Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2018/03224

 

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар101/ШШ2018/03224

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, шүүгчид Б.Цолмонгэрэл, Д.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: хххххххххххххх тоотод оршин суух, Д-н Эгийн /РД: хххххххххх/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: хххххххххххххх тоотод оршин суух, Х-н Бд /РД:хххххххххххх/ холбогдох

Гэм хорын хохирол 720.000 төгрөг гаргуулах тухай иргэний хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Х.Б,

Иргэдийн төлөөлөгч З.Хүслэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Сэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Д.Э би 2018 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 11 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Цахлай захаас уруудах замд өөрийн өмчлөлийн 00000 улсын дугаартай приус маркийн авто машинтайгаа зорчиж байтал 44-09 УБЛ улсын дугаартай верна маркийн авто машинтай Х.Б нь миний машиныг мөргөж Д.Э надад нийт 920.000 төгрөгийн хохирол учруулснаас 200.000 төгрөгийг өгсөн.

Тухайн үед миний бие цагдаад хандан шийдвэрлүүлсэн бөгөөд Баянзүрх дүүргийн замын цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, цагдаагийн хошууч Н.Ганбаатарын 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн шийтгэх хуудсаар Х.Бгийн гэм буруутай болохыг тогтоож, хохирлоо иргэний шүүхээр шийдвэрлүүлэхийг мэдэгдсэн болно.

Миний бие Х.Б гуайд хохирлоо та бага багаар ч болтугай төлөөч гэтэл би чамд өгөх юм байхгүй, миний хүүхдүүд төрийн алба хашдаг, чаддаг юм бол аваарай гэх мэтээр элдвээр доромжлон дээрэлхэж одоо болтол хохирол барагдуулахгүй байгаа тул арга буюу шүүхэд хандаж байна.

Иймд Х.Бгээс авто машинд учруулсан хохиролд 720.000 төгрөгийг гаргуулж иргэн Д.Э намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

Хариуцагч Х.Б хуралдаанд гаргасан тайлбартаа:

2018 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 11 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Цахлай захаас уруудаж явах замд Х.Б миний бие өөрийн өмчлөлийн 44-09 УБЛ улсын дугаартай верна маркийн авто машинтайгаа зорчиж байсан. Тухайн үед замын бөглөрөл ихтэй байсан ба микро автобусны жолоочтой маргаж байхдаа би машиныхаа хаазыг жоохон хүчтэй гишгэсэн.

Үүний улмаас миний урд зогсож байсан Д.Эгийн 00000 улсын дугаартай приус маркийн авто машиныг мөргөсөн ба Д.Эгийн авто машин нь 93-11 УНЧ улсын дугаартай авто машиныг мөргөөд зогссон.

Энэ ослын улмаас Д.Эгийн машины хойд гупер хагарсан ба би түүнтэй үнийг нь төлөөд өгье гэж ярьж тохирсон. Да Хүрээ болон Цахлай захад хойд гупер 200.000 төгрөгийн үнэтэй байсан тул би уг мөнгийг нь Д.Эд хүлээлгэн өгсөн.

Тэгтэл Ашид Билгүүн ХХК-иар эвдрээгүй зүйлийг эвдэрсэн болгоод үнэлгээ гаргуулсан байсан. Зам тээврийн осол миний буруугаас болж гарсантай би маргахгүй байгаа. Энэ ч учраас намайг 100.000 төгрөгөөр торгож арга хэмжээ авахад гомдол гаргаагүй. Би өөрийн буруугаас болж учруулсан хохирлоо төлсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Х.Бд холбогдуулан гэм хорын хохирол 720.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

2018 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 11 цаг 30 минутын үед Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Цахлай захаас уруудах замд хариуцагч Х.Б нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс приус маркийн 00000 дугаартай машиныг мөргөсөн, уг 00000 дугаартай авто машин нь ипсум маркийн 93-11 УНЧ улсын дугаартай авто машиныг мөргөн бусдад хохирол учруулсан үйл баримт болжээ.

 

Замын цагдаагийн албаны Баянзүрх дүүрэг дэх Замын Цагдаагийн хэлтэс нь Х.Бд холбогдох зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авч уг ослыг шалгасан байх бөгөөд верна маркийн 44-09 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х.Б Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11-т Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн болох нь тогтоогдсон бөгөөд хариуцагч Х.Б энэ талаар маргаагүй болно.

