д заасныг тус тус үндэслэн Хөдөлмөр, халамж үйлчилгээний -азрын хуучин барилгыг Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарсан тул тус барилгыг буулгаж данснаас хасахыг зөвшөөрсөн шийдвэр гарсан юм.. Б аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс гарсан шийдвэрийн дагуу Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Б ХХК нь иргэн Х.Ды өмчлөлийн барилгыг албадан буулгасан байна. Уг объектыг татан буулгахаас өмнө тус газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай А\09 дугаартай тушаалаар иргэн Х.Ды эзэмшлийн өрөөнд байгаа хаалга, цонх, дулааны пар болон бусад эд хогшлыг буулган хүлээлгэн өгөх ажлын хэсэг байгуулсан юм. Уг ажлын хэсэг зохих журмын дагуу ажилласан болно. Иймээс нэхэмжлэгч Х.Ды маргаан бүхий объект буюу үл хөдлөх эд хөрөнгийг татан буулгах үйл явц нь тус байгууллагад огт хамааралгүй өөр эрх бүхий байгууллагын шийдвэрлэсэн асуудал учраас нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд Ө сумын 5 дугаар багт байрлах улсын бүртгэлийн Ү-00000 дугаар гэрчилгээтэй, контор үйлчилгээний зориулалттай 21,09 м.кв талбайтай нэг өрөө бүхий өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээдийн \Х.Д миний зөвшөөрөлгүйгээр Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын саналын үндэслэж, нэг талаас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нөгөө талаас Т ХХК-тай харилцан тохиролцож байгуулсан 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний байгууллагын барилгын буулгалтын \Б, Ө\ Дугаар № ХНХЯ-00000 ажлын гэрээг, мөн уг барилгын 2 давхарт байршилтай 1 өрөө бүхий 21,09 м.кв талбайтай өмчлөлийн конторыгХ.Д миний зөвшөөрөлгүйгээр нураасан Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын барилгын буулгалтын ажлын гүйцэтгэсэн үйлдлийг тус тус хууль бус болохыг тогтоож, хохирол 23,199,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.
Хамтран хариуцагч Б аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа:Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын хуучин барилгууд нь хил залгаа байрладаг байсан ба аймгийн азрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хуучин барилгыг нурааж 2018 оны улсын хөрөнгө оруулалтаар аймгийн азрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын лаборатори барилга барих Төрийн өмчийн хорооны шийдвэр гарсан билээ. Энэхүү барилгыг нурааснаар аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын хуучин барилга даацын ханаараа нурах болж байгаа тул аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарсан, одоо ашиглалтгүй байгаа хуучин барилгыг акталж балансаас хасаж өгөхийг хүсэж хүсэлтээ ирүүлсэн байна. Холбогдох байгууллагуудаас хуучин ашиглалтгүй байгаа барилгуудтай холбоотой удаа дараа хүсэлт гаргаж байсан учраас Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 31 дүгээр тогтоолоор барилгыг буулгаж данснаас хасахыг зөвшөөрсөн гэв.
Нэхэмжлэгч Х.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие анх 2005 онд Б компаниас хуучин халамж үйлчилгээний газрын 2 давхраас нэг өрөө контор худалдаж авсан. Улсын бүртгэлийн гэрчилгээ болон худалдан авах гэрээ зэрэг нотлох баримт надад бий. Би тус худалдаж авсан контортоо 2005 оноос эхэлж үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба тус барилгыг нураах хүртэл үйл ажиллагаа явуулж байсан. 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хөдөлмөр халамж үйлчилгээний Ерөнхий газар И ХХК-тай гэрээ байгуулж, тус барилгын дотор талыг нурааж эхэлсэн. Энэ үед надаас ямар нэгэн зөвшөөрөл аваагүй. Дараа нь 2019 оны 03 дугаар сард барилгыг бүхэлд нь нураасан ба надаас мөн зөвшөөрөл аваагүй. Би хуулийг ард иргэдийн эрх ашгийг хамгаалахын төлөө байдаг гэж боддог. Би эрх ашгаа хамгаалахын тулд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний ажлын контор байсан барилгыг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар хууль бусаар нураасан гэж үзэж байна. Аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурал тогтоол гаргаж барилгыг нураасан. Иймд миний бие Ө сумын 5-р багт байрлах улсын бүртгэлийн Ү-00000 дугаар гэрчилгээтэй, контор үйлчилгээний зориулалттай 21.09 м.кв талбайтай, нэг өрөө бүхий өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар нураасны улмаас учирсан хохирол 23199000 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулж өгөхийг хүссэн байна гэв.
Хамтран хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу орон нутгийн өмчлөлийн эд хөрөнгийг өмчлөгч нь юм. Аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурал нь аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурал захиран зарцуулах эрхтэй. Б аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлаас 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 41 дугаар тогтоол гаргасан ба уг тогтоолоор Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын хуучин барилгыг Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарсан тул уг барилгыг буулгаж, данснаас хасахыг зөвшөөрсөн байгаа. Дээрх тогтоолыг гаргасан тул нэхэмжлэгч Б аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлыг хариуцагчаар татсан. Б аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дээрх барилга нь орон нутгийн өмч байсан бол аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлаас гаргасан дээрх тогтоол нь хууль ёсных байх байсан. Уг асуудлын талаар холбогдох байгууллагуудаас тодруулж үзэхэд Б аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нь 2018 онд төрийн өмчид шилжсэн ба орон нутгийн өмчид хамааралгүй гэх асуудал гарч ирсэн. Аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хуралд 2 дугаар сард яагаад уг барилгын талаарх асуудлыг оруулж хэлэлцүүлсэн талаар холбогдох хүмүүс тодорхой мэдээлэл өгөхгүй байна. Нэхэмжлэгч 5 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тухайн үед Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрыг хариуцагчаар татсан байна. Учир нь, Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар нь 08 дугаар сарын үед Б аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын барилгыг 1 сарын хугацаанд нураах тухай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба тус ажилтай холбогдон гарах зардал хөрөнгийг улсын төсвөөс гаргахаар шийдвэрлэсэн байна. Б аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлаас тогтоол гарахаас өмнө дээрх гэрээ байгуулагдаж, ажлын гүйцэтгэл хийгдэж дуусахаар байсан. Иймд нэхэмжлэгчид учирсан хохирлыг барагдуулах асуудал Б аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хуралд хамааралгүй гэж үзэж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Шүүхэд хамтран хариуцагчаар татагдсан Б аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нь 1997 онд байгуулагдаж, дээрх маргаан бүхий барилгад үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тус барилгад 20 гаруй жил үйл ажиллагаа явуулсны эцэст 2016 оны 03 дугаар сард Мэргэжлийн хяналтын газраас тус барилгад цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй гэх дүгнэлт гарсан. Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар нь 2016 оны 10 дугаар сараас хойш Самал төвийг түрээсэлж үйл ажиллагаа явуулж байна. Одоо Думан төв-д үйл ажиллагаа явуулж байна. Газрын өмчлөгч нь аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурал юм. Б аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар нь тухайн барилгыг эзэмшиж байсан. Аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлаас тухайн үед барилгыг нураах талаар шийдвэр гарч байсан. Барилгыг нураах асуудлыг 2018 оны 08 дугаар сард Хөдөлмөр халамж үйлчилгээний Ерөнхий газрын дарга Н, И ХХК-ийн захирал Самдан нарын Хөдөлмөр халамж үйлчилгээний байгууллагын барилгыг ажлын буулгалтыг гүйцэтгэх ажлын гэрээ байгуулсан. Уг асуудлыг Хөдөлмөр халамж үйлчилгээний Ерөнхий газар хариуцах ёстой. Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт байгаа. Тус шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 72 дугаар шийдвэр гарч байсан. Тус барилгад цаашид ажиллах боломжгүй байсан гэдэг нь дээрх шүүхийн шийдвэрээр нотлогдож байгаа. Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтийг үндэслээд Хөдөлмөр халамж үйлчилгээний Ерөнхий газар тус барилгыг нуулгах дүгнэлт гаргасан. 2019 оны 03 дугаар сарын үед аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлаас тогтоол гарсны дараа асуудал хурцадсан. Манай байгууллагын зүгээс ажлын хэсэг байгуулж, Х.Хаби гэх хүнээр ахлуулсан байгаа. Нэхэмжлэгчид барилгыг нураах гэж байна, эд хогшлоо аваарай гэж мэдэгдсэн ч аваагүй байна. Нэхэмжлэгчийн конторт байсан эд зүйлийг Асрамжийн газарт хадгалж байгаа. Уг асуудалд манай байгууллага ямар ч хамааралгүй ба холбогдох эрх бүхий байгууллагын дүгнэлт, гэрээ, тогтоол зэргээр ажил хийгдсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 23199000 төгрөгийг Б аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний Ерөнхий газар хариуцах хууль зүйн үндэслэлгүй байна. Манай байгууллагын ямар нэгэн буруутай үйл ажиллагаа байхгүй. Учир нь, дээд шатны байгууллага шийдвэр гаргасан ба уг шийдвэр гаргахад манай байгууллага нөлөөлөх боломж байхгүй. Барилгыг буулгах ажилд манай байгууллагын зүгээс нэг ч хүн оролцоогүй. Бид барилгыг нураасны дараа санхүүгийн баримт, хувийн хэрэг зэргийг шороон дотроос түүж аваад архивт шилжүүлсэн. Нэг шөнө л барилгыг буулгасан байсан. Бид холбогдох нотлох баримт болон тайлбар зэргийг гаргаж өгсөн. Мөн шүүх хуралдаанд ажлын хэсгийн ахлагч Х.Хаби гэх хүнийг гэрчээр оролцуулах талаар хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ надад мэдэгдээгүй гэж бичсэн байна. Үүний талаар ажлын хэсгийн ахлагч Х.Хаби гэх хүн шүүх хуралдаанд гэрчээр тодорхой мэдүүлэг өгөх байх. Нэхэмжлэгч гомдолтой явдаг юм шиг байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Д нь Ө сумын 5-р багт байрлах улсын бүртгэлийн Ү-00000 дугаар гэрчилгээтэй, контор үйлчилгээний зориулалттай 21.09 м.кв талбайтай, нэг өрөө бүхий өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг миний зөвшөөрөлгүйгээр Б аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын саналыг үндэслэн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь Б ХХК-тай харилцан тохиролцож 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Хөдөлмөр халамжийн үйлчилгээний байгууллагын барилгын буулгалтын гэрээ байгуулж нураасан нь хууль бус болохыг тогтоож, эд хөрөнгөд учирсан хохирол 23199000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүссэн байна.
Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Х.Д нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж Ө сумын 5-р багт байрлах улсын бүртгэлийн Ү-00000 дугаар гэрчилгээтэй, контор үйлчилгээний зориулалттай 21.09 м.кв талбайтай, нэг өрөө бүхий өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар нураасны улмаас учирсан хохирол 23199000 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулж өгөхийг хүссэн байна.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Х.Д нь 2005 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Б ХХК-аас Ө сумын 5-р багт байршилтай Нийгмийн халамж үйлчилгээний төвийн 2-р давхарт байрлах 21.09 м.кв хэмжээтэй, нэг өрөө байрыг контор, үйлчилгээний зориулалтай худалдаж авсан байх ба Б аймгийн Ө сумын 5-р багт байршилтай контор, үйлчилгээний зориулалттай 21.09 м.кв талбайтай, нэг өрөө үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь 2006 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 000145284 дугаартай эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогджээ.
Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Б ХХК нар нь харилцан тохиролцож 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний байгууллагын барилгын буулгалтын /Б, Ө/ ажлын гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр гүйцэтгэгч болох Б ХХК нь Б аймгийн Ө сумын байршилтай Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний байгууллагын барилгын ажлыг 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр эхэлж 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ашиглалтад оруулахаар үүрэг хүлээсэн байх ба захиалагч Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь 24943555 төгрөгөөр гүйцэтгэхээр ирүүлсэн гүйцэтгэгчийн тендерийг зөвшөөрч талууд гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулсан байна.
Тухайн гэрээгээр үүрэг хүлээсний дагуу гүйцэтгэгч болох Б ХХК нь Б аймгийн Ө сумын төвд байршилтай Хөдөлмөр халамж үйлчилгээний байгууллагын барилгын буулгалтын ажлыг гүйцэтгэсэн болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар тогтоогджээ. Тухайн барилгын буулгалтын ажил хийгдэж гүйцэтгэгдсэн талаар талууд маргаагүй байна. Мөн Б аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газраас 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 131 дугаартай Ө сумын 5 дугаар багийн иргэн Х.Дд хаягласан албан бичгээр Халамжийн хэлтсийн байрыг ашиглах боломжгүй талаар Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн удаа дараагийн дүгнэлтийг үндэслэн Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 31 дүгээр тогтоол гарч данснаас хассан юм. Тус байрны 2 давхарт таны нэг өрөө байгаа хамтдаа буулгах учир өрөөнд байгаа эд зүйлийг яаралтай өнөөдөрт багтааж зөөж авахыг хүсье. Хэрэв заасан хугацаанд эд зүйлээ аваагүй нөхцөлд манай байгууллага барилгын буулгалтын ажлыг гүйцэтгэх болно гэж дурдсан байна.
Дээрх байдлуудаас үзэхэд нэхэмжлэгч Х.Ды өмчлөлийн контор үйлчилгээний зориулалттай 21.09 м.кв талбайтай, нэг өрөө үл хөдлөх эд хөрөнгө нь Б аймгийн Ө сумын байршилтай Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний байгууллагын барилгын буулгалтын ажлыг гүйцэтгэх үед хамт нураагдсан байна.
Нэхэмжлэгч Х.Д нь Ө сумын 5-р багт байрлах улсын бүртгэлийн Ү-00000 дугаар гэрчилгээтэй, контор үйлчилгээний зориулалттай 21.09 м.кв талбайтай, нэг өрөө үл хөдлөх эд хөрөнгийг шударгаар олж авч өмчилж байсан ба тухайн хөрөнгөө өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй болно.
Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь Б ХХК нар нь харилцан тохиролцож 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Б аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний байгууллагын барилгын буулгалтын ажлын гэрээ байгуулахдаа нэхэмжлэгч Х.Ды тухайн барилгын 2 давхарт байрлалтай нэг өрөө үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийг зөрчиж, гуравдагч этгээдийн эрх ашиг, зөвшөөрлийг харгалзахгүйгээр байгуулсан нь хуульд нийцээгүй байна.
Хариуцагч Хөдөлмөр, Халамж үйлчилгээний газар Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний байгууллагын барилгын буулгалтын /Б, Ө/ ажлын гэрээ байгуулах үед тухайн барилгын 2 давхарт байрлалтай нэг өрөөний өмчлөгч Х.Д-д тухайн барилгыг буулгах талаар мэдэгдэж байсныг нотлох баримтгүй байна.
Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ хөрш залгаа үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч болох Х.Ды эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул Х.Д нь бусдын хууль бус үйлдлийн улмаас учирсан хохиролыг шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгчээс хариуцагчаар Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг тодорхойлж ирүүлсэн, мөн хамтран хариуцагчаар Б аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг татан оролцуулсан боловч дээрх хариуцагч нараас хохирол гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.
Учир нь барилгын буулгалтын ажлыг гүйцэтгэ гэрээг Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний ерөнхий газар захиалагчийн хувиар гүйцэтгэгч болох Б ХХК-тай байгуулсан байх ба Б ХХК нь барилга буулгалтын ажлыг энэхүү гэрээний үндсэн дээр гүйцэтгэсэн, барилга буулгалтын ажлыг гүйцэтгэхэд Б аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын гэм буруутай болох талаар шууд нотлох баримтгүй, Б аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 31 дүгээр тогтоол гарахаас өмнө буюу 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь Б ХХК-тай Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний байгууллагын барилгын /Б, Ө/ ажлын гэрээг байгуулж уг барилгын буулгалтын ажлыг 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд гүйцэтгэхээр тохиролцож байсан мөн Б аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдийн 01/274 дугаартай албан бичгээр Б аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар нь 2018 онд Төрийн өмчид шилжсэн тул Орон нутгийн өмчийн газрын бүртгэлд байхгүй болно гэж тодорхойлсон байх тул 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 31 дүгээр тогтоолыг үндэслэн Б аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд гэм хорын хариуцлага хүлээлгэх боломжгүй гэж үзлээ.
Хариуцагч Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь шүүхэд гаргасан тайлбартаа гэрээний нэг тал болох Б ХХК-г хариуцагчаар татаагүй талаар тайлбарласан байх ба Б ХХК нь захиалагч болох Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний ерөнхий газартай байгуулсан гэрээнд заасан үүргээ гүйцэтгэсэн байх тул Б ХХК гэрээгээр хүлээсэн үүрэг гүйцэтгэсний төлөө гэм хорын хариуцлага хүлээх үндэслэлгүй болно.
Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт болох хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний Хас үнэлгээ ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 025 дугаартай үнэлгээний тайлангаар Х.Ды өмчлөлийн Б аймгийн Ө сумын 5-р багт байршилтай конторын зориулалттай 21.09 кв.м хэмжээтэй үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 23199000 төгрөг болоохыг тогтоосон байх ба хариуцагч талаас тухайн нотлох баримтыг няцаах баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул энэхүү үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь Б аймгийн Ө сумын төвд байрлалтай Б аймгийн халамж, үйлчилгээний газрын барилгын буулгалтын ажлыг бусдаар гүйцэтгүүлэх үед тухайн барилгын 2 давхарт байршилтай Х.Ды үл хөдлөх хөрөнгөд гэм хор учирсан нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын буруугаас болоогүй гэдгийг нотолж чадаагүй тул Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрыг гэм хорын хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй болно.
Иймд Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний ерөнхий газраас бусдын эд хөрөнгөд учруулсан хохирол 23199000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хавалын Дд олгох нь зүйтэй байна.
Хариуцагч Б аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, хамтран хариуцагч Б аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь гэм хорын хариуцлага хүлээх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул тэдэнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс хариуцагчаар Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын санхүү төлөвлөлтийн газрын дарга С.Нацагдоржийг тодорхойлж ирүүлсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс хариуцагчийг Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний Ерөнхий газар гэж тодорхойлсон тул С.Нацагдоржид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 23199000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хавалын Д-д олгож, Хариуцагч Б аймгийн Хөдөлмөр, Халамж үйлчилгээний газар, Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын санхүү төлөвлөлтийн газрын дарга С.Н, хамтран хариуцагч Б аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273945 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 273945 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Дд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН
ШҮҮГЧИД А.ЖАРХЫНГҮЛ
Х.МЕЙРАМБЕК