Шүүх | Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэн-Ишийн Нэргүй |
Хэргийн индекс | 121/2022/0159/з |
Дугаар | 121/ШШ2023/0001 |
Огноо | 2022-12-22 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2022 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 121/ШШ2023/0001
2022 оны 12 сарын 22 өдөр Дугаар 121/ШШ2023/0001 Өвөрхангай аймаг
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй би, “*******” ХХК-ийн гомдолтой, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч *******од холбогдох ““*******” ХХК-ийг 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч *******оос 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч ******* буюу надад холбогдуулан Өвөрхангай аймгийн Хархорин сумын “*******” ХХК-аас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж тус компанийг 5000 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч тус шүүхэд гомдол гаргажээ.
Дээрх зөрчил үйлдсэн гэх үйл баримтыг эрх бүхий албан тушаалтан миний бие анх 2227000042 дугаартай зөрчлийн хэрэг нээн шалгаж 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ******** дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1- т зааснаар иргэн *******ыг 500 нэгжээр торгож шийтгэсэн байдаг ба ******* нь тухайн зөрчлийн шийтгэлийг хүлээн зөвшөөрч торгуулийг Төрийн сангийн 100100000982 тоот дансанд тухайн үед төлсөн байдаг. Энэхүү шийтгэлийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос үндэслэлгүй гэж марган дүгнэлт гаргаж Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 13 дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн байдаг.
Тус шүүхийн шийдвэрт “... “*******” ХХК-аас “*******” ХХК буюу иргэн *******, ******* нарт холбогдуулан гомдол гаргасан, зөрчил гарах үед ******* нь “*******” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан зэргээс үзэхэд зөрчлийг ******* үйлдсэн үү, ******* хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө үйлдсэн үү гэдэг нь ач холбогдолтой байхад эрх бүхий албан тушаалтан хуулийн этгээд зөрчил гаргасан эсэхтэй холбоотой нотлох баримтыг цуглуулах ажиллагаа хийхгүйгээр зөвхөн *******ын мэдүүлэгт үндэслэн торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Мөн түүнчлэн “********” ХХК-д хохирогчоор тогтоож мэдүүлэг аваагүй, хохирлын хэмжээг мэргэжлийн байгууллагаар тогтоолгоогүй байна ...” гэж дүгнэсэн. Мөн Захиргааны хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ: 21.1.1 “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах”, 67 дугаар зүйлийн 67.1-т “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байдаг бөгөөд мөн хуулийн иргэн ******* нь тухайн зөрчлийн шинжтэй нөхцөл байдлыг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр цаг тухайд нь бүрэн арилгасан зэрэг байдлууд харагдаж байгаа
Иймд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
“*******” ХХК-аас, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч *******од холбогдуулан ““*******” ХХК-ийг 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч ******* нь “*******” ХХК-ийн шүүхэд гаргасан гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх бөгөөд хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагч нь ““*******” ХХК-ийг 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг хүлээн зөвшөөрснөөр энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан “*******” ХХК-ийн ““*******” ХХК-ийг 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг хариуцагч Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч ******* бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдол гаргагч “*******” ХХК нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.НЭРГҮЙ