| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 321/2025/0069/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/74 |
| Огноо | 2025-04-03 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Н.Амгалан |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/74
2025 04 03 2025/ШЦТ/74
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг
Улсын яллагч Н.Амгалан
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т
Шүүгдэгч Н.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт ***ийн ***ад холбогдох эрүүгийн 2539001400058 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Н.Ш нь 2025 оны 01 дүгээр сарын 09-ний шөнө 22 цагийн орчим Хэнтий аймгийн *** сумын 5 дугаар баг ***ы 17 дугаар энгээнд хохирогч ***ийн гээгдүүлсэн байсан “Huawei Nova 12s” маркийн гар утсыг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өглөө 08 цагийн үед тухайн газраас олж авахдаа тухайн гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Ш нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн
зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч *** овогт ***ийн *** нь 2025 оны 01 дүгээр сарын 09-ний шөнө 22 цагийн орчим Хэнтий аймгийн *** сумын 5 дугаар баг ***ы 17 дугаар энгээнд хохирогч ***ийн гээгдүүлсэн байсан “Huawei Nova 12s” маркийн гар утсыг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өглөө 08 цагийн үед тухайн газраас олж авахдаа тухайн гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Н.Шын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...2025 оны 01 дүгээр сарын 10-ны өглөө 08 цагийн үед ажил гараад *** сумын 5 дугаар баг *** 17-07 тоотод байх гэрээсээ гараад гудамжаар явган алхаад явж байхад гудамжид хар хөх өнгийн “Huawei Nova” гэсэн бичигтэй гар утас цэнэггүй унтарчихсан байдалтай газарт замын хажууд цасан дунд хэвтэж байхаар нь аваад явчихсан юм. Тухайн үедээ би уг утсыг асаах гэсэн боловч тас хөлдүү асахгүй байхаар нь гэртээ аваачиж байлгаж байгаад маргааш нь гэсэхээр нь асаатал шууд асчихсан болохоор нь эхнэрийн нэр дээр авч байсан *** дугаарын сим картыг утсанд хийгээд хэд хоног уг утсыг барьсан. Гэтэл намайг тэр утсыг барьж байхад миний эхнэр надад хандан “Юун утас бариад байгаа юм бэ?” гэж асуухаар нь би 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өглөө явж байгаад гудамжнаас олсон юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 59-60)
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ***ийн: “...Би 2025 оны 01 дүгээр сарын 09-ний орой *** сумын 5 дугаар баг "***" 17-7 тоотод оршин суух найзынхаа гэрт очиж тавуулаа хоёр шил архи уучихаад 22 цаг өнгөрч байх үед гэр рүүгээ ганцаараа очоод галаа түлчихээд утсаараа ярих гэхэд утас маань байдаггүй. Буцаж явсан замаараа явахад байхгүй байсан. Тэгээд хүнээр залгуулахад утас маань холбогдох боломжгүй болсон байсан. Угаасаа цэнэг нь ч дуусаж байсан юм аа....” гэх мэдүүлэг (хх-ийн 10-11),
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч ***ын “...Манай нөхөр *** нь 2025 оны 01 дүгээр сарын 09-ний орой Хэнтий аймгийн *** сумын 4 дүгээр баг "***" 11-1 тоотод байх гэрээсээ найз ***ынхаа гэр рүү очоод ирье гээд гарсан. Тэгээд хэсэг хугацааны дараа 22 цагийн үед нөхрийнхөө утас руу залгахад *** сумын 4 дүгээр баг "***" 17-7 тоотод байх ***ын гэрээс гараад гэр лүүгээ алхаад явж байна гэхэд цаана нь нохой хуцаад цас шажигнаад алхаж байгаа санагдсан. Тэгээд удалгүй “Миний утасны цэнэг дууслаа. Алхаад очиж байна” гээд утсаа салгасан. Тэгээд манай нөхөр *** гэртээ ирээд хувцасаа тайлахдаа “Би утсаа замдаа хаячихжээ. Дээр нь цэнэг нь дуусч байсан. Холбогдохгүй байна” гэж хэлсэн....” гэх мэдүүлэг (хх-ийн 14-15)
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч ***ийн “...Би 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өглөө ажил руугаа явчихаад орой гэртээ ирэхэд манай нөхөр *** хар хөх өнгийн “HUAWЕI” маркийн гар утас барьчихсан “Өглөө явж байгаад гудамжнаас оллоо” гээд байж байсан. Би тоогоогүй “Хаанаас вэ? хэзээ?” гэж дахин асуухад “Өглөө” гэж байсан. Тэгээд маргааш нь асахгүй байж байгаад “Асчихлаа. Сим карт хийсэн чинь зүгээр ажиллаж байна” гэж хэлж байсан. Тэгээд тухайн утсыг асаагаад ямар ч гэсэн 20 гаруй хоног барьсан. Тэрнээс надад өөр мэдэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 22-23)
Гэрч ***н мэдүүлэг (хх-ийн 26-27)
Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШД-74 дугаартай “...NOVA 12s маркийн гар утасны зах зээлийн үнэлгээг 1,300,000 /нэг сая гурван зуун мянга/-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна....” гэх дүгнэлт (хх-ийн 47-49), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 5), шүүгдэгч Н.Шын Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 84) болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Н.Шыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж хохирогч ***д 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Н.Ш нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхаас гадна шүүгдэгч Н.Ш нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***ийн эд хөрөнгөд 1,300,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “...гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Н.Шыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Н.Шад прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Н.Ш нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *** овогт ***ийн ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийн ***ад 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ш нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Н.Ш нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Шад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР