Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 616

 

 

МАГАДЛАЛ

 

2019.04.05                                                 Дугаар 616                                      Улаанбаатар хот

 

 

 

Ж.О, Д.Б нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2019/00269 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ж.О, Д.Б нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Д, Б.А нарт холбогдох,

 

Эд хөрөнгө эзэмших, ашиглах эрх худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаны улмаас буцаан шилжүүлж авах эрхийн өртөг 80 711 800 төгрөг, мөн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр, гэрээ биелснээс олсон ашиг 84 911 000 төгрөг, нийт 165 622 800 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр, гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол, олох ёстой орлогод нийт 104 551 371 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч нарын гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Ө, С.Д,

Хариуцагч: Б.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2006 оноос 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Нарантуул олон улсын худалдааны төвийн хүнсний захад байрлалтай №26 дугаар цайны газрыг өдрийн 350 000-500 000 төгрөгийн ашиг, орлоготой ажиллуулж байгаад Н.Д, Б.А нартай цайны газраа худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулж       100 000 000 төгрөгөөр худалдсан. Н.Д-т цайны газраа эд хөрөнгө, тоног төхөөрөмжийн хамт хүлээлгэн өгч, цаашид цайны газрыг хүлээн авч ажиллуулах бүх асуудлыг Н.Д-тай тохиролцсон. Н.Д, Б.А нар нь тус цайны газрыг 2012 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл ажиллуулж байгаад 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Нарантуул захын хүнсний захад гал гарч цайны газар бүрэн шатсан. Нарантуул олон улсын худалдааны төвийн удирдлагууд 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр цайны газар ажиллуулж байсан хүмүүстэй уулзаж, энэ удаагийн объектоос цайны газар өгч чадахгүй, дараагийн барилгаас цайны газар өгч болно. Одоо Баялаг-Ундраа төвөөс худалдааны зориулалттай лангууг цайны газрын түрээслэгч нарт өгч байгаа тул тухайн лангуунаас авч болно, авахгүй гэвэл цайны газрыг 500 000 000 төгрөгөөр авч болно гэж хэлснийг Н.Д, Б.А нар эс зөвшөөрч цайны газар худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, Ж.О надаас 80 000 000 төгрөгийг нэхэмжлэлийг 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан байсан. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Миний бие 2012 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 9 дүгээр сар хүртэл хугацаанд цайны газраа өөрөө ажиллуулсан бол энэ хугацаанд 80 000 000 төгрөг байтугай түүнээс ч илүү ашиг орлого олох боломжтой байсан. Н.Д, Б.А нар ч энэ хугацаанд ашиг орлого сайтай ажилласан гэдгээ өөрсдөө хүлээдэг бөгөөд энэ олсон ашиг, орлогоосоо надад цайны газар худалдан авсан мөнгийг өгсөн гэж би ойлгож байгаа. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.6 дахь хэсэгт зааснаар Н.Д, Б.А нараас, гэрээ биелснээс тэдний олсон ашиг болох 84 911 000 төгрөгийг, мөн цайны газар эзэмших эрхийг бодитоор надад буцаан шилжүүлж өгөх боломжгүй болсон тул түүний өртөг болох 80 711 800 төгрөг, нийт 165 622 800 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Б.А миний бие Ж.О-ээс түүний хувийн өмч гэж итгэн Нарантуул олон улсын худалдааны төвийн №26 дугаар цайны газрыг 80 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Улмаар 10 000 000 төгрөгийг Ж.О-т бэлнээр өгч, үлдэгдэл     70 000 000 төгрөгийг Д.Б-ны Хаан банк дахь 500348947 тоот дансанд 2012 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 30 000 000 төгрөг, 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр           40 000 000 төгрөгийг төлж барагдуулсан. Миний бие удаа дараа бичиг баримтыг нь шилжүүлж өгөхийг шаардсан боловч удахгүй өгнө гэж хэлээд хүлээлгээд байсан. Бичиг баримтыг шилжүүлж өгч амжаагүй байтал 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Нарантуул олон улсын худалдааны төвийн хүнсний захад гал гарч бүрэн шатсан. Ингээд хохирогчоор тогтоолгох гэтэл Ж.О өөрөө хохирогчоор тогтоогдсон. Нэхэмжлэгч Ж.О бидэнд хэлэхдээ шинэ баригдах барилгаас цайны газар өгнө тэвчээртэй байж бай гээд хүлээлгэсэн. Бид итгээд хүлээж байсан. Барилга баригдаж дуусаад Нарантуул худалдааны төвийн удирдлагууд бидэнтэй уулзаж, цайны газар өгөхгүй, заавал цайны газар авна гээд байгаа бол 500 000 000 төгрөгөөр худалдаж ав гэж байна гэхээр нь гайхаад Ж.О-тэй уулзан би худалдаж авчихаад яагаад дахин худалдаж авах төлбөр төлөх ёстой гэж хэлэхэд чаддаг юм бол шүүх, цагдаагаараа яваад мөнгөө олж ав гэсэн тул бид шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад Нарантуул олон улсын худалдааны төвөөс №26 дугаар цайны газрын баримтыг нотлох баримтаар шаардахад тус цайны газар нь Ж.О-ийн өмч биш, Ү-2204007201 улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны зам гудамж, Нарантуул худалдааны төвийн өмчлөгчөөр НТ  ХХК болох нь тогтоогдож, Ж.О нь түрээсийн гэрээгээр ажиллуулдаг бөгөөд тус цайны газрыг бусдад зарах, түрээслүүлэх эрхгүй байсан. Мөн сар бүр 500 000-600 000 төгрөгийг цайны газрын ашиглалтын зардал гэж төлдөг байсан. Гэтэл тус мөнгө нь түрээс болон ашиглалтын зардлын төлбөр байсан гэдгийг сүүлд мэдсэн. Ж.О нь тус мөнгийг тоног төхөөрөмж ажиллуулдаг учир ийм хэмжээний төлбөр гардаг гэж ойлгуулж байсан. Шүүхээс цайны газрыг худалдан авсан төлбөрт өгсөн 80 000 000 төгрөгийг Б.А надад олгохоор 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн гэжээ.

Хариуцагч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Бидний хувьд Ж.О, Д.Б нарт төлсөн 80 000 000 төгрөг, цайны газар ажиллуулах эхлэлтийн зардал болох 7 100 000 төгрөг, нийт               87 100 000 төгрөгийг н.А , н.А нараас зээлсэн байдаг бөгөөд энэхүү          87 100 000 төгрөгийг 2012 оны 11 дүгээр сараас 2018 оны 8 дугаар сарыг дуустал арилжааны банкинд хадгалуулсан бол олох байсан ашиг, орлого болох 89 551 371 төгрөгийг гаргуулах, мөн гэрээний үнэд төлсөн 80 000 000 төгрөгийг бүрдүүлэхэд иргэн н.А-аас 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 2 000 000 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 3 000 000 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 5 000 000 төгрөг, 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 30 000 000 төгрөг, нийт 40 000 000 төгрөгийг зээлсэн бөгөөд 10 хувийн хүүтэй байхаар тохирсон ба уг мөнгийг төлж барагдуулах хүртлээ зээлийн хүүнд нийт 15 000 000 төгрөгийг төлсөн тул уг 15 000 000 төгрөг, нийт   104 551 371 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт: Цайны газар худалдан авах мөнгөнийхөө эх үүсвэрийг яаж бүрдүүлэх асуудал нь хариуцагч нарын өөрсдийн шийдвэрлэх асуудал юм. Улсын Дээд шүүх эцэслэн шийдвэрлээд хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан болохыг тогтоосон. Хариуцагч нарын хувьд гэрээнээс татгалзсанаар тэдэнд хохирол учраагүй, гэрээний үнэ болох 80 000 000 төгрөгийг буцааж авсан. Цайны газрыг ажиллуулж, гарсан зардлаа бүрэн төлж, ашиг олсон. Харин нэхэмжлэгч бидэнд цайны газраа биет байдлаар нь буцааж авах боломжгүй болж, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон цайны газрын зах зээлийн үнэ цэнэ болох 80 711 800 төгрөгийн хохирол учирсан. Иймд хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.6 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул гэрээ биелснээс олсон ашиг, харилцан буцаах ёстой эрхийн өртөгт нийт 165 622 800 төгрөг гаргуулахыг хүссэн, Н.Д, Б.А нарт холбогдох, Ж.О, Д.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул олох ёстой байсан орлого, хохиролд         104 551 371 төгрөг гаргуулах тухай, Ж.О, Д.Б нарт холбогдох, Б.А, Н.Д нарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 144 014 төгрөгөөс 986 069 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 685 000 төгрөгөөс 680 706 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс илүү төлсөн 157 950 төгрөгийг, хариуцагчаас илүү төлсөн 4 294 төгрөгийг тус тус Улаанбаатар хотын банк дахь Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2601025961 тоот данснаас буцаан гаргуулж, 157 950 төгрөгийг Ж.О, Д.Б нарт, 4 294 төгрөгийг Б.А, Н.Д нарт буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Тогтоох хэсэгт Иргэний хуулийн 243.1, 205.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй гэж  шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн гаргаж өгсөн үнэлгээний тайланг эс зөвшөөрч дахин үнэлгээ хийлгэхээр хүсэлт гаргасныг шүүх хангаад шинжээч томилох захирамж гаргасан боловч 1 хоногийн дараа хариуцагчийн “...цайны газрын орлогыг бид төлөх үүрэггүй учир орлоготой байсан эсэхийг нь тогтоолгох шинжээч томилох шаардлагагүй” гэсэн тайлбар тавьж хүсэлтээсээ татгалзсан, энэ нь хариуцагч нар цаанаа үнэлгээ илүү өндөр гарахаас болгоомжилсон, нэхэмжлэгчийн гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрсөн агуулгыг илтгэж байгаа юм. Хэрэв шүүх үнэлгээ хийх нь утгагүй гэж үзэж байсан юм бол хариуцагчийн хүсэлтээр яах гэж дахин шинжээч томилсон юм. Гэрээний үүрэг биш гэж үзсэн атлаа, гэрээний бус үүрэг буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлд ч хамааруулж дүгнэлт хийгээгүй нь үндэслэх хэсгийн дүгнэлттэйгээ зөрчилдсөн, нотлох баримтыг бодитойгоор авч үзэж хуулийн дагуу үнэлж дүгнээгүй, хууль хэрэглээний хувьд хуулийг буруу, ойлгомжгүй хэрэглэснээр анхан шатны шүүхийн шийдвэр алдаатай болсон байна. Хавтаст хэргийн 79, 80 дугаар хуудаст түрээслэгчдийн цайны газрын аюулгүй байдлыг хангаж, хамгаалах ёстой байсан үүргээ биелүүлээгүй нь тогтоогдож холбогдох ажилтнууд нь эрүүгийн хэрэгт шалгагдсан, түрээслэгч нарын хохирлыг барагдуулах үүргээ одоо болтол биелүүлээгүй ашиг сонирхолын зөрчилтэй нэг талыг барьсан Түрээслүүлэгч буюу НТ ХХК-ийн тодорхойлолтоор түрээсийн харилцаа хэрхэн явагдаж байсан, бусдад түрээсийн эрхийг шилжүүлж болдог байсан эсэх, хохирлыг барагдуулсан эсэх асуудалд шүүх нэг талын байр сууринаас хандаж үнэлж дүгнэлт хийсэн байдал харагддаг. Талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн эсэх, хэрэв үүссэн бол гэрээний болон гэрээний бус харилцааны аль нь болох, ямар зохицуулалт үйлчлэх, хууль зүйн үр дагаварыг хэрхэн шийдвэрлэх хууль зүйн үндэслэл гаргалгүй орхиж хуулийн заалтыг буруу хэрэглэж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх хангалттай үндэслэл байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын гаргасан 84 911 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах дараах үндэслэл тогтоогдов.

