Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2022/00464

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2022/00464

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэгт байрлах, Нэмсанхүү групп ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэгт оршин суух,   Анхгэрэл д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг, хохиролд 19.406.607 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, гэрч Х.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Нэмсанхүү групп ХХК хариуцагч Э.Анхгэрэлд холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 19.406.607 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Э.Анхгэрэл Нэмсанхүү групп ХХК-аас 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 19/1203 тоот зээлийн гэрээгээр 14.490.000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлж 38-99 УНҮ улсын дугаартай Тоуота Согоllа, rumioп автомашиныг худалдан авахаар тохирч, уг тээврийн хэрэгслийг барьцаалан сарын 3,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 2021 оны 01 дүгээр сарын 15-ний өдөр хүртэл хугацаагаар олгосон. Э.Анхгэрэл 2019 оны 9 дүгээр сарын 15-наас эхлэн зээлийн гэрээгээ зөрчиж, эргэн төлөлтөө хуваарийн дагуу хийгээгүй. Зээл олгосноос хойш хэд хэдэн удаа төлөлт хийсэн ч дандаа 14 хүртэл хоног хоцроож төлдөг байсан.

Э.Анхгэрэл зээлийн гэрээний 2,2.1, 2.2.2, 4.5, 5.2 заалтуудыг тус тус зөрчиж гэрээг биелүүлээгүйн улмаас үүссэн дараах хохирлыг хариуцагч Э.Анхгэрэлээс гаргуулахаар шаардаж байна.

2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр тээврийн хэрэгслийг унаж Төв аймгийн Батсүмбэр сумаас Борнуур явах замд онхолдуулж эвдэлсэн. Бодь даатгал ХХК-д машиныг даатгуулсан байсан ч даатгалд тэр даруй дуудлага өгөөгүйгээс нөхөн төлбөр олгохоос татгалзахдаа осолд хэн буруутайг тогтоох боломжгүй гэж татгалзсан. Хариуцагч үүнийгээ нуун дарагдуулж, сүлжээ барихгүй байсан гэдэг. Дараа нь автомашиныг Э.Анхгэрэл засуулахгүй удсан учраас манай компани 3.475.800 төгрөгөөр янзлуулж, 8.000.000 төгрөгөөр бусдад худалдсан болно. Машиныг Баянбүрдэд эзгүй айлын хашаанд тавьсан байсан. Онхолдсон машинаа аваач гэж засварын газраас манай байгууллага руу утасдсанаар бид мэдэж 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тээврийн хэрэгслийг очиж авсан. Ингээд түүний бичгээр өгсөн хүсэлтийн дагуу тээврийн хэрэгслийг 8.000.000 төгрөгөөр зарж борлуулсан. Тээврийн хэрэгсэлд Сэлэнгэ эстимэйт ХХК-иар үнэлгээ хийлгэхэд 7.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн ч манайх 8.000.000 төгрөгөөр худалдан борлуулсан.

Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 11.235.121 төгрөг, 2019.09.15-ны өдрөөс 2021.03.15-ны өдөр хүртэлх хугацааны хүү 7.078.126 төгрөг, 2019.09.15-ны өдрөөс 2021.03.15-ны өдөр хүртэлх хугацааны алданги 5.617.560 төгрөг, машиныг засуулсан засварын зардал 3.347.800 төгрөг, нийт 27.406.607 төгрөг төлөх үүрэгтэйгээс 8.000.000 төгрөгийг хасч үлдэх 19.406.607 төгрөгийг Э.Анхгэрэлээс гаргуулж өгнө үү.

Хэрэгт баримтаар өгсөн дансны хуулгад дурдагдсан Р.Наранбаатар нэхэмжлэгч байгууллагын ажилтан, зээл хариуцсан хүн. Тухайн данс хоёр эзэмшигчтэй буюу Р.Наранбаатар болоод компанийн гүйцэтгэх захирал Ц.Саранцэцэг нарын хамтран эзэмшдэг данс юм. Манай байгууллагын бүх зээлийн гүйлгээ энэ дансаар олгодог болно. Түүнчлэн нэхэмжлэгч байгууллага барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг тул Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл шаардахгүй гэв.

 

2.Хариуцагч дараах үндэслэлээр эс зөвшөөрч маргаж байна. Үүнд:

Миниий бие 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр "Нэмсанхүү групп" ХХК-аас 14.490.000 төгрөгийн зээлийг 38-99УНҮ улсын дугаартай Тоуота Согоllа, rumioп автомашиныг зээлээр авсан нь үнэн болно. Зээлээ цаг хугацаандаа төлж явж байсан. Гэвч 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймгийн Борнуур сум руу ажлаар явж байгаад Батсүмбэр сумаас Борнуур орох замд машины дугуй буудаж осолд орсон. Тухайн өдөр амралтын өдөр байсан тул 2-8 насны дөрвөн хүүхдээ, мөн нагац дүүгээ хамт аваад гэр бүлээрээ явж байсан. Осол болдог газар сүлжээгүй, багавтар уулын энгэр газар байсан. Азаар тэр газраас 1 км орчмын цаана хүмүүс хадлан хадаж байсан учраас маш хурдан ирж тусалж, бид нарыг машинаас чирч гаргасан. Бас араас нь өөр ачааны машин ирсэн ба тэр машинд хүүхдүүдтэйгээ дайгдаад Борнуур сум руу явсан. Борнуур суманд байдаг нагац ахындаа очиж, болсон явдалыг хэлж, чирэх машин аваад буцаж очиж машинаа авсан. Машиныг ирж тусалсан хүмүүс шууд босгосон учраас дотоод эд ангид гэмтэл учраагүй тул чирэх шаардлагагүй асаад Борнуур сум руу явсан. Зөвхөн гадаад үзэмжинд засвар хийх байсан. Машинаа ослын газраас аваад ирэхэд шөнийн 3 цаг болж байсан учраас өглөө банк бус руу зураг явуулж мэдэгдсэн. Хотод ирээд даатгалд материалаа өгөхөд хэргийн газраас хөдөлсөн учраас нөхөн төлбөр өгөх боломжгүй гэсэн. Осол гарсан даруйд зураг дараагүй. Гэнэтийн явдалд цочирдсон тул ухаан байгаагүй.

Засварын газраар үнэлүүлэхэд 4.500.000 төгрөгөөр засна гэсэн. Тэгээд ажил жаахан бүтэлгүйтэж санхүү байхгүй байсан болохоор төлөлт хийлгүй, тэр машинаа ч засуулж чадахгүй хугацаа алдсан. Гэтэл бид хямд засах газар олчихлоо, машинаа өгчих. Чи мөнгөө ол гээд машин аваад явсан. 2020 оны 3 дугаар сарын 09-нд ажилтан нь залгаад захирал уулзая гэж дуудуулж байна гэхээр очиход ...та машинаа өгөөд зээлээ хаая гэсэн өргөдөл бичээд өг гэсэн. Ажилтан Х.Солонгын хэлсний дагуу би бичиж үлдээсэн. Ахиад холбоо бариагүй болохоор ингээд дууссан гэж бодсон. Цар тахлын улмаас ажлаа эхлүүлж чадаагүй, төлбөр барагдуулах санхүүгийн чадамж байхгүй. Харин машины засварын зардлыг хувааж төлөх боломжтой. Анх машин авахдаа урьдчилгаа төлбөр өгсөн. Мөн эхний 9 сарын турш сар бүр 910.000 төгрөгийг төлж байсан.

Тээврийн хэрэгслийг зээлдэгч хураан авсан тул энэ өдрөөс хойш хүү тооцох үндэслэлгүй. Үүнээс гадна Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зээлдэгчид мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулагдсанд тооцдог. Гэтэл мөнгийг хариуцагч аваагүйгээс гадна мөнгийг Нэмсанхүү групп ХХК-иас биш харин Р.Наранбаатар гэдэг хүний данснаас шилжүүлж, уг дансанд зээлийг буцаан төлдөг байсан байна. Мөнгөн хөрөнгө иргэн Р.Наранбаатарын данснаас гарсан тул нэхэмжлэгч шаардах эрхгүй, харин Р.Наранбаатар шаардах ёстой. Түүнчлэн тус байгууллага зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй талаарх баримт хэрэгт авагдаагүй тул тусгай зөвшөөрөлгүй, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй этгээд байна.

Мөн Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т барьцаалагдсан хөрөнгийг нэн даруй бичгээр 7 хоногийн дотор мэдэгдэнэ гэж заасан байтал дуудлага худалдаагаар борлуулаагүй, хариуцагчид мэдэгдээгүй болно. Тээврийн хэрэгслийг авсан хэрнээ дахин мөнгө нэхэмжилж байгааг ойлгохгүй бна. Түүнчлэн цар тахлын хуулиар ломбардыг хүү, алдангиас чөлөөлөх талаар заасан. Үүнийг хэрэглээгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №19/1203 тоот зээлийн гэрээ, мөн өдрийн №19/1203 тоот фидуцийн гэрээ, кассын зарлагын ордер, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Э.Анхгэрэлийн хүсэлт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, Бодь даатгал ХХК-ийн 02/322 дугаар албан тоотын хуулбар, жолооны үнэмлэхийн хуулбар, нөхөн төлбөр хүссэн өргөдөл, даатгалын тохиолдлын ослын тэмдэглэлийн хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Э.Анхгэрэлийн гаргасан 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн хүсэлт, Э.Анхгэрэлийн иргэний үнэмлэхийн хуулбар, автомашины засахад гарсан зардлуудын жагсаалт, Хаан банкны шилжүүлгийн баримтууд, зээлийн тооцооллын хүснэгт, Хаан банкны депозит дансны хуулгууд, Авто тээврийн үндэсний төвд гаргасан нэхэмжлэгчийн өргөдөл, О.Даваадуламын иргэний үнэмлэхийн хуулбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 182/ШЗ2020/08555 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 181/ШШ2020/02419 дүгээр шийдвэр, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн 2021 оны хаяг тогтоосон албан тоот, 2019 оны 19/1225 дугаар Авто тээврийн үндэсний төвд гаргасан нэхэмжлэгчийн хүсэлт зэргийг ирүүлжээ. /хх 5-74/

Хариуцагчаас нотлох баримтаар: эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, иргэний үнэмлэхний лавлагаа, Хаан банкны Э.Анхгэрэлийн дансны хуулгууд, зэргийг ирүүлжээ. /хх 99-101, 106-107, 126-179/

Шүүхийн журмаар: хариуцагчийн хүсэлтээр 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШЗ2021/07206 дугаар шүүгчийн захирамжийн дагуу нэхэмжлэгчээс ирүүлсэн 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 21/1355 албан бичиг, 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 21/1358 албан бичиг, автотээврийн үндэсний төвд гаргасан хүсэлт, автомашин худалдах, худалдан авах гэрээ, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, Г.Лувсансамбуугийн нэхэмжлэх, Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайлан, үнэлгээний ажлын хөлс төлсөн баримт, Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн хулуийн этгээдийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 21/1369 албан бичиг, Хаан банкны шилжүүлгийн баримтын хуулбар зэргийг бүрдүүлжээ. /хх 115-116, 180-202, 208-209/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Нэмсанхүү групп ХХК нь Э.Анхгэрэлд холбогдуулж зээлийн гэрээний үүрэг, хохиролд 19.406.607 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй, фидуцийн зүйл болох тээврийн хэрэгсэлд хохирол учруулснаас зээлийг тээврийн хэрэгслээр хангуулах боломжгүй болсон үндэслэлээр зээлийн үлдэгдлийг хүү алданги, хохирлын хамт нэхэмжилсэн.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч байгууллага зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, мөнгөн хөрөнгийг иргэнээс олгосон, тээврийн хэрэгслийг авснаар зээлийн үүрэг дуусгавар болно гэж тайлбарлав.

2.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

2.1.Нэг талаас Нэмсанхүү групп ХХК, нөгөө талаас Э.Анхгэрэл нар 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр харилцан тохиролцож, зээлдүүлэгч 14.490.000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, Зээлдэгч сарын 3,5 хувийн хүүтэй эргүүлэн төлөхөөр 19/1203 тоот гэрээг байгуулжээ. /хх 5-6/

Нэхэмжлэгч Нэмсанхүү групп ХХК барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. Хариуцагч талаас нэхэмжлэгч Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй тул шаардах эрхгүй гэж тайлбарласан. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд нэрлэн заасан тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх үйл ажиллагааны чиглэлд хамаарахгүй, Хадгаламж зээлийн хоршооны тухай хууль, Банкны тухай хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй этгээдүүд тусгай зөвшөөрлийн үндсэн дээр энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэхээр хуулиар зохицуулсан тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

Түүнчлэн мөнгөн хөрөнгө болох 14.490.000 төгрөгийг бодитоор аваагүй, хуулийн этгээдээс бус иргэн Р.Наранбаатараас мөнгийг шилжүүлсэн тул нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж хариуцагч талаас шүүх хуралдаанд тайлбарласан.

Талуудын хоорондох зээлийн гэрээний 1.15-д мөнгөн хөрөнгийг Р.Лувсансамбуугийн Хаан банкны данс руу шилжүүлэх-ээр заасан, хариуцагч А.Энхгэрэл болон Р.Лувсансамбуу нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 17.050.000 төгрөгөөр Тоёота королла маркийн тээврийн хэрэгслийг худалдах худалдан авах гэрээ бйагуулагдсан, уг гэрээний 3-т төлбөр тооцоог Нэм санхүүгийн групп-ын зээлээр төлнө гэж тусгагдсан, тухайн тээврийн хэрэгсэл 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Г.Лувсансамбуугийн нэрээр Монгол Улсын хилээр орж ирсэн болох нь хэрэгт авагдсан гэрээ, хариуцагчийн зээл хүссэн өргөдөл, төлбөрийн нэхэмжлэх, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /хх 5, 9, 11, 181-184, 209/

Мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн Хаан банкны 5021537513 тоот дансны эзэмшигч Раднаагийн Наранбаатар байна. Нэхэмжлэгч уг дансыг нэхэмжлэгч хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал Ц.Саранцэцэг хамтран эзэмшдэг, Р.Наранбаатар тус хуулийн этгээдийн зээл хариуцсан ажилтан, бүх зээл энэ дансаар олгогддог гэж тайлбарласан. Гэрч Х.Солонгоос мөн адил энэ дансаар бүх зээлийн гүйлгээг хийдэг гэж мэдүүлж байхаас гадна хэрэгт авагдсан хариуцагч А.Энхгэрэлийн Хаан банкны дансны хуулгаас үзвэл тэрээр зээлийг буцаан төлөхдөө Р.Наранбаатарын Хаан банк дах уг данс руу 3899 УНҮ,*******ээс, 88810036, үнэ гэх утгаар мөнгийг буцаан шилжүүлж байсан үйл баримт тогтоогдсон тул мөнгөн хөрөнгийг бодитоор олгоогүй, Р.Наранбаатар шаардах эрхтэй, Нэмсанхүү групп ХХК шаардах эрхгүй тухай хариуцагч тайлбар үндэслэлгүй. /хх 55-65, 128, 138, 145, 155, 165, 166/ Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзэх тул нэхэмжлэгч мөн хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д зааснаар шаардах эрхтэй.

2.2.Талууд 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөө зээлийн гэрээний үүргийг 38-99 УНҮ улсын дугаартай Тоёота корола /Toyota Corolla/ маркийн тээврийн хэрэгслээр хангуулахаар 19/1203 тоот фидуцийн гэрээг байгуулсан, тээврийн хэрэгслийн эзэмшлийг Нэмсанхүү групп ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. /хх 7-8, 17/

Барьцаалан зээлдэх газар зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах, зээлдэгч зээлсэн мөнгийг хүүгийн хамт хугацаанд нь төлөөгүй тохиолдолд барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэх, ийнхүү мэдэгдснээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулахаар Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.3, 286.4-т тус тус заасан. Нэхэмжлэгч барьцаалан зээлдэх газар тул тэрээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг өөр аргаар буюу фидуцийн зүйлээр хангуулах аргыг хэрэглэх эрхгүй тул талуудын хоорондох дээрх фидуийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус, зээлийн гэрээний энэ хэсгийг зохицуулсан 4 дэх хэсэг мөн адил хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ. Гэвч хариуцагч үүнд маргаагүй бөгөөд фидуцийн гэрээ болоод зээлийн гэрээний 4 дэх хэсэгт заасан барьцаатай холбоотой хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон ч бусад хэсэг Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар хүчин төгөлдөр болно.

3.Маргааны зүйл болсон тээврийн хэрэгслийг хариуцагч өөрийн эзэмшилд байлгах хугацаанд 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр онхолдуулж хохирол учруулсан гэм бурууд маргаагүй болно. Улмаар тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч засварлаж 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 8.000.000 төгрөгөөр гуравдагч этгээдэд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан тухайн өдрийн дансны хуулга, нэхэмжлэгч байгууллагын 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Авто тээврийн үндэсний төвд хүргүүлсэн хүсэлт зэргээр тогтоогдож байна. /хх 65-67/

Иймд тээврийн хэрэгсэлд хохирол учруулснаас үнэ буурч зээлийг бүрэн хангах боломжгүй болсон тухай нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй, харин тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчид өгснөөр үүргийг хангуулж зээл дуусгавар болох ёстой гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж үзэв.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш зөрчигдсөн, зээл, хүү, алдангийг төлөх боломжгүй тул 3-99 УНҮ улсын дугаартай автомашиныг танай компани зарж борлуулж хохирлоо барагдуулахыг зөвшөөрч байна гэсэн хүсэлтийг 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгчид бичгээр гаргасан, нэхэмжлэгч тээврийн хэрэгслийг 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр бусдын өмчлөлд шилжүүлсэн тул энэ өдрөөс зээлийн гэрээ цуцлагдсан гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч энэ хүртэлх хугацаанд хүү тооцон зээлийг буцаан шаардах эрхтэй. /хх 18/

4.Нэхэмжлэгч зээл олгосноос хойш нийт 6.941.000 төгрөг төлсөн гэж тайлбарлан, үндсэн зээлийн үлдэгдэл 11.235.121 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хүү 7.078.126 төгрөг, алданги 5.617.560 төгрөг гаргуулахаар шаардсан. Хариуцагч төлсөн мөнгөн дүнд маргаагүй. /хх 54, 55-64, 126-179/

Шүүх талуудын хоорондох гэрээг 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс цуцлагдсан гэж үзсэн тул энэ өдөр хүртэлх хугацаанд хүүг тооцвол хариуцагчийн төлбөл зохих зээлийн үлдэгдэл нийт 21.590.100 төгрөг //үндсэн 14.490.000 + хүү 7.100.100 /2019.01-2020.03 сар хүртэлх 14 сар * нэг сар 507.150// байна. Үүнээс урьд төлсөн 6.941.000 төгрөг, тээврийн хэрэгслийг бусдад худалдсан үнэ 8.000.000 төгрөгийг хасвал нийт 6.649.100 /21.590.100-6.941.000-8.000.000/ төгрөг хариуцагч төлөх үүрэгтэй.

5.Талуудын хоорондох зээлийн гэрээний 1.7-д зээл, зээлийн хүүгийн төлөх хугацаа хэтэрсэн бол хэтэрсэн хоног тутам 0,5 хувьтай тэнцэх алданги төлөх-өөр тохиролцсон, дээрх тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан анзын гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй. Иймд шүүх 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш гэрээ цуцлагдах хүртэлх буюу 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд хуваарийн дагуу сар бүр төлөхөөр тохирсон дүнгээс алданги тооцож 2.266.571 төгрөг /907.095+907.008+906.588+906.466+906.185 = 4.533.342 ≈ ИХ 232.4 / гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

6.Хэрэгт баримтаар тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 4.330.000 төгрөгөөр тооцсон Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн үнэлгээний тайлан авагдсан ч нэхэмжлэгч энэ үнэлгээний дагуу нэхэмжлээгүй харин бодитоор гарсан засварын зардал 3.475.800 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж, мөн зүйлийн 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардлыг... хохиролд тооцно гэж тус тус заасан, хариуцагч тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан гэм бурууд маргаагүй тул тээврийн хэрэгслийг засварлахад гарсан зардлыг төлөх үүрэг хүлээнэ.

Нэхэмжлэгчийн баримтаар ирүүлсэн засварт зарцуулсан гэх Хаан банкны шилжүүлгийн баримтуудаас гүйлгээний утга зогсоол, угаалга гэж шилжүүлсэн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 28.000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 100.000 төгрөгийг хасч тооцов. Түүнчлэн тээврийн хэрэгслийг 2020 оны 2 дугаар сард засварлаж дууссан гэж шүүх хуралдааны явцад тайлбарласан тул 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс хойшхи хугацааны зогсоол, угаалга, зардал утгаар шилжүүлсэн нийтдээ 334.000 төгрөгийг хасч үлдэх 3.141.800 /3.475.800-334.000/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй. /хх 20, 21-53/

Дээрхийг нэгтгээд шүүх хариуцагчаас нийт 12.057.471 төгрөг /6.649.100 + 2.266.571 + 3.141.800/ гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан Э.Анхгэрэлээс 12.057.471 /арван хоёр сая тавин долоон мянга дөрвөн зуун далан нэгэн/ төгрөг гаргуулж, Нэмсанхүү групп ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаарлагаас үлдэх 7.349.136 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 254.983 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 207.869 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