/ХХ-ийн 4-11 дүгээр тал/

 

Х.Бгийн гаргасан зам тээврийн ослын зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 зүйлийн 51 дэх хэсэгт Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

/ХХ-ийн 9 дүгээр тал/

 

Хариуцагч Х.Б нь өөрийн гэм буруугийн талаар маргахгүй байгаа ба тэрээр дээрх зам тээврийн осолд гаргасан зөрчилд ногдуулсан шийтгэлийн талаар зохих байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаагүй гэж тайлбарласан болно.

 

Зам тээврийн ослыг цагдаагийн байгууллага шалгах явцад нэхэмжлэгч Д.Э нь өөрийн өмчлөлийн 00000 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг хөрөнгийн үнэлгээний Ашид Билгүүн ХХК-иар үнэлүүлсэн байх ба Ашид Билгүүн ХХК-ийн 2018 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 511 тоот хөрөнгийн үнэлгээний тайланд эвдэрсэн эд ангиудыг солих, засварлахад 645.000 төгрөг, будаг, туслах материал, лак /өнгө гаргахад/ 60.000 төгрөг, будах зардал 180.000 төгрөг, эд анги солих, засах ажлын 35.000 төгрөг, нийт 920.000 төгрөгийн зардал гарна гэжээ.

/ХХ-ийн 4-5 дугаар тал/

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд дээрх зам тээврийн осол нь хариуцагч Х.Бгийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.11-т заасан заалтыг зөрчсөнтэй холбоотой болох нь тогтоогдож байх тул тэрээр нэхэмжлэгч Д.Эгийн өмчлөлийн приус маркийн 00000 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч Х.Б өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн хэдий ч хохирлыг төлөхгүй талаархи баримтаа ирүүлээгүй, хохирлыг төлөхгүй гэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Зам тээврийн осол 2018 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 11 цаг 30 минутанд болсон ба 11 цаг 40 минутанд ослын дуудлага өгч 11 цаг 55 минутанд зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийн ослын улмаас 00000 тээврийн хэрэгслийн хойд болон урд гупер, копут, урд нүүр эвдэрсэн болохыг тогтоосон тул хойд гупер 50.000 төгрөг, урд гупер 45.000 төгрөг, капут 300.000 төгрөг, урд нүүр 25.000 төгрөг, уг эвдэрсэн эд ангиудыг солих, засварлах зардал 35.000 төгрөг, нийт 455.000 төгрөгийг хариуцагч Х.Бгээс гаргуулах үндэслэлтэй.

 

Ашид Билгүүн ХХК-ийн тайланд нэхэмжлэгч Д.Эгийн өмчлөлийн 00000 улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун хойд гэрэл солиход 150.000 төгрөг, гуперийн дотор төмөр урд солиход 65.000 төгрөг, дугаарын хүрээ солиход 10.000 төгрөг гэж тусгасан ч ослын дараа авто машинд үзлэг хийхэд уг эвдрэл учирсан талаар хэргийн газрын үзлэгээр тогтоогоогүй дээрхи зардлуудыг болон будаг, лак, өнгө гаргах туслах материалын зардал 60.000 төгрөг, будах зардал 180.000 төгрөгийг гаргах боломжгүй.

/ХХ-ийн 4-6 дугаар тал/

 

Хариуцагч Х.Б нь нэхэмжлэгч Д.Эд 200.000 төгрөгийг хохирол хэмээн хүлээлгэн өгсөн нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон ба уг мөнгийг хохирол болох 455.000 төгрөгөөс хасч тооцох нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Х.Бгээс 255.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Эд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 465.000 төгрөгт холбогдох шаардлагыг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх нэхэмжлэлийг 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн байх ба талуудад мөн өдөр нь зохигчын эрх, үүргийг тайлбарлаж өгсөн, зохигчийн мэтгэлцэх эрхийг хангах үүднээс шүүх хуралдааныг хойшлуулж байсан зэргээс үзэхэд хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно.

 

Нэхэмжлэгч Д.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх талаараа шүүхэд мэдэгдсэн тул хүсэлтийг нь үндэслэн түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдлаа.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Х.Бгээс 255.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Эд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 465.000 төгрөгт холбогдох шаардлагыг нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Эгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 21.830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Бгээс 8.300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Эд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН

 

ШҮҮГЧИД Б.ЦОЛМОНГЭРЭЛ

 

Д.ЦЭРЭНДОЛГОР