| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 321/2025/0090/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/96 |
| Огноо | 2025-04-30 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Н.Амгалан |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/96
2025 04 30 2025/ШЦТ/96
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг
Улсын яллагч Н.Амгалан
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б
Шүүгдэгч Н.Р нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ***т овогт ***ын ***ид холбогдох эрүүгийн 2539000000069 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Н.Р нь 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 16 цагийн үед Хэнтий аймгийн *** сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулах 6 дугаар цэцэрлэгийн баруун урд талын зохицуулдаггүй уулзвар орчим “Toyota Prius-30” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, согтуугаар /3.75%/ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Р шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүгдэгч ***т овогт ***ын *** нь 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 16 цагийн орчим тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, согтууруулах ундааны зүйл хэрэглэж Хэнтий аймгийн *** сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулах 6 дугаар цэцэрлэгийн баруун урд талын зохицуулдаггүй уулзвар орчим “Тоёота приус-30” маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Н.Рийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би 2025 оны 02 дугаар сарын 13-ны орой *** сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй бааранд найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэхээр очоод тус бааранд 3 шил архийг дөрөв тавуулаа хувааж уугаад 2025 оны 02 дугаар сарын 13-14-ийг шилжих шөнө 04 цагийн орчимд гэртээ харьж унтсан. Тэгээд маргааш өглөө нь 10 цагийн орчимд босоод өдөр нь гэрээсээ гарах үедээ найз ***ийн эзэмшлийн ***улсын дугаартай, мөнгөлөг өнгийн “Приус 30” маркийн автомашиныг түлхүүрийг нь үлдээгээд явсан байсан болохоор нь уг машиныг унаад ***ийн байгаа газарт очихоор гэрээсээ 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хөдөлж яваад *** сумын 2 дугаар багт замын хөдөлгөөнд оролцож байсан тээврийн хэрэгслийг мөргөж осол гаргасан...” гэх мэдүүлэг (хх-ийн 13-15),
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн иргэний нэхэмжлэгч ***ын “...Миний бие 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн орчимд *** сумын 2 дугаар баг Булаг 6-10 тоот буюу гэрээсээ ганцаараа өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай хар саарал өнгийн “Тоёота Приус-40” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож тус сумын 2 дугаар багт байрлах 6 дугаар цэцэрлэгийн баруун урд талын автозамын уулзвар хэсэгт ертөнцийн зүгээр хойноос зүүн зүгт эргэх үйлдэл хийхээр дохио өгөөд баруун гар талаас ирж буй тээврийн хэрэгсэлд зам тавьж өгч түр зогсох үйлдэл хийх үед миний тээврийн хэрэгслийн ард талаас автомашин мөргөж зогссон. Тэр үед нь би машинаасаа буугаад харсан чинь ***улсын дугаартай “Приус-30” маркийн мөнгөлөг өнгийн автомашин миний машины ард талын купер хэсгийг мөргөж, гэмтээсэн. Тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь машинаасаа бууж ирээгүй ба дөхөж очсон чинь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь илт мэдэгдэж, гуйвсан, дайвсан байдалтай цонх нь онгорхой байсан. Тэр үед нь би бичиг баримтыг нь асуухад илтэд согтуу хэлж байгаа нь хүртэл ойлгомжгүй байсан болохоор нь шууд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 9-10),
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн иргэний хариуцагч Т.***ийн “...Би 2025 оны 02 дугаар сарын 13-ны орой нь найз нарынхаа хамт гадуур явж байгаад согтууруулах ундааны зүйл хэрэглэхийнхээ өмнө буюу 2025 оны 02 дугаар сарын 14-ний өглөө найз Н.Рийн хашаанд нь хүргэж өгч үлдээгээд аваагүй байсан юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 19-20),
Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШД-80 дугаартай “...Toyota prius Приус-30 маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын зах зээлийн үнэлгээг 200,000.0 /хоёр зуун мянга/-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт (хх-ийн 40-42),
Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШД-79 дугаартай “...Toyota prius 41 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын зах зээлийн үнэлгээг 1,970,000.0 /нэг сая есөн зуун далан мянга/-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна....” гэх дүгнэлт (хх-ийн 34-36), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1), зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 2-3, 4-5), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-ийн 21), согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 23, 25), ***ын Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 68), Н.Рийн Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 69) зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Н.Р нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг дуустал 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээллээр (хх-ийн 21) тогтоогдож байх бөгөөд хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Н.Рийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Н.Р нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлбөргүй нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч Н.Р нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт ***х, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Н.Рид тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх эрүүгийн хариуцлагын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Н.Рид прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Н.Рид тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.Рийн үйлдсэн гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч ***т 1,970,000 төгрөгийн хохирол, иргэний хариуцагч Т.***т 200,000 төгрөгийн хохирол тус тус учирсан байх бөгөөд иргэний нэхэмжлэгч *** нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “...гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэж тэмдэглүүлсэн, иргэний хариуцагч Т.*** нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхгүй тул шүүгдэгч Н.Рийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Н.Р нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ***т овогт ***ын ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын ***ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Н.Рид тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Н.Рид мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Рийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Н.Р нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Рид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, орол***ч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР