| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 321/2025/0106/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/112 |
| Огноо | 2025-05-08 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Д.Чулуунпүрэв |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/112
2025 05 08 2025/ШЦТ/112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг
Улсын яллагч Д.Чулуунпүрэв
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Г
Шүүгдэгч Б.Снарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****ийн ****д холбогдох эрүүгийн 2539002630097 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.**** нь 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн **** сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****” ХХК-ийн халуун усны 1 номерын өрөөнд гээгдүүлсэн эд хөрөнгө болох ****ы эзэмшлийн 10.9 грамм алтан бөгжийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш буюу 4,578,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.**** нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч **** овогт ****ийн **** нь 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн **** сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****” ХХК-ийн халуун усны 1 тоот өрөөнөөс гээгдэл эд хөрөнгө болох ****ы эзэмшлийн 10.9 грамм алтан бөгжийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 4,578,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Б.****ийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр намайг ажил дээрээ байхад настай эрэгтэй, эмэгтэй хоёр хүн 14 цагийн орчим нэг номерын өрөөнд орж үйлчлүүлсэн. Тэгээд маргааш өглөө манай ажил дээр тухайн **** гэх настай хүн орж ирээд “Өчигдөр танай халуун усны газраас гарахдаа ах нь өөрийн алтан бөгжөө хаячихсан байна. Харсан уу?” гэхээр нь би “Хараагүй. Манайхаар өчигдөр олон хүн үйлчлүүлсэн” гэж хэлээд явуулсан. Тэгээд 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр халуун усны газраа их цэвэрлэгээ хийж байгаад тухайн хоёр хүний орж үйлчлүүлсэн нэг номерын өрөөний шүршүүр хэсгийн хаалганы завсраас дугуй цагирган хэлбэртэй цулгуй алтан бөгж олсон. Тэгээд тухайн бөгжийг би аваад ажлын өрөөний кассын шургуулга хэсэгт хийж үлдээсэн. Тэгээд 03 дугаар сарын 06-ны өдөр манай охин **** чих нь юм сонсохоо болиод Улаанбаатар хот руу эмнэлэгт хэвтэхээр болоод мөнгөний хэрэг гараад тухайн олсон дугуй цагирган хэлбэртэй цулгуй алтан бөгжийг Хэнтий аймгийн **** сумын 3 дугаар багт С29-27 тоотод үйл ажиллагаа явуулдаг “****” нэртэй ломбардад 2.000.000 төгрөгөөр барьцаалан зээлдүүлээд маргааш нь дахиад мөнгөний хэрэг гараад “****” ломбардын 98983805 дугаарын утас руу залгаад “Хүүхдийн бие өвдөөд мөнгөний хэрэг гараад байгаа тул 500.000 төгрөгөөр сунгаад өгөөч” гээд дахин сунгуулаад нийт тухайн бөгжийг 2.500.000 төгрөгөөр барьцаанд тавьсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 41-43)
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ****ы: “...Би 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр **** сумаас Хэнтий аймгийн төв **** суманд хүүгийндээ ирээд 14 цагийн үед өөрийн эхнэр Жагдагийн хамт усанд орох гээд “****” ХХК-ийн зүүн талын халуун усны 1 номерт орсон. Тэгээд утсанд орж байгаад бөгж гарт тээглээд байхаар нь усны газрын саван тавьдаг тавиур дээр бөгжөө тайлаад тавьсан. Тэгээд би уснаас гараад хүүгийн гэрт байж байгаад маргааш өглөө нь өөрийн бөгжөө усны газар үлдээснээ санаад тухайн усны газар очиж үйлчлэгчид нь “Өчигдөр усанд орж байхдаа өөрийн бөгжөө мартсан байна” гэж хэлэхэд “Та үлдээж явсныхаа дараа шууд ирэхгүй яасан юм бэ? манайхаар олон хүн үйлчлүүлдэг” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 14-15),
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Л.Жагдагийн “...Нөхөр бид хоёр 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн **** суманд ирээд “****” ХХК-ийн зүүн талын халуун усны газарт усанд орсон. Тэгээд хүү Баатартөмөрийн гэрт ирээд амраад маргааш өглөө нь 07 цагийн үед манай нөхөр Дэмбэрэлсайхан өчигдөр усанд орохдоо халуун усны газрын саван тавьдаг тавиур дээр өөрийн алтан бөгжөө тавьж үлдээгээд мартсан байна гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр тухайн халуун усны газарт очиж бөгжөө асуухад “Манайхаар олон хүн үйлчлүүлдэг. Мэдэхгүй” гэж хэлсэн байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 22-23)
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Б.Өнөрөөгийн “...2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Б.**** гэх хүн манай ломбардад 10.9 граммын жинтэй кольцо хэлбэртэй хэвээр хийлгэсэн алтан бөгж 2.000.000 төгрөгөөр тавина гэхээр нь манайх шалгаад тухайн бөгжийг 2.000.000 төгрөгөөр барьцаанд авсан. Тэгээд тухайн эмэгтэй маргааш нь манай 98983805 дугаарын утас руу залгаад “Хүүхдийн бие өвдөөд Улаанбаатар хотод эмнэлгээр хүүхдээ үзүүлээд явж байна. Мөнгөний хэрэг болсон тул дахиад 500,000 төгрөгөөр сунгах боломжтой юу?” гэхээр нь хуучин зээлийг нь хаагаад нэмэгдүүлсэн дүнгээр 2.500.000 төгрөгийн зээлийг нь гаргаж өгсөн. Тэгээд 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр **** өөрөө ирээд зээлээ төлөөд бөгжөө аваад явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 26-27)
Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШД-124 дугаартай “...10.9 гр цагирган хэлбэртэй алтан бөгжний зах зээлийн үнэлгээг 4,578,000 /дөрвөн сая таван зуун далан найман мянга/-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт (хх-ийн 32-34), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 3), шүүгдэгч Б.****ийн Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 90) болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Б.****ийн гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж хохирогч ****д 4,578,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Б.**** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхаас гадна шүүгдэгч Б.**** нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ****ы эд хөрөнгөд 4,578,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “...гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.****ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.****д прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б.**** нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч **** овогт ****ийн ****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 4,578,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****ийн ****д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.**** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б.**** нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.****д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР