| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 321/2025/0091/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/97 |
| Огноо | 2025-04-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Амгалан |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/97
2025 04 30 2025/ШЦТ/97
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг
Улсын яллагч Н.Амгалан
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Г
Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж *** овогт ***ийн ***д холбогдох эрүүгийн 2539000000079 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ц.Б нь 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн ***сумын 1 дүгээр багт байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр ***г архи үнэртүүллээ гэх шалтгааны улмаас түүний толгойн тус газар үхрийн сээрээр цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь баруун зулайн хуйханд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч *** овогт ***ийн *** нь 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн ***сумын 1 дүгээр багт байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр ***тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний толгойн тус газар үхрийн сээрээр цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь баруун зулайн хуйханд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Ц.Бгийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр үйлдсэн хэргээ хүлээсэн “...2025 оны 02 дугаар сарын сүүлээр ***сумаас манай эхнэр *** өглөө замын унаад сууж Хэрлэн суманд ирж цагаан сарын бэлтгэлээ хангаад орой 21 цагийн үед ***сумын 1 дүгээр баг *** баг “***” гэх газар өвөлжиж байгаа гэртээ ирсэн. Ирэхдээ жоохон архи үнэртүүлсэн ирсэн болохоор жоохон уур хүрч хэдэн үг хэлсэн чинь үг өөдөөс “Юун сүртэй юм ямар. Согтчихоод байна уу” гэхээр нь би ширээн дээр хоол хийх гэж байсан бярууны үхрийн махтай гэсгэлэн сээрийг аваад шидсэн чинь толгой дээр очиж таарч хуйх хэсгээр нь цус гарсан. Удалгүй цагдаагийн алба хаагч нар ирсэн....” гэх мэдүүлэг (хх-ийн 24-26),
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ***гийн “...Би 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймаг орчоод ***сумын 1 дүгээр багт байх хөдөө гэртээ орой 21 цагийн орчимд ***гэх эгчтэйгээ хамт ирсэн. Тэгээд гэртээ ороход манай нөхөр *** эрүүл байсан. Надтай хамт очсон гэх ***эгч талаас дээгүүр 0.5 граммын “Ерөөл” нэртэй архи авч очсон. Тэгээд би хоол хийх гээд үхрийн сээр гаднаас оруулж ирээд аяганы шүүгээн дээр тавьсан байсан. Энэ хооронд *** ***эгчийн авч ирсэн “Ерөөл” нэртэй архийг ганцаараа уусан. Тэгээд архиа ууж дууссаныхаа дараа юм хэлээгүй байж байгаад гэнэт хоол хийх гээд гаднаас оруулж ирсэн үхрийн сээрээр миний толгойны баруун хэсэгт 2 удаа, хамар руу 1 удаа цохисон. Тэгээд би толгойгоо барьтал миний толгойноос цус гарсан ...” гэх мэдүүлэг (хх-ийн 8-9),
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч ***гийн “...Тухайн өдөр буюу 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр дүү ***гийн хамтаар ***гийн хөдөө гэр рүү явсан. ***гийн гэр рүү явахдаа Хэнтий аймгийн төвөөс дэлгүүрээс 0.5 граммын “Ерөөл” нэртэй 1 шил архи авсан. Тэр архийг бид 2 замдаа нэг нэг балгасан. Тэгээд ***гийн хөдөө гэрт нь замын унаагаар 21 цагийн орчимд очиход тэднийд нөхөр *** нь байсан. Тэгээд ***гийнд ороод авч очсон гэх 0.5 граммын “Ерөөл” нэртэй архинаас *** бид 2 нэг нэг хундага татсаны дараа *** аваад ганцаараа уусан. Тэр хооронд *** гаднаас хоол хийх гээд үхрийн сээр оруулж ирсэн. *** архиа ууж дуусчихаад юм хэлэхгүй байж байснаа гэнэт үхрийн сээр аваад ***гийн толгой руу цохисон. Тэгээд би тухайн үед сандарсан байсан болохоор юу болсныг нь сайн санахгүй байна. Нэг харсан ***гийн толгойноос цус гарч байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 12-13),
Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ХЭН0725/149 дугаартай “...1.***гийн биед баруун зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Баруун зулайн хуйханд шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтлүүд нь тус журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй....” гэх дүгнэлт (хх-ийн 18-19), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1), аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хх-ийн 39-42) шүүгдэгч Ц.Бгийн Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 97), хохирогч ***гийн Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 95) зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Ц.Бгийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон үйлдлийн улмаас хохирогч ***гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Ц.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхаас гадна шүүгдэгч Ц.Б нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлтийг Хэнтий аймгийн Прокурорын газарт бичгээр гаргасан байх тул шүүгдэгч Ц.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Ц.Бд прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэсэгт зааснаар 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *** овогт ***ийн ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийн ***д 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР