| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 321/2025/0073/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/80 |
| Огноо | 2025-04-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Амгалан |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/80
2025 04 10 2025/ШЦТ/80
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг
Улсын яллагч Н.Амгалан
Хохирогч Б.З
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт ***ын ***д холбогдох эрүүгийн 2539000000012 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.М нь 2024 оны 11 дүгээр сарын 24-ний шөнө 03 цагийн үед Хэнтий аймгийн *** сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулах *** рестораны гадна талд Б.Зыг шалтаг шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодсоны улмаас түүний эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний дээд доод зовхи, дотор буланд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, зүүн нүдний дотор салстад цус харвалт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч Б.З шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 24-ний орой “***” бааранд найзуудтайгаа сууж, ууж, идэж, бүжиглэж байсан. Бид дуусгаад орой гараад явтал 2-3 залуучууд бид хэдийг цохиж, миний нүдний шилэн дээр цохисон. Би Б.М гэх энэ хүүхдийг сайн танихгүй. Бааранд хүмүүстэй муудалцаж, хоорондоо цохиж зодолдсон зүйл болоогүй. Ямар шалтгаанаар намайг цохиж гэмтэл учруулсан юм. Би гомдолтой байгаа...” гэв.
Хохирогч Б.З мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэнтий аймгийн *** сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “***” гэх шинээр нээгдсэн бааранд 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 22 цагийн үед ороод 24-ний шөнө 03 цагийн үед тухайн баарнаас гарсан. Би бааранд гурвуулаа байсан. Уугаад, бүжиглээд сууж байсан. Бид хэдтэй хамт сууж байсан ***г нөхөр нь ирээд 01 цагийн үед авч яваад би бааранд ***, ***, ***ийн эхнэр ***, *** бид 5 үлдсэн. Сүүлдээ *** бас 01 цагийн үед л гэр лүүгээ орлоо гээд яваад өгсөн. ***, ***, *** бид 4 0,5 литрийн хэмжээтэй загасны зурагтай архинаас 3 шилийг уусан. Бид хэд бүгд өөрсдийнхөө хэмжээнд согтолттой байж байгаад одоо боллоо гээд 03 цагийн үед бид 4 тухайн баарнаас гарсан. Баарнаас гараад ***, *** хоёр *** бид хоёрын урд талд явж байсан. Тэгээд л дөнгөж баарны гадна гараад шатнаас бууж байтал араас хүн ирээд л миний нүүр хэсэг рүү 2 удаа цохисон. Би нүүрээ дараад доошоо болоод сууж байтал намайг толгой руу намайг өмнө нь цохисон хүн 2 удаа өшиглөсөн. Намайг зодсон гэх *** гэдэг залуу анх надтай таарах үедээ бас 2 найзтайгаа явж байсан юм. Тэгээд л би өргөдөл дээр үл таних 3 залуу гэж бичсэн юм...” гэжээ. (хх-ийн 8-9, 10-11),
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ***, *** ах бид 3 хамт “***” гэх бааранд орсон. Баарнаас тэгээд шөнө 03 цагийн үед бид 3 гарсан. Баарнаас гараад харина гээд *** ах бид хэд уул нь салж байсан юм. Би өөрөө архийг нэлээн хэтрүүлээд хэрэглэчихсэн согтуу байсан. Тэр оройдоо бол би тэгээд л харьсан байх. Сайн санахгүй байна. Тэгээд маргааш нь өглөө манайд ирээд өчигдөр хүн цохичихсон гэж л байсан...” гэжээ. (хх-ийн 16-17, 24-25),
Гэрч О.*** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...бид 3 тухайн газартаа үйлчлүүлж байгаад шөнийн 03 цагийн орчим болоод бид 3 баарнаас гараад зүүн тийшээ явж байтал араас нэг танихгүй ах дуудсан. Тэгээд бид 3 тоохгүй цаашаа явж байтал тэр согтуу ах манай дүү ***г “Би чамтай уулзъя” гээд татаж аваад үлдсэн. Харин тэр манай дүү *** согтуу унах гээд байсан болохоор би цаашаа түшээд явсан юм. Тэгээд шууд *** дүүг аваад гэртээ харьсан юм. Харин хэсэг хугацааны дараа *** ах над руу “***г дагуулаад ирээд сая *** над руу хүн цохисон гээд ярьсан. Тэгээд би аваад ирлээ” гээд юу болсон талаар надаас асуухаар нь би мэдэхгүй нэг танихгүй ах *** аваад үлдсэн гэсэн...” гэжээ. (хх-ийн 18-19),
Шүүгдэгч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 24-ний шөнө 02 цаг өнгөрч байх үед 16 давхарын урд талд нь нэг найз, ахтайгаа хамт юм яриад зогсож байсан. Тэгээд байж байтал намайг хэн гэдгийг нь мэдэхгүй нэг хүн 2 удаа цохисон. Тэгэхээр нь би харанхуйд шууд цохисон чинь *** гэх хүнийг цохичихсон. Тэгээд тэр хүний шил нь хагарчихсан. Би тэр хүнийг нэг л удаа яг нүүр лүү нь цохисон. Маргааш нь миний 2 нүд хөхрөөд бас хавдчихсан. Хамар бас эвгүй болчихсон...” гэжээ. (хх-ийн 32-33),
Гэрч ***гийн мэдүүлэг (хх-ийн 28-29),
Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 31 дугаартай “...1.2. Б.Зын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний дээд доод зовхи, дотор буланд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, зүүн нүдний дотор салстад цус харвалт, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
3. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой
4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
5. Учирсан хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний дээд доод зовхи, дотор буланд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, зүүн нүдний дотор салстад цус харвалт гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдсонгүй.
6. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй....” гэх дүгнэлт (хх-ийн 38-40),
Б.Зын Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (хх-ийн 1),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 2),
Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн онош зүйн тасгийн эмчийн дүгнэлт (хх-ийн 41-42),
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт (хх-ийн 95),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 58),
Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх-ийн 82-83),
Б.Мгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 71-81),
Б.Мгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагааны хуулбар, гэрлэсний бүртгэлгүй лавлагааны хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж эсэх тухай тодорхойлолт (хх-ийн 59, 60, 61, 62, 63) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Б.Мд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч *** овогт ***ын *** нь 2024 оны 11 дүгээр сарын 24-ний шөнө 03 цагийн орчим Хэнтий аймгийн *** сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулах “***” рестораны гадна талд Б.Зыг шалтаг шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодсоны улмаас түүний эрүүл мэндэд “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний дээд доод зовхи, дотор буланд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, зүүн нүдний дотор салстад цус харвалт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Б.Мгийн “...Би 2024 оны 11 дүгээр сарын 24-ний шөнө 02 цаг өнгөрч байх үед 16 давхарын урд талд нь нэг найз, ахтайгаа хамт юм яриад зогсож байсан. Тэгээд байж байтал намайг хэн гэдгийг нь мэдэхгүй нэг хүн 2 удаа цохисон. Тэгэхээр нь би харанхуйд шууд цохисон чинь *** гэх хүнийг цохичихсон. Тэгээд тэр хүний шил нь хагарчихсан. Би тэр хүнийг нэг л удаа яг нүүр лүү нь цохисон. Маргааш нь миний 2 нүд хөхрөөд бас хавдчихсан. Хамар бас эвгүй болчихсон...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Б.Зын “...Би Хэнтий аймгийн *** сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “***” гэх шинээр нээгдсэн бааранд 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 22 цагийн үед ороод 24-ний шөнө 03 цагийн үед тухайн баарнаас гарсан. Би бааранд гурвуулаа байсан. Уугаад, бүжиглээд сууж байсан. Бид хэдтэй хамт сууж байсан ***г нөхөр нь ирээд 01 цагийн үед авч яваад би бааранд ***, ***, ***ийн эхнэр ***, *** бид 5 үлдсэн. Сүүлдээ *** бас 01 цагийн үед л гэр лүүгээ орлоо гээд яваад өгсөн. ***, ***, *** бид 4 0,5 литрийн хэмжээтэй загасны зурагтай архинаас 3 шилийг уусан. Бид хэд бүгд өөрсдийнхөө хэмжээнд согтолттой байж байгаад одоо боллоо гээд 03 цагийн үед бид 4 тухайн баарнаас гарсан. Баарнаас гараад ***, *** хоёр *** бид хоёрын урд талд явж байсан. Тэгээд л дөнгөж баарны гадна гараад шатнаас бууж байтал араас хүн ирээд л миний нүүр хэсэг рүү 2 удаа цохисон. Би нүүрээ дараад доошоо болоод сууж байтал намайг толгой руу намайг өмнө нь цохисон хүн 2 удаа өшиглөсөн. Намайг зодсон гэх *** гэдэг залуу анх надтай таарах үедээ бас 2 найзтайгаа явж байсан юм. Тэгээд л би өргөдөл дээр үл таних 3 залуу гэж бичсэн юм...” гэх, гэрч ***ын “...2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ***, *** ах бид 3 хамт “***” гэх бааранд орсон. Баарнаас тэгээд шөнө 03 цагийн үед бид 3 гарсан. Баарнаас гараад харина гээд *** ах бид хэд уул нь салж байсан юм. Би өөрөө архийг нэлээн хэтрүүлээд хэрэглэчихсэн согтуу байсан. Тэр оройдоо бол би тэгээд л харьсан байх. Сайн санахгүй байна. Тэгээд маргааш нь өглөө манайд ирээд өчигдөр хүн цохичихсон гэж л байсан...” гэх, гэрч О.***ын “...бид 3 тухайн газартаа үйлчлүүлж байгаад шөнийн 03 цагийн орчим болоод бид 3 баарнаас гараад зүүн тийшээ явж байтал араас нэг танихгүй ах дуудсан. Тэгээд бид 3 тоохгүй цаашаа явж байтал тэр согтуу ах манай дүү ***г “Би чамтай уулзъя” гээд татаж аваад үлдсэн. Харин тэр манай дүү *** согтуу унах гээд байсан болохоор би цаашаа түшээд явсан юм. Тэгээд шууд *** дүүг аваад гэртээ харьсан юм. Харин хэсэг хугацааны дараа *** ах над руу “***г дагуулаад ирээд сая *** над руу хүн цохисон гээд ярьсан. Тэгээд би аваад ирлээ” гээд юу болсон талаар надаас асуухаар нь би мэдэхгүй нэг танихгүй ах *** аваад үлдсэн гэсэн...” гэх мэдүүлгүүд, Б.Зын Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн онош зүйн тасгийн эмчийн дүгнэлт, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт, Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 31 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.М нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүгдэгч Б.М, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Мгийн үйлдлийн улмаас хохирогч Б.Зын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 31 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Б.Мд холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялын санал, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялын саналыг тус тус гаргасан бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Мгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Зын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.З нь шүүхийн хэлэлцүүлэгт “...сэтгэцэд учирсан хохирол болон нүдний шилний үнийг нэхэмжилнэ. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.Зын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл хоёрдугаар зэрэглэлд хамаарч байгаа болох нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтаар тогтоогдож байх бөгөөд хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь дээрх хүснэгтээр тогтоогдсон сэтгэцэд учирсан хор уршиг хоёрдугаар зэрэглэлд хамаарч байгааг хүлээн зөвшөөрч, маргахгүй талаараа шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн болно.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 4715 төгрөг буюу сард 792,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792,000 төгрөг гэж үзэв.
Шүүхээс хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн хүснэгтийг үндэслэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, гэм хор учруулагчийн гэм буруу зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792,000 төгрөгийг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7,920,000 төгрөгийг шүүгдэгч Б.Мгөөс гаргуулж хохирогч Б.Зт олгох зүйтэй гэж үзлээ.
Хохирогч Б.З нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол болох нүдний шилний үнийг нэхэмжилсэн бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд дээрх хохиролтой холбоотой баримт авагдаагүй байх тул тухайн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Б.З нь өөрт учирсан хохирол болох нүдний шилний үнийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох Б.Мгөөс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *** овогт ***ын ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын ***д 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хуулийн 230 дугаар зүйл, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мгээс сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 7,920,000 (долоон сая есөн зуун хорин хорин мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Хэнтий аймгийн *** сумын 3 дугаар баг С80 дугаар байрны 03 тоотод оршин суух Б.З (РД: СЭ75041271)-т олгосугай.
5.Хохирогч Б.З нь өөрт учирсан хохирол болох нүдний шилний үнийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Б.Мгөөс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР