Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/79

 

 

 

 

 

 

 

 

2025          04           09                                           2025ЦТ/79

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг

Улсын яллагч Н.Амгалан

Шүүгдэгч Ж.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт ***ын ***т холбогдох эрүүгийн 2439004060443 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Ж.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн *** сумын 3 дугаар баг, сумын төвд *** улсын дугаартай “Toyota. Prius-XW20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 15.10-т заасныг зөрчсөний улмаас ***гийн жолоодож явсан хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлээгүй “Хайрхан” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргаж, улсын дугааргүй “Хайрхан” маркийн тээврийн хэрэгслийн зорчигч Ц.***ын биед сээрний 12-р нугалам болон бүсэлхий нурууны 3 дугаар нугалмын их бие шахагдсан хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ж.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв. 

 

Хохирогч Ц.*** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр 17-18 цагийн үед нөхөр *** бид хоёр дэлгүүр орж гэртээ төмс ногоо авах зорилгоор манай нөхөр мотоциклоо жолоодон би ард нь сундалж бид хоёр гэрээсээ гарч дэлгүүр лүү хөдөлсөн. Тэгээд эгнээний баруун талаар ертөнцийн зүгээр хойноос урагшаа чигтээ явж байтал урдаас саарал өнгийн машин ирж байхаар нь манай нөхөр замын хажуу талаар буюу баруун хэсгээр нь замгүй явж байгаад амралтаас орж ирдэг замыг хөндлөн гарах үед нөгөө саарал өнгийн тээврийн хэрэгсэл нөхөр бид хоёрын ертөнцийн зүүн урд талаас гэнэт дарж орж ирэхээр нь нөхөртөө хандаж “Хүүе машин” гэж хэлээд тухайн машин ирж бид хоёрыг мөргөсөн. Тэгээд би ухаан алдсан байсан ба ухаан ороод харахад би мотоциклоосоо шидэгдсэн бололтой осол болсон газраас 5-6 метрийн хол байсан. Тэгээд ухаан санаа орж гараад байсан...” гэжээ. (хх-ийн 82-85),

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өвөө, эмээгийн хамтаар *** суманд явж байгаад машинтай мөргөлдөж осолд орсон байсан ... Тухайн өдрөөс хойш эмнэлэгт охиноо үзүүлтэл “Одоохондоо яс нь бэхжээгүй болохоор гэмтэл байгаа эсэх нь мэдэгдэхгүй байна. Охиноо  ажиглаж байгаад давтан үзүүлээд байгаарай  гэж хэлсэн...” гэжээ. (хх-ийн 103-105),

 

Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн оройхон үдээс хойш цагийг нь сайн санахгүй байна багцаагаар 17-18 цагийн хооронд *** сумын төвийн хойд гэр хорооллын эгнээнд шинээр барьсан хаяг, тоот аваагүй хашаандаа байж байгаад эхнэр ***ын хамтаар дэлгүүр орж хүнс цуглуулах гээд мотоциклтой эхнэрээ сундалдаж ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй сумын хойд эгнээний гэр хорооллын баруун захаар шороон замаар урд зүг рүү чиглэж явж байтал ертөнцийн зүгээр урд талаас хойд зүг рүү чиглэсэн саарал өнгийн “Приус-20” маркийн машин ирж яваа харагдсан. Гэтэл миний зүүн гар талаар буюу ертөнцийн зүгээр зүүн талаар хойд зүг рүү өнгөрөх гэж байна гэж бодтол хажуу талаар өнгөрөлгүй гэнэт нөгөө машины жолооч зүүн гар тал руугаа буюу ертөнцийн зүгээр баруун зүгт гэнэт дарж эргээд миний мотоциклыг мөргөж би мотоциклтойгоо газар хажуу талаар хазайж унасан байсан. Ингээд би хэсэг хугацаанд ухаан санаа түр сарнисан байсан бөгөөд гэнэт босоод хартал миний эхнэр Ц.*** мотоциклоосоо урд зүгт жаахан зайтай газар тонгойгоод явган сууж байсан. Тэгээд удаагүй байж байтал эмнэлгийн машин, цагдаа нар хамт ирээд эмч намайг сумын эмнэлэг рүү аваад явсан. Тухайн өдөр сумын эмнэлэгт эм тариа хийлгэж байгаад миний бие болон эхнэр Ц.***ын бие тааруу босож явж чадахгүй байсан бөгөөд сумын эмч эмнэлгийн машинтайгаа тэр өдөр Улаанбаатар хот руу эхнэр бид хоёрыг авч яваад Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмнэлэгт очсон. Ингээд гэмтлийн эмнэлэгт үзлэг шинжилгээнд эхнэрийн хамтаар хамрагдаад маргааш нь буюу 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхнэр Ц.*** гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Би харин гадуур хэвтрийн дэглэмд охиныдоо гэрт нь байсан ... Осол болоход эхнэр бид хоёртой ач охин Гуамарал хамт явж байсан...” гэжээ. (хх-ийн 93-95, 98-99),

 

Шүүгдэгч Ж.Э мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэжээ. (хх-ийн 140),

 

Гэрч ***гийн мэдүүлэг (хх-ийн 145-146),

 

Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 363 дугаартай “...1. Ц.***ын биед сээрний 12-р нугалам болон бүсэлхий нурууны 3-р нугалмын их бие шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой.

3. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт (хх-ийн 50-53),

 

Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 34 дугаартай “...1. ***ын биед зүүн хацарт сорви, зулгаралт, нүүрний зүүн тал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3. 4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

5. 6. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 126-127),

 

Хэнтий аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Чимэг-Очирын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 07 дугаартай “...Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, хэргийн газрын зураг, гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэргээр тогтоосон нь: ... Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар *** улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч *** овогт ***ын *** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн Арван тав. Уулзвар нэвтрэх 2. Зохицуулдаггүй уулзвар нэвтрэх 15.10. Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө зөрчсөн нь осол болох шалтгаан нөхцөл болсон байна.

3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн үүргээ биелүүлээгүй байна.

Улсын номер дугааргүй мотоциклын жолооч Харваач овогт Дандарын *** нь 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэх хориглосон заалтыг зөрчсөн боловч тус үйлдэл нь осол болох шалтгаан нөхцөлд хүргэх үндэслэл болохгүй байна...” гэх магадалгаа (хх-ийн 112-114),

 

Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 12),

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 13-14, 15-18),

Эмчийн тодорхойлолт (хх-ийн 41, 122),

Ц.***ын өвчний түүх (хх-ийн 43-49),

***ын төрсний гэрчилгээний хуулбар (хх-ийн 123),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 149),

Ж.Эын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар, жолоочийн лавлагаа (хх-ийн 143, 144, 66) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Эрүүгийн хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч *** овогт ***ын *** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн *** сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр сумын төвд “Тоёота приус-XW20” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а. “...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 15.10. “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас иргэн ***гийн жолоодож явсан улсын дугааргүй “Хайрхан” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргаж, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж байсан Ц.***ын эрүүл мэндэд “сээрний 12-р нугалам болон бүсэлхий нурууны 3 дугаар нугалмын их бие шахагдсан хугарал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ж.Эын шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Ц.***ын “...Тухайн өдөр 17-18 цагийн үед нөхөр *** бид хоёр дэлгүүр орж гэртээ төмс ногоо авах зорилгоор манай нөхөр мотоциклоо жолоодон би ард нь сундалж бид хоёр гэрээсээ гарч дэлгүүр лүү хөдөлсөн. Тэгээд эгнээний баруун талаар ертөнцийн зүгээр хойноос урагшаа чигтээ явж байтал урдаас саарал өнгийн машин ирж байхаар нь манай нөхөр замын хажуу талаар буюу баруун хэсгээр нь замгүй явж байгаад амралтаас орж ирдэг замыг хөндлөн гарах үед нөгөө саарал өнгийн тээврийн хэрэгсэл нөхөр бид хоёрын ертөнцийн зүүн урд талаас гэнэт дарж орж ирэхээр нь нөхөртөө хандаж “Хүүе машин” гэж хэлээд тухайн машин ирж бид хоёрыг мөргөсөн. Тэгээд би ухаан алдсан байсан ба ухаан ороод харахад би мотоциклоосоо шидэгдсэн бололтой осол болсон газраас 5-6 метрийн хол байсан. Тэгээд ухаан санаа орж гараад байсан...” гэх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***гийн “...2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өвөө эмээгийн хамтаар *** суманд явж байгаад машинтай мөргөлдөж осолд орсон байсан ... Тухайн өдрөөс хойш эмнэлэгт охиноо үзүүлтэл “Одоохондоо яс нь бэхжээгүй болохоор гэмтэл байгаа эсэх нь мэдэгдэхгүй байна. Охиноо  ажиглаж байгаад давтан үзүүлээд байгаарай  гэж хэлсэн...” гэх, гэрч ***гийн “...би 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн оройхон үдээс хойш цагийг нь сайн санахгүй байна багцаагаар 17-18 цагийн хооронд *** сумын төвийн хойд гэр хорооллын эгнээнд шинээр барьсан хаяг, тоот аваагүй хашаандаа байж байгаад эхнэр ***ын хамтаар дэлгүүр орж хүнс цуглуулах гээд мотоциклтой эхнэрээ сундалдаж ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй сумын хойд эгнээний гэр хорооллын баруун захаар шороон замаар урд зүг рүү чиглэж явж байтал ертөнцийн зүгээр урд талаас хойд зүг рүү чиглэсэн саарал өнгийн “Приус-20” маркийн машин ирж яваа харагдсан. Гэтэл миний зүүн гар талаар буюу ертөнцийн зүгээр зүүн талаар хойд зүг рүү өнгөрөх гэж байна гэж бодтол хажуу талаар өнгөрөлгүй гэнэт нөгөө машины жолооч зүүн гар тал руугаа буюу ертөнцийн зүгээр баруун зүгт гэнэт дарж эргээд миний мотоциклыг мөргөж би мотоциклтойгоо газар хажуу талаар хазайж унасан байсан. Ингээд би хэсэг хугацаанд ухаан санаа түр сарнисан байсан бөгөөд гэнэт босоод хартал миний эхнэр Ц.*** мотоциклоосоо урд зүгт жаахан зайтай газар тонгойгоод явган сууж байсан. Тэгээд удаагүй байж байтал эмнэлгийн машин, цагдаа нар хамт ирээд эмч намайг сумын эмнэлэг рүү аваад явсан. Тухайн өдөр сумын эмнэлэгт эм тариа хийлгэж байгаад миний бие болон эхнэр Ц.***ын бие тааруу босож явж чадахгүй байсан бөгөөд сумын эмч эмнэлгийн машинтайгаа тэр өдөр Улаанбаатар хот руу эхнэр бид хоёрыг авч яваад Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмнэлэгт очсон. Ингээд гэмтлийн эмнэлэгт үзлэг шинжилгээнд эхнэрийн хамтаар хамрагдаад маргааш нь буюу 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхнэр Ц.*** гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Би харин гадуур хэвтрийн дэглэмд охиныдоо гэрт нь байсан ... Осол болоход эхнэр бид хоёртой ач охин Гуамарал хамт явж байсан...” гэх мэдүүлгүүд, зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эмчийн тодорхойлолт, Ц.***ын өвчний түүх, Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 363 дугаартай дүгнэлт, Хэнтий аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Чимэг-Очирын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 07 дугаартай магадалгаа, жолоочийн лавлагаа болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ж.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байхаас гадна шүүгдэгч Ж.Э нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч тэр талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч Ж.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж ***гийн жолоодож явсан улсын дугааргүй “Хайрхан” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж байсан Ц.***ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 363 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч Ж.Эт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ж.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ж.Эт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч Н.Амгалан нь шүүгдэгч Ж.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг гаргасан.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Э гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Ж.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шүүгдэгч Ж.Эыг 1 жил 6  сарын хугацаанд Хэнтий аймгийн *** сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгч Ж.Эт хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, шилжин явах, зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ж.Эын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.***ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч Ц.*** нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “...гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй ... сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй...” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч Ж.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ж.Э нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч *** овогт ***ын ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч ***ын ***ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жил 6  (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Эыг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаанд Хэнтий аймгийн *** сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгч Ж.Эт хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, шилжин явах, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Эт мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ж.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.*** нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Э.ХОСБАЯР