Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/87

 

 

 

 

 

 

 

 

 2025           04            17                                        2025/ШЦТ/87

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг

Улсын яллагч Н.Амгалан

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т

Шүүгдэгч Д.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт ***гийн ***ад холбогдох эрүүгийн 2439000000355 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Д.З нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж, 2.75 хувийн согтолттой Хэнтий аймгийн *** сумын 4 дүгээр баг, *** эмнэлгийн зүүн талын авто зогсоолд *** улсын дугаартай “Тoyota. Prius-XW20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.З мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...би тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн *** сумын 4 дүгээр баг *** эмнэлгийн зүүн талд өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай, Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслээ согтуугаар жолоодсон асуудал гаргасан. Надад энэ хэргийн талаар өөр хэлж ярих зүйл алга байна. Би ийм асуудал гаргасандаа харамсаж байна. Ахиж ийм асуудал гаргахгүй. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв. (хх-ийн 53-54),

           

Иргэний нэхэмжлэгч ***мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр *** эмнэлгийн зүүн талын зогсоол дээр өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай “Prius-30” маркийн тээврийн хэрэгслийг баруун зогсоолд тавьчихаад эмнэлэг рүү орсон. Тэгтэл удалгүй нэг танихгүй дугаар залгаад миний тээврийн хэрэгслийг мөргөчихлөө гэж хэлж байсан. Тэгэхээр нь гарсан чинь миний машины арын куперний тэнд зураас болчихсон байсан. Тэгэхээр нь нөгөө мөргөсөн тээврийн хэрэгсэл дээр очтол дахиад өөр эмнэлгийн машин мөргөчихсөн зогсож байсан. Би жолооч нь ямар хүн байна гэж харах гэтэл тэр хүн нь нэлээн согтуу өөрөө “Хараа” нэртэй 0.75 литрийн архи барьчихсан уугаад жолоочийн суудал дээр сууж байсан. Би “Та яаж байгаа юм бэ?” гэтэл урдаас агсраад хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь цагдаа дуудсан. Удалгүй цагдаа нар ирээд тэр залууг аваад мөргөсөн тээврийн хэрэгслийг журмын хашаа руу аваад явчихсан ... Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. (хх-ийн 30-31),

 

            Иргэний нэхэмжлэгч ***мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр жолооч Лхагва-Эрдэнэ 103 ээлжид гарч байсан юм. Тэгээд *** эмнэлгийн гадаа зогсоол дээр тавиад эмнэлэг орсон хойгуур нь тээврийн хэрэгслийг нь мөргөсөн байна гэж хүн хараад хэлсэн байна лээ. Тэгээд над руу тээврийн хэрэгслийг мөргөсөн байна гэж хэлэхээр нь би гарсан чинь улаан “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийн жолооч нэлээн согтуу гадаа агсан тавиад зогсож байсан. Тухайн үед манай жолооч руу ч дайраад өөр нэг “Приус” мөргөсөн байсан тэр жолооч руу ч агсраад нэлээн согтуу байсан. Удалгүй цагдаа нар ирээд тэр жолоочийг аваад явсан... Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. (хх-ийн 35-36),

 

            Иргэний нэхэмжлэгч ***мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Улаан өнгийн *** улсынд дугаартай “Тоёота приус 20” маркийн тээврийн хэрэгсэл миний төрсөн ах Д.Зын тээврийн хэрэгсэл бөгөөд 2022 оны 05 дугаар сард уг тээврийн хэрэгслийг 8,500,000 төгрөгөөр Дархан-Уул аймгаас худалдаж авсан бөгөөд тухайн үед өөрөө Дархан-Уул аймагт ирэх боломжгүй гээд уг тээврийн хэрэгслийг миний нэр дээр авхуулж байсан юм...” гэжээ. (хх-ийн 108),

 

            Гэрч ***мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр цагдаагийн газрын даргын баталсан томилгооны дагуу 24 цагаар замын зохицуулагчаар үүрэг гүйцэтгэж байсан. Ингээд *** дугаарын утаснаас буюу жижүүрээс над руу *** эмнэлгийн гадна зогсоолд тээврийн хэрэгсэл мөргөсөн байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагyy замын цагдаа зохицуулагч ***гийн хамт очиход “Приүс-20” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь *** эмнэлгийн яаралтай тусламжийн тээврийн хэрэгсэл болон хар өнгийн “Приус-30” маркийн тээврийн хэрэгслүүдийг шүргэсэн байдалтай, мөн жолооч нь нэлээн согтуу байсан. Тэгээд би хэмжилт болон хэргийн газрын ослын үзлэгээ хийж дуусчихаад улаан “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийн жолоочийг өөрийн тээврийн хэрэгсэлд суулгаж цагдаагийн байгууллагын эрүүлжүүлэх саатуулах байранд согтолтын хэмжээг шалгахад 2.75%-тай байсныг гэрэл зургаар баримтжуулан, холбогдогчийн регистрийг xcover төхөөрөмжөөр шалгахад эрхийн үнэлэхгүй эрхээ хасуулчихсан байхаар нь тухайн өдрийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн...” гэжээ. (хх-ийн 39-40),

 

            Гэрч ***ийн мэдүүлэг (хх-ийн 42-43),

 

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 6),

            Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоогдсон байдал (хх-ийн 9-10),

            Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 11, 12-14),

            Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 15, 18),

            Тээврийн хэрэгслийн лавлагаа (хх-ийн 109),

            “Бэрс Финанс” ХХК-ийн зээлийн гэрээний хуулбар (хх-ийн 111-121),

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 55),

            Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх-ийн 56-57),

            Д.Зын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 67),

            Д.Зын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагааны хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагааны хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар, жолоочийн лавлагаа (хх-ийн 58, 59, 60, 61, 70) зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Д.Зад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчигдсөн байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч *** овогт ***гийн *** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж Хэнтий аймгийн *** сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр аймгийн *** эмнэлгийн зүүн талын авто зогсоолд *** улсын дугаартай “Тоёота приус-XW20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Д.Зын “...би тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн *** сумын 4 дүгээр баг *** эмнэлгийн зүүн талд өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай, Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслээ согтуугаар жолоодсон асуудал гаргасан. Надад энэ хэргийн талаар өөр хэлж ярих зүйл алга байна. Би ийм асуудал гаргасандаа харамсаж байна. Ахиж ийм асуудал гаргахгүй. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн иргэний нэхэмжлэгч Ц.Доржхуягийн “...2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр *** эмнэлгийн зүүн талын зогсоол дээр өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай “Prius-30” маркийн тээврийн хэрэгслийг баруун зогсоолд тавьчихаад эмнэлэг рүү орсон. Тэгтэл удалгүй нэг танихгүй дугаар залгаад миний тээврийн хэрэгслийг мөргөчихлөө гэж хэлж байсан. Тэгэхээр нь гарсан чинь миний машины арын куперний тэнд зураас болчихсон байсан. Тэгэхээр нь нөгөө мөргөсөн тээврийн хэрэгсэл дээр очтол дахиад өөр эмнэлгийн машин мөргөчихсөн зогсож байсан. Би жолооч нь ямар хүн байна гэж харах гэтэл тэр хүн нь нэлээн согтуу өөрөө “Хараа” нэртэй 0.75 литрийн архи барьчихсан. Уугаад жолоочийн суудал дээр сууж байсан. Би “Та яаж байгаа юм бэ?” гэтэл урдаас агсраад хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь цагдаа дуудсан. Удалгүй цагдаа нар ирээд тэр залууг аваад мөргөсөн тээврийн хэрэгслийг журмын хашаа руу аваад явчихсан ... Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх, иргэний нэхэмжлэгч О.Дашдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр жолооч Лхагва-Эрдэнэ 103 ээлжид гарч байсан юм. Тэгээд *** эмнэлгийн гадаа зогсоол дээр тавиад эмнэлэг орсон хойгуур нь тээврийн хэрэгслийг нь мөргөсөн байна гэж хүн хараад хэлсэн байна лээ. Тэгээд над руу тээврийн хэрэгслийг мөргөсөн байна гэж хэлэхээр нь би гарсан чинь улаан “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийн жолооч нэлээн согтуу гадаа агсан тавиад зогсож байсан. Тухайн үед манай жолооч руу ч дайраад өөр нэг “Приус” мөргөсөн байсан тэр жолооч руу ч агсраад нэлээн согтуу байсан. Удалгүй цагдаа нар ирээд тэр жолоочийг аваад явсан ... Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх, иргэний нэхэмжлэгч А.Хишигтэгшийн “...Улаан өнгийн *** улсынд дугаартай “Тоёота приус 20” маркийн тээврийн хэрэгсэл миний төрсөн ах Д.Зын тээврийн хэрэгсэл бөгөөд 2022 оны 05 дугаар сард уг тээврийн хэрэгслийг 8,500,000 төгрөгөөр Дархан-Уул аймгаас худалдаж авсан бөгөөд тухайн үед өөрөө Дархан-Уул аймагт ирэх боломжгүй гээд уг тээврийн хэрэгслийг миний нэр дээр авхуулж байсан юм...” гэх, гэрч Т.Батхүүгийн “...Би 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр цагдаагийн газрын даргын баталсан томилгооны дагуу 24 цагаар замын зохицуулагчаар үүрэг гүйцэтгэж байсан. Ингээд *** дугаарын утаснаас буюу жижүүрээс над руу *** эмнэлгийн гадна зогсоолд тээврийн хэрэгсэл мөргөсөн байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагyy замын цагдаа зохицуулагч ***гийн хамт очиход “Приүс-20” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь *** эмнэлгийн яаралтай тусламжийн тээврийн хэрэгсэл болон хар өнгийн “Приус-30” маркийн тээврийн хэрэгслүүдийг шүргэсэн байдалтай, мөн жолооч нь нэлээн согтуу байсан. Тэгээд би хэмжилт болон хэргийн газрын ослын үзлэгээ хийж дуусчихаад улаан “Приүс-20” маркийн тээврийн хэрэгслийн жолоочийг өөрийн тээврийн хэрэгсэлд суулгаж цагдаагийн байгууллагын эрүүлжүүлэх саатуулах байранд согтолтын хэмжээг шалгахад 2.75%-тай байсныг гэрэл зургаар баримтжуулан, холбогдогчийн регистрийг xcover төхөөрөмжөөр шалгахад эрхийн үнэлэхгүй эрхээ хасуулчихсан байхаар нь тухайн өдрийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоогдсон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн лавлагаа, жолоочийн лавлагаа болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.З нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээллээр (хх-ийн 70) тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Зын амьсгал дахь спиртийн агууламж 2.75 хувьтай гарсан байх ба согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж,

Мөн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт -Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно гэж тус тус зааснаар шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Зад холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Зад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялын санал, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргасан бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Зын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Зад үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учраагүй, иргэний нэхэмжлэгч нар нь нэхэмжлэх зүйлгүй гэж тус тус мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.Зыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Д.З нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч *** овогт ***гийн ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***гийн ***ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, 3,000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Зын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Зын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Д.З нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

            6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Зад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Э.ХОСБАЯР