Нэхэмжлэгч Ж.О, Д.Б нар нь хариуцагч Н.Д, Б.А нарт холбогдуулан эд хөрөнгө эзэмших, ашиглах эрх худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, уг эрхийг буцаан шилжүүлж авах өртөг 80 711 800 төгрөг, мөн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр, гэрээ биелснээс олсон ашиг 84 911 000 төгрөг, нийт 165 622 800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр, гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол, олох ёстой орлогод нийт 104 551 371 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагааг дутуу хийсэн гэж үзнэ.     Учир нь нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн үнэлгээний дүгнэлтийг мэргэжлийн шинжээчийн буюу Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бүрдүүлсэн нотлох баримт гэж үзэх боломжгүй. Тодруулбал, тухайн шинжээч нарын дүгнэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үнэлэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмыг баримтлах ёстой.

Түүнчлэн, хариуцагч талаас 1 сард хэдэн төгрөгийн орлого ашиг олох, зардал гарах талаарх шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасныг 2018 оны 10 дугаар сарын   17-ны өдөр шүүгчийн захирамжаар хангаж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсноос хойш 12 хоногийн дараа буюу 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд “шинжээчээр томилж шийдвэрлэсэн” гэх албан бичиг хүргүүлсэн байна. Ийнхүү хэргийн оролцогчийн хүсэлтээр томилогдсон Шинжээчийн дүгнэлт гарсан эсэх, шинжилгээний үр дүн гарсан эсэх нь тодорхой бус нөхцөл байдалтай байхад хариуцагч нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шинжээч томилох шаардлагагүй гэж хүсэлтээс татгалзсан үйл баримт тогтоогджээ.

Хариуцагч талаас шүүхийн журмаар шинжээчээр үнэлгээ гаргуулахаас татгалзсан байгаа нь тухайн нотлох баримтыг нэхэмжлэгч талаас иш татах, түүнийг үндэслэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.8 дахь хэсэгт заасан эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар явуулж буй ажиллагаа бүрэн хийгдэж дуусаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

Давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг нөхөн залруулж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д тус тус зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2019/00269 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 582 505 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                   Ч.ЦЭНД

 

                                                                М.НАРАНЦЭЦЭГ