| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 321/2025/0059/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/72 |
| Огноо | 2025-04-03 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Амгалан |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/72
2025 04 03 2025/ШЦТ/72
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг
Улсын яллагч Н.Амгалан
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт ***гийн ***т холбогдох 2539000000019 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Д.Б нь 2024 оны 12 дугаар сарын 22-ны шөнө 01-02 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 11-02 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч болох ***ийг оройтож ирлээ гэх шалтгааны улмаас толгойн тус газар нь түлээний мод шидэж эрүүл мэндэд нь толгойн чамархай хэсгийн хуйханд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 12 дугаар сарын 21-ний орой 20 цаг өнгөрөөгөөд тараад гэртээ ирсэн юм. Тэгээд би нөхөртөө “Ажлынхаа хүмүүстэй хальж гарчихаад ирье” гэсэн чинь манай нөхөр согтуу надтай хамт явна гээд байхаар нь би “Согтуу юм чинь яаж хамт явдаг юм бэ?” гээд гэртээ үлдээсэн юм. Тэгээд би 22 цагийн орчимд ажлынхантайгаа гадуур гарч бид нар хамт олноороо гарч жоохон суусан юм. Бид нар 4, 5 хүн байсан болохоор 0,5 литрийн архи хувааж уугаад тэгээд гэртээ 01 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн юм. Тэгсэн чинь манай нөхөр *** нь намайг “Яасан оройтдог юм” гээд уурлаад гэрт байсан аргалын авдар дотор байсан түлээний мод авч шидээд миний толгойн баруун хажуу хэсэгт оносон. Тэгсэн чинь миний толгойноос цус гарсан юм...” гэжээ. (хх-ийн 7-8),
Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ “...Би өөрийн эхнэр Шүрэнцэцэгийг өмнө нь цохиж зодож байгаагүй. Тухайн үед шөнөжингөө алга болохоор нь уурандаа түлээний мод аваад шидчихсэн. Тухайн үед толгой дээр нь оночихсон. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэжээ. (хх-ийн 33-34),
Гэрч ***гийн мэдүүлэг (хх-ийн 15-16),
Гэрч ***ийн мэдүүлэг (хх-ийн 55-56),
Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 54 дугаартай “...1. ***ийн биед толгойн чамархай хэсгийн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
2. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
3.4 Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
5 Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 21-22)
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 3)
Яаралтай тусламжийн хуудас (хх-ийн 23)
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 57)
Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх-ийн 38-39),
Д.Бын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 50-52)
Д.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар, гэрлэсний бүртгэлгүй лавлагааны хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагааны хуулбар (хх-ийн 37, 40, 43, 44)
Б.Цэнагийн төрсний гэрчилгээний хуулбар (хх-ийн 53), болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Д.Бт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч *** овогт ***гийн *** нь 2024 оны 12 дугаар сарын 22-ны шөнө 01-02 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 11-02 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч болох ***ийг оройтож ирлээ гэх шалтгааны улмаас толгойн тус газар нь түлээний мод шидэж эрүүл мэндэд нь толгойн чамархай хэсгийн хуйханд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Д.Бын “...Би өөрийн эхнэр Шүрэнцэцэгийг өмнө нь цохиж зодож байгаагүй. Тухайн үед шөнөжингөө алга болохоор нь уурандаа түлээний мод аваад шидчихсэн. Тухайн үед толгой дээр нь оночихсон. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ***ийн “...Би 2024 оны 12 дугаар сарын 21-ний орой 20 цаг өнгөрөөгөөд тараад гэртээ ирсэн юм. Тэгээд би нөхөртөө “Ажлынхаа хүмүүстэй хальж гарчихаад ирье” гэсэн чинь манай нөхөр согтуу надтай хамт явна гээд байхаар нь би “Согтуу юм чинь яаж хамт явдаг юм бэ?” гээд гэртээ үлдээсэн юм. Тэгээд би 22 цагийн орчимд ажлынхантайгаа гадуур гарч бид нар хамт олноороо гарч жоохон суусан юм. Бид нар 4, 5 хүн байсан болохоор 0,5 литрийн архи хувааж уугаад тэгээд гэртээ 01 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн юм. Тэгсэн чинь манай нөхөр *** нь намайг “Яасан оройтдог юм” гээд уурлаад гэрт байсан аргалын авдар дотор байсан түлээний мод авч шидээд миний толгойн баруун хажуу хэсэгт оносон. Тэгсэн чинь миний толгойноос цус гарсан юм...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 54 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Д.Б нь хувийн таарамжгүй сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, өөрийн хамтран амьдрагч ***ийн толгойн тус газар нь түлээний мод шидэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байхыг шаардах бөгөөд шүүгдэгч Д.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх шинжийг хангасан гэж үзнэ.
Түүнчлэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;” хэлнэ гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “энэ хуулийн үйлчлэлд дараахь этгээд хамаарна” мөн зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д “...хамтран амьдрагч...” гэж зааснаар Д.Б нь тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байх бөгөөд шүүгдэгч Д.Б, хохирогч *** нар нь хамтран амьдрагчид болох нь тэдний мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Б нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүгдэгч Д.Б нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Бын үйлдлийн улмаас хохирогч ***ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 54 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Д.Бт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 800,000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Д.Бын гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Бын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ***ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч *** нь шүүхийн мэдэгдэх хуудаст “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч Д.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Д.Б нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *** овогт ***гийн ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***гийн ***т 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР