| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 321/2025/0070/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/75 |
| Огноо | 2025-04-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Чулуунпүрэв |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/75
2025 04 03 2025/ШЦТ/75
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг
Улсын яллагч Д.Чулуунпүрэв
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б
Шүүгдэгч С.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж *** овогт ***ын ***д холбогдох эрүүгийн 2539000000066 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч С.Л нь Хэнтий аймгийн *** сумын 4 дүгээр баг Тээвэрчдийн 15 дугаар гудамжинд байрлах нийтийн байрны гадна хэсэгт 2025 оны 02 дугаар сарын 04-ний шөнө 22 цаг 40 минутын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ***тэй маргалдаж, улмаар хохирогчийн зүүн мөр, бугалга хэсэгт 1 удаа хутгалж, түүний эрүүл мэндэд "зүүн мөр, зүүн бугалгад шарх, зүүн бугалгад цус хуралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Л нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч *** овогт ***ын *** нь Хэнтий аймгийн *** сумын 4 дүгээр баг, тээвэрчдийн 15 дугаар гудамжинд байрлах нийтийн байрны гадна хэсэгт 2025 оны 02 дугаар сарын 04-ний шөнө 22 цаг 40 минутын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ***тэй маргалдаж, улмаар хохирогчийн зүүн мөр, бугалга хэсэгт 1 удаа хутгалж, түүний эрүүл мэндэд "зүүн мөр, зүүн бугалгад шарх, зүүн бугалгад цус хуралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч С.Лгийн мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн өдрөө гудамжны дүү болох ***тэй “Хос аялгуу” гэх караокед орж тэмдэглэсэн. Тухайн үед *** бид хоёр караокед байхдаа 2 том савтай пиво болон 8 лаазтай пиво уусан. Харин караокеноос гарах болсон чинь *** нь “Би танай үед байсан овгоруудыг чинь зодчихсон. Одоо чи бол хачин л байна шүү” гээд томроод байхаар нь би “Чи арай ахтайгаа ингэж ярихгүй шүү” гэсэн чинь намайг заамдаад авсан. Тэгэхээр нь би гаръя гээд караокеноос гарсан чинь манай найз нарыг арчаагүй лалрууд байсан гэх мэтээр том том дугараад байхаар нь “Чи хэн байснаа санаарай” гээд маргалдаад байж байхад дүү нь гээд залуу ирээд ***г аваад явсан. Тэгэхээр нь би гэртээ очоод *** рүү залгаад “Ахын дүү төрсөн өдрөөрөө уулзсан биш. Чамд их доромжлууллаа даа” гэсэн чинь *** нь хэлэхдээ “Би чамайг очоод хаа байгаа газарт чинь ална шүү” гээд байхаар нь би “Манай гэрт чаддаг юм бол хүрээд ир” гэсэн чинь манай байрны гадаа дүүтэйгээ ирээд намайг заамдаж аваад “ална шүү” гээд томроод байхаар нь би түрийндээ байсан шар бариултай жижиг хутгаар зүүн мөр хэсэгт нь дүрчихсэн. Тэгсэн чинь *** дүүтэйгээ машиндаа суугаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 18-19),
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ***гийн “...*** ах ардаас залгаад “Чамайг би зодно, чи муу бацаан хүрээд ир” гээд байхаар нь би 23 цагийн орчимд Хэнтий аймгийн *** сумын 4 дүгээр баг Тээвэрчдийн 15 дугаар гудамжинд байх *** ахын нийтийн байрных нь гадаа ***ын хамтаар очсон чинь *** ах байрныхаа гадаа байж байсан. Тухайн үед *** ах надад томроод байхаар нь би *** ахад хэлэхдээ”Та бид 2 эрүүл дээрээ учраа олсон нь дээр юм байна. Тантай согтуу байхад чинь юм яриад нэмэргүй юм байна” гэсэн чинь гэнэт халааснаасаа хутга гаргаж ирээд зүүн мөрний ар хэсэгт хутгаар нэг удаа хатгахаар нь би шууд ***ын машинд суугаад гэр лүүгээ харьж байсан чинь *** “Наад мөрөндөө сая та хутгалуулснаас болоод цус гарчихсан байна. Эмнэлэг явъя” гэхээр нь би дүү ***ын хамтаар эмнэлгийн байгууллагад очсон чинь эмнэлгээс цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 6-7),
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Л.***ын “...*** гэх ах байрныхаа гадна зогсож байснаа *** ахыг машинаас буугаад очих үед нь шууд муудалцсан. Тухайн үед маргалдаж байгаад *** ах машинд суух гэж байхад нь *** ах ард дал, мөр хэсэгт нь хутгалчихсан. Тэгсэн чинь *** ах машинд суугаад “Ахыгаа гэр лүү хүргээд өг” гэхээр нь хөдлөөд явж байх үедээ зүүн мөр хэсэг рүү нь харсан чинь цус гоожоод байхаар нь шууд эмнэлэг рүү явъя гээд *** ахыг эмнэлэгт хүргэж өгсөн....” гэх мэдүүлэг (хх-ийн 10-1),
Гэрч ***ын мэдүүлэг (хх-ийн 14-15),
Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 128 дугаартай “...1.2 ***гийн биед зүүн мөр, зүүн бугалгад шарх, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь хурц зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ болон бүрдэл хэсгээрээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3. 1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 25-26), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 2), шүүгдэгч С.Лгийн Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 76) зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч С.Лгийн үйлдлийн улмаас хохирогч ***гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч С.Л нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхаас гадна шүүгдэгч С.Л нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч С.Лг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч С.Лд прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч С.Л нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *** овогт ***ын ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын ***д 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Лгийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч С.Л нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч *** нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР